Түүгээр яваа гайг үүгээр бүү дууд

Иракын ба ал-Шаамын Исламын Улс (ИШИУ) гэгч ирээдүйн мөрөөдлийн "улс"-ын Сүнни "жихадууд" Иракын хойд хэсгийн  хотуудыг ээлж дараалан эзэлж байна. Иракын хүн амын олонхи нь Шиат урсгалыг дагадаг бол Сүнни нь цөөнх болдог. Исламын шашны энэ хоёр урсгал хоорондоо дайсагнаж ирсэн түүх нь Исламыг үндэслэгч Мухаммадыг нас барсаны дараа хэн Мусульмануудыг тэргүүлэх вэ гэдэг дээр зөрөлдсөнөөс үүдэлтэй. Мухаммадын хүргэн Али түүнийг залгамжлах ёстой гэсэн хэсэг нь "Шиат Али" (товчоор: Шиат буюу Шиа) нэртэй урсгал болж, харин заавал Мухаммадын гэр бүлээс гэхгүй  хэн тэргүүлэх вэ гэдгийг сонгож шийдэх ёстой гэсэн нөгөө хэсэг нь Сүнни нар болсон түүхтэй. Дэлхийн мусульмануудын дийлэнх  олонхи нь Сүнни бөгөөд цөөнх нь (10%) нь Шиат нар юм. Монголын Казахуудын дагадаг урсгал нь Сүнни гэж уншсан юм байна. Манай казахууд Саудын Араб улстай их холбоотой байдаг. Саудын Араб улсад дийлэнх нь Сүнни урсгалыг шүтдэг.

Исламын шашин үүссэнээс хойш хэнийг Халиф (тэргүүн) болгохоос үүдэн дотроо хагаралдсан энэ хоёр урсгал тэрнээс хойш "хонь чоно хоёр" болжээ. Дээр нь Ойрхи Дорнодод нөлөөгөө тогтоох гэсэн улсуудын санаархал, өрсөлдөөн энэ хагарлыг улам томсгож дэврээж ирсэн байх юм. Саудын Араб (Сүнни давамгайлсан) ба Ирак  (Шиат давамгайлсан) хоёрын бүс нутагтаа "атаман" болох гэсэн бодлого энэ байдлыг улам хурцатгаж ирсэн  гэж үздэг  байна. Дээр нь тухайн улс дотроо олонхи нь (Шиат) нь цөөнхөө (Сүнни), эсвэл эсрэгээрээ олонхи Сүнни нь цөөнх Шиатаа  "алаг үзээд" байвал мэдээж яаж хоорондоо эвтэй байцгаах билээ.


Саудын Арабын язгууртнууд шашныхаа сүм хийд, сургууль барихад хөрөнгө хайрлахгүй зарж, үзэл суртлын томоохон байгууллагууд байгуулж , Шиат нарыг "буруу үзэлтэн" , загалмайтан ба еврэй нарыг "доод төрлийн хүмүүс" гэсэн ухуулга сурталчилгаа бүхий ном сурах бичгийг Исламын ертөнцөөр нэг тараажээ. Энэ ухуулга номнууд, сурталчилгаа Монголд ч бас хүрсэн биз. Тэгвэл манай Казахууд, өсвөр үе нь мөн л ийм үзэл суртлаар хүмүүжиж байна уу? Монголоос Саудын Араб руу явж номын дуу сонсож, элдэв арга хэмжээнд оролцож, ойр дотно болж байгаа Казахууд маань мөн л тэдний үзэл суртлаар толгойгоо цэнэглэж ирээд олж авсан мэдлэгийнхээ үрийг Баян-Өлгийд тарьж байгаа болов уу?
Ливаны Сүнни нарын дунд тархсан аман яриа (домог)-гаар бол Шиат нар "сүүлтэй" бөгөөд Христүүд ба Еврэй нараас ч дор бузар зэд чөтгөрүүд юм байх.

Шиат давамгайлсан Иран ч мөн Хэзболла мэтийн террорист байгууллагыг бий болоход нөлөөлж, энд тэнд Шиа үзлийг дэвэргэж хутган үймүүлж ирсэн улс. Сүнни олонхи нь боловч Шиа цөөнхийн төлөөллөөр (Ерөнхийлөгч Башар Асад) он удаан жил ноёлуулж ирсэн Сири улсад одоо ид дайтаж байна.  Хезболла болон Иран улс Шиат Исламыг хамгаалж Башар Асадыг дэмжиж байгаа бол тэдний эсрэг Катар тэргүүтэй Булангийн орнууд (Саудын Араб, Кувейт) , мөн Иракийн цөөнх Сүннигээс  гаралтай ИШИУ нар нийлж байлдаж байна. Дайнд шууд бусаар оролцож буй улсууд мэдээж дэмжиж байгаа талууддаа хөрөнгө мөнгө, зэр зэвсгийг нь бэлдэж өгч байгаа.

Шашны үзэл бодлын зөрөлдөөн энэ хэдэн улсаар хязгаарлагдахгүй бусад газар ч мөн халдварлаж байна. Пакистанд гэхэд л террорист бүлэг байгуулагдаж Шиат нарыг ангуучилж эхэлжээ.  Мөн Афганистанд  цөөнх болох Шиат Хазарчуудын эсрэг гэмт хэрэг эрс өссөн байна.  (Хазаруудыг Монгол цус холилдсон гэлцдэг.) Ливан улсад Сүнни бүлэглэлүүд улсынхаа  Шиат үзэлтэй төрийн албан хаагчдыг онилж байна.
ИШИУ бүлэглэл Сири улсад Асадын эсрэг дайтаж байснаа эргээд Ирак руугаа довтолж Мозул, Киркук мэтийн хойд хэсгийн хотуудыг эзэлж авсан тухай ид шуугиж байна. Үүний эсрэг Иракийн Шиа нар тэмцэхээр зэвсэглэж эхэлжээ. ИШИУ бүлгийн санаархал нь Сирийг бүхэлд нь  ба Иракийн хойд болон баруун хэсгийг хамарсан ИШИУ гэгч улсыг байгуулах явдал. (Иракийн ба ал-Шаамын Исламын Улс гэдэг нэрний ал-Шаам гэдэг нь Сири улсыг хэлж байгаа юм.)
Үүний хажуугаар энэ байдлыг Иракийн цөөнх болох Курдууд (Иракийн хойд ба зүүн хойд хэсгээр нутагладаг) бас тусгаарлах таатай боломж бүрдлээ гэж харж байна.

Ойрхи Дорнодын газрын зургийг ИШИУ шинээр зурах зорилготой, түүндээ ч эрс шийдэмгий хатуу байна. Энэ бүхэн эцэстээ юу болж төгсөх вэ гэж.  Хэзээ дуусах вэ? Шашин гэдэг ийм л хор хөнөөлтэй эд. Исламын шашны дайн Монголд ямар хамаатай юм гэж үү?  Хамаатай байх эсэх нь биднээс бас их шалтгаалнаа. Монгол Улсын иргэдийн нэг хэсэг, үндэстний цөөнх болсон Казахууд маань дайсагналцаж буй урсгалуудын нэгийг (Сүнни урсгалыг) төлөөлж байгаа учраас тэр.  Биечлэн болон сэтгэл санаа, эд зүйлээр дэмжиж байгаа үйлдэл бүхэн бол  нөгөө  талаа өөрийнхөө эсрэг турхирч байгаатай утга нэгэн. Ийм учраас манай Казахууд ямар нэгэн байдлаар буюу хэлбэрээр энэ дайнд шууд болон шууд бусаар оролцвол  "Түүгээр яваа гайг үүгээр дуудна" гэдэг шиг юм болно шүү. Бодолтой байцгаагтун!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол