Шүүгчдээ өөрсдөө сонгоё

Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь бараг "хүчингийн хэрэг" болох бололтой. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам (МАН)  болон хамсаатан болох АН хоёр яаж ийж тархи угааж байгаад одоогийн төслөө баталж санасандаа хүрэх магадлал өндөр байна. Нэгэнт иргэд болон бусад жижиг намууд, зарим нэг эрдэмтэд энэ хүчиндэлтийг зогсоож чадахгүйгээс хойш ядаж шүүхийн засаглалыг бүрдүүлдэг хэсэг дээр эрс шинэчлэлт хийхийг шаардаж ард түмний дэмжлэг хүсэх хэрэгтэй. Энэ бол шүүх засаглалыг бүрдүүлдэг аргачлалыг шал өөрөөр бичих явдал юм.

Яагаад гэж үү? Одоогийн хэлэлцэж байгаа төслөөр (Ерөнхийлөгчийн санал болгосон заалтууд ч мөн адил) УИХ-тай холбоотой асуудал, Засгийн газрыг байгуулах үйл явц, Ерөнхий сайдын эрх мэдлийг дээшлүүлэх гэх мэт асуудлууд хөндөгдөж  байгаа. Мэдээж шүүх засаглалыг яаж бүрдүүлэх аргачлалыг бас бага зэрэг өөрчлөх санал орсон байна. Эдгээрээс шүүх засаглалын  асуудлыг онцгойлон авч үзэж, эрс өөрчлөлт хийж  чадвал нэг алхам урагшаа алхлаа гэхэд болно. Маш том дэвшил болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх нь шударга бөгөөд хэнээс ч хараат бус байж чадвал эмчилгээ сайн хийгдэж  нийгэм илаарших тал руугаа явна гэсэн санаа.

Шударга шүүхээ байгуулах нь магадгүй цорын ганц  авралын гарц байж болох юм. Үндсэн Хуулиа шинээр бичиж, засаглалынхаа хэлбэрийг өөрчилж чадахгүй ч шүүхээ хараат бус байгуулах боломжийг хуульчлаад өгнө гэдэг бол том амжилт.
Яаж шүүхээ зөв шударга байгуулах вэ? Одоогийн хэлэлцэж байгаа төслөөр шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс санал болгох бөгөөд Ерөнхийлөгч, мөн УИХ-аар дамжиж батлагдахаар заажээ. Өмнө нь ч мөн иймэрхүү л маягаар томилогдож байсан. Шүүгчийн ажиллах хугацаа, нас гэх мэтийн үзүүлэлтүүдийг нэмж хасах зэрэг косметик өөрчлөлт хийхээр төсөлд бичигджээ. Энэ бүхнийг эрс өөрчлөх хэрэгтэй.

Төслөөр ШЕЗ-ийг (10 гишүүнтэй) УИХ ба шүүгчид дотроосоо сонгож бүрдүүлэх аж. Энэ юуг харуулж байна? Томилогдсон шүүгч нар УИХ-аас хараат байна гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор байгаа биз? Мөн өөрийг нь сонгосон шүүгч нарт үйлчлэх магадлалтай гэж хардаж болохоор байгаа биз? Үүнтэй ялгаагүй хэрвээ Ерөнхийлөгчөөс санал болгоод томилогдсан бол тэр шүүгч томилсон Ерөнхийлөгчдөө таатай хандана.   Ерөнхийлөгчөөс хараат гэсэн үг.
Тэгэхээр энэ мэт  хараат байдлыг л үгүй хийж чадвал хэнээс ч хараат бус шүүгч аливаа нөлөөнд автахгүй зөвхөн шударга үнэнийг баримталж ажлаа хийх  боломжтой болно. Ийм л логик байна.

Энэ хараат бус байдлыг яаж хангах вэ? Энэ бол шүүгчдийг ард түмэн (сонгогчид) өөрсдөө шилж сонгосон тохиолдолд л хангагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалыг ард түмэн өөрсдөө сонгуулиар бий болгож, хэн нэгэн хуулийн этгээдээс хараат бусаар байгуулж чадвал шударга ёс тогтох магадлал маш өндөр. Шударга ёсыг хангаж чадвал эрх баригчид, улс төрчид дураараа тонгочиж, хуулийг уландаа гишгэж, хулгай хийж, ял завшдаг явдал үгүй болох юм. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд маш том өөрчлөлт, дэвшил авчрах бөгөөд тэр хэмжээгээр иргэд сэтгэл хангалуун, ирээдүй үе маань зөв сэтгэлгээтэй, ухамсартай зөв иргэд болж төлөвших нөхцөл суурь болж өгнө. Шударга ёс үгүй учраас л өнөөгийн бусармаг бүхэн бидний нүдэн дээр үйлдэгдэж, харин бид худлаа бухимдаж орилохоос өөр яаж ч  чадахгүй байна. Их л сайндаа интернетээр харааж зүхэх, пүү паа гэхээс хэтрэхгүй шив дээ. Оймсондоо зуутын доллар нэг боодлыг (10 мянган доллар шүү дээ! ) хавчуулсан төрийн албан хаагчийн тухай бичлэгийг бид мянга, түм дахин шээрлээд яах ч юм билээ! Их сайндаа сайн эр маань ажлаасаа хусуулаад, хэдэн цаасаар торгуулаад л өнгөрнө. Баригдаж хураагдсан нь ганц нэг боодол доллар, хэдэн боодол төгрөг л байгаа биз. Цаана нь баригдаж хураагдаагүй хэдэн боодол доллар,төгрөг байгааг хэн мэдэх юм? Саяхан  баригддаг сайн эр ганцаараа биш, цаана нь өч төчнөөн сайн эрс инээд алдаад л мөнгөө тоолж суугаа. Баригдсан ч хууль нь завхарсан, шүүгч нь худалдагдсан учраас айх эмээх зүйл үгүй.

Шүүх засаглалын бүрэлдэхүүнийг  иргэд сонгох тухай шинэ хуулийг бичих шаардлагатай болно. Энэ хууль нь Шүүгчийг сонгох тухай хууль гэдэг нэртэй байж болох юм. Гэхдээ үүнээс өмнө Үндсэн Хуулиндаа "Бүх шатны шүүгч нарыг холбогдох хуулийн дагуу бүх ард түмний сонгуулиар сонгож томилно" гэдэг заалт оруулах шаардлагатай.
Шүүгчид дотор шударга зөв хүмүүс зөндөө бий. Туршлагатай нь ч бий. Өөрсдөө нэрээ дэвшүүлээд л (мэдээж ажилласан жил, туршлага, боловсрол гэх мэт нэрээ дэвшүүлэхэд тавигдах болзол, босго байх л болно) гараад ир л дээ. Сонгогчид маань сонгог. Ард түмэн хэдийгээр тэнэг нэр зүүдэг боловч 1-рт,  олны нүд буруугүй, 2-ртард түмнээс сонгогдсон хүн итгэл алдвал буух шийтгэл маш хүнд гэдгийг мэдэх учраас нэгэнт нэрээ дэвшүүлээд сонгогдсон бол хичээж ажиллах нь дамжиггүй.
ШЕЗ гэдэг бүтэц хэрэггүй болно. Харин хариуцлага алдсан шүүгчтэй тооцоо хийх Шүүгчийн Хариуцлагын Зөвлөл гэдэг бүтэц  байгуулах нь зүйтэй. Гэхдээ энэ бүтцийн бүрэлдэхүүнийг мөн Шүүгчийн сонгуулиар хамтад нь сонгож бүрдүүлнэ.
Шүүгчийн ажиллах жилийг хязгаарлаж заах нь утгагүй юм. Алдаа мадаггүй,  ажлаа сайн хийж байвал тухайн шүүгчийг хэдэн жил болоод сольж холих ямар шаардлага байна?  Тийм учраас тэтгэврийнх нь нас хүртэл хугацаагүй сонгоод, харин тэр хугацаандаа  ямар нэгэн алдаа гаргавал ялыг нь өгөөд тухайн албан тушаалд нь дахин сонгууль явуулдаг маягаар хуулиндаа зааж өгөх нь зүйтэй.

Ийм өөрчлөлт хийх санал оруулж дуугарах нам, улс төрч, УИХ-ын гишүүн байна уу?

Жич. Шүүгчдийг ард түмнээс сонгох сонгууль явуулахад их зардал гарах мэт боловч эцсийн дүндээ бид шударга , хараат бус шүүхтэй болж чадвал бидний олох олз, ирэх ашиг, сайн тал нь тэр сонгуулийн зардлаас хэмжих аргагүй  их байх юм. Тэгээд ч нэг удаа сонгууль явуулаад шүүх засгаа байгуулчихвал дахин дахин сонгууль явуулаад байх  шаардлагагүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө