Гадаад нэр өгдөг солиорол газар авчээ

Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн асан Ж.Октябрь тэр жил "Гадаад нэр хаягаар "гангарсан"  Монгол" нэртэй нийтлэл бичсэн билээ.  Монголд, ялангуяа хот суурин газруудад ажил үйлчилгээ эрхэлдэг элдэв төрлийн үйлчилгээний байгууллагууд, хороолол хотхонуудын дийлэнх нь гадаад нэртэй болжээ. Хэтрүүлэлгүй  хэлэхэд бид "Монголоо алдаж байна" гэхэд болно. За тэр хоолны газрууд , дэлгүүрүүдийн хаягжилтийн талаар талийгаач тэр нийтлэлдээ хангалттай жишээ авч бичсэн байсан. Зургаан дүүргийн 700 хоолны газруудын 60% буюу 5 газар дутмын 3 нь гадаад нэртэй байсан гээд бодоход аймаар байгаа биз?
(уг нийтлэлийг энд дарж уншаарай)

CRYSTAL town

Өнөө цагт УБ хотод шинэ хорооллууд сүндэрлэж , олон хотхонууд бий болж байна. Харамсалтай нь нэр өгөхдөө бас л элдэв чамин гадаад нэр сонгодог солиорол арилаагүй хэвээрээ  байна. Ёстой Октябрь агсаны хэлдгээр бид чинь англи ч юм уу гадаад  улсын колони байгаагүй л санагдах юм.  Гэтэл үгүй юм аа. Жинхэнээсээ  солиорцгоож   байна. Байшин сууцны хувьд  гоё ганган нэрээр уралдах биш харин чанар үзэмжээр уралддаг баймаар. Хэдэн жишээ дурдая:

Emerald residence хороолол
Crystal town (Баянзүрх дүүрэгт),
Marshall town,
Japan town, 
Green Villa,
Golden Villa,
Crystal town,
Viva city хороолол (Яармагт),  
Golden Park, 
Royal Castle ,
Deluxe Marshal Village хотхон (Хан Уул дүүрэгт)   
King Tower apartment, 
Tuul garden хотхон
Encanto town

Монгол гэж цээжээ дэлдэх боловч Монгол нэр өгч чадахаа байтлаа  тураалдаа орсон манай бизнес эрхлэгчид жаахан юм бодно байгаа! Энэ арай хэтэрч байна шүү!  Өнөө Монгол гэдэг бахархал хаачсан бэ? Бид чинь өөрийн хэл бичигтэй улс гэдгээ мартаа юу? Гадны жуулчид , дайран өнгөрөгчид энэ бүгдийг хараад юу гэж бодохийг төсөөл дөө. Гадаад хэл ус мэдэхгүй (мэдэх албагүй бөгөөд шаардлагагүй) иргэд маань яаж уншиж ойлгох болж байна? Настангууд маань хэл хугалах гэсэн энэ хачин дуудлагатай харь нэрсийг дуудах гэж ядахдаа дэмий л бухимдах.
Нэг л их англи хэл мэддэг, англиар бичмэр аядаж "гангарсан" хоосон толгойнууд. Манайх шиг ингэж эх хэлээ гадны хэлд "дарлуулсан" улс орон гэж байдаг болов уу?  Бас болоогүй буруу зөрүү бичихийг яана.

Silk Road Bar and Grill (ганц ч Монгол үг үсэг, нэр энд алга)

Иймэрхүү харь нэртэй газруудыг бүртгэж авдаг улсын бүртгэлийн байгууллагын мөрддөг дүрэм журманд нь өөрчлөлт оруулахгүй бол энэ гажуудал газар авах нь. Хэдэн жилийн дараа гадаад оронд яваа юм шиг санагддаг  болоход   ойрхон байна.  Хууль журам тогтоогчид, эрх мэдэлтнүүд энэ тал дээр тусгайлан анхаарах цаг болжээ. Элдэв нэр оноохдоо  зөвхөн Монгол нэр, үг ашигладаг байх журам тогтоох хэрэгтэй байна. Үйлчилгээний нэр төрөл, онцлогтой уялдаагүй л бол элдэв чамирхаж өгсөн гадаад нэрийг солиулах нь зүйтэй. Ялангуяа хороолол, хотхонуудад өгсөн нэрс бол бүгд Монгол байх шаардлагатай.  Адаглаад Монгол хүн бүр, хэлтэй хэлгүйгээс үл хамаараад, хаана ямар нэртэй газар, хороололд, хотхонд байгаагаа мэддэг, хэлж чаддаг байх нь чухал. Энэ бол тоглоом биш. Монголоороо байцгаая!  Монгол хэлээрээ бахархая! 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө