Эрэмдэглэсэн хэл яриа

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл...
Д.Нацагдорж


Хамаг юм эндээс л эхэлнэ. Жижигхэн мөртөө энгийн мэт энэ асуудал бол хамаг бүхний эхлэл болой. Юу вэ гэж үү?
Зөв ярих, өөрийгөө цэгцтэй бөгөөд ойлгомжтой илэрхийлэх ур чадварыг багаас нь олгох нь хүний төлөвшил, хүмүүжил, харьцаанд онц сайнаар нөлөөлнө. Ингэж боловсорсон хүн цэгцтэй, хэлж ярих нь хүнд ойлгомжтой, зөв харьцаатай болдог.

Нэг тийм битүү тойрог л яваад байна. Үүнийг л таслах хэрэгтэй. Хаана нь тасалмаар ч юм, гайхаад л байна. Бид хэлдэг дээ, "Буруу ярьж зөв ойлголцдог" гэж. Энэ чинь тэр гажигаа хэлээд байгаа байхгүй юу! Ямар ч эмх замбараа байхгүй, хагас дутуу эрэмдэг үгнүүдийн цуглуулга, дүрмийн хувьд зөв биш нэг тийм баахан үг өөдөөс чулуудчихдаг. Тэрийг нь эвлүүлж нийлүүлээд нэг санаа гаргаж авсаныгаа зөв ойлголоо гэж хэлдэг. Зөв ойлгохгүй байхын аргагүй учир нь тэгж хэлж яриад эрэмдэглээд сурчихсан хэрэг. Багаасаа л энэ арга барилд суралцдаг. Эцэг эх нь, найз нөхөд нь, эргэн тойрныхон нь, багш сургагчид нь бүгд ингэж эрэмдэг ярьдаг учраас хар нялхаасаа л бид чинь энэ эрэмдэг яриаг кодлоод зөв ойлгоод сурчихсан юм.

Жишээ татаж ярихгүй бол уншигчид маань сайн ойлгохгүй байж мэдэх. Хамгийн энгийн нотолгоог  харьцуулалт хийгээд харчихаж болно. Харьцангуй өндөр хөгжил, соёлтой гэгдэх Европын орнуудын хүүхдүүдийн хэлж ярьж байгааг Монгол хүүхдүүдийнхтэй харьцуулаад үзээрэй. Одоо интернэт хаа сайгүй тархсан болохоор энэ харьцуулалтыг олоод харчих баримт зөндөө олдоно.
Гадны хүүхдүүд үгийн баялаг сайтай, түүнийгээ ашиглаад өөрийнхөө санааг хэвлүүхэн илэрхийлж чадаж байхад манай хүүхдүүд яаж ярьж байгааг л харчихаарай.

Бидний хүмүүжлийн, сургалтын арга барил юу билээ?  Мэдээж томчууд өөрсдөө хүүхдийнхээ дэргэд  эмх цэгцгүй, буруу ярьж дасгадаг. Хүүхдээ юм асуухаар төвөгшөөж хариулахгүй үл тоож өнгөрөөх, эсвэл дуугүй бай гэж зандрах, том хүмүүсийн ярианд оролцдоггүй юм гэж сургаальдах, ерөөсөө хүүхэдтэйгээ ярьж хөөрөлдөхгүй харьцахгүй байсаар сургуулийн босго алхуулдаг. Багаасаа нам даруулсан хүүхдийн яриа хэл нь хөгжихгүй, үгийн баялаг муу учраас ганц хоёр үгээр хүнтэй харьцдаг, дээрээс нь бүрэг болдог.
Сургуульд ороод олигтой сайжралыг олохгүй ба үүний шалтгаан нь багаасаа суурь нь тавигдаагүй бөгөөд ангийн хүүхдүүд мөн нэг хэвэнд цутгасан мэт адилхан байхын хажуугаар багшийн хичээл зүтгэл муу байдагтай холбоотой.

Ийм маягаар явсаар дунд боловсролтой болж аваад дараа нь дээд шатны сургууль төгсдөг. Хэдийгээр дээд боловсролтой болсон боловч бид чинь дипломоо хамгаалахдаа элэг хөшиж  ичиж үхмээр ярьдаг нь мөнөөх багын хэл ярианы төлөвшил  тогтоогүйн гай.  Дипломтой хүн маань мэдээж ажилд ороод бусадтай болон олон нийттэй харьцахдаа ярих урлагыг эзэмшээгүйн балгаар элэг доог болох нь элбэг. Ялангуяа энэ байдлыг төр засгийн өндөр албан тушаал хашиж байгаа янз бүрийн шатны дарга нарын мэдээллийн хэрэгслээр, телевиз болон радиогоор өгсөн ярилцлагаас  мэдэрч болно. Тэд бол хэдхэн цээжилсэн үгэн дотроо л эргэлдэнэ шүү дээ. Хэвэнд цутгасан аятай нэг л хэв маягаар, адил үг хэллэг хэрэглэж цээжилсэн шүлэг шиг л ярьдаг улсууд байдаг. Албаны яриа гэдэг гэж байх аа? Телевизээр их гарч ярианыхаа урлагийг гайхуулдаг хүмүүс чинь манай сэтгүүлч, сурвалжлагч нар шүү дээ. Уг нь тэд чинь бас л сургуулийг нь дүүргэж дипломыг нь  өвөртөлсөн улс. Ярилцах гэж ална шүү дээ. Тэр асууж байгаа асуултаас нь шууд харагдана.

За иймэрхүү ярианы урлагтай боловсон хүчнүүд маань  амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болоод  ирэхийн цагт өөрийнхөө хэв маягийг залгамжлагч нартаа уламжлуулна шүү дээ. Хүүхэдтэйгээ ярихгүй, ажиллахгүй байсаар сургуульд тушаана. Ингээд л энэ тойрог тасрахгүй үргэлжилнэ дээ. Үр удамтай болсон залуухан аав ээжүүдийн маань хүүхэддээ хэлж байгаа ганц нэг үг нь хүн ойлгоход хэцүү сонин хэллэг байдаг. Яахав дээ, нөгөө муухай амьтнаа эрхлүүлээд эгдүү хүрч байж ядахдаа  хэлээ хазаж хэлсэн үг яриа нь   харь аялгатай хачин дуудлагатай үг болж хувирахгүй юу даа! Юун зөв ярьж сургах! Харин ч бүр эсрэгээрээ гуйвуулж байгаа аятай.  Хөөрхөн гэж хэлэхгүй хөөлхөн гэдэг бол энгийн нэг жишээ. Уг нь хүүхэдтэйгээ гэдсэнд байхад нь ярьж байвал сайн гэж эрдэмтэд бичсэн байдаг. Хүүхэд ээж аавынхаа дууг таньж, яриаг нь ойлгодог гэсэн байна билээ. Харин бид чинь тэгэх нь байтугай төрсөнийх нь дараа хачин сонин дуудлагатай үг хэллэг хэрэглэж хүүхдээ "алдаг."

Энэ битүү тойргийг л таслах хэрэгтэй байна. Харин яаж?  Миниийхээр бол буруу зуршилтай ээж аавуудтай яриад нэмэргүй байх. Харин бага, дунд, дээд боловсролын шатанд л хэл ярианы урлагыг, илтгэх урлагийг, ярих чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр тусгайлан хичээл ордог болгох хэрэгтэй болов уу.  Бусадтай зөв харьцах, өөрийгөө зөв ойлгомжтой илэрхийлэх урлагаас гадна хүүхэддээ яаж зөв зуршил эзэмшүүлэх, зөв ярьж сургах тухай энэ  программаар  заадаг байх хэрэгтэй. Ингэж боловсорсон хүн удам залгагчаа зөв ярьж сургаж чадах ба ингэснээр энэ битүү тойрог тасарч бүх юм зөв  журмандаа орох ёстой.
Хүүхэдтэйгээ багаас нь тоож харьцдаг, ярьдаг, зааж сургадаг бол хүүхэд нийтэч болохоос гадна нүүрэмгий, ярьж хөөрөхдөө цэцэн цэлмэг болно. Ийм хүүхэд сургуульд орсон хойноо ч ичиж зовохгүй нүүрэмгий, идэвхтэй, сурч боловсрох  дур сонирхолтой болдог. Харин ингэж өсөж хүмүүжсэн хүүхдийг цааш нь улам сайн хөгжүүлэхийн тулд багш нар нь мөн шаардлага хангасан байх ёстой болно.Ийм учраас багш нарыг бэлтгэдэг сургууль энэ тал дээр анхаарч чанарын эрс өөрчлөлт бий болгох шаардлагатай  байна.

Ер нь  бүрэг дорой, ноомой даруу байна гэдэг бол өнөө цагт нэг их хүсээд байх зан чанар биш. Хэн идэвхтэй, хэл яриа сайтай нь бусдыгаа манлайлж, итгүүлж, санасан  ажлаа бүтээж чадах нь илүү байна.  Мэдээж зөв ярьж, санаагаа ойлгомжтой илэрхийлж чаддаг хүн бичгийнхээ хэлэнд бас сайн байх  нь ойлгомжтой. Ярианы хэлэнд сайн хүн бичиг төлөвлөх, захиа, илтгэл бичих зэрэгт  түүртэхгүй гэсэн үг.
Эрэмдэглэсэн хэл яриагаа засаж, зөв болгохгүй бол болохгүй нь ээ. Буруу хазгай ярихаас гадна буруу алдаатай бичдэг явдал түгээмэл боллоо. Ярианыхаа дуудлагаар галиглаж бичсэн гаж бичлэгүүд олширлоо. Явж байна гэхийг явжийн гэж бичдэг болоод удаж байна. Энэ гажиг дасал болсоор яваандаа зуршил болох бололтой. Албан бичгийг  ч алдаатай биччихээд тоохоо байж.
Монголчууд минь,  төрөлх хэлээрээ зөв ярьж, зөв бичдэг болохгүй бол зэрэмдэглэгдсэн хэл нэг өдөр ориг юм шиг болчихсон байх вий. Хэлний эрдэмтэн мэргэд энэ талаар дуугарч хүй хаая гэхгүй таг л байх юм даа. Хатуу зөөлний тэмдгээр оролдсон шиг л суух бололтой. Тэрнээс чинь чухал зүйл орхигдоод, хэл ярианы хэрэг чинь  буруу жишиг голдрил руугаа орчихоод байгааг мэдмээр л юм. Хэлье гэж бодож явсан зүйлээ хэлэв, би.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө