Яагаад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэж?

Ё. Баатарбилэг (УИХ-ын гишүүн)
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх үед  МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгуулийн мэтгэлцээнд бэлдэх сургуулилт  дээр нэр дэвшигч Х.Баттулгын дүрд тоглосон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сая Лаос улсад айлчилж хоёр улсын парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж гэнэ.
Лаосчууд манай парламентаас юугаа ч сурах юм. Яаж идэж ууж, луйварддаг туршлагыг нь судлах гээгүй бол бусдад гайхуулаад байх юм ч алга л даа, манай дивтаатуудад.

Женкогийн дүрд тоглосон Баатарбилэг маань (бичлэг нь ЭНЭ байна.) УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  Байнгын хорооны дарга бөгөөд УИХ дахь Монгол , Лаосын парламентын бүлгийн дарга  хэмээх гуншинтай мундаг эр аж. Саша, Коля гээд явж өгнө биз дээ хэмээн өрсөлдөгч Баттулгаа доромжилж байсан М.Энхболд одоо УИХ-ын даргынхаа албыг өгөх дээрээ тулчихаад байна. Энэ сарын 25-наас хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх учраас хэдхэн хоногийн дараа Миеэгомбын Энхболд жирийн гишүүний суудал руу шилжих болно.

Буух шалтгаан нь тодорхой. Төр засгийн эрхийг хууль бусаар авахыг завдаж, тодорхой схем төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхийг оролдсон учраас ял асуух ёстой. Хууль бусаар авах ба авахыг завдсан гэдэг нь адилхан  хоёулаа гэмт хэрэг. Сонгуульд оролцсон нам ба түүний удирдлага ийм хууль бус арга хэрэглэсэн, эсвэл хэрэглэхийг завдаж, төлөвлөж байсан нь тэр үйл явдалд биеэрээ оролцож байсан Доржзодов гэгч амьд гэрчийн яриа болон аудио бичлэг, фото зураг гэх мэт баримтуудаар нотлогдож байгаа.  Энэ нь тухайн намыг ч татан буулгах хангалттай үндэслэл болох учиртай.

М.Энхболд огцрохгүй гэж мөн ч их тэссэн дээ. Одоо нүдэнд орсон хог мэт үзэгдэж, иргэдийн хараалыг барж идээд бууж байна. Оронд нь хэн УИХ-ын дарга болох нь үнэндээ нэг их чухал биш юм. Яагаад гэвэл Энхболдыг Мөнхболдоор солиод байдал нэг их өөрчлөгдөхгүй. Эрх баригч нэртэй энэ намын хагарал буцаж эвэндээ орохгүй. Үндсэндээ 60 тэрбумынхан ба Жидүүчид гэсэн хоёр бүлэгт хуваагдчихсан байгаа.

Ж.Бат-эрдэнэ (УИХ-ын гишүүн)
Энэ намынхан  юу болоод хоорондоо тангараг тасарчихав гэдэг асуулт гарна биз? Хариулт маш амархан. Ерөөсөө л эрх мэдлийн төлөөх тулаан байхгүй юу! Сахалт хочит Ж.Бат-эрдэнэ (Зам тээврийн хөгжлийн сайд асан) гишүүн УИХ-ын танхим дотор үг хэлэхдээ яг ингэж хэлсэн байдаг. Нэг намынхан байж хоорондоо ингэж алалцах гэж үү? Гайхах юмгүй ээ. Ардчилсан нам ч ингэж аашлах байсан. Монгол зан шүү дээ. 

Их хааны маань олон хөвгүүд, ач хүүхдүүд эрх мэдлийн төлөө ингэж алалцаад л  нэгдсэн их гүрэн улсаа бутаргаж сүйрүүлсэн юмдаг.  Ерөөсөө бидний араншин бөгөөд хүн гэдэг амьтны шуналд хязгаар үгүй гэдгийг батлах том нотолгоо. Хүн гэдэг амьтан чинь ухаантай, уураг тархиныхаа  хөгжлөөр бусад амьд биетээс хол тасарсан  хэрээрээ амьд  амьтан дотроо хамгийн адгийнх нь юм шүү дээ. Шуналгүй хүн гэж үгүй. Худлаа ярьдаггүй хүн гэж үгүй.

Хамгийн гэгээрсэн, ариун  гэгдэх Далай лам хүртэл худлаа ярьдаг юм. Тэр чинь бас л хүн биз дээ? Ламтан гуай АНУ-ын нэртэй нэгэн телевизийн хөтлөгчтэй (John Oliver)  ярилцаж байхдаа Монголчуудад би архи уухын оронд айргаа уу гэж хэлсэнээс хойш Монголчууд архинаас гарсан ухааны юм ярьсан байдаг.  (Бичлэгийг  нь энд дарж үзнэ үү. Эхний хэсэгт нь буй) Бид архинаас гарсан билүү? Үгүй шүү дээ.
Элбэгдорж Ерөнхийлөгч биднийгээ архинаас гарч сүүнд ор гэж уриалаад бараагүй юмдаг. Далай лам ч мөн биднийг архинаас гаргаж айрганд оруулах гээд чадаагүй. Хэн гуай нь ч дийлэхгүй биз ээ. За энэ наргиа ч яахав, гэхдээ Далай лам тэгж худлаа ярьсан нь үнэн юм шүү.

Миний хэлэх гэсэн санаа бол хүн гэдэг чинь  төгс төгөлдөр амьтан биш юм аа. Буруу юм их хийнэ ээ. Гагцхүү буруу хийх боломжийг нь олгохгүй байх хэрэгтэй. Тэр тусмаа өнөөгийн алаг эрээн, муухай сайхан холилдсон энэ ертөнцөд төгс төгөлдөр, өө сэвгүй хүн бий болно гэдэг бол үлгэр. Нэгэнт тийм хүн бий болохгүй учраас хүн гээч адгийн амьтны шунал тачаал, дур хүсэл, муу санааг өөгшүүлэх, дэмжих, тэвчих боломж нөхцлийг л аль болохоор бага байлгах, бүр чадвал бий болгохгүй хазаарлаж хязгаарлаж чадвал муу муухай, буруу үйлдэл бага гарна. Мэдээж хүнээ хүмүүжүүлэх (багаас нь сайн хүн болгож өсгөх) ажлаа орхигдуулж болохгүй, гэхдээ үүнд их найдах хэрэггүй. Яагаад гэдгийг дээр хэлсэн. Төгс төгөлдөр хүн (маш сайн зан авиртай, ухаантай, ухамсартай, шуналгүй, хар муу санаагүй, шударга) бий болгох (бүтээх гэх юм уу?) боломжгүй гэж.

Тэгэхээр эндээс бид дүгнэлт хийж, ургуулан бодох хэрэгтэй болж байна. Бидний мал гэж хараагаад байгаа төр засгийн өндөр бөгөөд чухал хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс маань (УИХ, ЗГ) үнэхээр хамгийн олиггүй шаарнууд байсан хэрэг үү? Бид чинь шилдгээ сонгоод явуулчихлаа гээд байгаагүй бил үү? Шилдгүүд маань яахаараа шаарнууд болчихдог билээ? Уг нь анхнаасаа адгийн шаарнууд ч байгаагүй байх л даа. Янз бүр л байсан байх. Ой мод урттай, богинотой гэдэг биз?

Шилдгийн шилдэг биш юм аа гэхэд бусад иргэдийнхээ адил амьдарч явсан л хүмүүс байсан нь ойлгомжтой.  Тэгвэл тэр хүмүүс яагаад төр засгийн алба руу зүтгэх болов оо? Төр засгийн алба хашиж, улсдаа хүчин зүтгэх нь миний нэр төрийн хэрэг гэж бодож байсан нь хэд бол? Төр засгийн алба гээч нь соронз мэт татах ямар ид шидийн  хүчтэй эд юм? Үлгэрлэвэл, талхан дээр зөгийн бал түрхээд тавьчихвал мөн ч олон ялаа ирж сууна биз? Харин зөгийн бал түрхээгүй талхан дээр ирж суух нь цөөхөн байна. Ялаануудыг соронз мэт татах хүч нь тэр зөгийн бал юм. УИХ руу үхэн хатан зүтгэх шалтгаан нь энэ зөгийн балтай холбоотой. Тэнд зөгийн бал байна. Энэ зөгийн бал гээч нь мөнөөх эрх мэдэл, албан тушаал юм л даа. 

Зөгийн балтай талхаа Засгийн газартайгаа холилдсон УИХ гээд ойлгочих. УИХ нь талх болог. Хэрвээ УИХ нь гүйцэтгэх засгаасаа (Засгийн газраас) тусдаа байвал ямар ч хөрөнгө мөнгө зарцуулах  эрх мэдэлгүй УИХ руу хэн зүглэх вэ? Давхар дээл өмсөж, эсвэл гишүүн гэдэг сэтрээрээ далайлгаж элдэв давуу байдал олж авах, тендер хусах, жидүүгээс зээл авах зэрэг өөрт ашигтай бусармаг үйлдэл хийх боломжгүй болчихоор УИХ-ын гишүүн болох гэж баахан мөнгөө цацдаг тэнэг олдох уу? Хэн тэгж хэдхэн цаасны цалин аваад баахан бичиг цаастай хутгалдаж өдөржин ширээний ард эвшээж суухыг бодох билээ? Тэрний оронд бизнесээ хийгээд мөнгөө үржүүлээд явж байх нь хамаагүй дээр гэж олон хүн бодно. Харин УИХ руу зүглэх хүмүүс бол бичиг цаастай зууралдах дуртай, бичгийн хүмүүс буюу эрдэмтэн мэргэд байх болно. Тэдгээр хүмүүс УИХ-д сууж, хууль журам зохиож батлах нь нэр төрийн хэрэг гэж бодно. Тэд мөнгөний шуналд автаагүй, гэгээрэл боловсролын тодорхой түвшинд хүрсэн, амьдрал үзсэн оюунлаг хүмүүс юм. Ингэх юм бол УИХ маань ухаантан мэргэдээр дүүрч, жинхэнэ мэргэжлийн хууль тогтоох газар болж чадна.

Засгийн газар нь УИХ-аас хараат бус, тусдаа орших бүтэц байх бөгөөд толгойлогч нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байх болно. Энэ хүн хуучин Ерөнхий сайд шиг УИХ-аас томилогдоогүй бөгөөд сонгуульд ялсан намын дарга бас биш! Ард түмэн хэнээр Засгийн газраа удирдуулж, улс орныхоо аж ахуйн ажлыг хийлгэх сонирхолтой байгаагаа сонгуулиар илэрхийлж Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгч өөрийнхөө багийн (Засгийн газрын сайд нар) гишүүдээ сонгож батлуулах бөгөөд бүх ажлаа толгойгоороо хариуцна. Ажил муу явбал Ерөнхийлөгч хугацаагаа дуусгаж чадахгүй ч зайлж мэднэ. Харин ажил сайн хийвэл огцрох нь байтугай хэдэн удаа ч хамаагүй улираад ажиллаж болно. Сайн ажиллаж байгаа засгийг солих ямар  шаардлага байгаа юм, ер нь?

Ийм учраас  л Ерөнхийлөгчийн засаглал гээд байгаа юм. Мэдээж хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд харилцан хяналттай байх нөхцлийг  бий болгосон хууль тогтоомж байх хэрэгтэй. Мөн шүүх засаглалаа дээрх хоёроос хараат бусаар байгуулах, ажиллуулах нөхцлийг хангах нь чухал. Шүүх бүтцийг дээрх хоёр субьектээс нэр дэвшүүлж сонгодог нь угтаа тэдний нөлөөнд байх, эрх ашгийг нь хамгаалах боломжийг бий болгож магадгүй  учраас өөр арга замаар бүрдүүлдэг аргачлал хэрэглэх  шаардлагатай. Шүүхийг хараат бусаар сонгодог улс орнуудын туршлага байгааг судалж үзэх хэрэгтэй.

Ингээд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн 3 бүтцээ тусад нь байгуулж, бие даасан байлгаж чадвал хэн нь хэн бэ гэдэг шиг бүх юм ойлгомжтой тодорхой болно. Мэдээж хуулийн орчныг нь засаж, шинээр бий болгох шаардлагатай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө