Татвараа нэмүүлье!
Винод Хосла |
Ноён Хослагийн тайлбарлаж байгаагаар бол, уламжлалт эдийн засаг нь газар, биеийн хөдөлмөр болон хөрөнгөөр (капитал) хөдөлж хөгжиж байдаг. Гэтэл технологи нь өөр шинэ зүйл гаргаж иржээ. Энэ нь шинэ бөгөөд оновчтой санаа юм. Тэгэхээр хэрвээ чамд шинэ гайхалтай санаа байгаад, түүнийгээ хэрэгжүүлэх техникийн ур чадвар байвал чи маш түргэн баяжиж чадна. Энэ нь хэдийгээр өөрөө сайн зүйл боловч эргээд нөгөө зааг ялгааг (тэгш бус байдлыг) бий болгодог.
Техник технологийн дэвшлийн ачаар ирээдүйд хүний хийж байгаа олон ажлыг машинаар хийдэг болно. Энэ нь олон хүнийг "ажилгүй" болгож, цөөн хүнийг бэлжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр нийгмийн ялгааг байхгүй болгоно гээд ямар техник технологио хөгжүүлэхгүй байлтай биш, олон хүнийг ажилтай байлгах гээд ургацаа гараар хураадаг хэвээр байлгалтай биш.
Мэдээж техник технологи хөгждөгөөрөө хөгжиж урагшлах нь тодорхой, гэвч нийгмийн энэ ялгааг яаж багасгах вэ гэдэгт шийдэл хэрэгтэй болж байна.
Тэрбумтан Хослагийн шийдэл энгийн аж: Баячуудаас өндөр татвар авах хэрэгтэй. 50%-иас дээш л гэж ярьж байна.
Бодоход зөв ч юм шиг. Ялангуяа Монголд хэт ялгарал их явагдаж байгаа тухай хүн бүр л ярьж байна. Баян хоосны ялгаа ихсэж, цөөн хэдэн баян "тарвалзаж", олонхи болсон масс нь тарчилж сууна гэх. Ажилтай ажилгүй, ажилсаг эсвэл залхуу эсэх тухай сэдвээр ярих гэсэнгүй. Зүгээр л ямар "хувь тавилангаар" бид өнөөдөр ийм тарчиг дорой амьдрах болов оо гэдгийг эргэцүүлмээр санагдлаа.
Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн болж төрөв өө гэдэг дууны үг утга өнөөдрийн байдалтай авцалдахгүй (нийцэхгүй) байна.
Баян хүнийг ад үзэх гэсэнгүй. Би дээхэн өөр нэг газар бичиж байсан даа: сайн аргаар баяжсан нь ч бий, муу аргаар олсон нь ч бий. Гэхдээ одоо хэн яаж гэдгийг шүүх шаардлагагүй, боломжгүй. Тийм учраас хэрвээ чи бэлтэй хөрөнгөтэй баян болсон бол жирийн иргэдээс хамаагүй өндөр татвар төлөх нь шударга явдал. Шударгаас гадна бас ариун явдал гэвэл зохилтой. Яагаад гээч? Тайлбар их энгийн. Хэрвээ чи Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бол олж байгаа орлого, хураасан хөрөнгө чинь чиний үйлчилгээ бүтээгдэхүүнийг худалдаж авдаг Монголын иргэдийн буянаар бий болсон эд. Хэрвээ чи уул уурхайн бизнес эрхэлдэг бол тэр ухаж гаргаад гадагш нь зөөж байгаа эд баялаг чинь уг нь "бүх ард түмний өмч" юм. Монгол хүн бүр энэ улсын иргэн л юм бол тэр баялгаас хувь хүртэх ёстой. Гэхдээ энэ нь чиний төлөх татварт ороод явчихна гэсэн санаа.
Хэзээ л бид хөрөнгөтөн ангитай байлаа? Социализмын үед бүгд л ажилчин пролетари байсан даг. Хармаа нь хоосон. Хэдэн хэнхэг дарга нар нь хүртэл солих гонжоомгүй, хураасан хөрөнгөгүй ядуус байсан биз дээ? Цэдэнбалын хөрөнгө гэсэн чинь дандаа ном хийсэн хэдэн чөмодан л байсан гэдэг. Ийм нийгмээс баячууд төрнө гэдэг бараг л ид шидийн. Ягаан ногоон тасалбараар улсынхаа хөрөнгийг иргэддээ тэгшхэн "хуваарилж" байх үед сүүхээтэй зарим нь сүүхээгүй тэнэгүүдээ молигодож, хямдхан шиг, бараг үнэгүй шахам үл хөдлөх эд хөрөнгөтэй болж авсан нь бий. Гэлээ гээд одоо "тооцоо бодох" гэсэнгүй. Зүгээр л буяныг бодож ард түмэндээ буцаагаад хувь өгөөч ээ гэсэн юм. Гэхдээ МАН шиг сар бүр 20 мянгыг хүн бүрд өг гэсэнгүй, зүгээр л эцээхэн татвар тушаадаг байхад л болно. "Заяа муут" зон олноо бодох цаг болсон байх аа. Сүүлийн үед хууль шийдвэр гаргадаг эрх мэдлийг мөнгөөр "худалдаад" авчихдаг болсон болохоор тэнд суух баячууд маань өөрсөддөө халтай ийм шийдвэрийг гаргахыг дэмжих болов уу даа. Гэхдээ яахав, хүн ёсны жудаг, Монгол хүний өгөөмөр сэтгэлд найдаж байна даа.
Гадны баячууд бусдаас хэт ялгарч байгаадаа их санаа зовж, байж суух газраа олж ядаж байна. Соёлтой, жудагтай, ухаантай нь шүү. Улс нийгэмдээ болон тодорхой салбар, бүлэгт асар ихээр мөнгө хандивладаг нэг хэсэг байхад (тэднийг филантропистүүд гэж нэрлэнэ), "бидний татварыг нэмээд өгөөч ээ" гэж түрүүчээс нь дуугарч байна. Монголын баячуудаас буяны хэрэгт хандив өгдөг хүмүүс бий бий. Зарим компаниуд "нийгмийн хариуцлага" гэдэг гоё нэртэй арга хэмжээ явуулдаг. Гэхдээ энэ бүхэн шийдэл болж чадахгүй ээ. Татвараа ахиухан өгцгөөвөл тэр чинь их нэмэр болно. Эргэн тойрноо сайн хараарай. Ядуу массыг хараад юм бодогдохгүй байна гэж үү? Ухаанд нь ухна үхчихээгүй л юм бол нэг юм бодогдох л ёстой доо.
Comments
Post a Comment