Монгол ген

Алдарт бөх Х.Баянмөнх
Лав хоёр ч  удаа Солонгос хүн  уулзаад намайг өөрсдийнхөө ойрын төрөл гэж их дотносож хэлж байж билээ. Гарал үүслээрээ цусан холбоотой гэж. Олон жилийн өмнө бага зэрэг халамцуу нэгэн уугуул Америк (Америкийн Индиан гэж буруу нэрлэдэг) нөхөр нэг удаа над руу дөхөж ирээд миний ил гарсан шууг өөрийнхтэйгөө зэрэгцүүлэн бариад хэлж байна:
- Бид хоёрын шууг хар даа. Адилхан харагдаж байгаа биз дээ? Бид чинь ах дүүс биш гэж үү? 
Арьсны өнгө нь адилхан байгааг хэлж байгаа бололтой.
Казакууд хэлэхдээ Чингис хаан бол казак хүн байсан бөгөөд дэлхийн түүхэн дэх түүний байгуулсан үйл, нэр хүнд бас тэдэнд хамаатай гэж байна.
Ингээд бодохоор энэ бүхэн чинь намайг их сонирхол татсан бодгаль болж харагдуулаад байгаа биз? Зөвхөн сонирхол татсан биш бас ховор нэгэнд тооцогдоод байгаа юм.
Хаплогрупп Ф (Haplogroup F) -ээс бусад группэд хамаарах  дэлхийн хүн амын  10% дотор Монголчууд багтдаг гэдгээрээ ховор төрөлд ороод байгаа хэрэг. Дэлхийн хүн амын 90% нь Хаплогрупп Ф -д хамаардаг. Монголчууд Хаплогрупп С-д хамаардаг.

Тэгэхээр энд хүний генетикийн тухай ярьж байна. Хаплогрупп гэдэг нь ижил төстэй, гарал үүсэл нэгтэй  хапло төрлүүдийн бүлэг юм.  Хаплогруппыг тогтоохдоо Сингл Нуклеотид Полиморфизм (Single Nucleotide Polymorphism - SNP) гэдэг тестийг ашигладаг.
Хүний генетикийн ухаанд сайтар судлагдсан хаплогрупп бол Y-хромосомтой хаплогрупп (Y-chromosome haplogroups буюу Y-DNA)  ба Митокондиал хаплогрупп (Mitochondial haplogroup- mtDNA) юм.
Y-DNA нь эцгээс зөвхөн түүний хүүд дамждаг бол mtDNA нь эхээс хүү ба охинд хоёуланд нь дамждаг.
Хаплогруппыг англи цагаан толгойн үсгээр тэмдэглэх ба нарийвчлалыг нэмэлт үсэг ба тооны хослолоор  илэрхийлдэг. Энэ тухай дэлгэрэнгүйг Википедиа болон бусад эх сурвалжаас олж үзээрэй.

Генетикийн ухаан нь намайг хэн болох, хаанаас гарал үүсэлтэйг тогтоож өгдөг. Y-DNA намайг C3 (Си гурав) гэдэг хаплогруппт хамаардгийг хэлээд байна. Хаплогрупп С3 нь уугуул Монголчуудад байдаг  Y-хромосом (Y-chromosome DNA) юм. С3b хэмээх дэд бүлэг нь Хойд Америкийн эр хүйстэй уугуул оршин суугчдад ихээр тогтоогддог аж. Тийм болохоор дээр өгүүлсэн Америкиийн уугуул "Indian" гэгдэх согтуу нөхрийн хэлдэг ч үнэний хувьтай мэт.
Харин мөнөөх найрсаг Солонгосчуудыг гомдоохоос аргагүй болох учир нь тэд маань Хаплогрупп F-д хамаардаг юм байна.  60 мянган (60000) жилийн өмнө Хаплогрупп С ба F салан тусгаарлахад бид Солонгостой "хамаатан"  байхаа больсон аж.  Харин тэд Хаплогрупп F-д хамаарах Хятад, Араб, Англичуудтай ойр төрөл юм. Гэтэл төрх байдлаараа өөр өөр эдгээр үндэстнүүдийг ген ижилтэй, нэг модноос унасан үрнүүд гэхэд итгэхэд хэцүү боловч бид шинжлэх ухаанд итгэх ёстой биз?

Тэгвэл С3 ген хаана голдуу байна вэ гэдгийг сонирхоё. Дийлэнх Монголчууд (Өвөрмонголын ба Буриадын Монголчууд) , Хазарууд (Афганистаны үндэстний цөөнх,  40% нь С3-тай), Халимагууд, мөн  Казакуудад бас С3 өндөр хувьтай гарчээ.
Казакууд бол турк омгоос үүсэлтэй үндэстэн бөгөөд өөрийн хэл устай. Гэтэл тэд яагаад ийм өндөр С3 гентэй байна вэ? Казакстаны эрдэмтэд энэ асуултанд хариу олох гэж олон жил ажиллаж байгаа. Монголчуудын тухайд тэдний хандлага сайн, муу янз янз л байгаа. Чингис хааныг казак хүн байсан гэдэг ухуулга сурталчилгаа хүчтэй явж байна.
Казакуудыг цэнхэр нүдтэй өндөр биетэй Европ хүмүүс байсан бөгөөд Монголчууд эзэлж аваад эмэгтэйчүүдийг нь хүчирхийлсэний улмаас өнөөгийн Монголжуу төрхтэй болчихсон юм гэж Зөвлөлт засгийн үед Оросууд  ухуулдаг байсан гэнэ. Тухайлбал, Сергей Кержавин гэгч өөрийн "судалгааны"  дүнд Казакуудад илэрдэг С3-ын өндөр хувь нь Монголчуудын эзлэн түрэмгийллээс болсон бөгөөд тэр ч байтугай өнөөдрийн Монголчууд бол тэр үеийн Монголчууд биш, харин Хятад болон Манжууд юм гэдгийг тогтоосон юм байх. Муу нохой!

Ирландын богино өгүүллийн мастер Жорж Моор (George Moore) (1852-1933) өөрийнхөө "Орос нөхөр" (Russian husband)  гэдэг өгүүллэгтээ, хэрвээ  "Орос хүний нүүрийг маажвал цаанаас нь Тартар хүн гарч ирнэ"  (If you scratch a Russian you will find a Tartar) гэсэн байдаг.  Тартар буюу Татар гэдэг нь тухайн үед ингэж андуу  нэрлэгддэг байсан Монголчуудыг хэлж байсан хэрэг. Зохиогч маань ингэж хэлснээрээ Монголчуудаас  өвлөж авсан Оросуудын цусан дахь зэрлэг авирыг  илэрхийлсэн байх. Гэвч генетикийн судалгаагаар Оросуудад "Монгол ген" байхгүй нь тогтоогдсон. Тийм учраас Орос хүнийг маажаад цаанаас нь Монгол гарч ирэхгүй бөгөөд Оросууд энэ тухайд тайван байж  болох нь. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй зарим нэг нь бас байнаа. Тухайлбал, Оросын Эрүүл мэндийн яамны ажилтан Владимир Нужный дээхэн мэдэгдэхдээ, Москвагийн хүн амын тал нь Монгол гентэй бөгөөд тийм учраас тэд архичин байгаа юм гэсэн байна. Генетикээр Орос, Монгол генүүд хамааралгүй гэдгийг тогтоосон учраас энэ нөхрийн мэдэгдэл бол өөрийгөө болон Оросын ард түмэн, тэр дундаа Москва хотынхныг доромжилсон явдал болсон бөгөөд энэ хэргийнх нь төлөө Москва хотынхон тэр нөхрийг яаж шийтгэхээ мэдэх биз ээ.

Мэдээж бусад үндэстнүүдэд бага зэргийн С3-ийн орц байгаа бөгөөд харин 60% хүртэл С3-тай Казакуудын хувьд Монголчуудтай хамгийн ойр төрөл үндэстэн болж байна. Эрдэмтэд яагаад гэдгийг нь олж тогтоохыг л хүлээх болж дээ.
Харин Монголчуудыг Хятадуудтай гарал нэгтэй гэж ярьж бичих хүмүүс байна. Тийм биш гэдгийг дээр хэлсэн. Хоёр өөр бүлэгт (Монголчууд С группт, Хятадууд F группт) хамаардаг гэдгийг тогтоосон. Мөн хятад ген гэж байхгүй, харин тэдний хамаардаг F групп гэж байна. Энэ группт маш олон үндэстнүүд хамаардаг. Дэлхийн хүн амын 90% нь хамаардаг гэж дээр хэлсэн. Үлдсэн 10% нь, үүн дотор Монголчууд, С группт багтдаг гэдгийг дахиад давтая. Ийм учраас бид бол Азийн бусад үндэстнүүдтэй садан төрөл биш (Казакуудаас бусадтай нь) гэдэг нь генетикийн судалгаагаар тогтоогджээ. Мөн ховор үндэстний тоонд багтдаг гэдэг нь үүгээр батлагдаж байна.

жич: Саявтархан  Монголчууд ямар гаралтай тухай жиргээгээр  баахан маргав даа. Зарим нь Монгол бол төдөн хувийн хятад гентэй гэж мэдэмхийрч, бас нэг хэсэг нь бид чинь цэнхэр нүдтэй байсан, Европ гаралтай улс гэж айлдаж байна. Шинжлэх ухаан хөгжөөд генийн судалгаа өндөр түвшинд хийгддэг болсон энэ цагт ингэж дураараа бурж болохгүй ээ.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө