Намгүй сонгууль явуулах уу?

Улс төрийн нам гэж юу вэ? Үзэл бодол ойролцоо хүмүүсийн нэгдэл. Зохион байгуулалтанд орж, албан ёсоор бүртгүүлж олон нийтийн байгууллага болсоныхоо  дараа сонгуульд оролцож  засгийн эрхэнд гарахын төлөө өрсөлддөг.
Намын үзэл бодол, баримтлах бодлого гэж байна. Намд элссэн хүмүүс намын гишүүн гэдэг сэтэртэй болох ба дүрмийн дагуу намынхаа нэр дэвшигчийг таалагдах эс таалагдахаас үл хамаарч сонгуульд дэмжих үүрэг хүлээнэ. Намууд олон янз байдаг. Үзэл бодлынхоо баримтлалаас хамаарч зүүний, төвийн, барууны гэхчлэн нэрлэгдэхээс гадна хэт үзэлт, дэвшилт, уламжлалт, либерал гэж ялгах нь бий.  Энэ дэлхий ертөнц дээр түм буман янзын эрээн алаг цоохор өнгө төрхтэй намууд байна. Товчхондоо  нэг иймэрхүү.

З.Бат-Отгон
Монгол маань дутсангүй дэлхийн жишгийг дагажээ. Одоогоор 30 улс төрийн нам албан ёсоор бүртгэлтэй байгаа гэсэн. Хамгийн сүүлд З.Бат-Отгон даргатай "Их эв" намыг Улсын Дээд Шүүх 2018 оны 12-р сарын 21-ний өдөр бүртгэж авчээ. З.Бат-Отгон нь Монголын суу ухааны Манукол академийн Ерөнхийлөгч, физикч, философич, доктор хүн аж.
Ингээд бид 30 хуваагдчих нь энэ. Цаашид ч хэд хуваагдахыг таашгүй.

Нэгэн зүйл. Монголчууд олон хуваагдах тусмаа хүчгүйдэж, эв нэгдэлгүй болж, бие биендээ дайсагнаж, бусдын идэш болж байсан нь үнэн. Хуваагдал хэзээ ч сайхан зүйлд хүргэхгүй гэдэгтэй бүгд санал нийлж байгаа гэж итгэнэ.

Нэгэн зүйл. Монголчуудад ийм олон намын хэрэг байна уу? Бид үнэхээр 30 өөр үзэл бодолтой болоод 30 хуваагдчихсан юм уу? Үзэл бодлоороо ялгарч эвсэн нэгдэх нь ардчиллын нэг үнэт зүйлийн илрэл гэх байх л даа. Гэвч энэ хуваагдал нь бидэнд тийм амин чухал хэрэгтэй зүйл үү, үгүй юу гэдгийг эхлээд асуумаар байна. Хуваагдаж ялгарахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж, эрхээ эдлэх боломжтой гэдгийг саная. Заавал ингэж албан ёсоор хуваагдаж, ямар нь мэдэгдэхгүй олон субьектэд харъяалагдаж хайрцаглагдах  хэрэг байна уу гэж. Тэр тусмаа  нөгөө намууд гэгч нь олон чамин нэрнээс  өөр ялгарах юмгүй байгууллагууд байна гээд бод доо!

Нэгэн зүйл. Бид дэлхийн жишгийг дагах зүйл дээрээ дагаад, харин дагах шаардлагагүй юман дээр заавал дуурайж хөөрцөглөх хэрэг байна уу?  Тухайлбал, бидэнд   улс төрийн нам гээч байгууллага  заавал байх хэрэгтэй юм уу? Намгүйгээр оршин тогтнож, амьдарч, улс орноо аваад явж чадахгүй гэж үү?

Нэгэн зүйл. Дэлхий дээр намын оролцоогүй  сонгууль явуулдаг  туршлага байна уу? Байна аа. Луизианна гэж АНУ-ын нэг муж байдаг. Хүн ам нь 4.6 сая. Энэ мужийн засгийн ба орон нутгийн сонгуулийг намын оролцоогүй (намаас нэр дэвшүүлэхгүй)  явуулж төр засгийн удирдлага, албан хаагчдаа сонгодог. Сонгуульд өрсөлдөх иргэд нь бие дааж нэр дэвших ба хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч дараагийн шатанд өрсөлдөж ялагчаа тодруулна. Сонгууль нь 2 үе шаттай явагддаг. Мөн Калифорн мужид иймэрхүү төстэй аргачлалаар сонгуулиа явуулдаг. Нэр дэвшигч  этгээд намынхаа харъяаллыг саналын хуудсан дээр бичүүлж болох боловч намаас нэрийг нь дэвшүүлдэггүй гэсэн үг. 2 сая хүн амтай Небраска мужид  хууль тогтоох байгууллагаа мөн намын оролцоогүй сонгууль явуулж сонгодог аж.
Швейцарийн 2 Кантон (Швейцарийн холбооны улс 26 Кантоноос бүрддэг) нам бус сонгууль явуулдаг. Японы бүх мужийн захирагч нь нам бус хүн байх ёстой бөгөөд шууд сонгуулиар сонгогддог.   АНУ-ын 12 мужид Миззури план нэртэй намын оролцоогүй шүүгч нарыг сонгох аргачлал хэрэгжүүлдэг байна. (Энэ аргачлалын тухай дараа дэлгэрэнгүй бичье. Манайд хэрэгжүүлж болох санаа байж болох юм)
Энэ мэтчилэн аливаа сонгуулийг, янз бүрийн түвшинд улс төрийн намын оролцоогүйгээр явуулж болдог олон жишээ дэлхийн орнуудад байна.

Нэгэн зүйл. Бид тэгвэл намын солиорол өвчнөөсөө салж, эрүүл ухаанаар (намын "бодлогоор" биш) шилдэгүүдээ сонгоод төр засгаа байгуулж болох юм биш үү? Шилдэг чадвартай боловсон хүчнээ намын харъяаллаас нь болж үзэн яддаг, хавчиж гадуурхдаг, халж сольдог солиорлоо больцгооё. Хэдэн ч хүний амьдралаар энэ намууд тоглов доо. Ялсан нам бүр л зуугаар нь, мянгааар нь халж хэлмэгдүүлж байсан нь үнэн шүү дээ. Тэр хүмүүсийн амьдралаар тоглоод зогсохгүй бас улс орныхоо ирээдүйг сүйтгэж ирсэн гэвэл хилсдэхгүй. Намын оролцоогүй сонгуулиа янз бүрийн түвшинд (хууль тогтоох байгууллага, засгийн газар, шүүгчдээ сонгох, хотын захирагч, аймгийн удирдлагаа сонгох гэх мэт) хэрэгжүүлж, талцалгүй нэгдэж улс орноо хөгжүүлэх цаг болжээ. Нэг намын дарангуйлалд 70 жил, олон намын дарангуйлалд бараг 30 жил болсон байна. Аль ч цаг үед нь намын харъяалал шийдвэрлэх нөлөөтэй байсан юм. Нэг намын ноёрхлын үед тэр намын гишүүн биш л бол ямар ч мундаг боловсон хүчин таарсан ажилдаа томилогдож чаддаггүй байсан бол олон намтай үед ч мөн намын харъяалал ажилд ороход магадгүй хамгийн чухал үзүүлэлт болж байгааг өнөөгийн амьдрал харуулж байна. Намын нэрээр өндөр албанд томилогдсон чадвар муутай тааруухан албан хаагчид үүнийг гэрчилнэ. Намууд үндсэндээ төр засгийн чадавхийг ингэж л муутгаж, сулруулж байгаа нүгэлтнүүд юм. Энэ бол Монгол Улсыг доройтуулах маш том нүгэл үйлдэж байгаа хэрэг. Зөвхөн үүнийх нь төлөө тэдгээр нам гэгч эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийг татан буулгах хэрэгтэй юм. Бидэн шиг цөөхөн хүн амтай, эв нэгдэл ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа улсад улс төрийн намын хэрэг үгүй. Сонгуулиа намын оролцоогүйгээр явуулдаг болчихвол нам гэгч бүлэглэлүүдийн нэр хүнд аяндаа унаж, нэр төдий байгууллага болох ба тэр хэмжээгээр талцал үгүй болж бид илүү нэгдэж нягтрах болно. Энэ л бидэнд хэрэгтэй байна.

Бодсугай, тунгаасугай!

Нэмэлт (2019.01.11):
Хэлж дуусаагүй байхад л дахиад нэг нам шинээр бүртгүүлж, Монголын улс төрийн намуудын тоог 31 болголоо. Шинээр төрсөн нялх намын нэрийг Гэр хороолол хөгжлийн нам (ГХХН) гэнэ.
Тус намыг 2019 оны 01 сарын 7-ны өдөр  Дээд Шүүхээр хэлэлцэж бүртгэжээ. 32 дахь намыг тэсэн ядан хүлээцгээе дээ.

Нэмэлт (2019.03.28)
Монгол Улсад маань удахгүй дахин нэг улс төрийн нам шинээр мэндлэх нь тодорхой боллоо!
Батзандан гишүүн, Болд гишүүн хоёр Ардчилсан Намаас хөөгдсөн учраас өөрсдийн намыг байгуулахаа зарлалаа. Харин ямар нэр өгөх нь тодорхойгүй байна. Шинэ Ардчилсан Нам гэдэг нэр дуулдаж байгаа боловч албан ёсны биш учраас баттай гэж хэлэх боломжгүй байна.
Ингээд удахгүй 32 дахь намаа өлгийдөж авах нь ээ. Монголын намууд улам олон болтугай!

Нэмэлт (2019.5.3)
Ерөөлөөр болж бидний Монголчуудын шинэ намын нэр тодорлоо! Энэ бол ШИНЭ нам. Шинэ мөртөө нэр нь бас ШИНЭ гэж байгаа шүү!. Намынхаа нэрийг бол донжтой өгсөн байгаа биз? Нэрийг задалж уншваас, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл (ШИНЭ) болно. Энэ бол УИХ-ын гишүүн, экс-АНчин Л.Болд, Батзандан нарын байгуулсан нам юм.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө