Коммунистуудын залгамж үе

Зарим юмыг өөрийн нүдээр харж чихээр сонсож байж үнэмшихээс аргагүй байх нь бий.
Монгол улсад улаан коммунистуудын үндэс устаж алга болоогүй, харин ч бүр соёолж дэлбээлж эхэлж байгаа юм байна гэвэл өөрөө үзээгүй дуулаагүй болохоор худлаа дэгсдүүлж байна гэх байлаа. Тэгсэн чинь яалт ч үгүй өөрийн хоёр цэхрээрээ хараад, дэлдэнгээрээ сонссон болохоор үнэхээр тийм байнаа гэдгийг хэлье.

5 сарын 20-ны өдөр үдээс өмнө Монгол ТВ-ээр гарсан ``The Debate`` буюу Мэтгэлцээн гэдэг нэвтрүүлгээр 2 охин ``Монгол Коммунизмд буцаж очих ёстой`` гэж мэтгэлцэхийг харлаа. Энэ 2 охин нэг баг болоод, өрсөлдөгч баг болох 2 хүүтэй ``Монгол улс Коммунизмд буцаж очих хэрэгтэй юу`` гэдэг сэдвээр ном хаялцаж байгаа нь энэ юм байна. Нөгөө 2 хүү болохоор одоогийн сонгосон тогтолцоог зөв гээд байгаа юмаа даа янз нь.

Тэгээд л өөр өөрсдийнхөө үзэл бодлоо хамгаалж гол гол хүчин зүйлийг нь тоочоод давуу талыг нь тайлбарлаад жаахан мэтгэлцэх маягтай болж байх юм. Гэхдээ энэ нэвтрүүлэг ганцхан англи хэл дээр явагддаг бололтой юм. Бодвол англи хэл түлхүү үздэг сургуулийн хүүхдүүд юм болов уу даа. Харахад 15, 16 хавьцаа насных юм шиг байсан.

``Коммунист`` охид тэгж байнаа: Коммунизмд хүн бүр ажилтай, хүүхэд бүр сургуульд явдаг байсан. Баян хоосон гэж өөр өөр түвшинд байгаагүй, бүгд адилхан зиндаанд байсан.
Ажилгүйдэл, сургууль завсардалт гэх мэтийн асуудал байгаагүй. Хүн бүр эх орныхоо эрх ашгийг эхэлж тавьдаг байсан, харин одоо хүн бүр хувиа хичээдэг болж гэлээ.

``Ардчилсан`` банди нар хариу барьж байна: Коммунизмд хүн яаж ч хичээгээд, махруу ажиллаад бүгд л адил цалин авдаг байсан. Хүүхдүүд сурах ямар ч сонирхол идэвхгүй байсан. Эрх чөлөөгүй байсан гэж байна. Одоо энэ бизнес хийгээд баяжаад байгаа улсууд чинь хүмүүсийг ажилтай болгож улс орныхоо эдийн засгийг хөгжүүлдэг юм гээд л авч өгч байна.

Үзэж байхад зугаатай сонин л юм. Гэхдээ тэр зугаа цэнгэл яах вэ. Хамгийн гол нь би 2 юманд их эмзэглэлээ:

1. Коммунизмд буцаж очих тухай сэдэв чинь өөрөө сонин болгоод сонгож аваад байх сэдэв мөн үү? Яахаараа Монгол ТВ ийм сэдвээр нэвтрүүлэг хийхээр сонгож авдаг байнаа? Хүүхдүүдийн хооронд өөр сэдвээр, үүнээс хамаагүй чухал асуудлаар санаа оноогоо солилцож, мэтгэлцэж, шийдэл санал болгож баймаар байтал хаа хамаагүй нийгмийн тогтолцооны тухай , хүүхдүүдэд ахадсан бөгөөд үеээ өнгөрөөсөн асуудлаар ``хэрүүл`` хийлгэж байдаг чинь ямар бодлого вэ? Коммунизмыг сэргээж ``сурталчилж`` байгаа юм уу?

2. Яг ийм сэдвээр ном хаялцаж мэтгэлцэнэ гэхээр тийм ``коммунист үзэл бодолтой`` оролцогч олдоод байгаа нь их сонин байгаа юм. Тэр 2 охин бол насны хувьд мэдээж 20 ч хүрээгүй хүүхдүүд. Хүүхдүүд шүү! Паспорт авах насандаа ч хүрээгүй жаахан амьтас!
Тэгтэл ийм том сэдвийн тухай мэдлэг, ойлголтыг хаанаас олж авсан байх вэ? Энэ хүүхдүүд чинь 20 жилийн өмнө сураггүй , хүн болж төрөөгүй байсан амьтад шүү дээ! Тэгвэл яахаараа Коммунизмыг үзээгүй байж түүнд хайртай болчихдог байнаа?

Үүнийг тайлбарлахад нэг их хэцүү биш байхаа. Ер нь бол Коммунистуудын залгамж халаа, шинэ үе өсөж торниж байгаа юм байнаа гэдэг дүгнэлт хийлээ. Гэтэл бидний туршаад бүтээгүй нийгмийн хэв маяг руу буцах сонирхолтой хүмүүс яагаад шинээр бий болоод байдаг билээ гэсэн асуултанд хариу хэрэгтэй.

Энд мэдээж сургуулийн шугамаар зааж байгаа хичээлээр нь дамжуулж ийм сурталчилгаа хийж ухуулаад байна гэж бодохгүй байна. Эдгээр залуу үеийн тархи толгойг эргүүлдэг 2 эх сурвалж байдгийн нэг нь гэр бүлийн нөлөө, ойр дотны хүмүүсийн үзэл бодол, нөгөөх нь гадны хүчний нөлөө буюу ямар нэгэн тодорхой хүчний тодорхой зорилготой ухуулга сурталчилгаа юм. Энэ хоёроос өөр сувгаар авна гэж байхгүй, сургуулийг хасаад шүү дээ.
Ийм насны хүүхдүүд сайн дураараа Маркс, Ленинийг учиргүй сонирхоод судлаад унасан гэвэл үнэмшил муутай л юм.

Тэгэхээр дээрх 2 охины гэр бүлийн улсууд хуучин коммунистууд буюу жинхэнэ час улаан хүмүүс байж таарах гээд байна. Хуучнаа санагалзсан тийм хүмүүс одоо хүртэл байдаг гэхэд гайхах юм алга, гэхдээ тэр хүмүүс өсөж яваа залуу үеээ ингэж хордуулж байна гэдэг л хамгийн аюултай хэрэг. Үүн дээр нэмээд одоогийн Ардын нам буюу хуучны ХУ намын социалист үзэл баримтлал бас тодорхой шугамаар очдог нь тодорхой.

Ардын нам залуу өсөж яваа үеийнхэнд их ``анхаарал`` тавьж сургуулиудаар явж гишүүн элсүүлж байсан удаатай. Саяхан л гэхэд Өмнөд Солонгос руу томоохон десант илгээж бас баахан хүн гишүүнээр элсүүлсэн гэсэн. Залуу үеийг татна гэдэг чинь бааз сууриа бэхжүүлж байна гэсэн үг.

Ардчилсан нам болон бусад хүчний тухайд ард иргэдээ мэдлэгжүүлэх тал дээр юм бодохгүй бол нэг мэдэхэд тогтолцоогоо өөрчлөе гэсэн хүмүүс олонхи болчихсон байвал тэр үед цагаан хоолойгоор хичнээн чанга хашгираад оройтсон байх вий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө