С.Баярын ээжид хандсан ил захидал

Сайн байна уу  Дулмаа гуай,

Таны бие сайн, ажил бүтэмжтэй биз дээ?  Тарган сайхан намаржиж байна уу?
Би Таныг танихгүй, Та намайг мэдэхгүй, гэхдээ Танд захидал бичихээр шийдээд  үзэг цаас нийлүүллээ. Захидал бичих гол шалтгаан нь Таны хүү Баяр юм аа.  Эхийн хувьд Та мэдээж бүх л эхчүүдийн адил үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож байгаа. Зарим үед зөвхөн бодоод зогсохгүй эхийн хувиар  санаа бодол, зөвлөмжөө өгөх   шаардлагатай ч үе тохиолддог. Эхийн сургаалиар явсан хүн алдах ёсгүй.

Таны хүү С.Баярыг Монголын ард түмэн сайн мэдэх билээ. Ууган намын дарга, Ерөнхий сайд байсан хүнийг  мэдэхээс ч яахав. Би энд Таны хүүг муулах гэсэнгүй, гэхдээ өөрийн бодож байгааг тойруулж бөөрөнхийлөлгүй шууд хэлж байгаа юм шүү. Ойлгоно биз дээ.
Таны хүүгийн улс төрийн карьер үндсэндээ бүтэл муутай төгсөж байх шиг байна.
Хамгийн гол алдаа бол 2008 оны Их Хурлын сонгуультай холбоотой. Тэр үеийн сонгуулийн сурталчилгаанаас эхлээд Таны хүү буруу замаар будаа тээж эхэлсэн.

Ардчилсан намын амласан 1 сая төгрөгийг  хувьцаагаар  хүн бүрт олгоно гэснийг 1 сая төгрөг бэлнээр олговол Монголын эдийн засаг сүйрнэ гэж мушгингуутаа төд удалгүй өөрөө 1.5 сая төгрөг бэлнээр тараана гээд сурталчлаад эхэлсэн Ерөнхий сайд маань сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялахын тулд элдэв луйвар булхайгаар зүтгүүлсээр сонгуулийн дүнг өөртөө ашигтайгаар гаргуулсан ба үүнийг эсэргүүцэж жагссан хүмүүсийг бөөнөөр нь баривчлуулж, гэмгүй явсан 5 хүнийг хороосон гэмт үйлдэлд шууд хамаатай нүгэлтэн болсон.

Таван хүнийг Баярын мэдэлд байх цагдаагийнхан буудаж хороосныг тогтоосон боловч одоо болтол буруутныг шийтгээгүй хэрэг сунжирсаар л. Буудуулж амиа алдсан 5 хүнээс гадна шархдаж бие эрхтэнээрээ хохирсон хүмүүс ил далд нэлээдгүй байна гэнэ.  Нэг хүний амь хохироход ард нь олон хүний зүрх эмтэрч, хувь заяа нь эргэдэг.  Талийгаачдын ээжүүд Таниас ялгаагүй адилхан хүүгээ гэсэн эхчүүд байгаа. Тэдний нулимс үхэн үхтлээ барагдахгүй ээ.

Зарим нь үр хүүхэдтэй, хань ижилтэй байсан. Ард нь үлдсэн тэд насаараа гашуудаад барахгүй зовлонд учирч, амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн. Таны хүү Баяр энэ бүх нүглийг хийснийхээ төлөө  өнөөдөр Их Хурлын танхимд албархаж суух биш харин долоон уулын цаагуур далд ороод дахиж олон түмний нүдэнд нэг их өртөлгүй  явж байх ёстой байсан юм.
Гэвч харамсалтай нь Таны хүүд өчүүхэн ч хүн чанар, хүнлэг сэтгэл, ичих зовох булчирхай  алга ажээ. Тэрээр өөрийгөө буруутай гэж огтоос бодохгүй байгаа нь харагдаж байна.

Таны хүү хүнээ байжээ. Ямар ч ёс зүй, жаяг алга. Худлаа хэлэх, хүйтэн царайлах бол Таны хүүгийн имидж болсон байна.  Сүүлийн  үед банк дампууруулсан хэрэгт  Баярын нэр дуулдах болж.  Хойшид бас юу ч гарч ирээ билээ. Ер нь улс төрөөр яваад Таны хүү магтуулж сайшаалгахаасаа илүү хүмүүсийн хараал зүхлийг хүртэж, явсан замынх нь мөр эгэл хүмүүсийн цус, нулимсаар будагджээ.
Маш олон хүн Баяраас тэр алуулсан таван хүний амийг нэхэж байгаа шүү. Талийгаачдын  болон бусад хохирогчдын ар гэрийнхэн нь юү гэж бодож яваа  нь ойлгомжтой.

Ирэх жил, 2012 онд ээлжит сонгууль болно. Таны хүүгийн тэргүүлж байсан нам нэрээ солиод бас л жижиглэсэн тойргууд байгуулж мөнгөний сонгууль хийж луйвардах санаатай сонгуулийн хуулийг тулгаж байна. Таны хүү бодвол бас л нэрээ дэвшүүлэх санаатай байгаа байх.
Эхийн хувьд Та  хүүгийнхээ энэ байдалд дүгнэлт хийж дахин Монголын улс төрд орох нь өөрт нь болоод Таны гэр бүлийнхний хувьд утгагүй зүйл болжээ гэдгийг ухааруулж хэлж өгнө гэж найдаж байна.

Магадгүй Таны хүүг дэмждэг , таван хүний амийг таван нохойны чинээ боддоггүй, хүнээ байсан адгийн шаарнууд байхыг үгүйсгэхгүй боловч Таны хүү дахиж гарч ирсэнээрээ улам л их хараал дагуулахаас өөр сайн юм авчрахгүй гэдэгт итгээрэй. Хүнийг зовлонд унагаж,  цус нулимсаар нь гараа угаасан хүн, тэр хүний амьдрал, үр хүүхэд, гэрийнхэн нь яавч сайн явна гэж байхгүй. Харин хүний нүдэнд үзэгдэхгүй шиг далд орж, энгийн иргэний амьдралаар чимээгүйхэн амьдарч, өөрийнхөө үр хүүхдүүдээ хүн шиг хүн болгож авахын төлөө явбал тэр нь өлзийтэй байх.
Адаглаад  амьтан хүний хараанд өртөж хараал хүртэх нь  багасна.

Эрхэм Таныг энэ тухай эргэцүүлэн тунгааж эх хүний ёсоор хүүгийнхээ тусын тулд, ач зээ нарынхаа ирээдүйн амьдралыг  хир буртаггүй, хараалгүй  цэвэр ариун байлгахын төлөө, муу бүхнийг бага дээр нь дарж, сайныг бэлгэдэж зөв зүйтэй үгээ хэлнэ байхаа гэж найдаж байна.
Мэдээж Таны хүү Баяр насанд хүрсэн хүн болохоор өөрийнхөө хувь заяаг өөрөө мэднэ гэх нь зүй боловч  хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг хүн  гэдэг амьтан өөрийнхөө алдааг харахгүй сохрох явдал бий тул ийн Танд хандаж байна.

Танд сайн сайхныг хүсэж хүндэтгэсэн,

Маяагуайс

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө