Бригадын генералын үлгэр

Б.Амгаланбаатар 
336-р ангид алба хашиж байсан цэрэг нас барсан хэрэгтэй холбоотой  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар  хоёр бараа бологчийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө:

2019 оны 1 сарын 22-нд 14:30 - 16 цагийн хооронд энэ хэрэг болж гэнээ.  Тэр өдөр салбарын ахлагч нар цэргүүдийн байранд үзлэг хийжээ. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг олджээ. (Нэгжлэг хийсэн байх нь!)

Салбарын захирагч ангийн дотоод журам зөрчиж гар утас ашигласан байна гээд нийт цэргүүдэд арга хэмжээ авах үүргийг ахлагч нарт нь өгчээ. (Наад муусайн цэргүүдээ сайн хашраагаад өг гэж л дээ)

Ахлагч нар нь цэргүүдээ талбай руу гаргаад гүйлгэсэн гэнэ. Гэтэл талийгч гүйж байх явцдаа бие таагүй байна, гүйж чадахгүй нь  гэж хэлсэний дагуу ахлагч нар нь гүйлтийг зогсоосон гэнээ.(Ямар их санаа зовж,  түргэн шуурхай арга хэмжээ аваа вэ? Гайхалтай!)

Цэргүүд байрандаа орж, талийгчийн бие дахин муудсан учраас оронд нь хэвтүүлсэн юм байна. Хажууд нь байсан ахлагч, цэргүүд талийгчийн гар хөлд массаж хийсэн гэнэ. Мөн анхны тусламж үзүүлэх оролдлого хийжээ. Тэгээд цэргүүд дараагийн хичээлдээ орсон гэнэ. Энэ үед талийгчийн биед  таталт өгчээ. Ингээд ангийн эмчийг дуудсан бөгөөд эмч сувилагч нар ирэхэд талийгч ухаан алдсан байдалтай байсан гэнэ. (Эмч сувилагч ирэхэд гэж эхэлж хэлчихээд дараа нь хэлэхдээ  очсон сувилагч талийгч ухаан алдсан, таталттай байна гэдгийг эмчдээ илтгэсэн гэдгийг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Эмч нь хол байсан юм шиг. Эмч нь ирээгүй юм биш үү?)

Талийгчийг Зүүнбаянгийн багийн эмнэлэгт аваачих шийдвэр гаргаад тийшээ явж байх замдаа нас барсан гэнэ. Багийн эмч үзээд талийгчийг нас барсан байна гэдгийг тогтоосон гэнэ.

Үлгэр ингээд төгсөв өө.

Дүгнэлт

Дээрх үлгэрээс дүгнэлт хийж үзвэл талийгч маань гүйж байгаад л гэнэт бие нь муудаад нас барчихжээ.  Ёстой л үлгэр шиг хачин юм болж. Талийгч маань цэрэгт ирэхдээ карантинаар дамжихдаа  зөндөө л гүйж , бэлтгэл хийсэн байж таарна. Бие султай ч  юм уу, архаг хууч өвчтэй байсан бол тэр үед асуудал гарах л байсан байх. Ер нь ямар өвчтэй, хуучтай гэдгийг ар гэрийнхэн нь сайн мэдэх нь ойлгомжтой.  Цэргийн албанд тэнцээд ирж байгаа залуус бол эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байдаг гэж ойлгодог. 
Үлгэрт хүүхдүүд л итгэдэг.  Харин томчууд үлгэрт итгэх нь ховор доо. Сайхан найруулж зохиосон үнэмшилтэй үлгэрт томчууд заримдаа итгэх нь бий. Гэхдээ Бригадын генералын дээрх үлгэрт  үнэмших арга алга. Яасан ч ядуу бичсэн юм!

Нэхэл

1. Талийгчийн хэргийг өөр бүрэлдэхүүнээр шалгуулж үнэн зөвийг тогтоох
2. Талийгчийн үхэлд шууд буруутай этгээдэд зохих шийтгэлийг оноох, шууд бус буруутай удирдлагад нь хариуцлага тооцох
3. Зохих хууль, журамд нэмэлт оруулж армид байгаа дэглэлт гээч яргалалыг хатуу хориглож, зохих ялыг нь зааж өгөх
4. Армийн анги, салбаруудад цэргүүдийн дунд санал асуулга, судалгаа явуулж, дэглэгч нарыг илрүүлэх  
5. Дэглэлтийн тухай анги бүрт танилцуулга, тайлбар ухуулга хийх багийг бүрдүүлж аялуулах
6. Судалгаагаар илэрсэн дэглэгч нартай яаж ажиллах тухай аргачлал төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
7. Цэрэгт байхдаа дэглэлт хэмээх яргалалаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон албан хаагч, ар гэрийнхэнд нь зохих төлбөрийг тооцож олгох

Жич. Хамгийн сүүлд хэлэхэд Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд гэгч хэгжүүн хүйтэн нөхрийг огцруулах хангалттай үндэслэл мөн шүү гэдгийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт хэлье. Мөн ангийн захирагч бас хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой. Ингэж удирдлагуудад хариуцлага тооцохгүй бол шударга ёс тогтооно гэж хоосон хашгираад нэмэргүй гэдгийг эрхбиш ойлгож байгаа биз ээ.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө