Ц.Мөнхбаяр нарыг сулла!

"Террорист" Ц. Мөнхбаяр
АНУ-ын Сан Франциско хотод байрладаг Голдман Байгаль Орчны Фонд гэдэг байгууллагаас сая ээлжит 6 шагналтныг тодруулж тус бүрд нь 175 мянган ам.долларын шагнал өгчээ. Байгаль орчныг хамгаалах сайн үйлстэнгүүдэд олгодог энэхүү шагналыг Нобелийн шагналтай зүйрлэдэг бөгөөд энэ удаагийн эзэд нь АНУ, Өмнөд Африк, Орос, Энэтхэг, Индонез зэрэг улсаас тодорчээ. Тус фондын (сангийн) 25 жилийн ой тохиож байгаа тул энэ удаа шагналын мөнгийг 175 мянга (өмнө нь 150 мянга байсан) болгож өсгөсөн байна. Жил бүр 6 хүнийг шалгаруулдаг энэ сангийн шагналыг  анх 1989 онд Сан Франциско хотын филантропист Ричард ба Рода Голдман нар бий болгосон түүхтэй. Монголоос энэ шагналыг авсан цорын ганц хүн нь одоогоор "террорист" нэр зүүгээд яллагдаад байгаа Ц.Мөнхбаяр юм.  ("террорист" болсон түүхийг эндээс  уншина уу).
Жиргээч Марзан Шаравын хэлсэнээр "тэнгэр лүү буудсан нь зандалчин болоод хүн рүү буудсан нь өршөөгддөг" гаж үзэгдэл Монголд гарсан нь үнэн. Манай хуульчид, шүүгчид  common sense гэдэг ойлголтыг мэддэггүй  бололтой. Гаж бөгөөд ойлгомжгүй хууль, мэдлэггүй бөгөөд ухаангүй шүүгчид байгаа нөхцөлд энэ мэтээр иргэдийг хэлмэгдүүлсээр л байх болно.


 Ц.Мөнхбаяр нар нэр төр хөөцөлдөж, Их Хуралд залрах гэсэнгүй. Тэр бол Монголоо гэсэн сэтгэлтэй, эх орныхоо унаган байгалийг аль болохоор тэр хэвээр нь хойч үедээ үлдээх гэсэн эрмэлзэлтэй Монгол хүн. Хүн алаагүй, хүрээ талаагүй. Засгийн мөнгө шамшигдуулаагүй, авилга авч, хахууль өгч,  мөнгө угааж, элдэв нүгэл үйлдэээгүй. Лиценз наймаалж, тендэр луйвардаж баяжаагүй. Газар орноо, байгаль орчноо гэж л явсан. Арга нь заримдаа буруу байсан байж мэднэ, гэхдээ зорилго нь зөв байсан. Арга нь буруу байгаад улс ба иргэд хохирсон зүйл алга. Ард олныг айлгаж зандалчлаад улс орныг үймүүлсэнгүй. Үсрээд л амьтны анхаарлыг татах гэж, саарал ордонд суугаа үхрүүдэд үгээ хэлэх гэж буу агсаж  сүрийг үзүүлэн "жижгээр" танхайрсан хэрэг шүү дээ.  Танхайн хэргээр ял өгөхөд болох байсан юм. Хамгийн гол нь зорилго нь юу байв, хэн хохиров гэдгийг эхлээд сайн шинжих ёстой байсан юм, тэр шүүгчид. Өөрсдөө мулгуу, бас дээрээс нь тэр нэг тэнэг хуулийнхаа заалтыг муйхар сохроор баримталж  "зандалчлах" (терроризм") гэдэг заалтаар ялласан байгаа юм. Шүүгч хүн хуулиа баримтлах нь зүй боловч хуулийн заалтын хажуугаар бас өөрийн ухаанаар дүгнэлт, дүн шижилгээ хийж байж ялаа оноох ёстой юм. Зөв буруу, нэмэх хасахыг нь хүний ухаанаар шинжинэ гэсэн үг. Тэгэхгүй юм бол шүүгч гэж байх хэрэг юун. Тусгай программ зохиогоод л тухайн хүний хийсэн үйлдлийг оруулаад л ялыг нь "бодуулаад" хэвлээд авчихгүй юу. Тэгээд л тэр цаасыг нь уншаад л болно биз дээ. Өөрийн ухаанаар тунгаахгүй юм бол ингээд машинаар "бодчих" нь хэн хэндээ амар. Яллагч, яллагдагч нарын хэрүүлийг сонсож нервээ барах шаардлагагүй болно.

Саяхан Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг дахь хорих ангиас нийслэл рүү авчирсан мэдээ тавигджээ. Дээрээс ирсэн шийдвэрийн дагуу эмчилгээ хийх юм гэнэ. Өөрөө биеийн байдал нь хэвийн бөгөөд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад "хүчээр" авчирсан гэж хамтрагч нар нь сэжиглэж Хүний эрхийн байгууллагад хандсан гэнэ.
Дээр дурдсан Голдманы шагналтны нэг болох Өмнөд Африкийн Десмонд гэдэг залуу химийн хорт бодис гол усанд цутгалаа хэмээн эсэргүүцэн тэмцэж амиа алдахаас бусдыг үзсэн гэдэг. Түүний амийг хорлохоор "сонирхол нь зөрчигдсөн" этгээдүүд гэр рүү нь галт бөмбөг хүртэл шидсэнээс болж нүүр, гар нь түлэгдсэн байна. Гэвч тэрээр шантраагүй, санасандаа хүрсэн. Харин Монголын төр засаг, эрх мэдэлтнүүд, хуулийнхан цорын ганц шагналтнаа огт тохирохгүй заалтаар гэсгээн цээрлүүлж дэлхийн шившиг болж байх юм.  Мөнхбаяр ба түүний нөхдийг  суллахыг  эрх мэдэлтнүүдээс шаардацгаая гэж   Монгол хүн бүрт уриалая!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол