АН, МАН-ын аль нь вэ, хө?

МАН-ын далбаа
Удахгүй Их Хурлын сонгууль болно. 7 сарын 1  ямар ч байсан давтагдахгүй байх, гэхдээ цөөнгүй хэл ам гарч мэдэх төлөвтэй. ХуХу хочит (Хуучин Хувьсгалт)  нам буюу одоогийн МАН  анхнаасаа тоглоомын дүрмийг  зөрчин, мэдэн будилсан дүр эсгэж мөрийнхөө хөтөлбөрт  төрийн  албан хаагчдын цалинг 1 сая төгрөг болгоно гээд хүмүүсийн  чихэнд  шивнээд авлаа.
Шивнээ үг адтай,  дорхноо л ам дамжаад алга болсон байгаа.  Манай нам уг нь цалин нэмэх тухай оруулсан боловч хасчихлаа, гэхдээ санаа зоволтгүй ээ, биднийгээ дахиад сонгочихвол болох нь тэр гэж  ярьж  явах нь л дээ, сурталчилгаа хийх үеэрээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг үг байдаг байх аа?

За энэ мэтээр  мэдэн  будилсан зүйл гарч мэдэх магадлал өндөртэй. Гэхдээ энэ удаа тэр тухай  ярилгүй харин  АН ба МАН-ын алийг нь сонгох нь  зөв  бөгөөд яагаад гэдэг тухай санал бодлоо хэлье гэж.  Нарийн ширийн асуудлууд болон тоо баримт жагсааж төвөг удахгүй, харин МАН-ын төр барьсан жилүүдийн дараа өнөөгийн байдал ямар байгаа болон юу болоод өнгөрвөө гэдгийг эргэцүүлж нэг бодъё.

Ард түмнээ ядуурлаас гаргана гэдэг том амалж гарч ирсэн боловч МАН хэлсэндээ хүрсэнгүй ээ. Харин ч  ядуурал 30% байснаа 40% болжээ. Саяхан "статистикийн аргаар" буцаагаад 30% болголоо гэж зарлах шив дээ. (Сонгуулиас өмнөхөн 10%-иар огцом буурч гэнэ. Сэжигтэй байгаа биз?)
Авилгал  улам цэцэглэж, шоколадны наборгүй хүүхдийнхээ багштай уулзаж болохоо байж, гар хүндрүүлэхгүйгээр хүүхэд төрүүлэхэд бэрх болжээ.
Эрх баригч МАН энэ хугацаанд 5 иргэнээ буудаж алаад, олон зуугаар нь баривчилж, хорьж шийтгэн дарангуйлагч араншингаа гаргав. Газрын  наймааг цэцэглүүлж олон дарга нар хэтэвчээ дүүргэжээ. Ашигт малтмалын хайгуул хийх, олборлох тусгай зөвшөөрлийг хэдэн мянгаар нь зарж газар нутгаа  үндсэндээ гадныханд эзэгнүүлж, орвонгоор нь эргүүлж сүйтгүүлж дууслаа.

Хөдөөгөө хөгжүүлэх бодлого орхигдуулсанаас болж иргэд нь хот руу олноороо нүүж зохиомол бөөгнөрөл бий болголоо. Нийслэл хотод замбараагүй шавааралдаан үүсэж утааны асуудал  ядуурлаас дутахгүй аюул болж байна.  Утаанаас хордсон эхчүүд  элдэв гажиг согогтой хүүхэд төрүүлж эхэлжээ.
Хятадын Эрээн хот , Монголын Замын Үүд хоёрыг л харьцуулаад үзэхэд ойлгомжтой.  Балгас  шахуу байсан Эрээнийг манай наймаачдын оруулсан "хөрөнгө оруулалтаар" хятадууд  ямар  сайхан хот болгож чадсан байна! Гэтэл  манай яруу алдарт Ардын Нам хөдөөгөө хөгжүүлэх нь байтугай төв газраа ч олигтой төлөвлөж хөгжүүлж чадсангүй.

Засгийн эрх авч байвал бурхан амалсан ч  яадаг юм гэсэн байдлаар баахан мөнгө амалсаны гайгаар бэлэн хоол амандаа хийлгэх сонирхолыг иргэддээ төрүүлж, ажил хийх сонирхолгүй болгож хүмүүжүүлэв. Ядуурлын гайгаар архичин, мэдлэггүйн гайгаар бөө олшров.
Амьдралын эрхээр гадагшаа дүрвэх иргэд олширч, хэтэвчээ  зузаалах шуналд автсан төр засгийн эрх мэдэлтнүүд  Хятадаас олон мянгаар нь ажилчин оруулж ирэн  үндэсний аюулгүй байдалд харш  ажиллагаа явуулж байна.  Ядуу бүсгүйчүүд нь  Хятад хүнтэй нөхцөж баахан эрлийзүүд бий болжээ. Хөдөө малчин айлын хойморт Хятад хүн тэрийж хэвтэх нь жирийн үзэгдэл болжээ.

Энэ мэтчилэн тоочоод байвал зөндөө юм байна. Дүгнээд хэлэхэд, МАН (нэрээ солихоос өмнө МАХН байсан)  засгийн эрх барьсан он жилүүдэд Монголчуудын амьдрал сайжирсангүй , улс орон хөгжсөнгүй ээ. Харин цөөн хэдэн гэр бүлийн амьдрал дээд зиндаанд хүрсэн нь  ойлгомжтой.
Уул уурхайд зориулж гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг МАН эртэй сайндаа бий болгосон мэт  ярьж байгаа нь боловсрол мэдлэггүй иргэддээ тааруулж байгаа хэрэг.
Иргэдээ мэдлэгжүүлэх тал дээр мэдээж юу боллоо гэж анхаарах вэ дээ. Харанхуй, юм мэдэхгүй тусмаа МАН-д ашигтай, учир нь элдэв юм яриад байхгүй, толгойг нь эргүүлж байхад амар шүү дээ.

АРДЧИЛСАН НАМ-ын бэлэгдэл
Юманд хязгаар бий.  МАН-ын тарыг танилаа, болоо юм биш үү? Ардчилсан нам  одоо туршлагажиж хэрсүү суужээ. Төр засгийн  ажлыг аваад  явчих чадалтай болсон байна. Боловсон хүчин ч хангалттай. Дэвшилтэт үзэл бодолтой, шинэчлэл өөрчлөлт хийж чадна гэж байгаа  энэ хүчинд итгэл өгөөд үзэх цаг болсон юм биш үү? Алийн болгон тараа таниулсан, чадваргүй бөгөөд сэтгэлгүй МАН-г зайдлах вэ дээ. Муу дээрээ улам муу болох гэж байгаа биш.
Одоо сонголтоо зөв хийхгүй  бол бидний энэ байдал сайжралыг олохгүй нь түмэн үнэн. Ядаж бидний үе өнгөрлөө гэхэд бидний  үр хүүхэд, улс орон маань сайн сайхан байвал болох нь тэр.
Ардчилсан нам ба түүний нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөгтүн!
Бидэнд өөр сонголт байхгүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө