Монголчууд лидер дагадаг ард түмэн

За Парламентын засаглалд нугасгүй дуртай болсон манай УИХ-ын гишүүд, МАН ба АН гэдэг намууд Үндсэн Хуулийг шинээр бичихгүй гэж  шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд Парламентын засаглалыг хэвээр нь хадгалж үлдэх нь тодорхой боллоо. Энэ нь мэдээж тэдэнд ашигтай байгаа. Ашигтай гэдгийг өнгөрсөн 30 жилд улс төрчид, нам дамжиж төр засгийн албанд шургалсан бирдүүд яаж хөрөнгөжиж цадсанаас харж болно. Харин ард түмэн модоо барьсан биз? Гурван хүний нэг (!!!) нь ядуу болсон нь үүний нотолгоо биш үү?

Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш үү гэж асуух хүн гарах байх. Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлт гэгч нь ерөөсөө худлаа өнгөн засал чимэглэл юм. Засаглалын хэлбэрийг ерөөсөө хөндөхгүй. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалаа хэвээр нь хадгална гэсэн үг.
Ийм өнгөн засал хийж, засаглалынхаа хэлбэрийг хэвээр хадгалж үлдээхийн тулд манай олигархиуд (Монголоор, төрд шургалсан хулгайчид гэж ойлгож болно) Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.4 гэдэг заалтыг (2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.)  ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлтийн эзлэх хувь 35%-аас хэтэрч болохгүй гэж байгаа. Хэрвээ 35%-аас дээш хувиар өөрчлөхөөр болбол Үндсэн Хуулийг шинээр бичих асуудал гарна гэж заасан байна.
Нэгэнт Парламентын засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох тухай төсөл орж ирээгүй учраас одоо хийх гэж байгаа  өөрчлөлтийн эслэх хувийг 35%-аас дээш гаргахгүй гэх нь ойлгомжтой. (Лүндээжанцан нарын төслөөр бол 28%-ийн өөрчлөлт орж байгаа гэсэн санагдана)

За ингээд Лүндээжанцан нарын санаачилсан төсөл Парламентын засаглалыг хэвээр үлдээх зорилготой бичигдсэн бөгөөд түүнийгээ иргэдэд сайн сайхан болсон мэт ухуулж байх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө саналыг бичиж наадмын дараа өгсөн байна. Ерөнхийлөгчийн саналууд мөн л эрс өөрчлөлт хийх зорилгогүй, Парламентын засаглалыг хэвээр нь үлдээх санаатай гэж ойлгохоор байна.

Т.Баярхүү
Т.Баярхүү доктор (Эдийн засгийн ухааны доктор, Эх орончдын нэгдсэн Эвслийн тэргүүн, Өргүй Монгол хөдөлгөөний тэргүүн) саяхан нэг видео бичлэг хийсэн бөгөөд тэрээр Х.Баттулга Ерөнхийлөгчөд хандан нэг санал хэлжээ. Тэр бичлэгийг ЭНД дарж үзээрэй.
Гол санаа нь, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах аливаа төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө Ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй бөгөөд үүний тулд Ерөнхийлөгч өөрөө  Ард түмний санал асуулга явуулах тухай хуулийн төслийг санаачлаад УИХ-д өргөн бариач ээ гэж.
Санал асуулгын хуудас дээр  2 сонголттой ганц асуулт  байх юм:
- Та засаглалын ямар хэлбэрийг сонгохыг дэмжиж байна вэ?
Сонголт нь  1. Парламентын
                     2. Ерөнхийлөгчийн 
Ийм хуулийн төсөл санаачлаад өгөөч ээ гэж Т.Баярхүү улсынхаа Ерөнхийлөгчөөс гуйжээ.
Тэгээд ард түмэн аль хэлбэрийг нь сонгохоос хамаараад одоогийн Үндсэн Хуулиа яаж өөрчлөхөө шийдэе гэжээ.

Уул шугамандаа маш зөв санаа л даа. Яагаад гээч? Яагаад гэвэл энэ санал асуулгаар ард түмний хүсэл зорилго тодорхой болох бөгөөд нийгмийн зөвшилцөл хийгдэх учраас цаашид аливаа маргаан гарахгүй болж байгаа юм. Нэгэнт ард түмэн шийдсэн учраас одоо ард түмнээс сонгогдсон УИХ тэр шийдвэрт уялдуулж Үндсэн Хуулиа өөрчлөх юм. Ийм л журмаар явбал зөрчилдөөн, сөргөлдөөн, хэрүүл тэмцэл гарахгүй амархан шийдэгдэх боломжтой.

Тэгвэл одоо энэ процесс ямар байдлаар явагдах гэж байна гэдгийг авч үзье.
Нэгдүгээрт, ард иргэдийн сонголтыг эхэлж хийлгэхгүйгээр шууд өөрсдийнхөө бичсэн төслийг тулгаж байна. Өөрөөр хэлбэл, засаглалын ямар хэлбэрийг сонгох боломжийг олгохгүй байна.
Хоёрдугаарт, хэрвээ иргэд одоо тулгаж байгаа төслийг нь дэмжихгүй гэж санал өгвөл Үндсэн Хуульд дахиад 8 жил гар хүрэхгүй болох юм байна. Энэ тухай  Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.11 заалтаар (17.11.Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонхи нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал хураалтад оролцогчдын олонхи нь “татгалзана” гэсэн санал өгсөн бол уг хуулийг батлагдаагүйд тооцно. Санал асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.) зохицуулжээ. 

Тэгэхээр, хэрвээ иргэдийн маань олонхи нь Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байвал одоо тулгаад байгаа Лүндээжанцан нарын (Ерөнхийлөгч Баттулгын зарим санал тусгагдсан эсэх нь хамаагүй) төслийг дэмжихгүй гээд татгалзсан хариу өгөх магадлал өндөртэй. Тэгвэл дээрх хуульд зааснаар  дараагийн 8 жилийн хугацаанд хүссэн хүсээгүй одоогийнхоо Парламентын  засаглалтай зууралдахаас өөр аргагүй байдалд орох юм байна. 8 жилийн дараа л (2 УИХ-ын бүрэн эрх дууссаны дараа буюу 2028 оноос хойш ) засаглалын хэлбэрээ өөрчлөх эсэх тухай ярих  боломжтой болно гэсэн үг л дээ. Ямар их хугацаа алдах нь ойлгомжтой.

За одоо яагаад Парламентын засаглал манайд таарахгүй байгаа гэдэг тухайд хэдэн үг хэлье.
Хамгийн гол нотолгоо нь Монголчуудын маань 3 хүний 1 нь ядуу болсон явдал. Нэг сая хүн ЯДУУ болсон  гэсэн үг шүү!!!
Үлдсэн 2 сая хүн нь өнөө маргаашаа аргацааж яваа, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж яваа, өр зээлэндээ баригдсан хүмүүс гээд ойлгочих. Тийм ч учраас бүгд л гадаад руу дүрвэж байгаа. Амь нас, эрүүл мэндээ золиосолж ажил хийх зорилготой. Харин манай улс төрчид, олигархиуд тарган цатгалан сайхан амьдарч байгаа л даа. Тэд тооны хувьд маш бага, үсрээд л 200-300 гэр бүл гэлцдэг. Хамаатан садантайгаа нийлээд  10 мянган хүн болох уу? Гурван сая хүний хэдэн хувь болох вэ, энэ 10 мянгат? 0.3% буюу 300 хүний 1 нь болж байна даа. Хамаатан саднуудыг нь оруулж  тоог нь өсгөж тооцсон шүү. 10 мянга биш 5 мянга ч  байж болно л доо. За ямартай ч гурван зуут болгонд НЭГ хүн нь цатгалан маадайж байхад 299 нь тарчиг зүдүү өдрийг өнгөрөөж байна. Энэ шударга ёс уу?

Хамгийн гутамшигтай нь эдгээр шинэ цагийн баячууд маань эртэй бяртай, ухаантайдаа ийм ашигтай бизнес хийгээд хөрөнгөжөөгүйд учир байгаа юм. Зарим нь лиценз нэртэй зөвшөөрөл авч газрын доорхи эрдэнэсийг ухаж зараад, нэг хэсэг нь тэр лицензийг  борлуулж авилга аваад, нөгөө хэсэг нь гарын үсгээ үнэлж  бусад элдэв зөвшөөрөл зараад, бас нэг хэсэг нь өөрийн хувийн болон хамаарах этгээдийнхээ аж ахуйн нэгжид өртөг үнэлгээ сайтай томоохон төсөл, концесс зэргийг өгөөд, цөөнгүй хэсэг нь төрийн өмчит аж ахуйн нэгжид элдэв зүйл бараа шахаж ашиг унагаагаад хагартлаа баяжсан юм. Сүүлдээ бүр давраад төрийн албыг үнэлж урьдчилан зарах төлөвлөгөө зохиож байсан нь илэрч шуугиан нь намдаагүй л байна. Шүүгчид нь элдэв маргааныг мөнгөтэй талд нь шийдэж өгч баяждаг болсон гэж байгаа. Ийм болсон улсад шударга ёс гэж яриад ч нэмэргүй болжээ. Газрын баялаг бол нийт Монголчуудын өмч. Цөөхөн хэд нь газар доорхи эрдэнэсийг маань өөрсдөө бүтээсэн баялаг аятай ухаж аваад зараад хөлждөг, олонхи нь хоосон хоцордог нь яавч зөв үзэгдэл биш. Өөрсдөө баялаг бүтээгээд цэвэр шударга бизнесээр баяжсан бол тийм хүнтэй хэн юу ярих вэ дээ.

Д.Өлзийбаатар
Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар саяхан өгсөн ярилцлагандаа бидний сонгосон арга зам буруу болжээ гэдгийг хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, 1990 онд нийгмийн тогтолцоог өөрчлөхдөө Парламентын засаглалыг сонгосон нь алдаа болжээ гэж. Гэхдээ мэдээж зөв зүйтэй гэж бодоод л сонгоцгоосон байх. Гэвч 30 жилийн дараа буруу гэдэг нь илт нотлогдсон учраас энэ байдлаараа цаашаа явах нь буруу гэдэг санааг хэлжээ. Тэрээр манайд Ерөнхийлөгчийн засаглал тохирно гэсэн байна. Монголчууд бол лидер дагадаг ард түмэн гэдэг бол үнэн. Лидер дагаж нэгдэн нягтарч, хүчирхэгжиж байсан түүхтэй. Овог аймгаараа талцаж хагаралдахаараа бусдын идэш болж, уруудаж  байсан нь үнэн.  (Ярилцлагыг ЭНД  дарж уншаарай!)

Өнөөгийн Монголын байдал уруудах тийшээгээ хандаж байна. Лидергүй, удирдлагагүй ард түмэн олон нам, байгууллагад хуваагдаж талцаад хонь чоно болон уралцаж байна. Гурван сая Монголчууд 32 намд хуваагдаад, лидер биш харин нам дагаж 30 жил харайгаад хамраараа газар шаалаа. Намын засаглал бидэнд сайн зүйл авчирсангүй ээ. Зөвхөн ухралт, хагарал хуваагдал ба түүнээс улбаатай хэрүүл тэмцэл 1990 оноос хойш тасарсангүй. Хэдэн ч Засгийн газраар тоглов! Хүний шуналыг хазаарлаж, барьж байдаг механизм байхгүй энэ тогтолцоонд боломж нь олдсон дээр нь гэдэг хүний атгаг бодлыг дэврээж, түүнийгээ хэрэгжүүлэх саадгүй  боломжийг олгодог нь өнөөгийн энэ завхралын шалтгаан. Парламентын засаглал бол яг ийм юм. Хууль тогтоох ба Гүйцэтгэх засаг хоёр нь нэг хөнжилд орчихоор холион бантан болно биз дээ? Юуных нь харилцан хяналт.

Хүн гэдэг угаасаа шуналтай амьтан бөгөөд тэр шуналыг нь хазаарлаж, дарж байдаг механизм л байх ёстой юм. Тийм механизмыг зөвхөн  хариуцах эзэнтэй, хариуцлага тооцдог тогтолцоотой болж байж л бий болгоно.  Хариуцах эзэнтэй гэдэг нь бүтцүүдээ (Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх) тус тусдаа хариуцах эзэнтэй болгох ба хариуцлага тооцдог болох боломж нь  дээрх 3 бүтэц маань харилцан бие биенээ хянадаг тохиолдолд бий болно. Ерөнхийлөгчийн засаглалын үед хууль тогтоох нь УИХ-даа, гүйцэтгэх засаг нь Ерөнхийлөгчдөө, шүүх засаглал нь бие даасан шүүгч нарт очдог. Тэгэхээр тухайн хүндээ гэхээсээ илүү тогтолцоондоо учир байнаа гэдэг үнэн.

Өлзийбаатар докторын хэлдгээр, хэрвээ бид энэ байдлаараа явах юм бол дампуурна. Дампуурахгүйн тулд тогтолцоогоо өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалыг оруулсан шинэ Үндсэн Хуулиа бичих хэрэгтэй. Гэхдээ ард түмний хүсэл, бодол саналыг харгалзаж, нийгмийн зөвшилцлийг хангах үүднээс Бүх ард түмний санал асуулгаар ямар тогтолцоо сонгох вэ гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгч Баттулгаас  багын танил Баярхүү доктор маань ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль санаачлаач хэмээн учирлаж хэлээд нэмэр болсонгүй, цаадах нь нэмэлт өөрчлөлтөнд оруулах санал гээд баахан юм бичээд өгчихсөн. Тэгэхээр Ерөнхийлөгч маань Парламентын засаглалд дуртайдаа ингэв үү, эсвэл өөр зорилго байв уу гэдэг таавар үүслээ. Магадгүй МАНАН гэгч бүлэглэлийн толгой ноёд Ерөнхийлөгчийг шахаанд хийсэн байж ч болох. За юутай ч Ерөнхийлөгчийн засаглалыг оруулсан шинэ Үндсэн Хуулийн төсөл санаачлах УИХ-ын гишүүн тодрохгүй бол ард түмэн одоогийн энэ тулгаад байгаа төслийг эсэргүүцэж гудамжинд гарахаас өөр зам үлдэхгүй болж байх шиг байна. Заяа нь хаячихаагүй бол Монголчууд босож тэмцэнэ, эсвэл энэ чигээрээ явсаар хятадын түүхчийн айлдсанаар 2045 онд урд айлын элгэнд тэврүүлэх л хувь тавилан хүлээж байна даа. Сайн бодоцгооё!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө