Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь?

Улсын начин Б.Сугаржаргал
Улсын начин  Б. Сугаржаргал энэ жилийн  Наадмын 3-ын даваанд  уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан Д.Сэрээтэр гуайд "Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь" гэж  хэлсэн гэнэ. Гэхдээ чухам яаж "үзэхээ"хэлээгүй бололтой.  Боксоор уу, жюдогоор уу, үндэсний бөхөөр үү, бүү мэд. За ямраар нь ч байсан манай Сугаржаргал тэр Сэрээтэр гэх хөгшин төгцөгний нусыг сугартал тавих нь мэдээж. Юуны төлөө Сугаржаргал гэдэг нэртэй билээ. Нусыг нь сугартал нь алгадаад  жаргалаа эдлэх  гэсэн утгатай юм шүү дээ.

Салаавч гаргасан л гэнэ.  Салаавч гаргадаггүй хүн байдаг юм уу?  Экс-Ерөнхийлөгч Энхбаяр, экс-УИХ-ын гишүүн Шинэбаяр, экс-сайд Ганхуяг (яагаав Хас банкны) гээд нэртэй төртэй олон хүний дуртай хийдэг үйлдэл шд. Угтаа  бол ямар ч гэм хоргүй эд л дээ.  Долоовор ба дунд хурууны  завсар  хавчуулсан л нэг муу эрхий хуруу.  Цаад санаа нь миний "боожгой ийм" гэсэн утгатай. Зарим хүмүүс энэ үйлдлийг хийх үедээ "Май чи" гэж хэлдэг. Үүнийг зарим хүн  "Чи намайг дийлбэл би чамд боожгойгоо зүгээр л май гээд өгчихнө" гэж тайлбарладаг явдал бий. Сугаржаргал  ийм утгаар Сэрээтэр өвгөний  хорыг малтсан байж мэдэх юм.

Ухаан муутай л гэж байна. Бяр тэнхээ, хүч тамир байхад ухаанаар юугаа хийнэ. Тэгээд ч бөхийн барилдаан бол шатар шиг ухаан шаардахгүй, булчингийн чадал мэддэг спорт. Хоосон цэцэрхдэг юмнууд  ухаан гэж худлаа ярих дуртай, яс юман дээр өөрсдөө ч үржүүлэхийн хүрд бүрэн мэдэх юм уу?

Ер нь үндэсний бөхийн дүрмэнд өөрчлөлт оруулж, тодорхой хугацаанд багтаж хоёр бөх  ялагчаа тодруулж чадахгүй бол аль нэг талынх нь  санаачлагаар тэмцээнээ боксоор үргэлжлүүж  асуудлаа шийдэж болохыг зөвшөөрсөн заалт нэмэх хэрэгтэй.  Энд элдэв хөлийн цэц, засуул энэ тэр гэсэн хөгшин төгцөгнүүд хэлхэлдэж сунжралдаад  байх шаардлагагүй. Нэг тал нь боксдохгүй гэвэл тэгээд  тахимаа өгөөд явна  биз. Ийм  амархан шийдчих юман дээр жилийн жилд  хэрүүл шуугиан болж байх хэрэг юун. Манай наадамчид бөх, бокс хоёр зэрэг үзээд нэг сайхан таашаал аваг л дээ. Наадам гэдэг чинь олныг баясгаж наадуулах  зорилготой  цэнгүүн биз дээ?



                                                                  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол