Хүүхдүүд чинь үхэх гээд байна, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа!

Амингэрэл охин
Б.Амингэрэл охин 7 сартай. Элэг шилжүүлэн суулгах шаадлагатай. Солонгос улсад эмчлүүлэх гэж байгаа. 400 сая  төгрөг шаардлагатай. Хандивын данс Хаан банк 5447409951. Ээж Б.Номингэрэлд.
Нуруу нугасны хавдар өвчнөөр өвчилсөн Энхмарал охин 1 настай.  Бээжингийн эмнэлэгт эхний хагалгаа хийлгээд төлбөргүй улмаас цаашдын эмчилгээ хүлээгдэж байна. 2 дахь хагалгаанд 100 сая төгрөг лав шаардагдаж байгаа юм гэнэ.
Хандивын данс Хаан банк 5090770421. Охины ээж М.Эрдэнэтунгалаг.
Т.Ачмаа охин тархиндаа усжилттай. 108 сая төгрөг эмчилгээнд шаардлагатай. Энххүслэн охин 5 настай. Тэрээр маш хүнд өвчин тусч Бээжинд эмчлүүлэхээр болсон. Нийт зардал 140 сая төгрөг. Хандивын данс Хаан банк 5006663375. Ээж  Оюунтуяа.

Энхмарал охин
Энэ мэтчилэн тусламж шаардлагатай өвчиндөө шаналж зовсон, амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр байгаа бяцхан үрсийн нэрс цуврана. Төр засгаас сохор зоос ч хялайлгахгүй учраас аргаа барсан ээж аавууд нь ард түмэндээ л хандана. Муу нэртэй урлагийнхан хандивын тоглолт хийж хэдэн цаас цуглуулна. Ядарсан ард түмэн чадах чинээгээрээ хандив өргөнө. Зарим нэг боломжтой нь ахиухан хэдэн төгрөг өгч байна. Жишээ нь, Монголын Оюун Ухааны Академийн захирал  Х.Хатанбаатар 30 сая төгрөг хандивлажээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 3 сарынхаа цалинг хандивласан гэнэ. Хандив өргөсөн бүх  хүмүүс болон хандивын тоглолт хийсэн урлагийнхан маань маш их буян үйлджээ! Монголд  хүнлэг сэтгэлээ алдаагүй, зүрх сэтгэлтэй хүмүүс олон байгаа нь хичнээн бахархалтай! Монголын заяа түшиж, зоосны нүхээр бүхнийг хардаг нь цөөхөн байгаа нь яамай даа. Энэ бол их итгэл өгч, сэтгэл тайвшруулсан үзэгдэл юм аа.

Энххүслэн охин
Хагарч дэлбэртлээ баяжсан цөөнх болсон бүлэг хүмүүст энэ хүүхдүүд үхнэ үү, хатна уу, сонин биш. Тэд зөвхөн хар амиа, өөрсдийнхөө хүмүүсийг л бодно. Тэдэнд яавал их мөнгө хураах вэ гэдэг шунал нь өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа. Тэд хүн биш болсон. Харин хүн дүрстэй, арилсан дотортой  шуналын туламнууд болж хувирсан юм.  Тэдэнд эх орон, ард түмэн гэдэг үгнүүд харь үг болсон.
Ийм шулмуудыг хүлцээд байгаад байдаг бидний арчаагүйнх юм даа. Уг нь хөрсөн доорхи баялагийг тэд бүтээж бий болгоогүй юм шд. Гэвч манай луйварчид тэр баялгийг өөрсдөө бүтээж бий болгосон аятай дураараа зарж үрэн, асар их олз олж баяжсан нь үнэн юмдаг.
Бидний 3 сая хүнийг тарган цатгалан амьдруулаад, сэтгэл зоволгүй сайхан аж төрөх боломжийг олгох хангалттай газар, хөрсөн доорх баялагийг  өвөг дээдэс маань үлдээж өгсөн билээ. Гэвч тэр их өвийг 3 сая хүн биш, харин цөөхөн гэр бүл ашиглаж өмчлөөд байгаад л хамаг асуудал байна. Тэд яаж тэр өвийг өөрийн болгож чадав аа гэдэг нь том сэдэв. Тийм боломжийг олгоход таатай хөрс болсон  нийгмийн тогтолцооноос авахуулаад олон хүчин зүйл энд яригдана.

За үүнийг орхиод дээрх хүүхдүүдийн асуудал руу эргээд оръё. Өнгөрсөн 30 шахам жилд бидний замнасан зам эцэстээ биднийг ядуу орон болгосон юм. Социализмын үед баян орон байсан гэж хэлэхгүй ч тэр үед өнөөгийнх шиг 3 хүний 1 нь ядуу байгаагүй юм л даа. Мөн хөнгөн аж үйлдвэр хөгжиж, адаглаад л чүдэнзээ өөрсдөө хийж чаддаг байв даа. Бид энэ түвшингээс дээшээ явах ёстой байтал эсрэгээрээ доошоо уруудсан байна. Тэр дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох хэмжээ, төсвийн хэмжээ гэх мэтийн хэмжээний хувьд өссөн тоон үзүүлэлтүүд хичнээн том харагдавч бодит амьдрал дээр байдал шал өөр харагдаж байгаа учраас уруудсан гэж хэлээд байгаа юм. Тоон үзүүлэлтээр тоглох амархан, харин жинхэнэ бодит үзүүлэлт бол ард түмний бодит амьдрал юм. Иргэд ядуу байвал төсвийн орлого, зарлага хичнээн том тоо байгаад хэрэг алга.



Төр засаг хичнээн муу байсан ч иргэдээ харж хандаж, дэмжиж тэтгэж байх учиртай юм, уг нь. Тэр утгаараа энэ олон өвчинд шаналсан бяцхан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож байна. Ялангуяа амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа, өнөө маргаашгүй болчихсон хүүхдүүддээ хөрөнгө гаргаж амь насыг нь аварч болдоггүй юм уу? Төр засаг нь харсаар байгаад тэднийг үхүүлэх гэж байгаа юм уу? Энэ асуултыг төрийн тэргүүн, засгийн тэргүүн нарт тавьж байгаа юм шүү. Цааш нь дамжуулаад өгөөрэй. Монголын баялгаар хөлжсөн   шуналын туламнуудаас юм хараад горьдсоны гарз. Тийм учраас тэд нартай ярих хэрэггүй.
Ядарсан иргэд нь чадлаараа л, өдрийнхөө хоолны мөнгөнөөс хасан байж жаахан хандив өгч байна. Гэвч тэр нь даанч хангалтгүй , хүрэлцэхгүй байна. Ийм учраас төр засаг нь гар сунгахаас өөр гарц алга. Тэр амь нас нь эрсдээд байгаа хүүхдүүд чинь Монгол Улсын иргэн бөгөөд энэ улсын ирээдүй үе гэдгийг мэдэж байгаа гэж найдая. Байгалийн гамшиг болоход ямар ч улс иргэдээ аврах, амьдралаа сэргээн босгоход хөрөнгө гаргаж тусалдаг биз дээ? Түүн шиг яагаад хөрөнгө гаргаж болдоггүй юм? Улс шиг улс болгон иргэдийнхөө төлөө явдаг юм билээ. Монгол улс улс шиг улс юм бол хүүхдүүдээ аврах ёстой. Жаахан иргэд чинь аюулд ороод байна! Эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр оо, нэг юм бодно байгаа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө