Сонголтоо зөв хийцгээе!

Сонгуулийн уур амьсгал эхэлжээ.Хэнд нь саналаа өгөх вэ гэж асуусан улс л байна. Зарим нь ч гуравдахь хүчнийг гаргаж ирэх цаг нь болсон, нөгөө 2 намаас залхлаа гэнэ.  Үнэндээ МАН л дангаараа засгийн эрх барьж ирсэн болохоор болохгүй бүхний буруутан болох учиртай. Бусад намууд рүү үсчих нь утгагүй юм.  Энэ тухай өмнөх өгүүлэлдээ дурдсан байгаа.

Баахан олон жижиг нам гаргаад ирвэл бас хоорондоо хэрэлдээд ажил урагшаа явахгүй гэдгийг Баабараас эхлээд олон хүн хэлж буй. Санал нэг байна.  Төрийн албыг мөнгөний машин болгож хувиргасан энэ тогтоцыг өөрчлөхгүй бол бид нэг их өөдлөхгүй болов уу? Зөвхөн энэ  шалтгаанаар нам бараадах моод дэлгэрч, одоогийн эрх барьж байгаа намд залуучууд мянгаараа,зуугаараа хошууран элсэж байна. Намаар дамжиж төрийн албанд орох нь  хууль бусаар амархан хөлжих боломжийг олгож байгаа учраас тэр шүү дээ.

Хүний  шунал гэж.  Хурган дарга болж авилгаар баяжих гэсэн хүмүүсийг буруутгахаасаа өмнө тийм байдлыг арилгах талаар ярих нь  хамаагүй дээр биз ээ. Ийм байдлыг бий болгож улмаар цэцэглүүлсэн гэж хэлэгддэг Н. Энхбаяр хэдийгээр өөр хэргээр шийтгэгдэх гэж байгаа боловч тойруугаар дээрх нүглийнхээ төлөө ял эдлэх болно гэхэд хилсдэхгүй.

Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг хэллэг мөн л үүнтэй холбоотой.  Дүүргийнхээ тэргүүний татвар төлөгч Баабар  болон бусад шударга татвар төлөгчдийн тушаасан мөнгөнөөс  хумсалж хармаагаа зузаатгах, албан тушаалаа ашиглаж газрын болон бусад наймааг хийсэн  шигээ зүгээр сууж байгаад хөлжих, бас болоогүй хотын ерөнхий менежер асан Бадамжунай шиг орой болгон албан өрөөндөө компаниудын захирлуудаар виски зөөлгөн бөнжигнүүлж байх  хүсэл эрмэлзэлтэй  залуусыг  МАН-ын Тусгаар тогтнолын ордон соронзон  мэт татах нь арга байж уу.

МАН  зөвхөн мөнгөн дээр тогтдог юм байна гэдгийг  хүний эрхийн хуульч гуншинтай М.Ичинноров хатагтай дотор нь орж өөрийнхөө нүдээр харж,чихээр сонсож байж мэдэв дээ.  Энэ намын боловсон хүчний томилгоо бүрийг мөнгө дагалддаг гэнэ. Бүр томоохон  төрийн албыг арилжиж мөнгөждөг цагаандаа гарсан нам болсоны жишээ бол саяхан  1 тэрбум төгрөгөөр  Нийгмийн  Хамгаалал,Хөдөлмөрийн  Яамны дэд сайдын албыг "зарсан"  явдал юм. Монголын тэргүүн баян Нямтайшир  өөрийн хүү Номтойбаярт энэ албан тушаалыг авч өгчээ.
Хууль Зүйн Яамны сайд муу нэрт Нямдорж өөрийнхөө хүү Анхбаярт АНУ-д суух Ерөнхий Консулын албыг хэдэн төгрөгөөр авч өгсөнийг  одоогоор олж тогтоосон хүн гараагүй  л байна.  Хашир Нямдорж баригдахааргүй цэвэрхэн хийгээ биз дээ.

Бэлэн мөнгө амлаж , ядуу ард түмнийхээ саналыг худалдаж авсан луйварчид ард түмний мэдэлд нэртэй байгалийн баялгыг  ухаж аваагүй байхад нь урьдчилж зараад амалсан мөнгөө цувуулан тарааж  өөрөөсөө мөнгө гаргаад өгчихсөн аятай аашилж байна. Иргэдээ ажилтай болгож,  нэг ч гэсэн үйлдвэр , цэцэрлэг,сургууль барихын оронд  аманд нь бэлэн хоол цутгаж залхуу хойрго, идэвхгүй зорилгогүй  болгож, эзнээсээ хоолоор хамааралтай гэрийн тэжээвэр нохой мэт болгожээ. Дуулгавартай нохой мэт байвал МАН- д ашигтай. Өлсөөд ирэхээр нь жаахан  яс чулуудчихад л болоо.

Баян  ядуугийн туйлшрал илт ялгарч ирсэн нь бас л МАН-ын  хийсэн ажил.  Ядуу масс нь өдрийн хоолоо яая гэж байхад, баячууд нь АНУ мэтийн орон руу  хэн нэгэндээ төрсөн өдрийн бэлэг авах гэж зорьж явах жишээтэй.  Саяхан АНУ-д нэгэн шинэхэн  баян Монгол  очоод хүний төрсөн өдрийн бэлгэнд тансаг машин авах гэсэн чинь тэр нь бэлэн  олдоогүй учраас захиалах хэрэгтэй болчихлоо гэж ярьж явна гэнэ.  Ийм л болчихлоо доо, жанжин минь гэдэг шиг.

Хот гэж хогны тантан болжээ.  Бат Үүл баатар би хотыг өөрчилж чадна гэж байна. Хэн өмнө нь ингэж ам гарч байлаа?  Намын нэрээр томилогдсон үе үеийн хотын дарга нар ажлаа хийсэн нэр зүүж хугацаагаа дуусгаж байснаас би ингэж өөрчлөнө, чадна гэж хэлж байсан билүү?
Тэд тэгээд юу хийж бүтээв? Гэр хороолол гэдгээ харчих. Бахь байдгаараа.  Өмхий, ил жорлонтой, усаа зөөж уудаг хэвээрээ 22-р зуун руу дөхөж  явна даа. 

Даанч арчаагүй,амин хувиа бодсон луйварчдаар дүүрсэн намаар энэ олон жил удирдуулж явсаны гайгаар гуйлгачин Монгол хэвээрээ л байна. Юманд хязгаар бий. Алийн болгон ингэж явах вэ дээ. Өчнөөн олон сая малтай, газар дороо эрдэнээр арвин, багтаж шингэхийн зовлонгүй өргөн уудам  газар нутагтай мөртөө томоохон улсын дунд зэргийн хотын хүн амтай тэнцэх  тооны  буюу  гуравхан сая хүрэхгүй хүнтэй  энэ улсыг л олигтойхон аваад явчихаж чадах  чадваргүй, хүсэлгүй нам хүчнийг дахин дахин сонгох ямар шаардлага, утга байнаа гээд эргэлзээд байгаа хүмүүс өөрсдөөсөө асуугаад үзээрэй.  Энэ асуултанд үнэн зөв сэтгэлээсээ хариулсан хүн сонголтоо зөв хийнэ гэдэгтээ итгэлтэй байж болно.






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө