Дахиад хэдэн жил тэсэх вэ?

Ерөнхийлөгч Баттулга Оросын Ерөнхийлөгч Путинтэй хамт
Өнгөрсөн  өдрүүдэд чухал үйл явдлууд болж өнгөрлөө. Ерөнхийлөгч  маань Жүдогийн дэлхийн аваргын тэмцээн үзчихээд хойд хөрш рүү очиж  Путин болон бусад орны томчуудтай уулзаж ярилцлаа.  Биечлэн уулзаж танилцсан, санаа оноогоо солилцсон чухал уулзалт болсон биз ээ. Үр дүн нь яваандаа ажил хэрэг болоод ирэхээр мэдрэгдэнэ.
За тэр Ерөнхийлөгчийг зангиагүй явж байсан, охин нь уранхай жинс өмссөн байсан, угтаж авч байгаа Оросуудын өмнүүр дайрч аавдаа үнсүүлсэн гэх мэтээр интернэтээр шуугиж байгаа тэнэгүүдтэй юу ярих вэ дээ.
5000 км төмөр замаар нүүрс тээгээд Монголд ашигтай байж харагдаач гэж орилох тэнэгүүдэд хэлэхэд, авах газар нь байгаад борлогдож байвал нэг зах зээлээс хараат бөгөөд хямдхан өгч байснаас олон зах зээлтэй харьцаж, тухайн зах зээлийн ханшаар борлуулах нь  нөгөө эдийн засгаа хараат байдлаас гаргаж байгаа гэдэг утгаараа Монголд хэрэгтэй гээд хэлчихье дээ. Хятадад ээлтэй, тэд нарт үйлчлэх гээд байгаа эрлийзүүд хол очиж хуцах хэрэтэй.

МАН-ын Засгийн газар огцорлоо. Хоёрдугаар ээлж нь удахгүй хоолонд орох биз. Хэн нь ч гарсан зарчмын ялгаа байхгүй дээ. Угсаа гарал нь нэг юм болохоор, тэгээд ч УИХ-д олонхи болох МАН-ынхан нөгөө л таалагдах гэсэн популист бөгөөд социалист бодлогоо эрчимтэй явуулна. Харин  Ерөнхийлөгчтэй хамтарч, дэмжиж ажиллах эсэх нь сонин байна. Ер нь тэгээд Ерөнхийлөгч бол эрх мэдэл хязгаарлагдмал , шавар бурхан шүү дээ. Гэхдээ зөв санаачлагыг нь УИХ, МАН-ын Засгийн газар дэмжээд өгвөл тэд нар өөрсөддөө л оноо цуглуулна гэдгээ мэдэж байгаа болов уу? Ингэж харахгүй, харин өстөн мэтээр хандаад байвал ирэх сонгуульд МАН цэвэр даруулах нь ойлгомжтой.

Явж явж Ерөнхийлөгчийн засаглалтай болж, Ерөнхийлөгч нь  гүйцэтгэх засаглалыг толгойлдог,  УИХ нь хуулиа баталдаг бөгөөд засгийн ажилд хутгалддаггүй байхаар зохицуулж Үндсэн Хуулиа өөрчилж чадвал Монгол хожно доо. Эдийн засаг , иргэдийн амьдрал муудвал хариуцах эзэн тодорхой. Ерөнхийлөгч хариуцна. Одоогийн системээр бол Парламент (УИХ) эрх мэдэлтэй учраас хариуцлага хүлээх болов уу гэтэл 4 жилээ дуусгаад л тараад алга болдог.  Буруутгаад байвал өмнөх засаг руу нь чихчихнэ, эсвэл сөрөг хүчин ажил хийлгэсэнгүй гэнэ, бүр арга ядахад Ерөнхий сайдаар туг тахиад өөрсдөө хариуцлагаас мултарч цэвэр үлдээд, дараагийн 4 жил дахиад сонгогдох гээд ичихгүй үзэж тарна даа. Ингэж л явж ирсэн.
Үндсэн Хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол энэ байдал гинж шиг тасрахгүй үргэлжилнэ. Намууд УИХ-д үзэлцэж олонхи болсон нь Ерөнхий сайдаа томилоод, багийн гишүүдийг нь батлаад, зарим нь давхар дээл өмсөөд, дан дээлтэй нь өөрсдийнхөө хүмүүсийг Засгийн газарт, агентлагуудад, шат шатны төрийн албанд шургуулна. Өөрсдийг нь томилж баталсан УИХ-ын гишүүдийн үгэнд ордоггүй сайд, дарга нар байх уу?
Ингээд л төрийн алба төрлийн алба болдог.

Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол, Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдож, багаа өөрөө бүрдүүлээд ажлаа УИХ-аас нэг их хамаарахгүй биеэ даасан байдлаар явуулж чадна. Хариуцлага дан ганц Ерөнхийлөгчийн толгой дээр бууна. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүмүүсийг Засгийн газарт оруулахыг шахах , тендэр, концесс авах боломжгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгч буюу Засгийн тэргүүнийг УИХ томилоогүй. УИХ дан ганц хуулиа батлах, хэрэгжилтэнд хяналт тавих ажлаа л хийнэ. Ийм болчихвол УИХ руу үхэн хатан зүтгэх бизнесмен ч цөөрнө. Номтойбаяр шиг өөрийнхөө МАК компанид олон тэрбумын өртөгтэй концессийн ажил олж өгөх боломжгүй болох учраас бизнесийнхэн чаддаг юмаа хийдэг болох учиртай. Ер нь УИХ-ыг мөнгөжих, баяжих уурхай гэж хардаг улсууд тийшээ зүглэхээ больж, харин илүү эх оронч, улс орныхоо сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулая гэсэн бодолтой эрдэм номтой хүмүүс нэрээ дэвшүүлдэг болох биз ээ.

Мэдээж улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой гадаад улс оролцсон томоохон асуудлууд дээр Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах эрхгүй бөгөөд заавал УИХ-аар оруулж байж шийддэг байдлаар хуулийн зохицуулалт хийгээд өгчихвөл Ерөнхийлөгч гадныханд худалдагдана гэдэг аюулыг хаагаад өгчих юм. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг утгаараа ингэж зохицуулах нь ч зөв. Дотоод улсынхаа асуудлыг мэдээж Ерөнхийлөгч өөрөө хариуцаж хийнэ. Харин Ерөнхий сайд гэдэг албан тушаал байхгүй болох юм.
Одоо яригдаж байгаа Үндсэн Хуулийн өөрчлөлт дотор ийм санаа байхгүй байгаа учраас өнөөдөр эх хуулиа хөндөх нь дэмий болов уу. Иргэд маань одоогийн засаглал болохгүй байнаа гэдгийг бүр яс махандаа шингэтэл ойлгосон хойноо ийм өөрчлөлт хийх байх. Тэр болтол намуудыг хараасаар, УИХ-ыг зүхсээр, Засгийн газраа муулсаар, албан тушаалтнуудад хахуулиа өгсөөр, шударга ёс гэж орилсоор, улс орноо бар болохгүйг гайхсаар, дийлэнх иргэд нь ядуурч, цөөхөн хэдэн гэр бүл хагартлаа баяжиж байгааг хялайж шогширсоор дахиад олон  арван жилийг ч өнгөрөөж мэднэ. Хэдэн жилийн дараа энэ эрс өөрчлөлт хийгдэж зөв замдаа орохыг бурхан л мэдэх байх. Бурхан гэж байдаг бол шүү дээ. Тэр болтол тэсээд байж дээ. Тэсэх болов уу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө