Дундад Азийн хоньч нохой ба МНСХ

Среднеазиатская овчарка буюу манайхны "Дундад Ази"  хэмээн нэрлэдэг  үүлдрийн нохойг тэжээж үржүүлдэг газруудыг сурвалжилж танилцуулсан 25-р телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийг  үзлээ. Эхнийх нь газар "Рояал Ази" , дараагийнх нь "Уугуул чанар" хэмээх нохой үржүүлгийн газар байна.  Айл хэсэж "хоног төөрүүлдэг" Уламбаяр маань  үүнээс  өмнө Наранбат хэмээх нохой сонирхогчийнд  бас очиж хоножээ. Гурван газар очиж хонохдоо 3 нохой  (бүгд Дундад Ази үүлдэр)  бэлгэнд авсан  азтай  дамшиг. :)



Бидний нэрлэж байгаагаар "Дундад Азийн хоньч нохой" хэмээх энэ үүлдэр бол өөр хэд   хэдэн үүлдрүүдийн дундаас үржүүлгийн аргаар  гаргаж авсан зохиомол үүлдэр биш  харин маш эртний анхдагч үүлдэр юм байна.  Олон Улсын  Кинологийн Холбооны (ОУКХ) бүртгэлд 335 дугаарт  стандарттай бөгөөд Орос улсын нэр дээр бүртгэгдсэн нохой аж.  Англиар Central Asia Shepherd dog гэж бичигдсэн байна. Монголоор "Дундад Ази" гэж орчуулах нь харин хэр зөв юм бол гэж. Үүний оронд  "Төв Азийн хоньч нохой" гэвэл яасан юм?  Уг гарал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн бүсийг (Туркменистан, Узбекистан, Казахстан)  багтаасан өргөн уудам газар нутаг юм байна.
Туркменистанд "чонын эрлэг"  нэрээр алдаршсан, Узбекистанд "Алабай" гэдэг, Казахстанд "Тобет" гэж нэрлэгддэг юм байна.



ОУКХ-ны  танилцуулга дээр энэ үүлдрийг Монголын хоньч нохой (Банхарыг хэлж байна. зох) болон Түвдийн Мастифтай их ойролцоо төрөл болох  эртний үүлдрүүдээс үүсэлтэй гэж  бичсэн байна.

Монголын хоньч нохойг дурджээ

Сүүлийн үед нохойны чих болон сүүлийг гадаад үзэмжийг өөрчлөх зориулалтаар тайрч засахыг  болиулах  бодлогыг ОУКХ-ноос  явуулж байгаа. Зарим үүлдэр дээр бүр стандартанд нь өөрчлөлт оруулж албан ёсоор хориглосон байна. Жишээлбэл, Доберман үүлдрийн хувьд чихийг нь засаж  босоо буюу соотон болгох, сүүлийг нь тайрахыг стандарт бус гэж 2016 оны 8 сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр болсон байна.
Төв Азийн хоньч энэ үүлдрийн хувьд чих, сүүлний заслыг стандартаар хориглоогүй боловч байгалийнхаараа буюу төрөлхийн ямар байх ёстойг зааж өгсөн. Иймэрхүү мэс заслыг хуулиар хориглоогүй газар болон  уугуул нутагт нь энэ ажилбарыг хийсэн хэвээр байгааг мөн дурдсан байна.
Сүүлний  стандарт

Чихний стандарт


Яваандаа энэ стандартанд ч мөн өөрчлөлт оруулж, чих ба сүүлийг нь тайрч засахыг хориглох биз ээ. Нохойд хайртай олон хүн энэ ажилбарыг хийхээ аль хэдийн больж, зарим улсад хуулиар хориглосон  байдаг.



Дээрх нэвтрүүлэг дээр хөндөгдсөн нэг асуудал бол Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд нохойгоо оролцуулах тухай юм. 2016 оны 6 сарын 23-26-нд Москвад болох Дэлхийн шилдгийг шалгаруулах тэмцээнд (World Dog Show) 2 ч нохой оролцуулах гэж байгаа тухай нэг нөхөр ярих шиг болсон.  
Манайх ингэхэд ОУКХ-ны гишүүн бил үү? ОУКХ-ны тэмцээнд оролцохын тулд Монгол улс гишүүн болсон байх шаардлагатай. 2 янзын гишүүнчлэл байна:
- Жинхэнэ гишүүн (бүрэн эрхт гишүүн)
- Дэд гишүүн (саналын эрхгүй)
- Гэрээт түнш

Мөн ОУКХ-ноос зохиож буй аливаа олон улсын тэмцээнд оролцож буй нохойд тавигдах шаардлага гэж байна:
- ОУКХ-ноос хүлээн зөвшөөрөгдсөн үүлдэр байх
- ОУКХ-ноос батламжилж бүртгэгдсэн  үржлийн (удмын) дэвтэртэй байх
- Цэвэр цусны байх (дор хаяж өмнөх 3 үеэрээ  цэвэр цусных гэж дэвтэртээ бичигдсэн)
Тухайн тэмцээнд оролцогч нохойны угийн бичиг буюу удмын дэвтэр нь ОУКХ-д бүртгэгдсэн байх ёстой.  Мөн тухайн нохойны Кеннел буюу үржлийн газар тус холбоонд бүртгэгдсэн байна. Энэ бүх үйл ажиллагаа зөвхөн ОУКХ-ны гишүүн болсон тухайн улсын (жишээ нь, Монголын) үндэсний  хуулийн этгээдээр дамжиж явагдах боломжтой.  Энэ хуулийн этгээд нь манай улсын хувьд Монголын Нохой Судлалын (Кинологийн) Холбоо байх юм уу даа. Гэвч дээр хэлсэнчлэн  Монгол улс ОУКХ-нд элсээгүй учраас аливаа олон улсын тэмцээнд оролцох боломжгүй юм. 
УИХ-ын гишүүн С.Баярцогт  нөгөө алдарт оффшор дансаа "Хятадын Монгол" гэсэн хаягаар нээлгэсэн шиг бид нохойгоо "Оросын Монгол" гэдэг нэрээр оролцуулах гээгүй л юм бол бид тэр Дэлхийн аваргад оролцох боломж байхгүй. Гишүүн болоход бас тийм амаргүй, шат дамжлагатай, бас хугацаа шаардагдана. 


Дээрх зургаас харвал  ихэнх Африкийн улсууд, Хойд Америк тэр чигээрээ, Өмнөд Азиас Камбож, Мянмар, Лаос, Бангладеш болон Өмнөд Солонгос, Монгол улсууд  ОУКХ-нд элсээгүй (цагаанаар тэмдэглэгдсэн) байна. Европоос ганцхан Их Британи  "цайрч"  харагдана.
АНУ, Канад, Их Британи улсууд "ихэмсэг зан" нь дийлээд олон улсын хамтын нийгэмлэгт элсэхгүй, харин тусдаа бие даан "тусгаар тогтнож" байгаа нь тэр биз дээ. 

Энэ далимд хөндөхгүй  орхиж боломгүй нэг ноцтой асуудал бол нохойн зодооны тухай юм. Хэрвээ бид дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болж явах сонирхолтой байгаа бол нохой зодолдуулж зугаацдаг зэрлэг зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ үйлдлийг жигшээх бодлогыг нохой сонирхогч, тэжээгч бүхэн, түүний дотор албан ёсны нохой үржүүлэгч газрууд  идэвхтэй баримталж сурталчлах шаардлагатай байна. Ингэхийн оронд харин нохойн зодооныг зохион байгуулж, сурталчилж байгаа нь маш хэрцгий, зохисгүй үйлдэл юм. Ийм улсыг ОУКХ гишүүнээрээ элсүүлж авна гэж горьдохын ч хэрэггүй. ОУКХ-ны дүрмийн 2-р зүйл буюу Зорилго гэсэн хэсэгт "Нохойд элэгтэй бүгдийн болон нохойны сайн сайхны төлөө байж, дэмжиж сурталчлах зорилготой" гэсэн байдаг. Бид нохойдоо хайртай гэх боловч хооронд нь зодолдуулж, цус нөжтэй нь холилдуулж, бие эрхтэнд нь гэмтэл учруулж байгаа нь  яавч нохойндоо энэрэнгүй хандаж   байгаа явдал  биш юм.  Мөн энэ зэрлэг үйл ажиллагааг зохион байгуулж олон нийтэд үзүүлж  байгаа нь бидний өсвөр ирээдүй болсон хүүхэд багачуудад хүчирхийллийг сурталчилж  байгаа хэрэг мөн. Энэ бүхэн нь  мэдээж ОУКХ-ны зарчимд болон өөрийн улсын тодорхой хууль тогтоомжид нийцэхгүй байгаа  нь ойлгомжтой. Гэвч манай эрх мэдэлтнүүд, хууль тогтоогчид хараагүй, дуулаагүй юм шиг  дүлий дүмбэ оргисон хэвээр. (ОУКХ-ны Дүрэмтэй  ийшээ орж  танилцаарай.)

Манайхан нохойны тодорхой үүлдрийн төрөлжсөн үржүүлгийн газруудтай (кеннел) болж байгаа нь сайн хэрэг. Монголын Нохой Судлалын Холбооны (МНСХ) сайт руу ороход дутуу дулмаг зүйл их байна. Бодвол өнөөг хүртэл нэг сайн жигдрээгүй байгаа бололтой. Веб сайт бүрэн ажиллаж эхлээгүй байна гэсэн бичжээ.  (МНСХ-ны вэб сайт ). Хэрэв бид бүх зүйлийг ном ёсны  дагуу явуулж, дэлхийд бүртгэлтэй болж, бусадтай хамтран ажиллая гэж байгаа бол  ажлаа цэгцэлж янзлах цаг болжээ.  Дотооддоо хэдэн нохойгоо хооронд нь өрсөлдүүлж, бие биенийгээ ээлжлэн "аварга" болгож цомоор шагнаад явж болж байна. Гэвч бид гадаад харилцаагүй, дэлхийгээс тусгаарлагдмал байгаад байвал  утга алга. Нохой үржүүлэгч хэн ч гэсэн "уясан морио" дэлхийд уралдуулж үзэх сонирхолтой байгаа. Тэгвэл бид ОУКХ-нд элсэж орохгүй л бол энэ бүхэн хоосон мөрөөдөл  болж үлдэх юм.

Нохой үржүүлэгч болон нохой судлалтай холбоотой аливаа ажил эрхлэгч (сонирхлоороо болон сонгуулиар) хэн ч гэсэн тогтсон нэг "хэлээр" ярьж ойлголцож, ойлгуулж хэвшмээр байна. Мэргэжлийн хэллэг гэх юм уу даа. Дээрх нэвтрүүлгүүдээс харж байхад оролцогч хүмүүс  маань нохойныхоо тухай тодорхой сайн ярьж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Мөн хэрэглэж байгаа үг хэллэг нь ч бас буруу зөрүү юм байна. Мал амьтны зүсийг "өнгө" гэж хэлдэггүй. Бид энэ тал дээр баялаг үг хэллэгтэй ард түмэн. Тийм зүсний мал амьтан гэж ярихаас биш тийм өнгийн гэж  хэлдэггүй. Мөн эрийг нь "хээлтүүлэгч" гэхээс биш "бух нохой" гэхчлэн нэрлэх  нь зохимжгүй юм. Бух гэдэг нь үхэр малын хээлтүүлэгч билээ. Үүнийг нохойд хэрэглэх нь утгагүй бөгөөд инээдтэй хэрэг. Адуунд бол "азарга" гэдэг биз дээ?  Тэгвэл яагаад "азарга нохой" гэж хэлэхгүй байгаа юм? Эсвэл "буур нохой", "ухна нохой", "хуц нохой" гэдэг ч юм уу? Маш  буруу томъёолол!  Адаглаад "азарган чоно" гэдэг шиг "азарган нохой" гэвэл бас арай дээр. Тогтсон  зохимжтой хэллэгүүд хэрэглэж занших нь нохой сонирхогч хэн бүхний эрхэм үүрэг гэхэд болно. Энэ бол Монголын НСХ-ны хийх ажлын нэг. 

Хэл яриагаа нэгтгэх, бүтцийн хувьд эмх цэгцтэй зохион байгуулалтанд орж, албан ёсоор улсаа төлөөлж ОУКХ-нд бүртгүүлэх нь МНСХ-ны нэн тэргүүний хийх ажил юм шиг санагдана.  ОУКХ-ны гишүүн улс болгон нутаг дээрээ олон улсын тэмцээн зохион байгуулах эрх үүрэг хүлээдэг учраас мэргэжлийн шүүгч сургаж бэлдэх, хүмүүсээ сургах гээд мундахгүй их ажилтай болно гэсэн үг. Тэр цагт "Рояал Ази" ч юм уу,  "Уугуул чанар" нэрээр овоглосон нохойнууд өөрсдийн төрөлд дэлхийд өрсөлдөж нэрээ гаргах боломж бүрдэх юм аа. Хэрэв бид ОУКХ-ны гишүүн болох юм бол хүссэн хүсээгүй нохой зодолдуулдаг энэ гаж зуршлаасаа салах л хэрэгтэй болно. Харин үүний оронд нохойгоо өөр олон авъяас, чадвараар өрсөлдүүлж уралдуулж сурах болно. Эдгээрээс гадна бас нэг чухал ажил бол  Монгол хоточ нохойгоо (Банхар) албан ёсны үүлдэр гэж бүртгүүлж баталгаажуулах асуудал. Хийх юм мөн ч их байна даа. 

Comments

  1. Сайн байна уу?
    Сайхан нийтлэл бичсэн байна танд баярлалаа.
    Одоогоор Монголд маань бүх үүлдрийн хоёр нохойн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр холбоо маань дэлхийн нохойн холбоонд нэгдэхийг хүссэн албан бичгээ ном дүрмийн дагуу явуулсан бөгөөд холбогдох хүмүүстээ ч холбоо харилцаатай байгаа. Ер нь бол хэзээ нэг өдөр манай улс дэлхийн нохойн холбоонд нэгдэх нь тодорхой юм. 2016 онд манай Рояал-Ази Монголоо төлөөлж дэлхийн аваргад орохгүй ч Орос улсаас импортоор авсан гөлөгнүүдээ бэлдэн оруулж нохой сонирхогч хувь хүнийхээ мөрөөдлийг биелүүлэх юм.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө