Сайн үйлстэнгүүдийг алдаршуулая!

Манай бизнес эрхлэгчид болон олонд алдартай бөгөөд боломжийн орлоготой бусад иргэд маань буяны ажилд зориулж хандив өгөх, санхүүжүүлэх зэргээр хүнлэг сэтгэл гаргаж байгаад бид ихээхэн талархах ёстой. Талархаад зогсохгүй тэдгээр хүмүүсээ алдаршуулах ёстой юм.

Дуучин Алтанцэцэг хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппаратыг гадаадаас захиалж авч өгчээ. Хүний сэтгэл байхгүй юу. Алтанцэцэг ямар мөнгөө барж ядсандаа ийм юм хийж байгаа биш. Нэг үеээ бодвол манай зарим бизнесийнхэн ажил нь овоо бүтэмжтэй байж боломжийн хөрөнгөтэй мөнгөтэй болжээ.

За тэр янз бүрийн буруу замаар хөлжиж баяжсан улсууд ч зөндөө байгаа байх. Гэхдээ тэд бол нэг копий ч хармаанаасаа гаргах буяны ажилд зарцуулахгүй л дээ. Тэр бол тодорхой бөгөөд тийм учраас тэр сувдагуудын тухай ярьж хайран цаг, зайгаа үрэхийг хүсэхгүй байна.
Дуучин Алтанцэцэгтээ хувийн зүгээс баярлалаа гэж хэлье.

Монос компани 2008 оны 7 сарын 1-ний өдрийн үймээнээр цагдаад буудуулж хөлдөө хүнд гэмтэл авсан Батзаяа гэдэг залууг ажилд авлаа гэдгээ тэр компаний дэд захирал хэлж байна. Батзаяаг ажилд авах гэсэн компаниуд хөл муутай тахир дутуу гэдгээр нь шалтаглаж буцаадаг гэнэ. Ийм учраас Монос компаний энэ энэрэнгүй үйлсийг бас сайшаамаар байна.

Дуучин Р.Номин-эрдэнэ (Спайк хамтлаг)  ``Өгөх өдөр`` хэмээх ТББ-ын хүрээнд буяны үйлс бүтээгээд завгүй явна.  2010 онд 2 настай нэг охины Солонгост явж эмчлүүлэх бүх зардлыг дааж тэтгэсний ачаар мөнөөх охин эрүүл саруул болжээ. Мөн энэ жил тусгай сургалттай 25 дугаар сургуульд автобус авч өгсөн гэнэ.  Түүнчлэн бөөрний дутагдалтай 25 настай Түвшинбаяр  гэдэг залуугийн Солонгост эмчилгээ хийлгэх бүх зардлыг дааж байгаа юм  байна.
Энэ үйлсэд ``Мэргэн бизнес групп``, ``Бодлын хулгайч`` киноны хамт олон 30 сая төгрөг өгсөн гэнэ. Мөн дуучин Сэрчмаа,  хуульч М. Ичинноров, жүжигчин Б.Амарсайхан зэрэг олон хүмүүс тусалж хандив өргөсөн байна. Эдгээр хүмүүст бүгдэд нь баярлалаа.

Шведээс угшилтай Орифлеим хэмээх компаны Монгол дахь салбарынхан СОС төвийн хүүхдүүдэд зориулж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Тэд тус хотхоны хүүхдүүдийн англи хэл, мэдээлэл зүйн сургалтанд зориулж компьютерүүд бэлэглээд  коллежэд сурах хүүхдүүдэд зориулж 18 сая төгрөгийн хандив өглөө. Үүнээс өмнө Орифлеим Монгол компани бас хандивын үйл ажиллагаа цөөнгүй явуулж иржээ. Тухайлбал, 2008 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх Төвд иж бүрэн компьютерийн лаборатори, 2009 онд 0-3 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөлд хандив өргөж, тэр жил  H1N1 вирусын тархалтыг бууруулахад зориулж 14 сая төгрөгийн ариутгалын аппарат хэрэгслийг улсынхаа 180 гаруй цэцэрлэгт өгч,  2010 онд өсвөр насныханд зориулсан эдийн засгийн цагаан толгой хэвлэхэд 10 сая төгрөг хандивлажээ.  Тус компаны захирал Л.Сэлэнгэ болон бусад ажиллагсадад баярлалаа гэж хэлье.

Манай бусад компаниуд ч мөн өглөгийн гараа сунгаж буян хийдэг жишээ цөөнгүй бий. Заримыг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах нь бий, зарим нь ч чимээгүй өнгөрдөг байх. Уг нь бол манай сонин, ТВ-үүд иймэрхүү үйлсийг сайн сурталчилж баймаар байгаа юм. Төр засгаас энэ тал дээр бодлогоор дэмжиж, буян хандив өргөсөн компаниудын болон хувь хүмүүсийн татварт хөнгөлөлт үзүүлж байвал зүйтэй баймаар, гэвч энэ тал дээр санаачилж юм бодож байгаа төр, засгийн эрх мэдэлтэнгүүд байна уу гэж.

Саяхны жишээгээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе. Баянзүрх дүүргийн Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Төвд амьдарч буй 80 гаруй  хагас ба бүтэн өнчин хүүхдүүдийн аюулгүй байдалыг хангахад зориулж Саммит ХХК-аас хамгаалалтын бүрэн камержүүлсан дуран бүхий 14 сая төгрөгний үнэ бүхий систем суурилуулж өгчээ. Саммит компаныханд талархая!

Энержи Ресүрс компаниас Австралийн иргэн , сайн санаат Диди Калика  хэмээх эмэгтэйн үүсгэн байгуулж одоог хүртэл ажиллуулж байгаа  хүүхэд асрах Бадамлянхуа төвд компьютерийн иж бүрэн лаборатори бэлэглэжээ. Ядарсан хүүхдүүдэд маань техникийн боловсрол олгоход маш чухал хэрэгтэй зүйлийг өгсөн тус компаныханд бас баярлалаа гэж хэлье.

Жигүүр Гранд гэж нэг компани байх. Компани ч юу байхав, хэдэн компаниуд нийлж байгуулсан Групп юм байна. Энэ "Жигүүр Гранд" группын харъяа "Гранд Мед" гэдэг эмнэлэг Өмнөд Солонгосын "Бумин" гэдэг эмнэлэгтэй хамтарч ажиллаж иржээ.  Уг хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Ли Сен Чоль хэмээх нуруу нугасны мэс заслын мундаг эмчийг Монголд урьж 100 гаруй нуруу нугасны өвчтэй хүмүүсийг үнэгүй үзүүлсэн байна.  Жигүүр Гранд группын Ерөнхийлөгч Д. Баттөр  энэхүү буянтай ажлыг   зохион байгуулж, үзүүлсэн хүмүүсээс 2 хүнийг сонгож  Солонгосын эмнэлэгт үнэгүй эмчилж хөл дээр нь босгожээ.  Мөнхцэцэг, Нарантуяа хэмээх хоёр эмэгтэй 15 жилийн турш өвчиндөө шаналж, хөл нь мэдээгүй учраас явж чадахгүй, хөдөлмөрийн чадваргүй байсан бөгөөд буянтай хүмүүсийн ачаар эдгэрч Монголдоо ирэхдээ онгоцноос өөрсдөө алхаад бууж иржээ. Ямар их баяр!
Жигүүр Грандынхан болон тус группын Ерөнхийлөгч Д. Баттөр болон бусад удирдлага, Солонгосын Бумин эмнэлгийнхэн, эмч Ли Сен Чоль болон Солонгосын  Юникомпасс компанид баярлалаа! 

Сайн үйлстэн болон тэдний буянтай ажлын тухай  цаашид энэ нийтлэлд үргэлжлүүлэн бичиж байх болно.
Сайн үйлсийг дэлгэрүүлж , цааш нь алдаршуулж байхыг  уншигчдаасаа бас хүсье.




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө