Цэрэг бол хүн биш гэдэг нь үнэн болжээ

Ц.Сэргэлэн
Хил хамгаалах Ерөнхий газрын (ХХЕГ) гадаа эцэг эхчүүд уйлж зогсоно. Цэрэгт яваад амиа алдсан хүүхдийн эх уйлж байна. Нэг эхийн хүүхэд мөн буудуулсан шархтай хүнд байгаа юм байна. Тэд ХХЕГ-ын удирдлагад нэг бичиг өгөх гэж байгаа гэнэ. Өргөдөл гомдол бололтой юм. Зариг сайт газар дээрээс нь шууд лайв бичлэг хийж байна. Зариг сайтын мэдээлж байгаагаар он гарсаар цэргийн албанд явсан 4 залуу амиа алджээ. Үүнээс ХХЕГ-ын харъяа ангиудад 3 цэрэг нас баржээ. Яагаад ийм олон хүүхэд учир битүүлэг шалтгаанаар амиа алдаад байна?

ХХЕГ-ын удирдлагуудаас хэн нэг нь гарч ирж тэр бичгийг нь авахгүй хүнд суртал гаргаад, жижүүрт орхичих гэж үүрэгдэж байх юм. Ер нь бол хүний амь настай холбоотой энэ асуудал дээр мал үхсэнээс дор хандаж байна. Хүний эрхийг дээдэлдэг оронд нэг хүний амь эрсэдсэн ч ноцтой авч үздэг. Монголд бол 4 хүний амь эрсдээд байхад үл тоож байна.

ХХЕГ-ын дарга нь Ц.Сэргэлэн, тэргүүн дэд дарга нь Ж.Бямбасүрэн хоёр огцрох болзлоо хангажээ. ХХЕГ нь Монгол Улсын тохируулах агентлаг бөгөөд Засгийн газрын мэдлийн байгууллага учраас Ерөнхий сайд эдгээр ажлаа хийж чадахгүй удирдлагыг халах эрхтэй.
Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ХХЕГ-ын дээрх удирдлагыг халах болов уу? Чадахгүй ээ. Яагаад?
Яагаад гэвэл Ерөнхий сайд бол УИХ-ын хараат албат учраас тэр тэгж зүрхлэхгүй. УИХ нь тоож авч хэлэлцэх ч үгүй.

Ж.Бямбасүрэн
Нэг хурандаа гарч ирээд эцэг эхчүүдийн өргөдлийг авлаа. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас хэлэх тайлбар алга гэнэ. Өргөдлийн хариуг 30 хоногийн дараа өгнө гэнэ.
Эцэг эхчүүдийн яриагаар цэрэг хүүгийн амиа алдсан байдал их сэжигтэй гэнэ.
Хил Хамгаалах Ерөнхий Газрын харъяа ангиудад нас барсан 3 цэргийн нэг нь Анхбаяр гэдэг залуу юм байна. Тэрээр Дорноговь аймгийн Сулинхээрийн ангид (Зүүнбаянд) алба хааж байхдаа саяхан  биедээ олон шарх, бэртэлттэй , гадны нөлөөтэй нас барсан байна. 

Ерөнхийдөө эдгээр хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй. Үсрээд л тухайн хэрэг гарсан цэргийн ангийн удирдлага буюу хариуцаж байсан бага тушаалын албан хаагч ажлаасаа халагдах байх. Эсвэл өөр газар тушаал бууруулсан болоод шилжүүлэх биз. Эцсийн эцэст, үхсэний хохь болоод л өнгөрдөг. Энэ чинь Парламентын гэгдэх хариуцлагагүй тогтолцооны балаг юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь арга хэмжээ аваад ХХЕГ-ын удирдлагад хариуцлага тооцож ажлаас нь халж чадахгүй, яагаад гэвэл тэр хүн Парламентын мэдлийн хүн учраас тэр. Парламентын хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр дураараа шийдвэр гаргаж хүн ажлаас нь халж болохгүй, яагаад гэвэл тэнд Парламентын сонирхол байгаа учраас. Тэнд Парламентад олонхи, цөөнх болсон намуудын сонирхол байгаа учраас Ерөнхий сайд дураараа шийдэж болохгүй.

Харин Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Засгийн газраа толгойлдог (Ерөнхий сайд шиг Парламентаас сонгогддог намын дарга биш) болбол Парламентын амыг харж, харцных нь аясаар хөдлөхгүй харин бүрэх эрхийнхээ дагуу алдаа гаргасан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь халж чадна. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хүн Парламентаас ямар ч хамааралгүй, айж ичихгүй ажлаа хийх боломжтой. Ингэж Парламентын  адил бүх ард түмнээс сонгогдсон эн тэнцүү Ерөнхийлөгч засгаа удирдаад явдаг тогтолцоог Ерөнхийлөгчийн засаглал гээд байгаа юм.

Ингэж хариуцлагатай, ноцох эзэнтэй болохгүй бол эцэг эхчүүд цусаар уйлаад ч юу ч олж долоохгүй. Хэдийгээр одоогийн Үндсэн Хуулиар Ерөнхийлөгч маань Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч гэх боловч ХХЕГ чинь Ерөнхий сайдын мэдлийн агентлаг (Монгол Улсын Засгийн газрын Тохируулагч агентлаг статустай) юм байна. Ерөнхийлөгч нь мэдмээр ч юм шиг, Ерөнхий сайд нь хариуцмаар ч юм шиг. Ийм ойлгомжгүй, хариуцах тодорхой эзэнгүй байх нь хариуцлагаас мултрах, ял завших, дураараа аашлахад таатай боломж олгодог учраас манай улс төрийн намууд, улс төрч нэртэй луйварчид, олигархиуд ба тэдний бүлэглэлүүд өнөөгийн энэ Парламентын гэх тогтолцоогоо солихгүй гэж үхэн хатан зүтгэж байгаа юм.

Парламентын энэ тогтолцоогоо улам бэхжүүлэхийн тулд одоо тэр Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэгчээ иргэдэд тулгаж байгааг ойлгох хэрэгтэй. Ард түмний тархийг угааж, хэлэлцүүлэг явуулсан нэр зүүж батлах гэж улайрч байна. Үүнийг эсэргүүцэж, хэлэлцүүлэг уулзалтанд оролцохоос татгалзан хэрэгтэй. Эс тэгвээс нэг өдөр та бид өөрсдөө дээрх ээж аввууд шиг уйлаад зогсож байх вий. Тэр цагт нулимсны гарз л болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө