Буурал найрагч маань буруу ярьж байна

Б.Лхагвасүрэн
Бавуугийн Лхагвасүрэн хэмээх  энэ эрхэм буурлыг  танихгүй, мэдэхгүй хүн Монголд үгүй. Буурал зохиолч, яруу найрагч маань Төрийн дээдсүүдэд хаягласан ил захидал бичжээ.  "Даанч дээ!" гэсэн цөхрөл, бухимдал ийнхүү захиа бичихэд хүргэжээ. Тэрээр мөн бухимдсан ард олныгоо  төлөөлж энэ захидлыг илгээсэн гэж ойлгож  байна. Төрийн дээдсүүдэд  хэмээн олон тоон дээр хаягласан болохоор хариу бичих хүн олдохгүй биз ээ. Зүй нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд танаа гээд тодорхой хаягласан бол тэр гурав гурвуулаа байг гэхэд ядаж нэг нь хариу бичих ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Ер нь тэгээд тэднээс ямар ч хариу ирэх юм! Тэд юу ч гэж бичих юм! Бидний байдал тодорхой. Хүн бүр л мэдэж буй. Харин гарц нь юу вэ? Зөв гарцаа олоод тэр зүг рүүгээ эргэлт буцалтгүй, эргэж шарвалгүй явах л чухал байна. Энэ зөв гарцын тухай асуудал маш чухал учраас олноороо ноцтой , суурьтай хэлэлцэх нь зүйтэй. Хэлэлцэх боломж, аргыг олох  болон хэлэлцүүлгийг зохион байгуулах , үр дүнг нь хэрэгжүүлэх ажлыг гардах хүн, хүчин үгүйлэгдээд байна. Өөрөөр хэлбэл, иргэд маань "жолоодогч" хүлээгээд хөдлөхгүй, хий дэмий дор дороо бухимдах  аж. За, энэ өөрөө тусдаа сэдэв болох учраас ингэсгээд орхисугай. Харин энэ захидлын эзэн буурал найрагчаа жаахан "ноолоё."

 Асуудал дэвшүүлж, хөндөж, хэлэлцүүлэхээсээ илүүтэйгээр элдэв шуугиан сенсаацыг шүүрэн авч ашиглан сэдвээ болгон шоуддаг Мөнхбаясгалан хэмээх "шүүр унахыг мөрөөддөг" эмэгтэйн хөтөлдөг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт  өвгөн найрагч маань оролцжээ. Мэдээж найрагчийн маань захиа шуугиан тарьсан болохоор  "Цензургүй яриа"-нд "дуудагдсан"  нь тэр.

Нэвтрүүлгийг хөтлөгч эмэгтэйн элдэв "хатгасан" асуултууд болон "хов жив"-ийн тухай энд ярихгүй. Харин ардын уран зохиолчийн   маань энэ нэвтрүүлэг дээр хэлсэн  зарим үгтэй холбоотой   тайлбар хийе. Ард түмний хайртай найрагч маань эрхбиш хүн л юм болохоор бүгдийг зөв ойлгож, зөв мэднэ гэж байхгүй л дээ. Хүн л юм болохоор буруу ойлгоно, ярина. Төгс хүн гэж хаана ч байхгүй.  "Та улс төрчдөөс хэнийг их хүндэлдэг вэ?" гэсэн хөтлөгчийн асуултанд найрагч маань, "Би Нямдоржид хайртай" гэлээ. "Хүний хувьд их сайн,  нэг зангаараа, ховорхон хүн" гэж байна.

 Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэдэг хүн ямар хүн бэ?  Үнэхээр найрагчийн маань хэлсэнчлэн "ховорхон сайн хүн" мөн үү? Лхагвасүрэн найрагч маань Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүний хувьд дотно найз нөхөр байж болох. Тэр утгаараа бие биенээ харилцан магталцах нь зүй ёсны хэрэг. Харин улс төрчийн хувьд бол тэр хүн "ховор сайн" хүн биш ээ. Найрагч маань Нямдорж гишүүний улс төрчийн "паянг" мэддэг л байх. Найрагч буурал маань миний ойлгосоноор эх орондоо хайртай, эх оронч хүн. Тэгвэл "эх оронч" хүн "эх оронч бус" үйлдлийг таашаадаг байж таарахгүй.  Нямдоржийн хятадын тагнуулын байгууллагын хүмүүст үйлчилж, тэднээс мөнгө авч, тэдний зардлаар урагшаа "зугаалж", тэдний мөнгөөр авгайдаа бэлэг сэлт авч, согтож бөөлжитлөө идэж ууж явсан тухай манай Тагнуулын албаныханы цуглуулсан баримтууд байдаг. Энэ тухай дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар орж үзнэ үү:

1-р хэсэг,  2-р хэсэг,  3-р хэсэг,  4-р хэсэг

Сайд байхдаа гадны төрд мэдээлэл өгч байсан хүн "ховор сайн хүн" байж таарахгүй. Түүнээс гадна УИХ-ын дарга хийж байхдаа дураараа (!) хуульд засвар өөрчлөлт оруулж байсан хэргээр огцорч байсан этгээд. Энэ бол байж болшгүй үйлдэл. Хэрэв хуульт ёс хөгжсөн гадаад улсад ийм хэрэг гарсан бол тэр хүн өдийд юун парламентын гишүүн хэвээрээ сууж байх вэ, аль хэдийн "ичихдээ" эгэл олны дунд "далд ороод" алга болсон байгаа. Гэвч манай "ховор хүнд" ичих булчирхай сайн хөгжөөгүй нь илт. Тэрээр зарим дэмжигчдээсээ "шударга хүн" гэдэг цол авчихаад, түүндээ итгэчихсэн  хаа хамаагүй "бурдаг" хүн. Женко Баттулгыг гадны компанитай хуурамч гэрээ байгуулсан гэж гүтгэсэн учраас шүүхээр ороод буруутгагдсан "ховор хүн" маань Баттулгаас уучлалт гуй гэсэн шүүхийн шийдвэрийг "нулимчихаад" л явж байгаа. Өнөөг хүртэл хэвлэл мэдээллээр албан ёсоор уучлалт гуйсан мэдэгдэл нь гараагүй л байгаа. Гарах ч үгүй биз. Ингэж төрийн шийдвэрийг үл хэрэгсдэг хүн өөрөө төр түшээд сууж байгаа нь манай өнөөгийн нийгмийн хошин шог. Шүүх төрийн өмнөөс шийдвэр гаргадаг байх аа? Нямдоржийг хууль зүйн сайд байх он жилүүдэд Монгол улс "шоронжсон" орон болсон гэдэг яриа бий. Олны яриа ортой гэдгийг өвгөн буурал өөрөө хэлдэг биз дээ? Тэгвэл энэ яриа бас оргүй үг биш байгаа биз?
Хамгийн гол нь энэ бүхнийг найрагч маань мэдээгүй, дуулаагүй байна гэж баймааргүй. Гэвч энэ бүхэн Ц.Нямдоржийг "ховор хүн" гэж тодорхойлоход огт ч саад болоогүй бололтой. Найз  нөхрийн маш дотны харьцаа байгаа учраас  буурал найрагч маань найзыгаа магтжээ гэдгээс өөр  тайлбар алга даа. Хоёр хүний найзын харьцаа мань мэтэд юуны хамаа. Найрагчийн маань хувьд найз нөхрийн зан чанар, эх оронч зан чанараас илүү жин дардаг гэж л харж байна даа. Харамсалтай.

Буурал маань бас С.Баярыг "энэ цагийн ихэмсэг улс төрч" гэж тодорхойлоод, хүндэтгэж явдаг гэлээ. Энэ  үнэлээд байгаа хүн нь харин хэр зэрэг улс төрч вэ гэдэг тухай өгүүлье.  Найрагч маань  "Аливаа зөв, буруу бүхэн хариуцах эзнээ нэхдэг" гэж онож хэлжээ. Тэгвэл 2008 оны  7 сарын 1-ний хэрэг хариуцах эзнээ нэхсээр л байгаа. Үйл явдал яаж өрнөсөнийг иргэд маань мэдэж байгаа.

Буурал гуайн хэлсэнээр, "...намын буулган дор хөллөгдсөн түүчээ" болсон С.Баяр тэр жилийн сонгуулийн өмнө "ямар ч үнээр хамаагүй"  намаа ялалтанд хүргэнэ гэж амалсан ёсоороо их өндөр үнээр засгийн эрх авч байсан хүн. Ямар үнэ төлсөнийг тоочих уу?
- 5 хүний алтан амь
- Хүн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр амласан нь  эдийн засгийг туйлдуулж, хожмын муу үр дагавар үүсэх  нөхцлийг бий болгосон (сүүлдээ мөнгө олохын тулд хятадын Чалко компаниас нүүрсээрээ барьцаалж мөнгө зээлдсэн болон энэ төлж дуусаагүй өр нь дараа нь Таван Толгойн ордыг эргэлтэнд оруулахад "гай" болсон гэх мэтээр )
Зээлсэн мөнгөө  хятадын талд маш ашигтай (зээл авахын тулд тэдэнд ашигтай нөхцлийг зөвшөөрөхөөс аргагүйд хүрээ биз дээ) гэрээний дагуу  нүүрсээрээ төлөөд дуусдаг юм аа гэхэд 5 сайхан Монгол хүний амийг юугаар "төлөх" билээ? Тэр үед Ерөнхий сайд байсан (сонгуулийн дараа мөн үргэлжлүүлж хийсэн) С.Баяр хүчний байгууллагыг хариуцдаг байсныхаа хувьд цагдаа нарын 5 хүн алсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Улс төрийн хариуцлага. Суудлаа өгөөд Монголын улс төрөөс зайлах ёстой байсан юм, уг нь.  Мэдээж С.Баяр тэр 5 хүнийг мөнөөх үймээний үеэр буудаж алаагүй, мөн үүнтэй адил Солонгосын Ерөнхий сайд 2014 онд усан онгоцонд явсан хүмүүсээс 200 гаруй хүн живж үхэхэд мөнөөх онгоцыг жолоодож яваагүй. Гэвч Солонгосын Ерөнхий сайд энэ хэргийн улмаас хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх өргөдөл өгч байхад, Монголын Ерөнхий сайд огцрох нь байтугай намынхаа байрыг шатаасанд ихээр өсөрхөж, үймээнд оролцсон оролцоогүй хамаагүй баахан залуусыг хоморголон бариулж, шүүхээр оруулан яллаж, нийгмийг айлган түгшээж эрх дархаараа гайхуулж байв даа. Энэ С.Баяр гээч хүн ийм л "совесть"-той хүн.

Тэр хүний гарал  үүсгэл нь Лхагвасүрэн гуайн хэлсэнээр "элит" байна уу, "эгэл" байна уу хамаагүй, хамгийн гол нь тэр хүнд "хүн чанар", "ёс суртахуун", "улс төрийн соёл" байна уу гэдэг л чухал. Ямар хүн бэ гэдгээ тэрээр өөрийнхөө үйлдлээр нотолсон билээ.  (Элит гэхээрээ их л онцгой ховор гарал болох юм биз дээ. ) "Нэг хүний амь насны төлөө албан тушаалаа өгч чадах сэтгэлтэй" байх нь байтугай тавын таван хүний амийг өөрийнх нь шууд мэдэлд байдаг цагдаагийнхан егүүтгэчихээд байхад ичихгүй албан тушаалдаа суугаад байдаг тэр С.Баяр гэдэг хүн буурал найрагчийн "хайрыг" яагаад татдаг учрыг ойлгох ухаан хүрэхгүй  нь. Ийм хүнийг  "тахин шүтэж" байгаа буурлаа сонсоод өрөвдөх шиг. Ард иргэдийнхээ аюулгүй энх амгалан аж төрөх нөхцлийг хангах үүргээ биелүүлж чадаагүй  алдаа хийсэн Ерөнхий сайд Баярт тэгвэл буурал найрагчийн маань Солонгосын ерөнхий сайд Чон Хон Вон-д "олгосон" эх оронч цол биш харин эсрэгээр "эх оронч бус" буюу "бэртэгчин" цол олгох нь зүйтэй мэт.  Харин  энэ "эх оронч бус" хүн өвгөн  найрагчийн хүндэтгэлийг хүлээдэг учир шалтгаан нь хамгийн хэцүү оньсогыг таахаас ч хүнд бололтой.  Таны биширдэг тэр "ихэмсэг" нөхөр чинь таны бичсэнлэн "Дэлхийд гайхагдсан Монгол цус"-ыг ихээр нь урсгачихаад огтхон ч үл харамсан (худлаа манжлахыг мэдээж чадалгүй дээ) , "ялгуусан" намаа удирдан жолоодсоор хэсэг хугацааны дараа "сэмхэн бөгөөд цэвэрхэн бултсан" юм шүү дээ, Лхагвасүрэн гуай!   Тэрээр Монголын ард түмнийг "мартамхай" гэж санасан бололтой, хэсэг завсарласаны дараа улс төрд дахин орж ирэх сонирхолтой байж магадгүй сураг сонсогдож байна. Бид мартаагүй шүү гэдгийг энэ ялдамд дуулгачихая, харин.  Баяр шиг хүн Монголын улс төрд  хэрэггүй ээ гэж Лхагвасүрэн гуайд хэлье. Тэр АНУ-д авсан гэх байшин савны тухай шуугиан яах вэ. Миний хувьд  дээр хэлсэн шалтгаанууд С.Баярыг дахиж Монголын улс төрд шагайх ч эрхгүй хүний нэг гэж хэлэх хангалттай үндэслэл болдгийг хэлье гэсэн юм.

Найрагч маань "Монгол тулгатны 100 эрхэм"  нэвтрүүлгийг  дахиж хийлцэхгүй бололтой. Энэ тухай тэрээр  "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож байхдаа хэллээ. Элдвээр муулж гүтгэж бичсэн сэтгэгдэлийг уншаад их гомдсон  гэж байна, энэ хөгшин. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг бол сайхан нэвтрүүлэг гэдгийг олон үзэгчид хэлнэ. Гэхдээ нэрний хувьд маргууштай. Мөн оролцож байгаа хүмүүсийн сонголтын тухайд бас л ярих юм байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх энэ нэвтрүүлэгт орох ямар "гавъяа" байгуулсан, ямар алдар нэртэй хүн бэ?  Том намын генсек болохоор нь долигонож л оруулсан  байх гэхээс өөр  тайлбар байна уу? Хүрэлсүх Монгол тулгатны 100 эрхмийн нэг мөн үү?
Алдарт бөх Баянмөнх, хуульч Чимид агсан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, урлагын од Цогзолмаа, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гэхчлэн хүмүүстэй эн зэрэгцэж чадах уу? За хүний сонголт дээр ганц нэг ийм "алдаа" гарсан байгаа. Тэр Холливүүдийн од Стивен Сийгаль өөрийгөө монгол цустай гэдэг нь түүнийг Монгол тулгатны 100 эрхэмийн нэгээр "шалгарах" болзол биш баймаар.  Харин түүний оронд Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновыг оролцуулбал зохилтой байх  бус уу?
Сонин хэвлэл болон интернэтэд  Лхагвасүрэн гуайг тус нэвтрүүлэгт оролцогчидтой бөгс бөөр ярилаа гэж шүүмжилсэн  л гэнэ. Гуцваа гэхгүй юу! Тэр зэргийн хошигнол ойлгохгүй байгаа малуудтай тоож харьцах, үг гээх хэрэггүй! Юун гомдох!?  Настай хүн ч тэгээд гомдох нь амархан болдог "сул талтай" л даа. Тэр зэргийн юмыг бүү тоо гэж аргадая даа, бууралыгаа.
Харин хүний сонголт дээрээ хойшид анхаарч, нэгэнт өгсөнийх одоо байгаа нэрээрээ ямар ч байсан 100 хүнээ гүйцээж хийгээд дуусгавал дээр гэж бодно. 100 эрхэмийн тоо "гүйцсэн" хойно дараагийн эрхмүүд оролцох нэвтрүүлгээ юу гэж нэрлэхийг  тухайн үед шийдэцгээх биз ээ.  Цаашдаа энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлэхээр бол шүү дээ.
Эцэст нь, эрхэм бууралдаа урт наслахыг ерөөе. Эхэлсэн ажлаа дуусгаж улам олон сайхан нэвтрүүлэг хийгээрэй гэж хүсье. Монголын ард түмэн танд хайртай шүү!



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө