С.Баяр ардчилалын 10 дайсны нэг гэж үү?

Ерөнхий сайд байсан Баярыг хар жип машин дотор суучихсан зугтааж байгаа хүмүүсийн араас хөөгөөд ар дагз руу нь буудаад алаад байсан гээд л гүтгээд байсан даг. Гэтэл өөрөө тэгж алах нь байтугай,ал гэж ч тушаал өгөөгүй, бүр тэгж ярих юм бол харин битгий буудаж алаарай гэж олон хүний өмнө хэлсэн гэж Өнөөдөр сонины хүнтэй утсаар ярихдаа батлан хэлсэнийг www.dayarmongol.com дээрээс олоод уншчихаарай. Тэгсэн та нар юу гээд байлаа? Алуурчин энээ тэрээ гээд л.


Манай Баяр ч мужик юм болохоороо тэгж хэлүүлсэндээ ч ер нь сандарч мэгдээд байсан юм байхгүй нь угаасаа тодорхой. Мэдээж шүү дээ, ямар өөрөө буудаад алчихсан биш. Харин ч намынхаа байрыг шатаж байхад нь унтраах гэж ганцаараа эцсээ хүртэл тэмцээд, яаж ч чадалгүй хамгийн сүүлд орхиж гарсаныг хүмүүс сонссон байх.

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн (ҮАБЗ) хурал дээр "Галт зэвсэг хэрэглэж болохгүй шүү" гээд маш чангаар хэлээд байхад чинь манай хүчний байгууллагын удирдлагууд чих хатуугийн улмаас "болохгүй шүү" гэснийг нь буруу сонсоод"болно шүү" гээд ойлгосноос зайлахгүй боллоо. Буруу сонсоод алдаа хийсэн хүмүүсийг яалтай билээ. Шийтгэх хэцүү, байх хэцүү, ямар санаатай буруу сонсчихсон биш дээ.


Тэр үед Баяр маань Ерөнхий сайд байсан гэдэгтэй хэн ч маргаагүй бөгөөд энэ бол нотлогдсон, тодорхой баримттай эд. Тэгээд "болохгүй шүү" гээд байхад "болгочихсон" хүмүүсийн өмнөөс яахаараа Баяр хариуцлага хүлээх ёстой юм?
Тэр гадаадад яадаг чинь маньд ерөөсөө хамаагүй. Бид чинь "монголоороо" л байх хэрэгтэй. Гадны юмнуудыг дуурайж огцорч барих юм уу хаашаа юм. Тэр улс төрийн хариуцлага , совесть мовесть гэх дэмий балай юм ярихаа боливол таарна.


Ер нь, монголын онцлогтой капитализм байгуулж байгаагаа мэдэцгээж байгаа биз дээ. Яахав дээ, Баярын ганц алдаа гэж хэлж болохоор зүйл бол тэр ҮАБЗ-ийн хурал дээр хүчний байгууллагын удирдлагад хандаж "Галт зэвсэг хэрэглэж болохгүй" гэж хэлсэн явдал байж болох юм. Энэ дээр л мань эр алдсан. Хэрэв тэгж хэлээгүй байсан бол тэр дүлий цагдаагийнхан буруу сонсохгүй, хүн амины хэрэг гарахгүй байсан байхгүй юу.

Дэндүү сайн санасаныхаа төлөө ингээд өөрөө эргээд хэл аманд ороод байгаадаа мань эр мэдээж зөндөө л гомдолтой байгаа. Тэр тухайгаа ч нэг сайн яриад, хамаагүй дотроо онгойтол уйлаад сэтгэлээ нээчихгүй , тэгээд л дотроо бэтгэрээд яваа амьтан даа, зайлуул.


Тэр гайтай 7 сарын 1-ний хэрэг яагаад гарсан тухай шалтгааны үнэн мөнийг олж цөхөөд байх юмгүй. Сонгуулиар гарч чадаагүй Магнай мэтийн хогийн шаарнууд хорсохдоо өөрсөдтэйгээ адилхан шаарнуудыг цуглуулж уруу татаад ийм үймээн гаргасан юм шүү дээ. Тэр муусайн дээрэмчдийг бүгдийг нь шоронд шар махтай нь хатаах ёстой байсан юм. Энэ Элбэгдорж гэж нэг юм гарч ирээд өршөөчихлөө л дөө.

Гэхдээ бадарчингууд баярлах болоогүй ээ. Манай Баяр тэр муу элгээ сайн эмчлүүлж аваад тэгээд эргээд ирнээ гайгүй. (He will be back!) Ах нараас сурсан тэр Водка-нд донтох өвчин л алаад хаячихлаа, хөөрхийг. Гэхдээ спираль энэ тэр тавиулаад архины эмчилгээ хийлгэчихвэл ч шинэ хүн болоод л гараад ирнэ дээ.


Сая "Ардчилалыг бэхжүүлэх сан" гэгчээс Баяр сайдыг маань "Ардчилалын 10 дайсны" нэгээр нэрлэсэн байгаа юм даа. Юу ч гэхэв дээ, жанжин минь. Гэхдээ 4-р байранд орсон байна лээ шүү. Ямар ч байсан муу Нямдоржийн дараа л орсон байсан.
Нөгөө л дээр өгүүлсэн шалтгаанаар (7 сарын 1-ны үймээнээр 5 хүн буудаж алсан, олон хүн шархдуулсан) Баярыг маань "дайсан" болгосон байна лээ.


Баярын өгсөн ярилцлагыг уншаагүй юм байх даа. Тэгсэн бол ингэж "дайсан" болгож цоллохгүй байсан нь лавтай. Энэ алдаагаа залруулаад, Баярыг харин алах тушаал өгөх нь битгий хэл, битгий алаарай гэж тушааж байсаныг харгалзан үзэж, "Ардчилалын 10 найз" гэдэг ангилалд шилжүүлэн оруулахыг энэ жагсаалтыг гаргасан сангийн нөхдөөс нөхөрсөгөөр шаардаж байна. Шаардлагыг хүлээж авахгүй бол дараа дараагийн шатны тэмцлийн хэлбэрүүдийг шат дараалан сонгох болно шүү гэдгийг анхааруулъя.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө