Тангараг өргөсөн алуурчид




Э.Ганхуяг (талийгчийн хадам ах)
Шүүр унадаг шулам чухал асуудал хөндөж ээлжит нэвтрүүлгээ хийлээ. Иргэн Э.Ганхуягтай хийсэн Цензургүй яриа нэвтрүүлгээр манай эмнэлгийн байгууллага, тэр дундаа төрөх
газруудын үйл ажиллагаа хэрхэн дампуурсаныг хөндсөн байна. Үүний  нотолгоо болгож дээрх иргэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг өгүүлжээ.  Ганхуягийн дүүгийнх нь  жирэмсэн эхнэр төрөх эмнэлэгт  энджээ. Нэгдүгээр амаржих газар болсон явдал. 26 настай бүсгүй эмчийн хариуцлагагүй улмаас   хэвлий дэх үрийнхээ хамт амиа алджээ.

Талийгч бүсгүйд тохиолдсон явдал бол ард түмэнд дэндүү танил  болсон үзэгдэл дээ. Ор байхгүй, эсвэл төрөх арай болоогүй байна гээд л эмнэлэгт очиж аврал эрсэн иргэдээ хөөж явуулдаг. Хүн болгон хөөгдөхгүй л дээ. Танилтай, мөнгөтэй хүмүүс бол яаж  ийгээд очсон газраа багтаад  үлдэж чаддаг. Тийм хувьгүй борчуудын хувь заяаг тэнгэр л мэддэг. Олон тохиолдолд эх үрийн аль нэг нь, эсвэл хоёулаа эндэж ар гэрийнхэн нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нэхэл нь мухардаж, сэтгэл нь гансарч үлддэг. Адаг сүүлдээ хариуцах эзэн олдохгүй бөгөөд гол буруутан нь талийгч өөрөө болж хувирдаг.

Амьдрал дээр өөрт тохиолдсон нэг жишээг хэлье. Хөрш айлын бүсгүй амаржих дөхчихсөн том гэдэстэй. Нэг өдөр өвдөж эхлээд түргэн дуудав аа. Түргэн ч ирээд аваад явлаа. Гэвч төрөх газар очоод төрөх болоогүй байна гэдэг шалтгаанаар гэртээ буцаж ирлээ. Ийм байдлаар дахиж 2 удаа түргэнээр очоод буцаагдсан гээд бод доо. Аргаа барсан нөхөр нь амьтан хүнээс цуглуулж байж 40 мянган төгрөгтэй болж аваад, бас нэг шоколадны набор (цуглуулга) худалдаж аваад дахиад  хөөрхий эхнэрээ аваад төрөх эмнэлэг рүү явлаа. Очоод нөгөө мөнгөө, набортой нь цуг хүлээн авах эрх мэдэл бүхий этгээдэд гардуулсанаар өвдөөд зовж буй эхнэрээ тэнд үлдээж чадсаны ачаар өглөө нь хүү нь мэндэлж билээ. 10 гаруй жилийн өмнөх явдал юмдаа. Одоо ч 40 мянган төгрөг юу билээ. Хэрвээ мань залуу ингэж арга хэмжээ аваагүй бол эхнэр нь гэртээ төрөх, эс бол төрж чадахгүй юу ч болох байсан юм билээ. Ингэж нааш цаашаа олон явж байхад хөөрхий эхнэр нь хичнээн өвдөж шаналж байсан бол. Харин ч азаар бүх юм зүгээр болж өнгөрсөн дөө.

Ганхуягийн бэр дүүгийн хувьд бие нь эвгүй байна гээд  анх очсон гэж байгаа. Гэвч хүлээн авахын эмч нь (М.Уянга)  гуянд нь тариа хийж өгөөд буцаажээ. Төрөх болоогүй байна гэж. Уг нь төрөх гэж өвдөж очоогүй харин бие нь тавгүйтсэн шалтгаанаар очсон аж. Харин  Уянга эмч тэр шалтгааныг магадласангүй, сонирхсонгүй. Яагаад гэдэг асуултыг тэр эмчид тавих  ёстой байх. 2 хүний амь настай холбоотой асуудал ярьж байгаа биз дээ?  Тэгээд ч 7 сартай жирэмсэн эх төрөх хугацаа  нь арай болоогүй гэдгийг хэн ч гадарлах байх. Төрөх үеийн өвдөлт, бие нь тавгүйтэж өвдөх хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай, уг гарвал нь өөр өөр үзэгдлүүд гэдгийг энэ эмч мэдэх л ёстой. Гэтэл яагаад шал өөр онош тавиад (төрөх болоогүй байна) буцаав?
40 мянган төгрөг, набор байгаагүй  учраас ийм юм болов уу? 15 жилийн өмнөх 40 мянган төгрөг одоогийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ? Тийм хэмжээний мөнгө авч очих ёстой байсан юм болов уу гэж л асуугаад байна даа, би!

Тэр гуянд нь тарьсан тариа ямар учиртай зориулалттай тариа байв? Сав агшаадаг тариа бол  хүчээр төрүүлэх зорилгоор хийдэг тариа гэсэн. Тэгвэл яагаад энэ тариаг хийв? Яагаад тариа хийгээгүй гэж мэлзэх болов? Энэ мэт асуултыг цагдаа шалгаж тогтоох ёстой. Ер нь талийгчийн нөхөр нь тэр М.Уянга гэгч эмчийг цагдаад, шүүхэд өгөх хэрэгтэй. Уянгын ээж нь нэртэй эмч юм гэсэн. Сайн ээжийн нэрийг баастсан энэ хүүхэн өөрийнхөө толгой руу шаах хэрэгтэй.
Дашрамд хэлэхэд, шаардлагатай бол задлан хийлгэх хэрэгтэй. Нэгэнт л үнэн мөнийг, учир шалтгааныг нь олж тогтоолгох гэж байгаа бол задлан хийлгэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэр элдэв сүсэг бишрэлээ больж үз дээ. 

Манай төрөхийн эмч сувилагч нар маань хүн чанараа алдсан юм шиг байна даа. Нийгмээ, орчноо дагаад мөнгөний дон тусчээ. Эдийн шуналтай болж албан тушаал, ажлаа мөнгө олох хэрэгсэл болгожээ. Социализм байгуулж байхад бас ч гэж даруулгатай, хамжааргатай байж.  Төрөх дөхчихсөн эхчүүд загнуулаад л , зандчуулаад л тасаг дотроо сайрагнаад  нааш цаашаа холхицгоодог байж. Харьцаа ч гэж авах юм байхгүй. Өнөөдөр тэр харьцаа засрах нь байтугай мөнгөгүй, танилгүй хүн бол 2 яс хагацахад хэцүү болжээ.
Хүн төрнө гэдэг чинь маш хариуцлагатай, эрсдэлтэй, хүнд асуудал. Зүгээр нэг шүд авахтай адил юм биш. Хоёр хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригддаг. Ийм байхад л мөнгө нэхээд (мэдээж шууд нэхнэ гэж хаа байхав) байна гэдэг бол манай төрөхийн эмч нар ямаршуу хүнэнцэрүүд болсоныг харуулж байна. Хаана байна тэр хүн чанар, хүнлэг сэтгэл? Хаачсан бэ нөгөө өргөсөн тангараг? Тангараг өргөсөн  шуналтай бирд болж хувираа юу, та нар? Шуналт бирд гэж хэлэх ч багадана.  Алуурчид болсон юм биш үү?  Тиймээ, та нар буу агсаж, хутга далайж хүн алаагүй, гэхдээ та нар эс үйлдлээрээ, буруу үйлдлээрээ, санаатай биш ч юм шиг хүн алаад байна!
Уг нь ийм  хэргийг санаатай бусаар хүний амь хөнөөх гэдэг зүйл ангиар шийтгэх ёстой юм. Манайд тухайн хуулинд нь  ийм зүйл анги, заалт  байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна, харин бусад оронд байдаг юм билээ. Ингэж хариуцлага тооцдоггүй учраас л хүний амийг мөнгөөр барьцаалаад байна.

Ураг нь хэвийн өсөлттэй, бие нь элдэв өвчин зовиургүй, эсвэл бие нь өвдөөд ч очсон бай хамаагүй, ямарч байсан 2 амьд хүн эмнэлгийн хаалгаар ороод хоёулаа, эсвэл аль нэг нь амь насаа алдаад дуусдаг байж таарахгүй ээ. Төрөхийн эмч нарын хүнд суртал, авилга дэндэж байна. Төрөхөөс бусад эмч нарт ч бас худлаа оношлодог, огт шаардлагагүй эм бичиж өгдөг, эмийн сангийнхаа эмийг  жороор  шахдаг гэх мэтийн мөнгө л олох ганц зорилготой иймэрхүү бусармаг бөгөөд адгийн үйлдлүүдийн тухай иргэд зөндөө л ярьдаг. Ардууд ярихаас өөрийг хийж үнэндээ чадахгүй байна. Төр засгаас хүний эрүүл мэнд, амь настай  шууд холбоотой энэ салбарт гарч байгаа энэ бузар явдалтай тэмцэхгүй бол ирээдүйн иргэд болох бяцхан үрс, хүн амын үржихүйд гол үүрэг гүйцэтгэгч эхчүүд маань зүй бусаар амиа алдах нь хэрээс хэтэрлээ.

Би гайхаад барахгүй байгаа юм.  Эх, хүүхдийн амийг мөнгөөр барьцаалаад үзүүлэх ёстой халамж, үйлчилгээгээ үзүүлэхгүй байна гэж бодохоор л бүр ёстой уушиг зүрх сагсайна гэдэг болж байна. Ийм болтлоо доройтох гэж.  Тэр салбар хариуцсан сайд гэж цаг цагтаа алба хашиж байсан малууд юу хийж байсан юм бэ? Ардын намынх байна уу, Ардчилсан нь байна уу хэнд хамаатай юм? Яагаад хүн амынхаа өсөлттэй уялдуулаад төрөх газрыг нь  хангалттай байхаар бодож төлөвлөж, шинээр төрөх газар  бариулж байгаагүй юм? Ор байхгүй гэдэг тайлбар чинь нөгөө шуналтай бирдүүдэд сайхан шалтаг болж байгааг мэдэж байна уу? Нээрээ та нарт энэ асуудал нөлөөлөхгүй л дээ. Та нар чинь мөнгөтэй, нөлөөтэй улс болохоор ганц утас цохиод л, дугтуйтай мөнгө өгөөд л өөрийнхөө  эхнэрийг, охиныг хамгийн өндөр халамжинд, хамгийн сайн эмчийг нь биечлэн байлгаж байгаад гоё төрүүлдэг болохоор энэ зовлонг мэдэхгүй байх нь аргагүй.  Хувиа бодсон та нар шиг  бэртэгчингүүдэд жирийн иргэдийн зовлон хамаагүй байх л даа. Гэхдээ ийм бузартай байдлыг өөгшүүлсэн, дэврээсэн, үл тоосон явдалд чинь  дургүйцэж зэвүүцсэн ард иргэдийн уур хилэн, зүхэл та нарт тусах нь тодорхой. Үхсэн хойноо бүгдээрээ тамд ойчих болтугай гэж би хараая!

Одоо ер нь эрүүл мэндийн салбарт, ялангуяа төрөх газруудад хүн чанартай, хүнээрээ үлдсэн хохимой толгойт байна уу? Эмч сувилагч бүгд л авилгачин болсон байх гэж эмээж байна. Авилгачин биш ганц нэг цагаан халааттан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ нэг үхрийн эвэр цохивол  мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг олиггүй шаарнууд олонхи болчихоор тэр салбар тэр чигээрээ муу нэр зүүнэ гэсэн үг.
Сайд нь доороо юу болж байгааг мэдэхгүй байна гэх байхгүй л дээ. Өнөө цагт чинь  мэдээллийг ганц хэвлэл ч биш олон сувгаар авдаг болсон шүү дээ. Үе үеийн  салбарын сайдууд энэ асуудлыг мэдэж байсан боловч засах сайжруулах талаар юу ч хийгээгүй л байхгүй юу.

Цалинг нь 20% бууруулах шийдвэр
Доор Цензургүй яриа нэвтрүүлийг бичлэгийг орууллаа. Үзээгүй хүн байвал үзнэ биз. Мөнхбаясгалангийн хэлж байгаагаар нялх  биетэй эх хүүхдээ уйлаад байхаар нь хөхүүлье гэтэл надтай сайн ярь гээд хүүхдийг нь авч өгдөггүй гэнэ. Тэгээд сувилагчид нь 20 мянган төгрөг өгч байж хүүхдээ авч хөхүүлдэг аж. Ийм юм байж болох уу? Тэр нярай амьтныг өлсөөд уйлаад байхад нь хоолыг нь өгүүлэхгүй мөнгө нэхээд байдаг тэр хүн хүн юм уу, эсвэл хүн төрхтэй араатан уу? Хүнлэг сэтгэлгүй  хүнэнцэрүүд болжээ та нар гэж хэлээд байгаа нь ийм учиртай. Хоёр хүний амийг эс үйлдлээрээ, буруу шийдвэр гаргасны гайгаар хөнөөчихөөд байгаа энэ мэт хүнэнцэрүүдээ цалингийнх нь 20%-ийг 3 сараар бууруулж  шийтгэсэн дүр үзүүлэн толгойг нь илээд байгаа дээдсүүд нь нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд гэдэг нь ойлгомжтой.

Тэгвэл энэ бузар балиар юмыг яаж засах вэ? Мэдээж салбарын удирдлага сайн байх хэрэгтэй. Харин энэ салбарын боловсон хүчин ямар байх ёстойг сайн бодмоор юм шиг. Хүнтэй ажилладаг, ялангуяа өвчтэй хүнтэй харьцдаг эмч, сувилагч, асрагч нар юуны өмнө өөрсдөө хүн байх хэрэгтэй. Хүн бай гэдэг нь хүнлэг бай л гэсэн үг. Зүгээр л хүнээрээ, хүн шиг сэтгэлтэй байх ёстой. Тэр өвчтэй зовлонтой хүнийг мөнгө гэж хардаггүй, харин би тусалж амийг нь аварч, өвчнийг нь эдгээж баярлуулах ёстой гэж боддог хүн л эмч сувилагч хийж чадна. Мэдээж мэргэжлийн хувьд сайн байх нь ойлгомжтой. Хүн шиг эмч сувилагчтай болохын тулд мэргэжлийн боловсон хүчин бэлддэг уурхай болох Анагаахын сургуулиудад хүнлэг ёс, хүн чанарын тухай тусгай хичээл сургалтын  хөтөлбөрт нь оруулах хэрэгтэй. Мөн шинээр элсэгч оюутнуудыг шалгаруулж авахдаа бас энэ асуултыг тавьж (тест) сорилтонд оруулж байх нь зөв болов уу. Сэтгэл зүй, харьцааны талаар доголдолтой хүнийг  эмч болговол ирээдүйд нэг хэсэг иргэдээ зовлонд унагах магадлал өндөр байна.

Нөгөө талаар бид өөрсдөө жаахан арчаатай баймаар байна. Миний хүн зүгээр төрж байвал (хэдэн цаас өгөөд ч хамаагүй) болоо гэдэг аминч үзлээ больцгооё. Асрагчаас нь эхлээд авилга өгч гарыг нь цайлгадаг явдлаа зогсооё. Авилга шууд болон шууд бусаар нэхээд өгөөгүйн улмаас авах ёстой үйлчилгээгээ авч чадаагүй тохиолдол болгоныг мэдэгдэж заргалдаж байя. Амин хувиа бодож, мөнгө төлж өөрийнхөө хүнд тусгай үйлчилгээ авсан Та санхүүгийн боломж муутай бусад ядарсан иргэдээ ямар хүнд байдалд оруулж байгаагаа нэг сайн бодоод үзээрэй.  Мөн энэ үйлдлээрээ Та энэ бузар явдлыг өөгшүүлж, үүний улмаас тэр шуналын туламнууд хичнээн  эхийг зовоож, хичнээн нярайг цааш нь харуулж байна гэдгийг бас нэг тунгаагаад үзнэ биз. Цалин бага учраас гарыг нь цайлгах мөнгө өгөх нь буруу биш гэж хэлж байгаа хүмүүс ийм юм ойлгохгүй байгаа бол ухаанд нь ухна үхсэнээс зайлахгүй. Ер нь хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсоно гэснээс биш нэмэгдэл хөлс шан харамж өгөхгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн заалт тэр өргөсөн тангарагт нь байхгүй.  Тийм учраас эмч сувилагч нарт хандаж хэлэхэд, эсвэл тангарагаа сахиж үүргээ биелүүлж ажилла, эсвэл ажлаа өгөөд зайл гэе дээ.

Энэ нэвтрүүлгээр өгсөн статистик баримтыг харсан хүн бүр шоконд орсон байх. Би л лав их цочиж балмагдсан. 2010 оноос хойш 2016 он хүртэл жил бүр 1000 гаруй нялх нярай эндсэн гэж байна. Энэ долоон жилийн хугацаанд бид нийт 8536 шинэ иргэнээ алджээ. Өдөрт л 3 хүүхэд алдаад байсан байгаа биз?

2017 он гараад 110 нялхасаа "алчихаад"  сууж байна. Энэ тоонууд бас үнэн эсэх нь эргэлзээтэй. Жинхэнэ тоог дарагдуулдаг гэдэг хардлага үнэний хувьтай бол үүнээс их тоо гарч мэдэх нь.
Эхчүүдийн эндэгдэл бас зүрх зүсмээр харагдаж байна. Ер нь бид чинь эх, хүүхдийг эндэгдэлгүй байлгаж чаддаггүй юм уу, эсвэл нөгөө өгөх  ёстой мөнгөө өгөхгүй болохоор "алаад"  байдаг юм уу?


Дээрх баримтаас үзэхэд бид чинь эхчүүдээ 20,30,40,50-иар нь "цааш нь харуулаад"  байдаг юм байна. 2017 он гараад 10 эх өнгөрчээ. Энэ эхчүүдээс хэд нь мөнгөө төлөөгүй шалтгаанаар өнгөрсөн бол доо гэж. Ер нь бол төрж чадахгүй ч юм уу, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ноцтой хүндрэл үүсэж болзошгүй эхчүүдийг шууд хийсвэр (кесерова) хийгээд л  авчихдаг баймаар. Даанч дэндүү байгаа юм шүү. Хичнээн айлын амьдрал сүйрч, хичнээн хүүхэд өнчирсөн бол?  Ерөөсөө нэг сард бол дор хаяж 2 эх заалттай тэнгэрт хальдаг юм байна. Дэндүү биш үү? Хүнээ төрүүлж чадахгүй байгаа бол эмч нараа сурга л даа. Мөнгө нэхээд байдаг бол зайлуул л даа. Ямар дүүрчихсэн улс гэхээрээ ингэж эхчүүдээ , нялхасаа олноор нь алддаг байнаа? Ингэж санаатай, санаандгүй зүй бус хорогдол гаргаад байвал бид яаж олуулаа болох юм? 
















Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө