Бухимдсан хүний үг

Энд тэндээс элдэв бусын юмс сонсогдоод зүгээр суулгахгүй хатгаад байх юм. Гол мөрөнгөө хамгаалж бас ч үгүй урсац нь тасраад байсан Онги голоо сэргээж чадсан гавьяатай Мөнхбаяр хэмээгчийн тэргүүлсэн гол нууруудын хөдөлгөөнийхөн бусад дэмжигчтэй хамтран Сүхбаатарын талбайд морьтой ирцгээж гэр барин тухалжээ. Ард түмний саналыг авч, хэдэн зүйлийн шаардлага төр засагтаа хүргүүлэн, цагаан ордныг гороолж байна.

Гайхаад цочирдоод байх юм алга. Харин ч дэмжмээр. Манайхан гэж байгал дэлхийгээ хайрлахаа мэдэхээ больчихсон юм уу, эсвэл гол ус нуур, онгон байгаль хэрэггүй, зөвхөн цементэн байшин, хиймэл зүлэгийг илүү үздэг болчихсон юм уу бүү мэд, ямартай ч ард түмэн, Улаанбаатарчууд ялангуяа, тэд нарыг олигтой дэмжиж өгөхгүй л байна.

Эсрэгээр зарим нь Сүхбаатарын талбайг морины баасаар бохирдууллаа, заваан балиар гэж ирээд ам хамраа дарж усан тэнэгтэж, ямар гаралтай хэн бэ гэдгээ мартчихсан донгосож байх юм. Зарим байгалиа хамгаалах зөвлөл ч гэх шиг худлаа нэрнээс цаашгүй ТББ саяхан зурагтаар хэвлэлийн бага хурал хийлгэж, Мөнхбаяр тэргүүтнийг байгаль орчны төлөө тэмцэхгүй улс төрийн тэмцэл хийж байгаа учраас бид оролцохгүй, тэрнээс биш өөрийн улсууддаа хэлээд хамтрахад болж байна гэж эргүүтэж харагдана лээ. Ийм л эргүү хүүхэлдэйнүүд олон байсан цагт Монголчууд зовлонгоос салахгүй.

Энэ хэвлэлийн хурал дээр бас амьтан хамгаалах нийгэмлэг ч гэнэ үү нэг байгууллагын төлөөлөгч Сүхбаатарын талбайд морь авчирч идэх өвсгүй, уух усгүй байлгаж, өрсдийн тэмцэлдээ гэмгүй морьдыг ашиглаж амьтан тамлалаа хэмээн сүржигнэж байна. Арай л морь хүний хэл мэдэхгүй учраас түүнийг нь далимдуулж, өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хохироолоо гэсэнгүй. Тэгээд амьтан тамлахаа үргэлжлүүлж, Өмнөговиос тэмээ авчрах юм бол эсрэг акц зохионо гэж дөвчигнөлөө.

Энэ дөвчигнүүр үнэхээр ийм мулгуу юм уу эсвэл хэл амаа хэдэн төгрөгөөр худалдаад хүний өмнөөс ингээд жүжиглээд байна уу гэдгийг тогтооё гэвэл болох л байх. Хэрвээ үнэхээр мулгуу бөгөөд эргэн тойрон юу болж байгааг харах нүдгүй харалган юм бол хэлээд өгье.
Цаана чинь нохой гэдэг амьтныг хооронд нь бооцоо тавьж зодолдуулаад мөнгө олох эх үүсвэрээ болгон тамлаж байна. Улсын Циркэд хүртэл нохой зодооны тэмцээн зохион байгууллаа шүү дээ. Энийг мэдэхгүй, харахгүй байна уу? Нохой амьтан биш юм уу?

Цагдаа нар Сүхбаатарын талбайд байгаа уул усаа гэсэн хэдэн хүнийг эгзэгийг нь тааруулж байгаад хөөгөөд явуулчих санаатай ганц нэгээр нь барьж авах, шөнө гэнэдүүлж барьсан гэрүүдийг нь буулгаж зайлуулах тохиромжтой моментыг хүлээж байгаа байх.

Үүнтэй зэрэгцээд Их Хурилдай гээч юмыг МАХН-ын нэрийг авч үлдэх сонирхолтой УИХ-ын гишүүн Шинэбаяр , экс Ерөнхийлөгч Энхбаяр тэргүүтэй бүлэг Сүхбаатарын талбайд үргэлжлүүлж байгаа. Эд нарын гаргасан төр засгийн 15 олигархи гэдгийн жагсаалтанд МАН ба АН-аас нэр бүхий танил хүмүүс оржээ. Улсын баатар Бат-Үүлийн нэр тэр дунд цохиж явсан нь олон хүнийг гайхшруулсан нь лавтай.

Баатар маань бүр ихээр цочирдож, намайг нэгд оруулсангүй хэмээн тавлаж сонинд нийтлэл хүртэл бичжээ. Ингэх хэрэггүй л байсан юм даа уг нь. Тэртэй тэргүй ард түмэн мэдэж байгаа болохоор ийм юмыг инээгээд өнгөрөөх ёстой байсан юм. Даанч жаахан намба алдлаа.
Ер нь олигархууд гэдгийг төр засгийн мөнгийг луйвардаж, хээл хахууль авах гэх мэт шударга бус аргаар богино хугацаанд хөлжиж баяжсан хүмүүсийг хэлнээ гэвэл тэд нарын тоонд Бат-Үүл баатар яагаад ч орох ёсгүй.

Харин тэгж баяжсан луйварчингууд олон бий. Тэд нарын нэрсийг болж өгвөл баримттай гарган тавьж илчлэх, луйвардсан болон хууль бусаар олсон мөнгийг нь буцааж улсын орлого болгох нь шударга ёсонд нийцнэ. Тендэр гээчийг хахуульдаж, арын хаалгаар авч байсан улсууд энд мөн багтах ёстой. Үүний нэг тод жишээ бол хуучнаар Улсын Төв Хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлал нэрээр луйвардаж авсан гээд байгаа экс Ерөнхийлөгч Энхбаяр юм.

Улсын Их Хурлын саяхны чуулган дээр Зам тээврийн сайд Баттулга, Хууль Зүйн сайд Нямдорж хоёр хэрэлдээд барилцаж авахаа шахсан гэнэ. Барилцаад авсан бол Нямдорж сайд өчих мэхэнд ороод , Үклээ гэж орилоод гоё юм болох байсан юм. Даанч манайхан тийм боломж олгоогүй байх л даа. Зарим орны Парламентын гишүүд хурлынхаа үеэр хоорондоо сайхан авалцдаг юм билээ.

Юунаас болж хэрэлдсэн гэсэн чинь, нөгөө Нямдорж чинь Өмнөговийн уурхайгаас Хятадын хил рүү машинаар нүүрс зөөж байгаа үйл ажиллагааг зогсоолоо гэж уурлаад, харин Баттулга нь нүүрс тээвэрлэдэг машинууд дураараа олон салаа зам гаргаж байгаль орчин сүйтгэж, осол аваар их гаргаж хүний амь олноор эрсдэж байгаа учраас хатуу хучилттай зам тавихаас нааш нүүрс тээвэрлүүлэхгүй гэсэн юм байх.

Нямдоржийн байр суурь бол нүүрс олборлож байгаа Хятадын оролцоотой компаны эрх ашгийг хамгаалсан гэж харагдаж байгаа бол Баттулга сайд нутгийн ард түмний эрх ашиг сонирхол болоод Монголын байгаль орчинг сүйтгэхээс хамгаалах гэсэн зорилготой гэж ойлгогдож байна. Нямдорж тэр нүүрс олборлож байгаа компаниас шан харамж аваад ингэж өмөөрч галзуурав уу? Нямдоржийг Хятадын тагнуул гэж нэг хэсэг шуугисан даа, дээхэн. Бас л ямар нэгэн но-той байсан бололтой дог. Хууль дураараа заслаа гэж загнуулаад Их Хурлын даргын албан тушаалаас зайлуулагдаж байсан нөхөр. Ер нь шударга царайлчихаад доодох нь нойтон байж мэдэх л этгээд.

Монголын төр засгийн арчаагүй байдалд бухимдаж аргаа барсан Монголчууд элдэв санаа санаачлага гаргаж, их л ярьж бичиж байна. Интернетээр ч их хэлэлцэх юм, энд тэнд ч байсгээд л уулзалт, хурал болох юм. Ноднин шиг санаж байна, УИХ-ын гишүүн З. Энхболд нарын хэдэн гишүүн АНУ-д ажлаар ирэх далимдаа Вашингтон хавьд байдаг Монголчуудтайгаа уулзаж ярилцжээ. Энэ уулзалтын бичлэг Интернэт дээр тавигдсан байгаа.

Энэ уулзалт дээр Галбадрах гэдэг нөхөр саналаа хэлэхдээ Монголд болохгүй бүтэхгүй байгаа юмны тухай баахан зовлон тоочоодохсон чинь З. Энхболд гишүүний уурыг хүргээд амаа таглуулсан даа. Энхболд гишүүн, Америкт байгаа хүмүүс гэж нэг их ухаантай хүмүүс, бид нарыг юу ч мэдэхгүй харахгүй байна гэж бодоо юу гэж ирээд л их уурлаж билээ. Уг нь бухимдаад байх шаардлагагүй л байсан. Тэр хүний темперийн асуудал илэрч байгаа хэрэг л дээ. Чухал алба хашдаг бөгөөд боловсролтой соёлтой хүн бол ингэж бухимдаж уурлах ч үгүй, угаасааа хүн уурлаад байх юм ч болоогүй. Уурлахаар юм хэлсэн байлаа ч гэсэн өнгөрөөж сурах , биеэ барих чадварыг эзэмшсэн байх ёстой л доо, уг нь бол.
Борчууддаа ингэж уурлаад байгаа хүнийг юу ч гэмээр юм дээ. Зиндааныхаа гишүүдтэй ана мана авалцаж, зодолдож байх ёстой байхгүй юу.

Гадаадад байгаа Монголчууд аргаа барахдаа уул уурхайн хишиг нэрээр тарааж байгаа сонгуулиар амалсан мөнгө гэх сар бүрийн 21 мянган төгрөгөө нийлүүлж хуримтлал үүсгээд тэр сангийнхаа мөнгөөр Монголдоо хэрэгтэй гэсэн ажлуудыг чадах ядахаараа санхүүлжүүлье, төрөх эмнэлэг ч болтугай бариулая гэж хүртэл ярьцгааж байна шүү дээ. Энэ бол Монголоо гэсэн хүмүүсийн сэтгэл. Хар амиа бодвол тэр сар бүр ирж байгаа мөнгөө Монгол буцаж очихдоо бөөн авчихна гээд л сууж байх шд. Эсвэл Монголд байгаа аль нэг хамаатандаа өгдөг ч юм уу.
Тэгэхээр ийм эх орноо, Монголчуудаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийг та нар ганцхан ухаантай нь юм уу гэж дайрч байгаа Их Хурлын гишүүн бол зөөлөн хэлэхэд өрөвдөлтэй л байна.
З.Энхболд гишүүний хийсэн ажил, зүтгэлийг үгүйсгэх гээгүй юм шүү гэдгийг энд бас давхар хэлчихье.

Бухимдах юм зөндөө байнаа. Тэр болгоныг жижиг гэлтгүй босгож ирээд дуугарч байгаа хүмүүс манай Их Хурлын гишүүд, Засгийн газрын сайдууд дотор хэд байнаа?
Түргэн тусламжын дуудлагын утас руу залгаад тоглоом тохуу хийж даапаалдаг, хуурамч дуудлага өгч онц чухал ажил хийдэг хүмүүсийн үнэтэй цаг хугацааг үрж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учруулдаг, бүр хамгийн ноцтой нь түргэний үйлчилгээ жинхэнэ дуудсан эзэндээ очихгүй цаг алдсанаас бол хүний амь үрэгдсэн тухай яриад л байх юм. Тэгээд энэний дагуу арга хэмжээ аваад таслан зогсоож болдоггүй ямар бэрхшээл байнаа гээд гайхаад барахгүй юм. Одоо чинь цахим техник хөгжсөн үе биз дээ? Тэр тоглоод байгаа утасны дугаарыг мэдэж аваад л шууд байршлыг нь тогтоож чаддаггүй юм бол (нөгөө кинон дээр гардаг шиг утсаар ярьж байх үед нь байршлыг нь олчихдог шиг), тэр дугаараар нь хөөгөөд утасны компаниас нь мэдээлэлийг нь аваад хаана хэний нэр дээр, ямар хаяг дээр бүртгэлтэй байгааг нь олоод арга хэмжээ авчихаж болноо доо. Манай цагдаагийнхан энэ тал дээр санаачилж зохих зохицуулалтыг нь хийлгэх хэрэгтэй байтал, ингээд байна гээд л гоморхоод байх юм. Гоморхож байх хооронд нь хүний амийг аврах ёстой тусламж тоглоом хийсэн хүмүүсийн балгаар цагтаа очиж чадаагүй улмаас хэдэн хүн амиа алдсан золгүй явдал болжээ.

Шүүхийн шийдвэрээр хэн нэгэн мяндагтаны хуйвалдаж бариулсан барилгыг нураа гэсэн боловч гүйцэтгэдэг газар гэж алга. Тэр барилга нь өөр нэгэн байшингийн бөөрөнд тулгаад барьсан учраас айлууд нар үзэхээ байсан ажээ. Ингээд шүүхийн өөдөөс салаавч үзүүлдэг албан тушаалтан даналзсаар, ард иргэд хохирсоор.

Согтуу жолооч нарын цөөнгүй хэсэг нь танил тал , мөнгө энэ тэрээр аргалчихдаг учраас дахин давтан согтуугаар давхиад хүн дайрч алчих гээд байдаг. Цөөн хэдэн цагдаа нар нь шударга загнаад ажлаа хийх гэхээр дээд дарга нараар нь айлгаж дарамталдаг. Энэ хачин үзэгдлийг гаргуулахгүй арга ухаан бодоод олж чадахгүй л байгаа юм даа, манай цагдаагийнхан.

Социализмын бэлэн талх ам руугаа гудруулж байсан Монголчууд одоо засгаас зүгээр өгч байгаа 21 мянган төгрөгийг сар бүр оочирлож байгаад авах нь ажил хийж хөлсөө гаргаад арай ахиухан цалин авахаас илүү амар гэж үздэг болжээ. Энэ бол эмгэнэл! Ийм сэтгэхүйтэй ард түмэн дэвжиж дээшилнэ гэж байхгүй. Япон, Солонгос, Хятад, Вьетнам мэтийн орнууд ард түмэн нь ажилсаг учраас хөгжиж байгаа юм. Хичнээн ажилсаг байлаа ч гэсэн бас зөв бодлого байхгүй бол хөгжихгүй, ард түмнээ хэлмэгдүүлдэг жишээг Азийн бусад орноор төлөөлүүлж харж болно.

Улаанбаатарын утаа болохоо байлаа гээд гэр хорооллын айлуудыг хотын төв рүү ойрхон байгаагаас нь эхлээд нүүлгэж газар дээр нь орон сууц бариад буцаагаад тэр байранд нь оруулая гэтэл нэг өрөө байр хангалтгүй ээ, 2 өрөө байр оронд нь өгвөл нүүнэ гээд гэдийчихдэг байна шд. Тэгвэл тэр умгар хашаандаа тэгээд чихэлдээд, гадаа бааж шээгээд, усаа зөөж уугаад суу л даа! Тэр тэнэгүүдийг гуйж байхаар хаячихаад өөр гэр хорооллынхонд барилгажуулах саналаа тавиач!

Улаанбаатарын утааны эх үүсвэр голдуу хотын хойгуур болон баруун хойгуур байгаа гэр хороололоос гаралтай. Тухайлбал, телевизийн хавийн гэрүүд, хойшоогоо Баянхошуу, за тэгээд 5 буудал, 7 буудлын гэр хороолол энд багтана. Тэр үнэрхээд байгаа айлууд байртай болтлоо нэлээн юм үзэж бусдаасаа хамгийн сүүлд орно биз.
Ер нь ингээд бодоод байхад, олон толгойтой Монгол нэг иймэрхүү л байгаад гайхаад байх юм ч алга. Нийтийн эрх ашгийн төлөө өөрийнхөө эрх ашгийг золиосолж чаддаггүй ийм бэртэгчингүүд цаашид улам олноор бий болно.

120 мянгатын буудлаас хойшхон байх хэдэн горзгор мод бүхий хэсэг хоосон газрыг нэг компани зохих журмын дагуу эзэмшиж тэндээ цогцолбор барих гэтэл хэдэн хүн гарч ирээд бидний зугаалдаг цэцэрлэгийг устгах гэлээ гэж ирээд солиороод унаж гэнээ. Хэзээнээс тэнд зугаалдаг болчоов, би мэдэхгүй юм байна. Миний мэдэхийг тэнд зугаалаад байх газарч биш.
Тэгээд ч тэр компани эзэмшиж ашиглахаар авсан юм бол эзэн нь юмаа мэддэг гэдэг биз дээ?
Хүүхдүүдийнхээ сургуулийн хашаан дотор сургуулиин барилгатай нь шахаад, эсвэл биеийн тамирын талбайг нь устгаад дээр нь барилга барьж байхад (жишээ нь, 52-р сургууль) тэмцэхгүй байж өөр этгээдийн эзэмшлийн газрыг хэрэглүүлэхгүй гэж дайрдаг ямар эрүүл ухаан байнаа?

Ийм байдлыг бий болгохгүй ганц арга бол нэг л толгойтой байх явдал.
Монголчууд захируулж байж юм хийх дуртай улс. Хүчээр зангидахгүй бол хэзээ ч шадар гурван цэрэг шиг байж чадахгүй хүмүүс. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг үнэн боловч эвтэй байлгадаг ганц механизм чинь нударгаар барих явдал гэдгийг мэдэхгүй, анзаарахгүй, харахгүй байгаагаас энэ нь хоосон хийрхсэн уриа болж хувираад ямар ч ашиг тусаа өгөхгүй байгаа нь дээрх жишээнээс харагдаж байна.

Эртний түүхээ л аваад үз л дээ. Чингис хааны удирдлага дор олон тархай бутархай, хоорондоо үргэлж хэмлэлдэж дайтаж байсан Монгол аймгууд нэгдэж бүхэл бүтэн нэгэн айл болсоноор Монголчууд хүчирхэгжиж сэргэн мандсан биз дээ. Гэтэл Чингис хаан таалал болсоноос хойш үе залгамжлагч хөвгүүд нь нэг хэсэг сайдаж муудаж эзэнт гүнээ торгоож байсан боловч удалгүй аяндаа бие дааж тусгаарлах сонирхолтой болж ирсэнээр Монголын эзэнт гүрэн нэг удирдлагагүй бол 4 том бүлэгт хуваагдсан ба яваандаа тэр хаант улсууд нь бүгд дампуурч сөнөсөн билээ.

Эх Монгол нутагтаа хөөгдөж ирсэнээсээ хойш ч мөн хоорондоо эрх мэдэл, эдийн шуналаас болж үзэлцсээр Монголын хаад ноёд гадныхны идэш болж бүр 300 жил Манжид дарлуулж байсан. Халх, Ойрад гээд л хоорондоо алалцаж бусдад хожоо болж, эд бараа элдэв зүйлээр эх орноо худалдаж бусдын өмнөөс элэг нэгтэнтэйгээ алалцаж байсан түүх олон бий. Ингэсээр байгаад л Монгол улс мөхөж, Монголчууд доройтож , Хятадын Монгол , Оросын түүхий эдийн бааз гэж хэлүүлэн өдий хүрсэн дэг. Энэ бол гагцхүү бидний өөрсдийн арчаагүй амиа бодох сэтгэхүй ба олон толгойтой явж ирсэний гай юм.

Дахиад хэлье. Ийм сэтгэхүйтэй бид хол явахгүй ээ. Нэгд, бидний төрөлхийн араншин эрхэлж байгаа амьдралын хэв маягтай, газар устай холбоотой бий болж цусанд нь шингэсэн болохоор аядуу тайвнаар буюу өөрийнх нь зоргоор нь өөрчлөгдөхийг хүлээнэ гэвэл маш удаан хугацаа шаардах учраас, хоёрт, бидний замнаж ирсэн зам (Социализм) маань энэ байдлыг засах биш харин урвуугаар дэврээж хөгжөөж ирсэн учраас засахад бүр хүнд болгосон, гуравдугаарт шинэ нөхцөл байдалд (Капитализм, зах зээлийн эдийн засаг) сэтгэхүйд өөрчлөлт хийх сонирхол, санаачлага маш дутмаг байсан зэрэг шалтгааны улмаас Монголын ирээдүйг эерэгээр төсөөлөх боломжгүй байна. Чингисийн Монголын загварыг сонгохгүй бол шүү дээ.

Робинзон Крузо-гийн найз болдог арлын иргэн Баасанг танина биз дээ? За да, бид бол Баасангаас дээрдэх, ялгарах юм алга. Баасан бид хоёр соёлжиж, иргэншиж, нэгдэж амьдарч сурах хүртэлээ лав 100 жил болно. Энэ хугацаа ч багадаж мэднэ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө