Арми ярганы газар уу?

Боолгож жижигрүүлсэн хужаа авгайн хөл (Зураг: Jo Farrell)
Хөлийн хуруугаа гэмтээсэн хүн  явж чаддаггүй буюу арай ядан явдаг. Дээхэн үед хужаа нар гэр хороололд ихээр амьдардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Хужаагийн авгай нар нь гадаа гудамжинд  тэнцвэрээ олж ядан арай гэж явж байгаа харагддаг байж билээ. Тэгээд жаахан л салхи хөдөлбөл уначих гээд хашаа түшээд зогссон харагддаг. Ямар учиртай гэхээр хоёр хөл нь жирийн бус хөгжилтэй байдаг юм байна л даа. Бага залуугаас нь давстай нойтон даавуугаар баглаж боогоод өсөлтийг нь зогсоодог гэж ярьдаг байж билээ. Өнөө хөл нь эцэстээ нэг жижигхэн умайсан бөөрөнхий юм болдог аж. Зүйрлэвэл 10 хурууг нь тасдаад авчихсан хөл шиг л болдог юм байна. Тулах талбай бага учраас тэнцвэр маш муутай бөгөөд тийм болохоор уначих гээд ойр ойрхон гишгэсэн юмнууд л явдаг байж л дээ. Ингэж эмэгтэй хүний хөлийг жижигрүүлдэг нь хужаагийн хуучны нэг заншил юм байна. Хужаа нар авгайгаа хол яваад алга болчихно гэж айхдаа ингэж хөлийг нь боож хатаадаг гэж ярьцгаадаг байсан даа.

Ж.Баярцогт
Ж.Баярцогт гэдэг цэрэг залууг ахлагч нар нь дэглэж яргалсаны улмаас хөлийнхөө 8  хурууг тайруулахаас аргагүй болсон тухай саявтархан бөөн шуугиан болж байсныг санаж байгаа байх. Шуугиж шуугиж нам болсон. Өвлийн хүйтэнд хөл нүцгэн гаргаж гүйлгээд, ус асгаж хөлдөөгөөд, дараа нь хөлдсөн хуруунууд дээр нь гишгэж дэвслээд тамласан байгаа юм. Хамгийн гутамшигтай нь шүүх хурал болоод Баярцогтын талд шийдвэр гараагүй юм гэнэ. Бараг өөрөө хөлөө хөлдөөсөн учраас хохь нь гэж үзсэн юм байна. Өнөөдөр энэ залуу хөлөө хатаалгсан хужаа авгай шиг арай ядан явдаг, 1 кг ачаа өргөөд явж чаддаггүй уначих гээд байдаг гэнэ. Биеийн хүчний ажил хийх чадваргүй болсон учраас ажилд авдаг газар ч олддоггүй юм байна. Сарын 140 мянган төгрөгний тахир дутуугийн тэтгэврээр амь зуудаг гэнэ. Хөлийн хуруунуудаас үлдсэн 2 хурууны оронцог нь бас идээлээд зовиуртай байдаг гэнэ.
Арми чинь эх орноо хамгаалах цэрэг бэлддэг газар  юм уу, эсвэл эрүүл залуусаа алж, зэрэмдэг болгодог газар юм уу гэдэг асуултыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан Хамгаалах яамны удирдлагаас асууж байна.

Баярцогтын хөл
Энэ залууг насаар нь ажлын чадваргүй болгосон хэрэг гарсан тэр 336-р анги гэдэг дээр сая бас нэг залууг алсан байна. Бас л дэглэж зодсоны улмаас амиа алджээ.  Залуус маань цэрэгт очоод дэглүүлж яргалуулсаны улмаас сохор болж байна, мэдрэл нь муудаад галзуугийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байна, эд эрхтэнээрээ хохирч байна, алуулж байна. Энэ одоо юу вэ? Социализмын үед ч энэ дэглэлт гээч яргалал байсан. Одоо ч мөн амь бөхтэй оршсоор. Удирдлагууд нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлсээр. Сайд нэртэй хүний оронцог Нямаагийн Энхболд гэгч нь хүртэл тийм дэглэлт байдаг гэдгийг нотолж чадахгүй бол битгий худлаа яриад бай гэж дарвалзаж байна шүү дээ!

Ер нь арми чинь эрүүл залуусаа бие чийрэг, хатуужилтай, чадвартай болгодог газар болохоос хүн яргалдаг  газар биш биз дээ? Цэргийн дэглэлт гэдэг бол  хүн яргалж бах таваа хангах гэсэн сэтгэцийн гажигтай хүний адаг шаарнуудын хийдэг ажил юм. Дээд удирдлага нь өөгшүүлээд байхаар ингэж амь бөхтэй байгаад байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй нь ээ! Цэргүүдээс нэр усгүй мэдээлэл авч тэр мэдээллийн дагуу яргачин ахлагч, офицеруудад зохих шийтгэлийг нь оногдуулж, яргачдад томоохон дохио сургамж өгөхгүй бол арай хэтэрлээ.  Ээж аавууд хүүгээ цэрэгт явуулж зэрэмдэг болгуулж, эсвэл бүр алуулахыг хүсэхгүй  байна. Тэрний оронд мөнгийг нь төлчихөөд хүүгээ бүрэн бүтэн харж явая гэж байгаа тэднийг буруутгах арга алга. Арми ярганы газар гэдэг нэрнээсээ салахгүй бол армитай байгаад хэрэг байна уу?

Жич. Нэгд, Баярцогтыг ингэж тамласан этгээдийг хэргийг сэргээж зохих ялыг нь өгөх нь шударга ёсонд нийцэхээс гадна бусад яргачин тамлагч нарт сургамж болно.
Хоёрт, Баярцогтыг насаар нь зэрэмдэглэж хөдөлмөрийн чадваргүй болгосны нөхөн төлбөр болгож улсаас зохих хэмжээний мөнгө төлөх ёстой. Энэ хүн амьд явах насандаа хэдий хэмжээний орлого олж болох байсан гэдгийг тооцоод, түүнээс хөдөлмөрийн чадвараа алдсан хувьтай нь хувь тэнцүүлэн тэтгэмж өгөх нь шударга болно.
Фейчбүүкээр Ж.Отгонбаяр гэх залуу Баярцогтыг байлцуулан лайв бичлэг хийжээ. Тэрээр БХЯ-наас Баярцогтод 3 өрөө байр өг гэж шаардлаа. Би ч дэмжиж байна.
Хүнээ гэдэг нийгэм юм бол энэ асуудлыг ингээд зүгээр өнгөрөөж болохгүй. Ж.Отгонбаярт бас талархаж байна.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө