Х.Баттулгын "гаж" явдлууд

Х.Баттулга
Халтмаагийн Баттулга. 1963 оны 3 сарын 3-нд төрсөн. Зураач мэргэжилтэй. Одоо  хашиж байгаа албан тушаал нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд.  МАНАН-гийн үед Зам Тээвэр, барилга хот байгуулалтын  сайд хийж байсан. Ардчилсан Намын гишүүн. Монголын Ардчилсан Холбооны дарга, Монголын Жюдо бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай. Монгол Улсын гавъяат тамирчин. Гэр бүлтэй, 4 хүүхдийн аав. Товчхондоо  ийм. Энэ хүний тухай дуулаагүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. За үндсэн уугуул Хонгор  нутгийнхан нь бол бүр сайн  мэднэ. 2004 оноос хойш тасралтгүй 3 дахь удаагаа Их Хуралд сонгогдоод байгаа. Гэхдээ энд түүний улс төрийн карьерийн тухай  нурших  гэсэнгүй, харин  түүний өгөөмөр сэтгэл, хүнлэг чанар, эх оронч үзлийн тухай  яръя гэлээ.

Бавуугийн Лхагвасүрэн, Анужин нарт "тоогдоод" Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт уригдаж оролцоно гэдэг чинь  "нэг юм хэлээд" байгаа биз? Лхагвасүрэн гуай хэр баргийн хүнийг тоохгүй дээ уг нь (У.Хүрэлсүх харин тэнд "яваад орчихдог" нь аавынхаа "даалгавраар" ажилласан  Анужингийн санаачлага  байсан биз ээ).  Баттулга 2006 оноос эхлэн амьдралын боломж тааруу боловч хичээл сурлага сайтай авъяаслаг  хүүхдүүдийн их дээд сургуулийн төлбөрийг хувиасаа хийж иржээ.  Энэ бол бусдад үлгэр болохуйц үлгэр жишээч санаачлага. Лам хуврагуудын хэлдгээр маш том "буяны ажил", харин орчин үеийн нэр томъёогоор "оюуны том хөрөнгө оруулалт."  Энэ жил мөн Баянхонгороос  сонгогдсон Ганбат гишүүнтэй хамтарч 95 охид, хөвгүүдэд тэтгэлэг олгожээ. Бүдүүн тоймоор бодож үзье. Их дээд сургуулийн жилийн төлбөр дунджаар 1сая төгрөг  гэж бодоход 95 сая төгрөг нэг  жилд төлөх нь. 4 жилээр үржүүлбэл 380 сая төгрөг болж байна. Баттулга, Ганбат хоёр ийм хэмжээний мөнгийг ирэх 4 жилд "цацах" нээ. 2006 оноос хойшхи Баттулгын дангаараа "даасан" хүүхдүүдийн төлбөрийг тооцвол бас нэг тоо гарч ирнэ.

Муулах дуртай МАН-ынхан мэдээж энэ үйлдлийг харлуулах бэлэн үгтэй сууж байгаа. Юу гэж хэлэх   нь тодорхой. Баттулга  Баянхонгороос насаараа Их Хуралд сонгогдох санаатай ингэж байгаа  юм гэж хэлэх биз. Төрийн ажилд насаараа зүтгэх санаатай байх нь гэмт хэрэг биш! Гол нь тэнд очоод юм хийж чадах эсэх нь чухал. Тэрнээс гадна зөвхөн УИХ-д сонгогдох санаатай байгаа бол ингэж олон зуун саяар нь  мөнгө "гарздах" хэрэг юун? Х.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар нар шиг жаахан жаахан "карманы мөнгө" өгөөд л саналыг нь худалдаад авчихад болох биш үү?  Гэтэл тэгсэнгүй, харин ч эсрэгээрээ сонгогдсоныхоо дараа дээрх санхүүжилтыг хийж ирсэн байх юм. Зөвхөн дахин сонгогдохын тулд ингэж их мөнгө зарцуулж байгаа бол илүү мөнгө үрж байгаа Баттулга "юмтай" болж таарах нь. Үгүй бол энэ үйлдлийн цаана өөр учир шалтгаан байна.  Тэгвэл ямар учир байна?

Увсын Х.Чойжилсүрэнгийн 2008 онд "чихэр аваарай" гэж хэлж байгаад тараасан 10 мянган төгрөг,  2012 онд "түрээсийн төлбөр" гэж цацсан 100 мянган төгрөгийн хажууд энэ бол бодитой хөрөнгө оруулалт. Чойжилсүрэн УИХ-д сонгогдох гэж нэг удаа мөнгө "хайрладаг" бол Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд олон жилээр оюуны   хөрөнгө оруулж байна. Сонгогчдынхоо ходоодонд биш толгойд нь юм хийж байна  гэж. Энэ бол их том ялгаа.  Түүнээс гадна амьдрал ядуу буурай сонгогчдынхоо хүүхдүүдийн ирээдүйн төлөө хийж байгаа энэ ажил нь цаагуураа нутгийнхаа иргэдийн амьдралыг сайжруулах, ядуурлыг бууруулахад их дөхөм болно гэдэг утгаараа сайшаалтай. Энэ эмзэг давхаргыг сонгож байна гэдэг чинь  мань эрийн хүнлэг сэтгэлийн нэг илэрхийлэл.

Philanthropy (филантропи)  нь хүмүүний төлөө, сайн сайхны төлөө гэсэн үзэл баримтлалыг уриа болгосон соёл юм.   Ийм соёлыг түгээдэг, биеэрээ үлгэрлэдэг хүмүүсийг филантропист гэнэ. Филантропистүүд тухайн бэрхшээл, хэцүү асуудлыг ул сууриар нь хөндөж шийдэхийг  оролддогоороо нэг удаагийн тусламж, хандиваар  "амь тариа" хийдэг хандивлагчдаас ялгаатай. Баттулгын хувьд дээр дурдсан 100-гаад ядуу айлын хүүхдүүдийг тэтгэснээрээ тэдгээр айл өрхүүдийн амьдрал хэтдээ сайжрах замыг нээж өгчээ гэсэн үг. Ухаандаа, 100 айлд нүүрс аваарай гэж нэг удаа мөнгөн  тусламж өгөх биш, харин тэр 100 айлын  100 хүнд  "загас яаж барих" арга ухааныг эзэмшүүлэх боломж олгосноороо  Баттулгын энэ үйлдэл "филантропист шинж чанартай" болчихож байгаа юм. Дэлхийд зартай мундаг баячууд филантропист болсон нь цөөнгүй. Нэр хүндийн бөгөөд  хүнлэг сэтгэлийн асуудал. Воррен Баффэт, Билл Гейтс, Марк Цукэрберг, Опра Винфри , Жорж Сорос, "Аппль" (Apple) компанийг үндэслэгчдийн нэг Стив Возниак  зэрэг нэрс  өнөө үеийн сайн санаатнуудын  нэрсийн жагсаалтанд харагдана.  Ганц нэг жишээ татвал, Facebook (Фэйсбүүк)-ийг үндэслэгч Марк Цукэрберг АНУ-ын Нью-Жерси мужийн Ньюэрк хотын боловсролын системийг сайжруулахад зориулж 100 сая доллар өгсөн байх жишээтэй.
Алдарт Опра гэхэд 2012 онд Атланта мужийн нэгэн коллежид 400 оюутны тэтгэлэг өгсөн байна.

Эрхэм гишүүн Баттулгын энэ санаачлага нь дэлхийн томчуудын хажууд "дусал" мэт харагдавч Монголдоо "далай" юм. Сэтгэл багаддаггүй гэдэг билээ. Одоо түүний араас гишүүн Ганбат "уруу татагдаж" байх шиг байна. Зөвхөн УИХ-ын гишүүн гэлтгүй, манай  чинээлэг бизнесмэнүүд  нийтийн сайн сайхны төлөө, ядарсан давхаргынхаа төлөө  ингэж буян хийдэг бол мөн ч их юмыг өөрчилж чадна даа. Гагцхүү сэтгэл нь дутаж байгаа хэрэг. Энэ сэтгэлийг бий болгох, зоосны  нүхээр бүхнийг хардаг сэтгэлгээг өөрчлөхөд хугацаа хэрэгтэй. Баттулга гишүүн энэ хөдөлгөөний пионер болсон хүн гэхэд болно. Монголын анхны филантропист.

Баттулгын өөр нэг чанар бол Монголоороо бахархах эх оронч сэтгэл. Өнөө үед бараг хүн бүр л "би эх оронч" хэмээн  цээжээ дэлдэх боловч цагаа болохоор батлаж чадах нь хэр олон бол? Цонжин Болдогийн цогцолбор буюу Чингис хааны морьтой хөшөө дэлхийн дансанд орсон том бүтээл болсон бөгөөд түүнийг санаачилж хэрэгжүүлэгч нь Баттулга юм. Яах аргагүй том сурталчилгаа болж  чадсан бүтээл. Одоо тэнд жагсах морьтон баатруудын хөшөөнүүд бэлэн болчихвол иж бүрэн цогцолбор болох юм. Мэдээж энэ бүхэнд багагүй зардал гаргасан. Баттулга өөрийнхөө нэрийг дэлхийд гаргах гэж үүнийг хийгээгүй. Дэлхий Баттулгыг мэдэх ч үгүй. Харин Чингис хааны хөшөө цогцолбор гэдгийг  мэднэ. Монголын  их хааны нэрийг мэднэ. Чингис хаан болон бусад Монгол хаадыг  Хятадууд "өмчилж" авахын тулд бүхнийг хийж дэлхийн "толгойг эргүүлж" байгаа энэ үед бид бас хариуд нь юм хийхгүй бол болохгүй.  Цонжин Болдогийн  цогцолборын зорилго тэр.

Харамсалтай нь бидний заримынх нь  "билгийн нүд" сохорч бодитой юм хийж байгаа нэгнийхээ сэтгэлийг үнэлж чадахаа больжээ. Харин ч эсрэгээр нь муулах гутаах болж. Тамын тогооны үлгэр юм даа. Баттулга гишүүний эх оронч сэтгэл ганц энэ хөшөөний  цогцолбор ч биш бас түүний хариуцсан ажил үүргийн хүрээнд ч илэрч байсныг сануулах нь шударга болно. МАНАН-гийн засгийн үед Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайд хийж байхдаа төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулах  хөрөнгийг нь шийдэж өгөхгүй "унжиж" байх үед Баттулга сайд хувиасаа санхүүжүүлж эхний ажлуудыг эхлүүлж байсан хүн.  Зоосыг шүтдэг болсон орчин цагт  хувиасаа мөнгө гаргаад "засгийн" ажлыг хийх хүн өдрийн од шиг биз. Хамтарсан нэртэй боловч бүх асуудал МАН-ын "гарын дохиогоор" шийдэгддэг байсны жишээ энэ юм. Төмөр замын санхүүжилтийг аман дээрээ зөвшөөрөх боловч ачир дээрээ гацааж байсан нь АН-аас гарсан сайдын нэрийг унагаах гэсэн далд  санаа байсан гэж хардахад хүргэж байна. МАН-ынхан өнөөдөр үүнийгээ баталсан мэдэгдэл хийж байгаагийн нэг жишээ бол МАН-ын шинэ даргаар сонгогдох магадлал өндөртэйд тооцогдож байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэн үг юм. Тэрээр нэг удаа , Баттулга тэр үед Зам тээврийн сайд байхдаа  шинээр төмөр зам барих  ажлыг явуулж чадаагүй гэсэн утгаар хэлсэн байдаг. Мөнгийг нь өгөөгүй байж дараа нь хийсэнгүй гэж хэлж байгааг өөрөөр юу гэж тайлбарлах билээ? Гэвч "амбиц ихтэй" сайд маань  санхүүжилт нь шийдэгдэх байх хэмээн  итгэж тэр болтол цаг алдахгүйн тулд өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлж төмөр зам барих ажлыг нь эхлүүлсэн байдаг.  Эндээс л энэ хүний эх оронч сэтгэл харагдаж байгаа юм.

Монгол Улсад ардчилсан хувьсгал хийхэд гар бие оролцож явсан ахмадуудад зориулж хувиасаа байр өгдөг Баттулгын нэг сонин  "хобби" зарим хүнд их ойлгомжгүй байдаг бололтой. Аргагүй ээ, мөнгийг сохроор шүтдэг хүмүүст  үүнийг ойлгох ухаан дутна.  Монголын Ардчилсан Холбооны (МоАХ)  даргын сонгуультай энэ эрхэм 2012 оны өвөл МоАХ-ны 23 жилийн ойг тохиолдуулж 23 ахмад партизанд тус бүрд нь нэг өрөө байр өгчээ. Үүний зардалд хувиасаа  нэг тэрбум гаруй төгрөг гаргасан байна. (Зах зээлийн ханшаар нэг өрөө байрны үнийг 23-аар үржүүлбэл нарийн тоон дүн гарна.)  Анх 2009 онд буюу Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор анх 20 ахмадад байр өгч эхэлсэнээс хойш жил бүр тохиож байгаа ойн жилийн тооны хүмүүст нэг өрөө байр бэлэглэдэг уламжлал тогтжээ. Нийтдээ 86 ахмад өнөөдрийн байдлаар Баттулгын  өгөөмөр сэтгэлийн ачаар байртай болоод байгаа аж. Энэ жил мөн 24 жилийн ойгоор 24 ахмад байртай болох биз ээ.  Ямар "ашиг тустай" гэж мань эр ингэнэ вэ?  Их Хурлын гишүүн, мөн аль нэг салбарын сайд болчихоод энэ олон тэрбум төгрөгөө "тендэрийн луйвраар" эргүүлээд олоод авчих байх гэж  үү? Анти-Баттулгатангууд ингэж л хэлэх байх л даа. Тэдний хувьд Баттулгын энэ араншин бол "этгээд гаж" үйлдэл учраас их сэжигтэй бөгөөд  өөрөөр тайлбарлаж чадахгүй байгаа хэрэг.  Мөнгөнөөс өөр бас хүнд эрхэмлэх зүйл гэж байдгийг тэд мартсан учраас энэ мэт "хачин жигтэй" явдал ой тойнд нь бууж өгөхгүй байгаа юм.  86 ширхэг нэг өрөө байрны үнэ хэд гарахыг багцаагаар тооцоод үзвэл овоо дүн гарна.

2008 оны УИХ-ын сонгуулийн  Увс аймгийн тойрогт  МАН-аас нэр дэвшигч Х.Чойжилсүрэнгийн мөнгө тарааж байгаа бичлэг дээр мань эрийн штабын бололтой нэг авгай бичлэг хийж байгаа залууд хандаж ингэж хэлдэг: "Буянтай хүн буянаа түгээж байна" гэж.  Энэ бол "буянаа түгээх" биш юм аа. Энэ бол сонгогч түмнээ "янхан" болгож "биеийг нь үнэлж" (саналыг нь худалдаж авах гэж унш) байгаа хэрэг. Тэгэхэд Увсын сонгогчид 10 мянган төгрөгөөр " биеэ үнэлсэн" билээ. Харин үүний хажууд  Баттулгын хийсэн дээрх ажлууд бол жинхэнэ буяны үйлс юм.  Тэгвэл Баттулга гишүүнийг  жинхэнэ буянтай хүн гэвэл ононо. Х.Чойжилсүрэн УИХ дотроо тэргүүн баяны тоонд тооцогддог юм гэсэн. Гэвч тэр хүнд жинхэнэ буян хийж хуруугаа хөдөлгөх  сэтгэл алга.  Хошин шогийн жүжигчин Ундармаа нэг эмнэлгийн хүлээлгийн өрөөг хувиасаа санхүүжүүлж тохижуулж өгсөн гэсэн. Хүнлэг  сэтгэл гэж ийм байдаг юм.  Сайн үйлс багадахгүй. Тиймээс сайн үйлстэнгүүдээ бүгдээрээ дэмжиж урам өгч байя. Бидний өгсөн урам, магтаал тэдэнд хамгийн том  хариу шагнал болно!  Тэдэнд өөр шагнал хэрэггүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

"Цагаан хас"-ыг Цахиур Төмөр болгоё