Шүүх эмнэлгийн "бизнес"
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн |
Г.Алтанхүү |
Ер нь иргэд их муу амтай байдаг байгууллагын нэг бол энэ газар мөн. Мөн ч олон иргэн өөрсдийнхөө амьдрал дээр болсон явдал дээр "шинжээч эмч" нарын "бизнесийг" мэдэрсэн дээ. Захаас аваад л түүхээ ярих хүн олдоно. "Иргэдийн шударга шүүх" хэмээх төрийн бус байгууллагаас тус газрыг мөнгөтэйд нь ашигтай шийдвэр гаргаж, мөнгөгүйг нь хохироодог гэж шүүмжилж л байсан. Хууль зүйн сайд хэр шинэчлэл хийж байгааг сайн мэдэхгүй байна. Дээр өгүүлсэн хүн амины хэргээр жишээ болгоод харахад л шинжээч эмч нарынх нь "бизнес" хэвийн саадгүй явагдаж байгаа бололтой.
"Байгууллагын тангараг" гэж хачин нэр бүхий тангараг сайт дээрээ тавьчихаж. Уг нь тэнд ажилладаг албан хаагчдын тангараг гэж л нэрлэх ёстой баймаар. ШШҮХ гэдэг байгууллагын тангарагийг сонирхоё:
"Монгол Улсын иргэн би Шүүхийн Шинжилгээний Байгууллагад орж ажиллахдаа хуулийг дээдлэн биелүүлж, гагцхүү шинжлэх ухааны бодит үнэнд захирагдан үнэнчээр ажиллаж, төрийн тусгай албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа батлан тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ."
Энэ байгууллагын албан хаагчид хоосон тангарагладаг юм уу, жинхэнээсээ тангараг өргөдөг юм уу гэдгийг дээр нэр нь дурдагдсан гурван эмчийн асуудал яаж өрнөхөөс харъя. Шинжлэх ухааны бодит үнэнд захирагдаж ажилладаг нэг хэсэг байхад "захирагдахгүй" ажилладаг хэсэг хүн байна. Энэ хүмүүсээсээ салахгүй бол энэ байгууллагын муу нэрийг хусаад ч арилахгүй.
p.s. Нэмэлт
Нас барсан хүний үхлийн шалтгааныг тогтоодог энэ байгууллагын эмч нарын ажил мэдээж маш хариуцлагатай. Хэрвээ ямар нэгэн гэмт үйлдлийн улмаас амиа алдсан байж болзошгүй бол гэмт хэргийг илрүүлэхэд чухал хэрэгтэй нотолгоог цогцсын гадна ба дотор үзлэгийн (задлан) үед олж авдаг. Цагдаа нарт маш чухал мэдээлэл өгдөг гэсэн үг. Хэрэв гадны нөлөөтэй бол шүүх дээр буруутай этгээдийг үнэн зөв яллахад чухал нотолгоо болно.
Дэлхийн улс оронд мөрддөг журам дүрмээр л манай Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар ажилладаг байх. Тэгж ч бэлддэг биз. Дагаж мөрдөхөд хэцүү, ойлгомжгүй юм огт алга. Талийгаачийг анх л эмнэлэг дээр аваачаад гадна байдлаас нь ерөнхий үзлэг хийж тэмдэглэгээ хийдэг. Эхлээд анх ирсэн байдлаар нь фото зургийг нь авна. Дараа нь ямар хувцас өмссөн болон байрлалыг нь тэмдэглэнэ. Үүний дараа гадна үзлэг хийхийн тулд хувцсыг нь тайлж, нүцгэн биен дээр байж болох гадны биетийг авч хадгална. Үс болон хумсны дээж авна. Ингээд ил харагдах шарх болон гэмтэл, өөрчлөлтийг нэгбүрчлэн тэмдэглэж авдаг. Дараагийн шатанд цогцосны дотор үзлэг (задлан шинжилгээ гэж нэрлэдэг) явагдана. Үүний тулд цогцсыг угааж цэвэрлээд, дараа нь жинг нь тогтооно. Цээжийг нь зүсэж онгойлгон дотор эрхтэнүүдийг нь нэгбүрчлэн гаргаж шинждэг. Мөн тархийг нь шинжихийн тулд гавлыг нь ар дагзаар нь онгойлгож үздэг. Дотор үзлэгийн дараа бүх эрхтэнүүдийг нь гялгар уутанд хийн буцааж бие дотор нь хийгээд оёж битүүлнэ.
Ихэнх хөгжингүй оронд дээрх хоёр ажилбарыг (гадна ба дотор үзлэг) хийх үедээ баримтжуулдаг юм байна. Ажилбарын үйл ажиллагааг диктафонд хэлж бичих, видео камераар бичлэг хийх аргуудыг ашигладаг гэнэ. Дараа нь шинжээч эмч нарын дүгнэлттэй холбоотой элдэв хэл ам, гомдол гарахад эдгээр баримтаа гаргаад л асуудал шийдлээ гэсэн үг. Манайх хэрвээ иймэрхүү маягаар ажлаа явуулдаггүй бол (зөвхөн бичгээр баримтжуулдаг бол) арга барилаа өөрчлөх цаг болжээ. Амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг хандах, эсвэл "аль нэг талд" нь ашигтай шийдэж нөгөөг нь хохироодог явдлаа зогсоохгүй бол арай хэтэрч байна шүү.
Comments
Post a Comment