Холион бантангаа цэгцэлье

Одоо яригдаж байгаа Үндсэн Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн ТӨСӨЛ гэгчийг хэлэлцүүлсэн нэр зүүгээд батлуулах гэж улайрч байгаа энэ үед Ерөнхийлөгч үгээ хэлж, яаран сандран гоомой юм хийж болохгүй, наадмын дараа тухтай хэлэлцэх нь зүйтэй гэжээ. Зүтгүүлээд байгаа хүмүүс энэ зөвлөмжийг нь тоох болов уу даа.

За ямартай ч энэ ТӨСӨЛ гэгчийг яавч баталж болохгүй гэдгийг хэдэн жишээн дээр тайлбарлая. Төслийг эндээс үзээрэй.

Парламентын засаглал ба Ерөнхийлөгчийн засаглал хоёрын үндсэн ялгааг нь эхлээд мэдээд авчихая. 

1. Парламентын засаглал

- Парламент бүх ард түмнээс сонгогдоно.
- Парламент (УИХ) нь Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд ба сайд нарыг томилно. 
- Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог зарчимтай.
- Парламент нь томилсон Засгийн газраа огцруулж болно.
- Парламентын гишүүд Засгийн газарт алба хашдаг жишиг бий (давхар дээл)

2. Ерөнхийлөгчийн засаглал

- Парламент бүх ард түмнээс сонгогдоно.
- Парламент нь Засгийн газрын тэргүүнийг томилохгүй
- Засгийн газрын тэргүүн нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна.
- Ерөнхий сайд гэж орон тоо байхгүй. 
- Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон (Парламент шиг) учраас УИХ тийм амархан огцруулаад байх боломжгүй.
- Ерөнхийлөгч Засгийн газраа өөрөө сонгоно. 
- Парламентын гишүүд Засгийн газарт орохгүй (давхар дээл байхгүй)

За нэг бүдүүн тоймоор иймэрхүү зарчмын ялгаатай. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр Хаант засаг шиг ойлгож андуурдаг. Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засгаа (Засгийн газраа) толгойлоод, аж ахуйн ажлаа хариуцна. УИХ нь хууль тогтоох ажлаа л хийнэ гэсэн үг. Засгийн ажилд оролцохгүй, сайд болж давхар дээл өмсөхгүй.

Одоо манайд байгаа тогтолцоо бол дээрх 2 хэлбэрийн аль нь ч цэврээрээ (сонгодогоороо) биш, харин эрлийз маягтай. Парламентын засаглалтай  гэсэн мөртөө Ерөнхийлөгч нь Засгийн ажилд оролцож, гадаад улсуудад улсаа төлөөлөөд гэрээ хэлцэл хийгээд явдаг. Шүүх болон бусад албан тушаалтны томилгоонд санал өгөх эрхтэй. Гэтэл Парламентын засаглалтай үед Ерөнхий сайд нь гүйцэтгэх засгаа толгойлоод аж ахуйн ажлаа хийх ёстой. Гадаадад ч улсаа төлөөлж гэрээ хэлцэл хийж явдаг. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч гэж байх боловч ёстой бэлэг тэмдгийн хүн байдаг. 

Ингээд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн 2 толгойтой, аль ч засаглалынх нь хэлбэр дангаараа биш учраас зааг ялгаа нь мэдэгдэхгүй нэг ийм хачин тогтолцоотой. Одоо ТӨСӨЛ-д бичсэнээр бол Ерөнхий сайд нь их эрх мэдэлтэй, өөрөө багаа бүрдүүлдэг болох юм байх. УИХ нь хуучин шигээ хүн бүрээр авч хэлэлцдэггүй, ёс төдий батлах юм гэнэ. Тэгвэл энэ чинь нөгөө Ерөнхийлөгчийн засаглалтай төстэй болоод явчихаж байгаа биз дээ? 

Гэтэл энэ хүчтэй Ерөнхий сайдаа УИХ-ын гишүүдийн 1/4 (дөрөвний нэг) нь огцруулая гээд санал гаргачих юм бол хэлэлцээд огцруулж болохоор заажээ. Тийм юм бол хэчнээн хүчтэй Ерөнхий сайд байгаад ч яах юм билээ. Нөгөө муу дураа хүрэхээр Засгийн газрыг огцруулж, дараагийн ээлжийг хоолонд оруулдаг хэвээрээ байх нь. Харин дараагийн Ерөнхий сайдын нэрийг урьдчилаад товлосон байх ёстой гэнэ шүү. Энэ нь их дэвшилттэй зүйл болох юм гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраар тоглодог хуйвалдаан болихгүй гэсэн үг. Давхар дээлийг хэвээр нь үлдээнэ гэдэг нь дараагийн ээлжинд багтаж сайд болох дуршлыг УИХ-ын гишүүдэд төрүүлсэн хэвээр байх бөгөөд энэ нь аливаа Засгийн газрын наслалт богинохон хэвээрээ байна гэсэн үг.

За нэг иймэрхүү холион бантан үргэлжилсээр байх нь тодорхой болжээ, хэрвээ энэ ТӨСӨЛ нь батлагдвал шүү дээ. Тийм учраас л баталж болохгүй гээд байгаа юм. Хэрвээ өөрчлөе гэж байгаа бол энэ холион бантанг цэгцэлж, төр засгийн бүтцүүдийг тодорхой эзэнтэй, зааг хязгаартай болгох хэрэгтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаг хоёр холилдсон, бие биенээсээ хамааралтай байж болохгүй гэсэн үг. Шүүх засгийг   ч мөн хараат бусаар байгуулах  ёстой. Ингэж байж хэн нь хэн бэ, хэн юу хариуцдаг нь тодорхой болно. Үүнийг гагцхүү Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгож авсанаар бий болгох боломжтой. 
Тийм учраас засаглалын ямар хэлбэрийг сонгохыг ард түмний санал асуулгаар эхлээд шийдсэний дараа Үндсэн Хуулиа яаж өөрчлөх асуудлаа ярих ёстой гэж хэлээд байгаа юм шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө