Монгол улс үнэхээр хөгжиж байна уу?

Уул уурхайн буянаар маш их хэмжээний мөнгө орж ирсэний улмаас эдийн засгийн өсөлт бий болсон мэт харагдавч энэ нь хөгжлийг тодорхойлж чадахгүй байна. Энэ өсөлтөөс бий  болох баялаг цөөхөн хүнд хүртэж дийлэнх олонхи нь ядуу хэвээрээ байгаа учраас хөгжиж байна гэж ярих нь өрөөсгөл юм.

Хүн амын бараг 40% нь тун ядуу гэсэн тоо байгаа. Энэ баримтыг Ерөнхий сайд нь хүртэл нууж хаахгүй ил тод хэлээд байгаа шүү дээ. Бас нэг 40 хувь нь лав өнөө маргаашаа аргацаасан амьдралтай байгаа гэж үзэхэд цаана нь 20% үлдэж байх шив. Энэ 20 хувийн 5% нь хэт баян хүмүүс гэж бодоход зөрүү болох 15% нь ямар ч байсан боломжийн амьдралтай хэсэг нь болж таарах нь. Боломжийн амьдралтай гэдэг нь хувийн бизнес хийгээд дээшилсэн нэг хэсэг байхад, бас хувьсгалын ажлыг ашиглаж амьдралаа сайжруулсан хэсэг бас байгаа. Яг ямар аргаар гэдгийг хүмүүс төсөөлөх биз ээ.

Дээрхээс үзвэл ямар ч байсан Монголчуудын 80% нь хэцүүхэн амьдарч байгаа гэхэд болохоор байна. МАН-ын хүн амаа ядуурлаас гаргана энээ тэрээ гэдэг бол үлгэр байсан гэж хэлж болно.
Өнөөдөр ганц хоёр уурхай ашиглалтанд оруулах явцад орж ирж байгаа хөрөнгө оруулалттай холбоотой мөнгөжих үзэгдэл бий болж байгаа ч тэр хэмжээгээр энэ өсөлт нь ард түмний 80%-д хүртэх нь бага байна. Баялгийн хувиарлалт шударга бус явагдаж, цөөнхөд нь түлхүү очоод байгаа учраас ингэж баян хоосны хэт ялгарал явагдаад байна гэж  ярих  нь үнэний хувьтай.

Тэгэхээр манай улс одоо мөнгөтэй болсон доо, гоё доо гэж хийрхэх нь утгагүй юм. Ядуу 80%-ийн амьдрал сайжирч гуйлгачин гэж хэлэхээргүй болсон цагт гоё доо гэж дэвхцэх нь зүйд нийцнэ.
Шударга бус байдал, хээл хахууль хоёр арилсан цагт Монголд баялаг тэгш хувиарлагдаж, хүн бүрийн амьдрал цэцэглэх, дэвжих боломж бий болно. Одоо бол тийм боломж зөвхөн мөнгөтэй хүмүүст мөнгөөр дамжиж очиж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л ямар нэгэн тендерийг (төслийн ажил) танил талаар, хээл хахуулиар, эсвэл мөнгөтэй хүн мөнгөөр зодоод авч байна. Ийм байхад яаж энгийн ард аятайхан бизнес эрхэлж, ажил олж чадах билээ?  Цатгалангууд нь дээрэмдэж авчихаад байхаар чинь туранхайчууд яаж тураалаасаа гарах вэ дээ. Хэнд ч ойлгомжтой асуудал.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө