Увсын хоёрыг "хохиролгүй" болгоё

Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн (баруун талд)
Увсын  тойргоос 2012 оны сонгуулиар гарч ирсэн  Чойжилсүрэн, Хүрэлбаатар хоёр "шүдний өвчин" болж байнаа.  Богд хаан боов  тарааж байгаа аятай 100 мянган төгрөгийг  баруун солгойгүй цацсаны хүчинд илүү санал авч сонгогдсон нь үнэн. Харин мөнгөөр "биеэ үнэлэх" дургүй хэдэн иргэн гомдол гаргасан учраас асуудал  үүсэж улмаар шат шатны шүүхээр явсаар хэрэг нь шийдэгдсэн боловч Сонгуулийн Ерөнхий Хороон (СЕХ) дээр очоод гацчихсан байгаа. Эрүүгийн хэргийн шүүхээр тэр хоёр нөхрийг буруутай гэж  тогтоогдсон. Мөнгө тараасан гэж гомдол гаргасан 13 иргэн 13 сая төгрөг хуулийн дагуу улсаас авсан. Дээр нь нэмээд бас хэдэн хүн  өргөдөл гаргасан   бололтой.  Хоёр  гишүүний  "мөнгө тараадаг буяны ажилд" амь биеэ үл хайрлан зүтгэсэн нэжгээд хүн шүүхээр орж ял авсан.

Засгаас 13 сая төгрөг гаргасан учраас хуулийнхаа дагуу мөнгө тараасан Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар тэр мөнгийг улсад буцааж төлөх ёстой. Одоогоор тэр хоёр 13 сая төгрөгийг төлж улсыг хохиролгүй болгосон эсэх нь мэдэгдэхгүй  байна.  Хууль зөрчсөн хоёр "гишүүн" маань мөнгөө төлөх нь байтугай, суудлаа тавьж өгөх нь ч тодорхой биш   байна.  Хууль зөрчсөнийг нь илчилж  тус бүр сая төгрөгөөр шагнуулсан 13 хүн өнөөдөр "матаач" нэр зүүж, 1 сая төгрөгний төлөө хүний муу үзсэн өөдгүй хүмүүс болж хувирчээ. СЕХ ажлаа хийхгүй байгаагаас болж тэдгээр иргэд нутгийнхандаа муу нэртэй болжээ. МАН-ын улаан пиарчид  Увс даяар нэг хов цуу тарааж байгаа нь ойлгомжтой. "Хууль зөрчсөн юм бол гишүүнээсээ зайлуулагдах ёстой гэтэл одоо болтол Их Хуралдаа сууж л байгаа биз дээ"  гэж ам асуудаг биз.  Дээд Шүүх энэ хэргийг хянаад дахиж хэлэлцэх  шаардлагагүй бөгөөд эрх бүхий байгууллага нь  шийдэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг  гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, СЕХ эрх мэдлийнхээ хүрээнд, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн энэ асуудлыг эцэслэх ёстой. Хууль зөрчсөн учраас тэр хоёр этгээдийн нэрийг тус тойрогт сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргана гэсэн үг.  Тэгэхээр тэр хоёр "гишүүнийг" эргүүлэн татах юм уу, огцруулах тухай асуудал яригдахгүй, харин сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан шийдвэр гаргах учраас  гишүүн байх эрхгүй болно. Нэр нь хасагдаж сонгуульд өрсөлдөх эрхээ  хаалгасан  хүмүүс УИХ-ын гишүүн гэдэг сэтэр зүүчихээд явж таарахгүй.

СЕХ-ы дарга Содномцэрэн гэдэг нөхөр хуулиа биелүүлж зохих шийдвэрээ гаргах байх гэж найдах л үлдэж байна. Хуулиа сайн мэдэхгүй эргэлзээд байгаа бол мэддэг хуульчдаас асуугаасай. Эсвэл МАН-д "дэгээдүүлчихсэн" юм уу? СЕХ-ы даргын сэнтийд дандаа нэг бүтэлгүй юмнууд залрах юм даа. Содномцэрэнгийн өмнөх дарга бас л сайхан ичихгүй гүрийдэг нөхөр байсан. МАН-ыг цээжээрээ хамгаалсаар байгаад шанд нь аятайхан ажил аваад зайлсан гэж дуулсан юм байна. Саяхан МАН-ынхан хуралдаад Увсын хоёрыг "амархан тавиад туучихгүй", хамгаалж авч үлдэхээр шийдсэн гэсэн. Энэ чинь дахиад л баахан хэрүүл, ажил хаялт болно гэсэн үг. Хурал мурлаа хаяж боох юм биз дээ. Төрийн ажлыг үүгээр далимдуулан гацааж улс төрийн үймээн ч гаргаж мэдэх байх.

Бодоод байхад Увсын хоёр нөхөр маань суудлаасаа буухгүй гээд чаргууцалдаад байгаа нь "хүндэтгэх шалтгаантай" юм байнаа. Юу гээч?  Гишүүнээсээ больчихвол баахан мөнгө зарцуулаад санал "худалдаж"  авсан нь ямар ч үр  ашиггүй болж "шатах" гээд  байна шд. Эрээн яваад цөм шатсанаас дор  юм болох нь.  Тэгэхээр нэг шийдэж болох арга байна.  Сонгуулийн үеэр санал "цуглуулах" зорилгоор тараасан   мөнгийг нь улсаас төлж тэр хоёрыг "хохиролгүй" болгох хэрэгтэй. Мөнгөө буцаагаад олоод авчихвал тэр хоёр маань амьтны хэл амны бай болон болон тэнд суугаад байхгүй байлгүй дээ. Суудлаа тавиад л өгчих байх. Намынх нь байр шатахад улсаас бас тэрбумаар нь дэмжлэг үзүүлж байсан биз дээ? Бараг ялгаагүй бус уу?    Ялгаа нь гэвэл, нэгд нь "хүн шатсан" бол хоёрдахь тохиолдолд нь "байшин шатжээ".

Ингэж "аятайхан" зохицуулахгүй бол энэ асуудал ямар ч гай дагуулж мэднэ. Улс төрийн тогтворгүй байдал бий болж, төрийн ажил гацаж улс орон хохирно. МАН өөрийн эрх ашиг, нэр хүндээ улсынхаас дээгүүр тавьдаг учраас юу ч хийж мэднэ. Үр дүнд нь эрх баригчид хийх гэснээ хийж чадахгүй  болж, амласанаа биелүүлж амжихгүй учраас нэр хүндээ алдана. Эцсийн дүндээ бид бүгд хохироод хоцроно.  МАН-ын мулгуу муйхар занг сөрөөд нэмэргүй харин уян хатан байж, буулт хийж  асуудлаа шийдэж явахгүй бол болохгүй нь. Ухаантай нь буулт хийдэг гэдэг байх аа? Ард түмнийхээ, улс орныхоо эрх ашгийн төлөө тодорхой төлбөр төлөхөөс өөр аргагүй. Эрх баригчдад ийм л сонголт үлдэж байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө