Америкийн консул арай хэтэрч байна

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Дагвадорж
АНУ-д болж байгаа Чөлөөт болон сонгодог бөхийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн хувиар очих хүсэлт гаргасан Дагвадорж аваргад Монгол дахь АНУ-ын Консул виз өгөхөөс татгалзжээ. Гайхалтай!  Татгалзсан  шалтгаан нь  юу байж таарах вэ? Бүгдээрээ таацгаая. Аваргыг  маань Америкт ирээд визнийхээ хугацааг хэтрүүлж, улмаар "харлаж" үлдээд Монгол руугаа буцахгүй гэж арай бодоогүй байлтай. Тэр хүн хөлсөө урсгаж байж насаараа идэх хоолныхоо мөнгийг олчихсон учраас Америкт ирж  пицца зөөх, аяга таваг угаах шаардлага байхгүй. Тэгэхээр түүнд виз олгохоос татгалзсан явдал бол огт өөр учир шалтгаантай болж таарах гээд байна.  Янз нь Америкийн ашиг сонирхолтой "зөрчилдөж" дээ, мань хүн. Мэргэжлийн сумо бөхөд ноёрхож байхдаа Японы эрх ашигт их "харшилдаж"  байсан юмдаг.  Эцэст нь элдэв зүйлээр шалтаглаж байгаад зодог тайлуулж чадсан боловч  Монгол бөхийн ноёрхол тасраагүй л байна.

Аварга маань АНУ-ын сонирхолд харшлахаар ямар "гэмт хэрэг" хийсэн юм бол доо?  Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны шүүгчдийн хороог удирддаг бөгөөд тус Холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч М.Мамиашвили (Оросын иргэн) гэдэг нөхөрт бас  виз олгоогүй гэнэ. Бодвол улс төрийн шалтгаантай байх. Орос улс Украины салан тусгаарлагчдыг дэмжиж байгаад Америкчууд их дургүй байгаа. Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсанаас болж Орос болон бусад хуучны Зөвлөлтийн БНУ-уудад байдал их хэцүү байгаа бөгөөд тэдгээр улсуудаас АНУ-д элдэв төрлийн визээр орж ирсэн хүмүүс ямар ч аргаар хамаагүй  суурьшихаар үлдэж байна. Улс төр, спорт хоёрыг хольж хутгаж байгаа Америкчууд өөрсдөө ингэж нэр хүндээ баастай хутгах ямар шаардлага байнаа?  Мамиашвили , Путин хоёрыг нэг шуудайнд хийх  үндэслэл шалтгаан байсан юм гэж бодоход Дагвадорж аварга тэр хоморгонд орох юу хийсэн гэдэг нь одоогоор оньсого хэвээр байна. Аварга маань өөрөө энэ тухай үгээ хэлэх биз ээ.

Ам нээвэл уушиг нээ гэж. Америкийн элчингийн Консулын албаныхан буюу  визний консул гэгч хүмүүс Монголчуудыг дээрэлхэж тавлаад бүр сурчихсан юм шиг байгаа юм. Энэ бол шинэ юм биш. Хуучны л ийм хандлагатай байсан даг. Хүмүүс нь тодорхой хугацааны дараа солигддог ч "бодлого" нь хэвээрээ үлддэг бололтой.  Уг нь Монгол улс Орос, Хятадын "дургүйг" хүргэн хүргэн байж, АНУ-ыг гуравдагч хөрш, түнш хэмээн зарлаж их л дотносож ирсэн дээ. Цэрэг дайны хэрэгт нь хүртэл хүч хавсарч, дэмжиж байгаа холбоотон улс, бид.  Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүртэл  гэмт хэрэг хийсэн АНУ-ын иргэнийг  саяхан өршөөгөөд явуулж байсан даа.  Монгол Улс террорист улс биш.  Хэдий ийм боловч Америкийн консулынхан Монголчуудтай "террорист" мэт харьцдаг. Монголчуудад виз олгох тун дургүй бөгөөд шалтгаан нь Монголчууд АНУ-д оччихоод буцаж ирэхгүй гэж харддаг.  Амьдралын түвшин доогуур орны иргэд ийм бодлого зорилготой визэнд ордог нь гайхах зүйл биш. Тийм бодолтой хүмүүст виз өгөхөөс татгалзаж байгаа нь Америкчуудын буруу ч биш. Монгол хэрвээ баян улс байгаад гадны ядуу (жишээ нь, АНУ-ын) орны иргэд ийм зорилгоор орж ирэх гэж байгаа бол бид бас л ийм бодлого барих нь ойлгомжтой. Харамсалтай нь бид баян улс болж чадсангүй. Ойрын ирээдүйд ч чадах төлөв харагдахгүй байна. Атгаг санаатай, эх орноо, ард түмнээ биш өөрсдийгөө бодсон арчаагүй сүгнүүд эрх мэдэлд оччихоод идэж ууж , луйвардаж ирсэнээс болоод бидний улс өөдөлсөнгүй олон жил явж ирлээ. Уг нь түүхэн боломж олдсон юм шүү дээ.  Гэвч энэ нь өөр сэдэв болох учраас ингээд зогсоё.

АНУ-ын консулууд газар бүр тийм хатуу чанга байдаг юм уу гэтэл бас биш бололтой. Мэдээж "харлаж" үлдэх зорилготой виз хүсэгч нарт хатуу чанга байх нь  ойлгомжтой боловч  АНУ-д мэргэжил боловсрол эзэмших зорилготой залуучуудад,  мөн газар үзэж нүд тайлах санаатай бэлтэй хүмүүст болон элдэв арга хэмжээнд оролцох (жишээ нь, Дагвадорж аварга шиг) хүмүүст, Америкт сурч байгаа ба хууль ёсоор оршин сууж байгаа хүүхэд, ач зээтэйгээ очиж уулзах хөгшдөд  виз татгалзаж байгаа нь огт ойлгомжгүй байна.  Муу хөгшчүүд тэнд л үлдэв гэж дээ.  Монголчуудыг бараг бүгдийг нь  "харлах магадлал өндөр" улсууд гэж үздэг бололтой.  Цөөхөн Монголчууд 3 саяулаа очиж  суурьшихгүй нь мэдээж.  Ер нь "холбоотон" улсынхаа иргэдэд визгүй зорчих эрх өгчихсөн ч  болохгүй юмгүй шүү дээ. Монголчууд хүүхэд хөгшидөө чирээд  бүгдээрээ  очсон ч бусад  орнуудын цагаачидтай харьцуулбал далайд дусаасан усны дусал мэт л болно. Гэвч бид хэзээ ч тэгэхгүй хүмүүс. Монголчууд шиг нутаг амьтай үндэстэн ховор байх.  Хэрвээ байдал энэ хэвээрээ байх юм бол бидний  хийж чадах ганц зүйл бол АНУ-ын иргэдэд Монгол руу визтэй зорчдог болгох явдал.  Америкийн иргэн гэхээрээ тусгай эрхтэй хүн байдаг юм уу?  Адилхан л байх хэрэгтэй. Ядуу баян гэдгээрээ өөр өөр дүрэм үйлчилдэг байж таарахгүй. Шударга бус.

Ноднин уржнан байна уу, АНУ-ын элчингийн албаны хүмүүс болон Элчин сайд  өөрийнх нь өгсөн ярилцлага зэргээс үзэхүл, виз хүссэн Монголчуудын 70%-д нь татгалзаж байсан бол 50% болгож бууруулах зорилготой бөгөөд (энэ хувийг өсгөж бууруулах нь тэдний үзэмжийн асуудал мэт) сурч боловсрох залуучуудыг илүү дэмжинэ гэж байсан байх юм. Гэвч тэдний ам, ажил хоёр зөрөөд байгаа юм биш үү?  Ялангуяа сургуульд сурахаар явагсдад  өндөр шаардлага тавьдаг. Анх удаа орж байгаад нь битгий хэл, АНУ-д сурч байгаа (төгсөөгүй)  залуучуудад  Монголд буцаж ирээд визээ сунгуулах буюу дахиж шинээр виз хүсэхэд нь татгалзсан хариу өгсөн тохиолдол сая гарчээ.  Шалтгаан нь их энгийн.  4,5 жил болчихоод сургуулиа төгсөөгүй удлаа гэсэн  гэнэ. АНУ-д бакалавр зэрэг авахад 4 жил, магистр болбол дахиад 2 жил, докторт сурвал бас 3-7  жил гэж бодоход  10 ба түүнээс дээш жил шаардагдаж байна. 5 жил болчихоод сургуулиа төгсөөгүй байна гэдэг шалтгаанаар виз өгөхгүй байна гэдэг бол маш утгагүй хэрэг. Тэр хүүхэд цаашаа сурна гэвэл дээр тооцоолсоноор 5 байтугай жил байх ёстой болж байгаа биз? Тэгэхээр хугацаа зааж, хязгаар тавина гэдэг бол зөөлхөн хэлэхэд зүгээр л шалтаг.

АНУ-ын элчин сайд П.Кемпбелл
Залуу хүмүүст , ялангуяа 20 насныханд  шийдэх асуудал олон, тэр болгонд зөв шийдэл  олж чадахгүй  буруудах, гэнэн хайхрамжгүйгээс болж алдаа хийх  зэрэг үзэгдэл түгээмэл байдаг. Тэд алдаан дээрээсээ суралцаж амьдралын туршлага хуримтлуулж нас бие гүйцэж төлөвшдөг. Хүн бүр л энэ насыг туулдаг. Америкчууд ч мөн адилхан л хүн учраас энэ үеийг туулж өнгөрөөдөг нь ойлгомжтой.  Сурах мэргэжлээ олж сонгож чадаагүй  эрэл хайгуул хийж хугацаа алдсан болон эсвэл шалихгүй жижиг алдаа хийж дахин шинээр виз авах шаардлагатай болоод нутагтаа ирсэн оюутнуудад  дээр хэлсэн шалтгаанаар виз өгөөгүй  нь даанч увайгүй хэрэг. Тэдэнд яагаад дахин боломж олгож  болсонгүй вэ? Энэ асуултыг эрхэм элчин сайд Пайпер Кемпбелл-д  тавьж байна.  Энэ хатагтай Монголын залуучуудыг Америкт олноор сураасай гэж уриалж байсан хүн. Наанаа нэг үг хэлчихээд цаанаа өөр үүрэг өгөөд сууж байдаг юм уу?
Хятад, Энэтхэг хоёр залуучуудаа Америк руу "цутгаж" байна гэхэд хилсдэхгүй. Хамгийн олон оюутан оруулсан улсаар тодорсон орнууд даа. Хятад, Энэтхэгт байдаг Америкийн консулууд тийм найрсаг байдаг юм болов уу? АНУ хятад, энэтхэгчүүдээр дүүрч байх шив дээ.  Дээр нь нэмэгдээд хуучин Зөвлөлтийн БНУ-уудаас, сүүлд маш олноор Украинаас орж ирж байна. За газар нутгаараа хиллэдэг Мексик болон түүгээр дамжаад Латин Америкийн орнуудаас бас хулгайгаар ("хөлөөрөө") их орж ирж байгаа.  Цөөхөн Монголчуудад хатуурхаж байхаар сурна, чадна гэсэнд нь боломж өгөөд оруулж байвал  АНУ-д хохиролтой юм байхгүй л баймаар. Харин ч холбоотныхоо иргэдийг дэмжиж байвал улам их талархал хүлээх бус уу?  Гэтэл эсрэгээр,  Хятад мэт өрсөлдөгч орныхоо  иргэдийг хэдэн арав зуун мянгаар нь оруулчихаад бидэндээ хатуурхаад байгааг огт ойлгохгүй юм. Энэ байдлаас болоод Монголчуудын дунд Америкийн консулууд муу нэртэй, үүнээс болоод улсынх нь нэр хүндэд ч муугаар нөлөөлж  байна.  Ярилцлага авч байгаа консулуудын зан харьцааны талаар Монголчууд бүр ч их дургүйцэж ярилцдаг.

Вьетнамд  байдаг АНУ-ын элчинд Консулаар ажиллаж  байсан  нэг нөхөр визний наймаа хийж олон сая долларын ашиг олж байсан нь илэрч хорих ялаар шийтгүүлж байсан тохиолдол саяхных. Монголд байгаа Америкийн консултай холбоотой ийм хэрэг гарлаа гэж одоохондоо дуулдаагүй л байна, гэхдээ олны ам нэг юм хэлээд л байгаа. АНУ-ын элчингийн Консулын албанд ажилладаг Монголчууд  визний "бизнес" эрхэлдэг байж магадгүй гэж.  Тэд виз гаргахад "нөлөөлж", "нааштай шийдүүлж" өгнө хэмээн өөрсдөө биш, дам хамтрагч нараараа дамжуулж  ажилладаг бололтой. Мэдээж өөрсдөө юу боллоо гэж тэгж яриад явж байхав дээ. Америкийн консулууд ч гэсэн дотор хамт ажилладаг Монголчуудаар дамжуулж ийм бизнес "эрхэлдэг" байж  мэдэх.  Хэл мэдэхгүй, хөдөлгөөн харилцаа нь хязгаарлагдмал, хяналтанд байдаг улсууд тэгэх боломж  хязгаарлагдмал ч гэсэн Вьетнамд ажиллаж байсан Америк консулын жишээгээр бол  огт боломжгүй юм ч бас биш бололтой.  Вьетнамд баригддаг "хүнд гар" тэндхийн  иргэдээр дамжуулж ийм "бизнес" эрхэлдэг байсан гэсэн. Нутгийн иргэдээс гадна бас Вьетнам гаралтай нэгэн Америкийн иргэн ч бас холбогдсон юм билээ. Мөнөөх Америк ч өөрөө бас нэг Вьетнам  эмэгтэйтэй дотно харьцаатай болсон байсан юмдаг уу даа.

Монголд ажилладаг Америкийн консулыг хардах шалтгаан байнаа.  Виз гаргахад "нөлөөлж өгнө" гэсэн ам өгөөд яваад байгаа Монголчууд  ор үндэсгүй юм бол үхсэнээ хийж тэгж худлаа ярьж явах билээ, нэгд. Хоёрт, "шаардлага хангасан"  хүмүүстэй цуг,   хэл усгүй боловч худлаа үнэн бэл бэнчинтэй гэж баталж чадах  хүмүүсийг "дагалдуулан" хамтад нь элдэв бизнес, уулзалт, арга хэмжээнд оролцох нэрээр визэнд оруулдаг "бизнес эрхлэгчид" байна.  Энэ хүмүүс виз горилогч хүмүүсийн өмнөөс элдэв бичиг баримтыг бүрдүүлэх ба виз гарсаны дараа паспорт нь эзэндээ очихгүй (эзэнд нь өгөхгүй) харин мөнөөх "бизнес эрхлэгчдэд" очих ба паспортны эзэн амласан мөнгөө төлсөний дараа  Америкийн виз дарсан гадаад паспортоо "ёслол төгөлдөр" гардаж авна.  Шаардлага хангасан хүмүүс гэдэг нь халтар мултар англиар ярьчихдаг гэсэн үг. Хэлтэй нь "хэлмэрч" болон "гадаад асуудал хариуцсан ажилтаны" дүрд тоглоод, харин хэл усгүй этгээд нь компаны захиралын дүрд  ихэвчлэн тоглоно доо.  Консулын албанд ажилладаг Монголчууд виз гаргахад "нөлөөлөхөөс" гадна визтэй паспорт  тараахдаа эзэнд нь биш, хамтрагч этгээддээ өгөх үүрэг хүлээнэ. Америкчууд виз өгөхдөө хатуурхаад байдаг нь энэ төрлийн бизнесийн ханшийг өндөр байлгах сонирхолтой нь холбоотой ч юм бил үү, хэн мэдлээ.  Тэгэхээр энд Америкийн консул болон тэнд хамт ажилладаг Монголчуудын  "хамтын ажиллагаа" харагдаад байгаа биз?

Монголчууд  бид өөрсдөө арчаагүй учраас бас их дээрэлхүүлж байна. Үндэслэлгүйгээр, тодорхой шалтгаангүй визийг нь татгалзсан хүмүүс зөндөө л байгаа. Өдөрт хичнээн хүн ороод ам руугаа алгадуулаад буцдаг юм бүү мэд. Тоогоо алдана биз. Хүн бүр 160 доллар тушаадаг гээд бодохоор овоо их "орлого" олдог биз, Америкчууд. Иймэрхүү маягтай илэрхий дээрэнгүй харьцаад өдий олон жил болж байхад бид дэмий л харааж зүхэж суух. Элчингийнх нь гадаа очоод жагсацгаавал яасан юм?  Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг худлаа үнэн тунхагласан улс биз дээ? Яагаад  цуглаж эсэргүүцлээ илэрхийлж болохгүй гэж? Монголчуудыг  илэрхий басамжилдаг консулуудад  нь "Монголоос зайл" гэж хэлье. Бусад орны хэвлэлийнхэн тус бүрийн сүлжээгээрээ мэдээлэг. Монголд суугаа  Америкийн Консулууд Монголчуудад нэр нүүрээ барсан, ямар ч нэр хүндгүй гэдгийг нь гадаа нь зогсож байгаад хэлээд өгье. Тэр элчин сайд нь мэдэж аваад нэг юм бодох биз.  Ажиллаж байгаа орных нь иргэд үзэж чадахгүй байгаа ажилтнуудыг байлгаад байхгүй биз.  Мөн тэнд ажиллаж байгаа Монголчуудын тухай ч бас гомдол гаргах хэрэгтэй. Ялангуяа тэр хэлмэрч хийдэг яравгар эмэгтэйн зан харьцаа тэнцэхгүй учраас зайлуул гэж ажил олгогч этгээдээс нь (АНУ-ын ЭСЯ)  шаардах хэрэгтэй.  Олонд ам муутай, үйлчилгээний наад захын соёлгүй, их зантай тэр нөхрийг Америкчууд байлгаад байхгүй биз. Өөрсдөө уг нь үйлчилгээний соёл, хүнтэй харьцах соёлыг их заадаг улс даа.
Дагвадорж аварга ярилцлаганд ороод татгалзсан хуудсыг нь базаад шидчихээд гарсан гэсэн.  Тэр хүн өөрийнхөөрөө "арга хэмжээ" авчээ. Гэвч ганц хүн тэгээд яаж ч нөлөөлөхгүй. Олны хүч  илүү нөлөөтэй. Олон жил хүлцэнгүй байлаа даа. Өөрсдийнхөө эрх ашгийг, нэр хүндийг бодож дуугарах цаг болжээ. Нийт олныхоо эрх ашиг сонирхлыг бодож, хувийн сонирхлоо түр хойш нь тавиад АНУ-ын ЭСЯ-ны гадаа бүгдээрээ нэг цуглана байгаа. Виз хүссэн хүсээгүй ялгаагүй бүгд л эсэргүүлээ илэрхийлэх хэрэгтэй. Учир нь энэ бол бидний Монголчуудын нэр хүндийн тухай асуудал юм. Америк ноён биднийг яаж хүлээж авч байна, бид тийм л хариу барих хэрэгтэй. Бид ядарсан, ядуу байж болно, гэхдээ бидэнд бас бахархал, нэр хүнд гэж бий.  Нэртэй, хортой шартай, цагтаа нэрээ дуулгаж явсан үндэстэн шүү. Мөнгөтэй болгоны өмнө бөхөлзөж, нэр нүүрээ гутаах, басамжлуулах ёсгүй улс даа бид уг нь.  Эсвэл заяа нь хаяад, сүлд хийморь нь үхчихсэн юм уу?


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө