АТГ vs Л.Гансүх

Л.Гансүх
Сүүлийн  үед  алдарт "Нүүрс" хөтөлбөрийг гардаж гүйцэтгээд эцэст нь сэжигтний ширээнд сууж гэм зэмээ нягтлуулах болсон  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх ба түүний командын шүүх хурал олны анхааралд байна. Ялангуяа энэ шүүх хурлыг телевизээр шууд дамжуулж байгаа  учраас ард иргэд маань их сонирхож байна. Шүүх хурлын  үйл явцыг харж байхад өнөөгийн хууль шүүхийн салбарын жинхэнэ дүр төрх харагдаж байна. Үзээд уур хүрч уушиг сагсайх шиг.

Л.Гансүх нарыг шүүх хурал дээр хохирогчийн журмаар Төрийн өмчийн хороог  төлөөлж байгаа тэр залуугийн "мад тавиулж"  байгааг хараад  өрөвдөх шиг, уур ч хүрэх шиг. Уг нь эрх зүйч мэргэжилтэй юм гэнэ. Ийм л чадваргүй  хуульчид энэ салбарын нэрийг гутааж нэр хүндийг унагаж байна.

Дүүргийн татварын улсын байцаагч гуай бас л өмгөөлөгчийн асуултанд буруу зөрүү хариулах, хольж хутгах зэргээр ямар ч мэдлэг чадваргүйгээ харуулж шившиг болж байх юм.

Багануурын уурхайн Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Очирлхам мэдүүлэг өгөхдөө хэн нэгний шахалтанд орсон учраас нэхэмжлэл гаргасан гэсэн нь "Гансүх нарын хэрэг" цаанаасаа зохион байгуулалттай, төлөвлөсөн, зохиомол хэрэг байх магадлалтайг нотолж байх шиг.
Эдийн засагч мэргэжилтэй энэ эмэгтэйн хэлж ярьж байгаа болон уг хэргийн тухай ойлголт ямар байгаагаас дүгнэлт хийвэл энэ хүн хэн нэгний тоглоомон хүүхэлдэй болсон гэж хэлж болохоор байна. Хэний шахалтаар нэхэмжлэл гаргасанаа хэлмээргүй байна гээд мушийх аядаж байна. Мөрдөнд хатаагаад, есөн эрүү тулгалтай биш. Гэхдээ шударга ёсыг сахиулая гэж байгаа бол энэ эмэгтэйг бусдын шахалтаар хүн гүтгэсэн буюу хүнийг хилс хэрэгт хэлмэгдэхэд оролцсон гэдгээр юм дуулах л ёстой. Хэрвээ Гансүх нар буруугүй гэдэг нь тогтоогдвол тэд нарыг гүтгэсэн болон уг гүтгэлгэнд  гар бие оролцсон энэ эмэгтэйгээс өгсүүлээд холбогдох хүмүүсээс ял асуух л хэрэгтэй болно.

Гансүх нарын шүүх хурлын ажиллагаанаас хийсэн бичлэгүүд Ю-Тюб сайт дээр тавигдаж байгаа учраас чөлөөтэй нөхөн үзэх боломжтой. Гансүхийн хэлсэн үгийг энд дарж   үзнэ үү.

Ер нь энэ шүүх хурлыг ТВ-ээр дамжуулж байгаа нь их сайшаалтай. Учир нь иргэд маань  шүүгч , өмгөөлөгч зэрэг хуулийнхны ур чадвар, мэдлэгийг харж мэдэхээс гадна шүүх үйл ажиллагааны ёс зүй, дэг журам, соёлыг харж байна. Тэнд ярьж байгаа хүмүүсийн ярианаас бид өнөөдөр  манай хууль хүчний байгууллагын ажил үйлчилгээ ямар түвшинд байгаагааг бас мэдэж авч байна.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн  Хууль Зүйн сайд байхдаа хуулийн салбарт өөрчлөлт хийе, эрх зүйн тогтолцоог нь шинэчлэх  гэсэн зүтгэл олон саадтай учирч эцэстээ унасан. Үүний уршгаар байдал өөрчлөгдсөнгүй, дээрдсэнгүй хэвээрээ байгаагийн нэг жишээг энэ "Гансүхийн хэрэг" дээрээс  харж болно. Тухайлбал,  мөнөөх "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компаны нягтлан бодогч Мөнгөнтуяаг барьж хориод 6 сар болоход 5 (!) удаа байцаасан гэнэ. Тавхан удаа шүү! Энэ бол жижиг асуудал биш. Үүнээс л эхэлж өөрчлөлт хийх ёстой.

Гансүх нарын хэрэг яаж үүссэн бэ гэдэг нь яг л оньсого мэт. Өнөөг хүртэл шүүх хурал дээр үг хэлсэн хүмүүсийн ярианаас үзэхэд Авилгатай Тэмцэх Газар (АТГ) -ын хүсэлт захиалгаар бий болсон ч юм шиг.  Багануурын уурхайн  Санхүүгийн хэлтсийн дарга Очирлхамын мэдүүлсэнээр тэрээр нэрийг нь нууцалсан хэн нэгний шахалтаар нэхэмжлэл гаргасан гэсэн бол аудит Ичинхорлоо хэлэхдээ АТГ хүсэлт гаргасан учраас шалгалт хийсэн гэж байх юм.  Тэгэхээр АТГ -т Гансүхээр "оролдох" ямар сонирхол байна?  Энэ хэрэг улс төрийн зорилготой гэдэг нь үнэн  гэж үү? Яагаад, ямар учраас гэдэг нь аяндаа цаг нь болохоор удахгүй мэдэгдэнэ биз дээ.

Нэмэлт (оруулсан огноо 9/20/2015):

Энэ шүүх хурал дээр гэрчээр оролцож байгаа шинжээч эмэгтэйн асуултанд хариулж байгаа байдал, асуултыг ойлгож байгаа царай, асуудлыг мэдэж байгаа түвшин, хэл ярианы чадвар зэрэг нь даанч дээ гэмээр байна. Бичлэгийг энд дарж үзнэ үү. Иймэрхүү л чадвартай шинжээчид ажилладаг юм байна шүү дээ. Иймэрхүү улсууд хүмүүсийн амьдралыг сүйрүүлдэг байх нь. Улсын  яллагч нэртэй сууж байгаа хоёр хүн ч гэсэн хэрэг алга. Яллах гэсэн л сонирхолтой мэт. Асуултанд хариулж мэдэхгүй бөгөөд чадахгүй байгаа гэрчүүдийг өмөөрөөд суух жишээтэй.  Шүүх бүрэлдэхүүнийг даргалагч этгээд ч бас их ууртай нэг нөхөр суух юм. Хандлага нь яллагч (прокурор) нарын талд байх бололтой. Яллагч нарын эсэргүүцлийг хүлээж аваад л, хариуцагчдын өмгөөлөгчдийг хясах маягтай. Хариуцагч нар болох Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид мэдээж  өмгөөлж байгаа хүмүүсээ гэм буруугүйг нотлохын тулд бүхий л хууль ёсны арга чаргаа хэрэглэнэ биз дээ? Гэтэл хурал даргалагч шүүгч болон улсын яллагч нар "тулгаж асуулаа", "хөтөллөө", "олон давтаж асуулаа" , "барьц алдуулах гэлээ" гэхчлэн ээлжлэн загнах аж.  Иймэрхүү нэг талыг барьсан хурал болж өнгөрөх шиг.

Нэмэлт (9/21/2015) :

Улсын яллагч нар шүүгдэгч гурван этгээдэд (Гансүх, Даваахүү, Мөнгөнтуяа) бүгдэд нь хорих ял өгөх санал оруулсан боловч шүүх хурлыг даргалагч шүүгч Идэр хурлын тогтоолоо уншиж танилцуулсанаар бол Л.Гансүхэд 4.5 жилийн хорих ял өгч, нөгөө хоёрт нь мөнгөн торгууль оногдуулжээ. Сонирхолтой нь  Даваахүү, Мөнгөнтуяа нарын хоригдсон хоногуудыг мөнгөн хэлбэрт шилжүүлж  торгуулийн дүнгээс нь хасаж тооцсон гэж байгаа. Ингэж болдог юм уу? Болдог бол ямар тарифаар тооцсон хэрэг вэ? Өөрөөр хэлбэл, тэдний хоригдсон нэг өдөр хэдэн төгрөгтэй дүйцэж байгаа хэрэг вэ?  Хоригдсон өдрүүдийг нь  мөнгөн дүнд шилжүүлсэн чинь Даваахүү 10 сая гаруй төгрөгийн үлдэгдэл торгуультай хоцорч, Мөнгөнтуяагийн хоригдсон 203 хоног мөнгөн хэлбэрт шилжихээрээ түүнд  ноогдуулсан торгуультай тэнцэж гарсан учраас  энэ хүүхнийг  торгуулиа "төлсөнд" тооцсон гэнэ.
Бас болоогүй мөнөөх гурван этгээдийг 2 тэрбум 640  сая төгрөгийг Багануур компанид хувааж төлүүлэхээр шийдсэн байна. Үнийн зөрүү, жингийн зөрүү хоёроос тооцож гаргаж ирсэн 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол гэдгээс багахан хэсэг төлбөр (шигшсэний дараа  үлдсэн нунтаг нүүрсийг борлуулсан мөнгө Багануурт орсон гэсэн)  хасагдаад үлдсэн нь энэ 2 тэрбум 640 мянган төгрөг бололтой. Энэ мөнгийг Гансүх,  Даваахүү, Мөнгөнтуяа гурав хуваагаад "идчихсэн" учраас одоо буцааж төлөх ёстой юм гэнэ. Хүн бүр 800 гаруй сая төгрөг төлөх юм байх.
За ямартай ч шүүгдэгч этгээдүүд шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй учраас давж заалдах тухайгаа ярьцгааж байна. Давж заалдах  шатны шүүх энэ хэргийг буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг яаж авч үзэхийг л харах үлджээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө