Үнэ хүндгүй ҮХЦ

Үндсэн Хуулийн  Цэцийн (ҮХЦ) гишүүний халдашгүй эрхийг ҮХЦ-ийн тухай хуулиар зохицуулсан байдаг ба  хэн нэгэн гишүүн нь ямар нэгэн хэрэгт холбогдож зохих хуулийн этгээдээс эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьсан нөхцөлд  Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж уг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээ шийддэг. Улсын Ерөнхий Прокурорын Газраас  ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж, зохих үндэслэл шалтгааныг дурдсан албан бичиг хоёр ч удаа  явуулсан боловч "тэнгэрийн дор орших" ҮХЦ-ийн эрхэм гишүүд маань "ангийнхаа хүүхдийг" аваад үлдэхээр шийджээ. Энэ үйлдлээрээ ҮХЦ өөрийгөө шавартай хутгаж орхисон гэхэд болно. Үндсэн Хуулийг сахин хамгаалж, шударга ёс, хууль дүрмээ сахиулж, үлгэр жишээ болж байх ёстой энэ байгууллага хэл аманд орооцолдож, хуулийн байгууллагаас сэжиглэгдэж байгаа этгээдийг өмөөрөн хамгаалсанаараа  өөрсдийгөө ямархуу хүмүүс вэ гэдгээ нотолсон. Тэдэнд ҮХЦ гэдэг байгууллагын нэр хүнд чухал биш, харин хэн нэгэндээ тал засаж саймшрах хувийн сонирхол л чухал байсан бололтой. Ийм байж яаж ард түмнээс хүндэтгэл хүлээх  вэ?  

Ж.Амарсанаа (Цэцийн дарга)
Цэцийг үл хүндэтгэж байна хэмээн Үндсэн Хуулийн Цэцийн (ҮХЦ) дарга Ж.Амарсанаа нэгэнтээ Засгийн газрыг буруутган шүүмжилж байж билээ. ҮХЦ-ийн олон жилийн түүхэнд ийм юм болж байгаагүй ч гэх шиг. Ямар ч бодитой зөв үндэслэл гаргаж чадахгүй муйхраар бие биенээ өмөөрч хамгаалсан, сүржин малгай хувцастай  хэдэн хүнээс бүрдсэн, даржин нэр хүндтэй энэ байгууллага дээр очсон ч яалаа байсан ч яалаа.  Энэ Цэц бол надад одоо гүн хүндэтгэх сэтгэл төрүүлэхээ больсон. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Сугар өөрийгөө ямар ч буруугүй гээд байгаа. Үнэхээр  тийм л юм бол өөрөө хүсэлт гаргаад эрхээ түр түдгэлзүүлээд шалгуулсан ч болно, цаадуул нь ч "За чи яваад шалгуулаад нэрээ цэвэрлээд ир дээ" гэж хэлээд эрхийг нь түдгэлзүүлж болох байсан. Гэвч аль нь ч  болсонгүй. Тэгвэл эндээс  ямар дүгнэлт гарах нь мэдээж.  Гэмтэй, гэмгүйг нь мэдэхгүй байж ямар шалтгаанаар Сугарын бүрэн  эрхийг түдгэлзүүлж шалгуулахаас татгалзана  вэ гэдэг асуултыг Цэцийн бусад гишүүдэд тавибал юу гэж хариулах  бол?   Тэд мэдээж Сугарыг "шалгаад" гэмгүй гэдгийг батлаагүй байх. Үүнийг шалгаж тогтоодог  тусдаа мэргэжлийн газар бий.

Нөгөө талаас, хэрэв Сугар үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, хууль бус үйлдэл хийж байсан байвал  яахав? Хэрэв тийм бол бид чинь  дотор нь нэг хулгайч бүгчихсэн энэ Цэцийг яаж "гүнээ хүндэтгэх" болж байнаа?  Ийм л юм болоод байна. Энгийн логик шүү дээ. ҮХЦ-тэй төстэй араншинг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж байгаа.  Увсаас мөнгөөр сонгогдож гарч ирсэн МАН-ын 2 гишүүний буруутайг шүүх тогтоогоод, гардан гүйцэтгэсэн (мөнгө тараасан) хамсаатнууд нь ял авчихаад байхад л нөгөө хоёр гишүүний мандатыг хүчингүй болгох шийдвэр одоо болтол гаргахгүй, байгаа эсэх  нь мэдэгдэхгүй байгаад л байна. Луйварчдыг өмөөрөөд байгаа юм уу хаашаа юм?  Хууль мөрдөж, мөрдүүлэх   ёстой эдгээр байгууллагууд, тэдгээрийн удирдлагууд ингэж "заваараад" байгаа учраас Монгол төрийн нэр хүнд  унахгүй  яах юм?  Төрийн байгууллагад,  төрдөө итгэх итгэлийг ингэж үйлдэл, эс үйлдлээрээ унагааж бууруулж байгаа иймэрхүү хүмүүс албан тушаалдаа тэнцэх үү?

ҮХЦ-ийн гишүүд гэж ямар хүмүүс байдгийг иргэд маань тэр бүр мэдэхгүй болов уу.  ҮХЦ 9 хүний бүрэлдэхүүнтэй. . Дарга нь Ж.Амарсанаа гэдэг хүн байна. Гишүүд нь гэвэл, Д.Наранчимэг, П.Очирбат, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням, Н.Жанцан, Д.Ганзориг, Т.Лхагваа. Эдгээр 9 хүний 3-ыг УИХ, 3-ыг нь Ерөнхийлөгч, үлдсэн 3 гишүүнийг Улсын Дээд Шүүхээс санал болгож сонгодог.
Хэрэв ҮХЦ-ийн гишүүн хууль зөрчсөн бол ҮХЦ-ийн шийдвэр ба анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татдаг зохицуулалт байдаг гэнэ. Энэ заалт хэзээ ч хэрэгжихгүй нь Сугарын хэргээс илт харагдаж байна.  ҮХЦ-ийн шийдвэр ангийнхаа нөхрийг хамгаалсан байдлаар гараад байхад тэр нөхрийг хэзээ, хэн, хэрхэн  яаж шалгах билээ дээ.  Хуулийн байгууллагад шалгуулахгүй гээд аваад үлдчихээр чинь  хэрэв тухайн  этгээд гэмтэй байвал хэзээ ч эргүүлэн татагдах нөхцөл үүсэхгүй  байгаа биз? Анх илгээсэн газар гэдэг нь санал болгож нэрийг нь дэвшүүлсэн байгууллага, субьектийг хэлжбайгаа хэрэг. Гэвч ҮХЦ өөрөө хэлэлцээд аваад үлдчихэж байгаа юм чинь анх санал болгосон газар бол энд чепуха байнаа. Юу ч хийж чадахгүй гэсэн үг. Ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд, дээр нэр дурдсан хүмүүс ҮХЦ-ийн гишүүн байх ёс суртахууны эрхгүй хүмүүс юм байна. Яагаад гэдэг шалтгаан маш ойлгомжой. Тэд гэмтэн байж мэдэх нэгэн хамтрагчаа өмгөөлж байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэлээ. Хэрэв тэд хувийн харьцаа, найз нөхдийн асуудлаа тусад нь тавиад хууль дүрмээ, шударга ёсоо урьтал болгосон бол ингэж нэр хүндээ алдахгүй  байсан юм.  Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг байх аа? Хэзээ нэгэн цагт Сугар гишүүн энэ албаа өгөх л байх. Тэр цагт хуулийнхан шалгаад мань эрийг буруутай гээд тогтоочихвол өнөөдөр хамгаалаад аваад үлдэж байсан "нэг ангийнхан" нь юу гэж хэлэх бол?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө