Яаж хурдан олуулаа болох вэ?

Монголын нэг өрх 2-3 хүүхэдтэй
Бидний улс өсөж хөгжихөд юу саад болж байна гэж асуувал хүн бүр л нэг юм хэлэх байх. Хэлсэн бүрийг давхардуулалгүйгээр жагсаавал овоо урт жагсаалт болно. Хамгийн чухал буюу нөлөөтэй гэж хэлж болох зүйлүүдийн нэг нь хүн хүч. Хүн амын тоо бага бол ажиллах хүч бага байх учраас хүн хүчээр  дутмаг байна гэсэн үг. Хүн ам олонтой улсууд хүн хүчээ сайн ашиглаж эдийн засгаа өндийлгөж чаддагийг Хятад, Энэтхэг зэрэг улс харуулж байна.

Монголын  хүн ам яагаад ийм цөөн байдгийг янз бүрээр л тайлбарлаж болох байх. Тэр шалтгаануудыг одоо тоочоод маргаад байх шаардлагагүй, харин ирээдүйд яаж хурдан өсгөж олшруулах тухайгаа илүү яримаар байгаа юм. Яаж олуулаа болох вэ?
Дэлхийн хэмжээнд өсөн үржихүйн зэрэглэлээр Монгол улс ногоон бүсэд багтаж байна. Ногооноор тэмдэглэгдсэн орнуудад  нэг өрхөд дунджаар  2-3 хүүхэд оногдож байгаа юм. Энэ бол маш бага үзүүлэлт. Улс хөгжчихөөд барууны орнуудад шиг гэр бүлээ, хүүхдээ төлөвлөдөг болчихсондоо биш зүгээр л голдуу эдийн засгийн шалтгаанаар олон хүүхэд төрүүлж өсгөх боломжгүй болсон учраас үр хөндөлтийг замбараагүй олноор хийлгэж, жирэмслэлтээс сэргийлэх элдэв арга их хэрэглэдэг болсоны үр дагавар.

Үндэсний Статистикийн Хорооны  мэдээгээр энэ оны байдлаар ажиллах хүчний тоо 1.4 сая байгаагаас эрэгтэй нь 741 мянга, эмэгтэй нь 628 мянга байна. Нийт хүн амын тоо 3 сая 100 мянга болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын хүн амын 45% нь ажил хийх чадвартай бөгөөд бусад нь баялаг бүтээдэггүй нөхөд байна гэж ойлгож болно. Ийм учраас баялаг бүтээдэг хүний тоог ихээр нэмэх шаардлага байна. Үүнийг зөвхөн хүн амынхаа тоог өсгөж байж л  бий болгох боломжтой.

Яаж хүн амаа өсгөх вэ? Бодлогоор, зорилготой арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж байж төрөлтийг нэмэгдүүлж, хорогдлыг багасгах болно.
1. Үр хөндөлтийг бүрмөсөн хориглох (эхийн амь насанд аюул учруулахаас бусад тохиолдолд зөвшөөрч болохгүй. Тодорхой хугацаа заах хэрэгтэй. 10 жил ч юм уу)
2. Зүй бус хорогдлыг зогсоох арга хэмжээ авах
3. Бусад

1. Үр хөндөлтийг хориглох

Аборт буюу үр хөндөлт бол тун аюултай, эрүүл мэндэд хөнөөлтэй ажилбар. Онцгой нөхцлөөс  бусад тохиолдолд үр хөндөлтийг хориглох нь зүйтэй. Мэдээж хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх сургалт, мэдлэгийг дунд сургуулийн ахлах ангиас эхлэн тусгай программаар хичээл орж заах хэрэгтэй. Тусгай заалт зохих хуулинд нь оруулж хориглох хэрэгтэй. Мэдээж хууль зөрчиж хувиараа гэртээ болон хувийнхаа эмнэлэгт нууцаар ,эсвэл өөр ямар нэгэн байдлаар үр хөндөлт хийсэн бол хатуу хариуцлага оногдуулдаг байхаар хуульчлах  шаардлагатай болно.
Өөрөөр хэлбэл хүсээгүй жирэмслэлтийг зогсоох, үр хөндөхийг онцгой тохиолдлоос бусад нөхцөлд хориглох учраас хүссэн хүсээгүй хүүхдээ төрүүлэх хэрэгтэй болно гэсэн үг.
Хэрэв эцэг эх нь үнэхээр хүсэхгүй байгаа бол хүүхдийг төрсөний дараа улсын асрамжинд авдаг байхаар журамлах нь зүйтэй. Харин жирэмсэн байх үеийн тэтгэмжийг зохих журмын дагуу өгөөд, хүүхдээ гаргасаны дараа тэнхэрч ажил хийх чадвартай болох хүртэл тодорхой хугацааны туршид  бас цалин өгдөг байвал зохино.  Улсын асрамжинд өгөх асуудлыг хуулиар зохицуулалт хийгээд шийдэж болно.

2. Зүй бус хорогдлыг багасгах

Бид малынхаа зүй бус хорогдлын тухай их ярьдаг, харин хүнийхээ зүй бус хорогдлыг тоодог юм уу? Бид нэгэнт хүн болоод төрчихсөн  иргэдээ зүй бусаар, хугацаанаас нь  өмнө нөгөө ертөнц рүү явуулахгүй тулд их ажил хийх хэрэгтэй байна. Насанд хүрсэн, өсвөр насны болон дөнгөж ирж байгаа нялхууд маань биднийг олноороо жил бүр, өдөр болгон орхин одож байна. Бид үүнийг зогсоох ёстой. Бидэнд олдсон энэ алт эрдэнэсээ ингэж золгүй байдлаар болон өөрсдийнхөө арчаагүй, болгоомжгүй байдлаас болж алдаад баймааргүй  байна.  Дараах жагсаалтыг харъя (мэдээлэл, тоо баримтыг Замын Цагдаагийн вэб сайт болон Үндэсний Статистикийн Хорооны тайлангаас авсан) :

- Энэ оны 7-р сард 6700 хүүхэд төрсөнөөс  76 нярай эндсэн байна
- Мөн энэ сард  5 хүртэлх насны 95 хүүхэд янз бүрийн шалтгаанаар хорвоог орхижээ
- Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 7 сард  692 хүн нас баржээ
- Жил бүр зам тээврийн ослоос болж 40-50 хүүхэд нас барж байна (2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд замын осолд орсоны 975 нь нийслэлд гарчээ)
Сая хичээлийн шинэ жил эхэлсэн анхны өдөр 9 сарын 1-нд гэхэд л 4 хүүхэд машинд мөргүүлж гэмтжээ!
- Өнгөрсөн жил гэхэд л зам тээврийн ослоор 98 хүн нас баржээ. Мөн оны эхний 9 сарын байдлаар 45 хүүхэд амиа алдаж 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтжээ! Согтуу жолооч нар үүнд их үүрэг  гүйцэтгэсэн нүгэлтнүүд!
- Өнгөрсөн жил сургуулийн бүсэд гарсан зам тээврийн осолд 456 хүүхэд өртжээ гэсэн мэдээ явж байна

Хурдаа хасах биш ээ! Зогсоод хүүхэд өнгөрүүл! гэж байх ёстой юм
Сургуулийн ойр орчим бүсэд  хурдыг хязгаарласан тэмдэг тавьж , хичээл тарах, орох цагаар замын цагдаа тэнд хяналт тавьдаг байхаар зохицуулах хэрэгтэй байна. Замын цагдаагийн газар олигтой ажиллахгүй байна. Элдэв сургалт, тэмцээн, уриалга, сэрэмжлүүлэг гэх мэтийн чамин юмаар хөөцөлдөхөө больж, газар дээр нь биеэрээ байж ажлаа хийгээч ээ!  Хурд хэтрүүлсэн, гарцаар хүүхдүүд гаргаагүй дайрсан жолооч нарыг эрхийг хасаад эцээхэн торгоод өгөхөд дахиж ингэж сагсуурахаа болино. Мөн согтуу жолоо барьсан этгээдийн эрхийг шууд хасаад олигтойхон торгоод өг л дөө.  Тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч мэтийг хийхээс гадна цагдаа тэнд байнга байлгаж  хяналтаа тавь л даа.
Зам тээврийн осолд өртсөн хмүүсийн 10% нь хөгжлийн бэрхшээлтэй (ажлын чадвараа алдана гэсэн үг) болдог гэсэн байна. Ингээд л олноор нь эсвэл дайрч алаад л, эсвэл тахир дутуу эрэмдэг болгож хаяад байвал яаж олуулаа болох вэ, хэн ажил хийх вэ?


За тэгээд усанд осолдож, гол нууранд живж амь насаа алддаг тохиолдол байнга гардаг. Энэ оны 7-р сард Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 4 иргэн голд живж амиа алджээ.  Хоёр долоо хоногийн дараа мөн аймгийн Алтанбулаг суманд 2 иргэн  нууранд усанд орж байгаад осолдсон байна. Энэ мэтчилэн  2017 оны  эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 28 хүн усанд осолдож нас барсан мэдээ байна. Өнгөрсөн жил лав 7-р сарын байдлаар 17 хүүхэд, 32 насанд хүрсэн том хүн усанд живж амиа алдсан мэдээ оллоо. Он дуустал бас дахиад хичнээн хүн осолдсон юм бүү мэд. Ингээд л хорь, гучаараа, дөчөөрөө хорвоог орхиод явчихдаг юм байна.

Хүүхдүүдийг багаас нь хувиараа болон сургуулийн програмын дагуу усны хичээлээр усанд сэлж сургадаг болгох ажлыг эрчимтэй хийж эхлэхгүй бол болохгүй юм байна. Мөн сэлж чадахгүй л бол гол усанд орохгүй байх тухай ард иргэддээ ямар аргаар ойлгуулбал зохих тухай бодох ёстой юм  байна. Худлаа хоосон сэрэмжлүүлж байна гэдэг мэдээлэл өгөөд нэмэр алга. Цочроо өгтөл нь сурталчилж цацах хэрэгтэй байна.Ингэвэл эцэг эхчүүд хүүхдээ болгоомжлуулдаг болно, өөрсдөө ч айгаад ус руу орохгүй.

За тэгээд иргэдийн болгоомжгүйгээс амь насаа алдах, бэртэх  өөр тохиолдлууд бас олон байнаа. Угаартаж амиа алдаж байна.  Ахуйн элдэв ослоос болж бэртэж гэмтэж байна.
Үндсэний уламжлал нэрийн дор балчир хүүхдүүдийг хурдан морь унуулж амь, биед нь эрсдэл учруулан зугаацаж байна. Энэ тухай би хэд хэдэн удаа бичсэн дээ. Зөндөө хүмүүс шүүмжилдэг боловч өнөө хэр нь өөрчлөгдөөгүй л байна. Энэ жилийн наадмаар нэг хүүхэд унаж бэртээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон тухай хэсэг шуугиад нам болсон. Бас л нэг эрэмдэг иргэн бий болгож байгаа нь тэр дээ. Эрэмдэг болсон хүн нас бие гүйцээд баялаг бүтээж чадах уу? Баялаг бүтээх нь байтугай асаргаа шаардсан, хүний гарт орсон амьтан л болох байх. Бид тэр хүүхдийн амьдралыг баллаж хаяснаа нэг л сайн ухаарахгүй байх шиг.  Өмнөх жилүүдэд хэдэн хүүхдийг цааш нь харуулж, хэдийг насан туршид нь эрэмдэг болголоо? Бас л ухаарахгүй, наадсаар л...
Хүүхдийн амьдралаар наадсан зугаандаа журмын өөрчлөлт хийх болжээ. Нас бие гүйцсэн том хүнээр хурдны морио унуулдаг болгож өөрчлөх хэрэгтэй. Гадаад улсад болоод л байдаг юм билээ, манайд яагаад болохгүй гэж?
Өөр бусад олон шалтгаанаар Монгол хүмүүс хорвоог эрт орхиж байнаа. Ганц жишээ хэлэхэд л , урагшаа Хятад руу машинаар нүүрс тээвэрлэж байгаа залуус маань байнга осолд орж олноороо амь насаа алддаг гэнэ. Зам нь муу, дээрээс нь нойр хоолгүй удаан явдагаас болдог гэнэ. Засаг нь даанч арчаагүйгээс ингэж иргэд маань хохирч байна. Сэргийлж болох юм шүү дээ. Энэ мэтээр тоочоод байвал  зөндөө.

3.Бусад

Албан ёсны гэр бүл боловч хүүхэдгүй буюу эсвэл цөөхөн хүүхэдтэй бол татвар оноох аргыг хэрэглэх хэрэгтэй. Үүний эсрэгээр, олон хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлтийг хүүхдийн тоотой уялдуулан олгодог байх нь зөв. Дэлхийн 2-р дайны дараа Орос, ЗХУ-д хүн амаа өсгөх гэж энэ аргыг олон жил хэрэглэж байжээ. Манай  улсад ч гэсэн социализм байгуулж байх үед гэр бүлгүй, хүүхэдгүй залуучуудаас хүүхэдгүйн татвар гэж цалингаас нь суутгаж авдаг байсан биз дээ?
Хүүхдээ харж, өсгөж хүмүүжүүлэх ээж нарт бас цалин өгөх хэрэгтэй. Тэд чинь улсдаа эрүүл саруул иргэн бэлдэж өгч байгаа утгаараа том бөгөөд хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс. Тийм учраас цалинжуулах  нь зөв. Элдэв өөр зүйлд түүртэж, санхүүгийн тал дээр санаа зоволгүй хүүхдээ өсгөөд өгөх нөхцөлийг нь бүрдүүлж байгаа юм. Төрөлтийг дэмжиж, олуулаа болох бодлогыг хэрэгжүүлэхэд урам түлхэц болгох зорилгоор шинээр төрсөн хүүхдэд өгөх нэг удаагийн урамшуулал, тодорхой нас хүртэл нь улсаас өгдөг тэтгэлэг зэргийг хуульчилж өгөх ёстой.

Дээрх 3 зүйл дээр голлон анхаарч сайн хэрэгжүүлж, ажиллаж чадвал  нэг өрх  6-8 хүүхэдтэй болох боломжтой бөгөөд дээр нь нэмээд элдэв зүй бус хорогдлыг эрс багасгаж чадвал манай орны хүн ам эрчимтэй өсөж богино хугацаанд хүн хүчээ зузаатгах бололцоо бий болно. Мэдээж хүн амын огцом өсөлтийг дагаад шийдвэл зохих олон асуудал гарах бөгөөд тэр бүгдийг урьдчилан харж эртнээс бэлтгэлтэй , тодорхой шийдэлтэй сууж байх хэрэгтэй болно.  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө