Монгол Ардын Намын араншин

С. Бямбацогт гэж Их Хурлын гишүүн байх. (зураг)
Ж. Энхбаяр гэж бас нэг залуу гишүүн байна. Хоёулаа Монгол Ардын Намын гишүүд. Хоёулаа энэ намын залуу халаа. Харамсалтай нь хоёулаа түүхий юм. Сүхбаатар, Ганбямба гээд ганц хоёр гайгүй толгой нь ажилладаг залуучууд МАН-ын Их хурлын гишүүд дунд бий л дээ. Гэхдээ дээр дурдсан хоёр баатар бол тэдний чигчий хуруунд ч хүрэхгүй юм байна гэдгийг энд тэнд өгсөн ярилцлагаас нь харахад ойлгомжтой байна.

Одоо ид уралцаж байгаа асуудал болох ард түмний санал асуулга явуулах эсэх тухай дээрх хоёр нөхөр ярилцлага өгчээ. Залуу улсууд гэхэд даанч гутмаар юм ярьсан байгаа юм. Тэдний ярилцлагын тухай авч ярихаас өмнө бяцхан тодруулга хийе.
Пропорциоанал буюу намын нэрээр авсан саналын хувиар суудлаа хувиарлаж авдаг систем ба мажоритар буюу энгийн олонхиор шууд суудлаа авдаг систем хоёр аль аль нь сайн муу талтай бөгөөд ямар үед хэрэглэх вэ гэдгээсээ хамаараад сайн муу нь тодорхой болдог.

Тухайн тойрог хэдэн суудалтай (мандаттай) вэ гэдэг үзүүлэлт их чухал. Энгийн логик ашиглаад тайлбарлах гэж үзье. Нэгээс дээш тооны мандаттай тойрогт мажоритар систем хэрэглэж сонгууль явуулбал ялсан хүн олонхийн төлөөлөл болж чадахгүй магадлал их. Нэг мандаттай тойрогт нэр дэвшсэн 3 хүнээс нэг нэр дэвшигч нь 40%-ын санал аваад ялж гэж бодъё. Нөгөө хоёр өрсөлдөгч нь 35% ба 25% -ийн санал тус тус авчээ гэе. Тэгвэл тэр тойрогт ялагч маань сонгогчдын зөвхөн 40%-ийн төлөөлөл болох бөгөөд үлдсэн 60% нь ямар нэгэн төлөөлөлгүй хоцорч байгаа юм. Үүнийг шударга бус төлөөлөл гээд байгаа. Харин хамгийн их санал авсан хоёр өрсөлдөгчийг дараагийн шатанд авч үлдээд дахин санал хураагаад олонхи санал авсаныг нь ялагчаар тодруулбал өөр хэрэг. Гэхдээ манайх 2 шаттай сонгууль явуулдаггүй билээ. Тиймээс мажоритар хэлбэр бол нэг мандаттай (жишээ нь Ерөнхийлөгчийн сонгууль) үед хамгийн тохиромжтой хэлбэр юм.

Тэгэхээр тойрог жижигсээд тус бүр нэг мандаттай 76 тойрог болчихвол дээр жишээнд дурдсан гажиг бий болж шударга төлөөлөл алдагдана. Одоо 26 тойрогтой байгаа. Үүнийг өөрчилж улс даяараа нэг тойрог болоод пропорционал буюу хувь тэнцүүлсэн системээр сонгуулиа явуулах нь хамгийн зөв бөгөөд шударга шийдэл. (Ардын Нам 26 тойргийг буцаагаад жижигрүүлж олон болгох зорилготой 52:24 буюу мажоритар давамгайлсан хувилбар зүтгүүлж байгаа.)
Намын нэрээр санал аваад авсан саналынх нь хувьд таарсан суудлыг нь хувиарлана гэсэн үг. Нам гэдгээс сэжиглэх хэрэггүй, учир нь нам гэдэг чинь тодорхой үзэл баримтлал бүхий хүмүүсийн цуглуулга. Нам хүмүүсээс бүрдэх ба өөрийн гэсэн тодорхой бодлогоор улс орноо авч явдаг номтой.

Тэгэхээр нам сонгоно гэдэг чинь хүмүүсийг сонгож байна гэсэн үг. Тэр хүмүүсийн баримтлах үзэл бодлыг дэмжиж байнаа гэсэн үг. Яг үнэндээ бол бидэнд хувь хүмүүсийн үзэл бодол нэг их чухал биш, харин намын бодлого илүү чухал. Бидэнд улс орноо олигтойхон аваад явчих бодлоготой, төлөвлөгөөтэй нам хэрэгтэй болохоос мундаг алдартай тамирчин, мөнгөтэй баячууд, эсвэл олон жил өндөр алба хашсан боловч хийж гийгүүлсэн юм байхгүй танил болсон царай хэрэггүй ээ. Тийм учраас бид хүнийг сонгоно гэхээр чухам ямар үзүүлэлтээр сонгох нь тун маргаантай бөгөөд асуудалтай. Хувь хүнд улс орноо яаж хөгжүүлэх, яаж ажлын байр бий болгох, ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх тухай төлөвлөгөө байхгүй. Тэдэнд харин ойр зуурын жижиг төсөл, энд тэнд шавар нь унасан байшинг шавардах, дээвэрлэх мөнгө байж магадгүй.

Эцсийн эцэст тухайн сонгуульд ялсан нам улс орноо авч явах үүрэг хүлээх ба таны сонгосон хувь гишүүн ямар ч хариуцлага хүлээхгүй. Нам бодлогоо хэрэгжүүлээд тэр нь бүтэл муутай бол хариуцлага хүлээж дараагийн сонгуулиар муу дүн авах ёстой. Өөрөөр хэлбэл тэр муу дүн авсан намын гишүүд дахин сонгогдохгүй, тэр нам нэр хүндээ алдаж аягүй бол улс төрийн тавцангаас арчигдана гэсэн үг. Ингэж л сонгогдсон нам нь үүргээ хүлээж, алба хаах хугацаа дуусахдаа хариуцлагаа хүлээгээд явдаг баймаар байна.

Хүнээ сонгож байна гээд хувь хүмүүс сонгочихоод дараа нь тэдэнтэй хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Сайндаа л тэр нөхөр манай тойрогт ганц халуун усны газар барьж өгөлгүй алга болсон өөдгүй хүн байж билээ гээд л хараагаад хоцорно. Тэд танай тойрогт байшин засуулж, зам тавьж , худаг гаргаж , компьютер бэлэглэж өгөөд үүрэгт ажлаа хийчихлээ гэх байх. Тэгвэл тэр чинь зөвхөн тойрогтоо тал засаж дахин сонгогдох нүхээ л малтаж байгаа болохоос улс орноо хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулж ажлын байр бий болгох, ядуурлыг арилгаж ард түмнийхээ амьдралыг сайжруулж байгаа хэрэг биш. Тэгээд ч Их Хурлын гишүүн бол аж ахуйн ажил бүтээдэг хүн бишээ. Аж ахуйн ажлыг хийдэг Засгийн газар гэж тусдаа байгууллага бий.

Нам сонгохын эсрэг тайлбар хийдэг хүмүүс Үндсэн Хуулийн нэг заалтыг үндэс болгодог. Тэр нь Их Хурлын гишүүдийг ард түмэн шууд сонгоно гэсэн утгатай. Шууд гэсэн учраас хүнээ сонгохгүй нам сонговол хууль зөрчих гээд байна гэж тайлбарладаг. Тийм болохоор Үндсэн Хуулийн энэ заалтанд засвар оруулмаар байгаа юм. Нөгөө талаас хэрвээ одоогоор засвар хийж чадахгүй бол пропорционалын нээлттэй хувилбарыг хэрэглэж болох боломжтой. Энэ нь саналын хуудсан дээр намаа сонгож дугуйлахаас гадна бас тэр намын санал болгож байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалт дотроос хэн нэгнийг илүү дэмжиж байгаа бол тэр хүний нэрийг дугуйлдаг хувилбар юм. Тийм болохоор энэ нээлттэй хувилбар бол бас хүнээ сонгож байгаа хэлбэр гэж ойлгож болох юм. Пропорционалын хаалттай хувилбар нь цэвэр намын нэрийг дугуйлдаг (хүний нэрс байхгүй) хэлбэр юм.

Урт оршил, тайлбар хийдэг учир нь дээр дурдсан Ардын Намын хоёр залуу боловсон хүчний ярьж хэлээд байгаа нь яагаад буруу вэ гэдгийг уншигчдад ойлгомжтой болгох зорилготой байлаа.
Ингээд Бямбацогт гишүүний хэлсэн дээр тогтож яръя. (Иш татаад явъя)
Бас их хоосон сүржин үг хэрэглэх дуртай нэгэн болох нь харагдсан. Ардчилсан Намын зэс нь цухуйлаа л гэнэ. Нөгөө ард түмнээ сонсдог, хүний эрх, эрх чөлөө гэж ярьдаг нь хаана байна л гэнэ. За тэр хоосон сүржигнэл ч яахав.

Мань гишүүн ингэж хэлжээ: - ``...Монгол Улсын өргөн уудам нутагт ард түмний төлөө хүн ажилладаг болохоос нам ажиллахгүй шүү дээ...``
Миний дээр өгүүлсэн жаахан нуршуу тайлбар маань энэ хэлсэн үгтэй нь бас хамаатай юм шүү. Намыг сонгох ба хүнийг сонгох тухай. Гэхдээ Бямбацогт гишүүний яг энэ өгүүлбэрт зориулсан хариуг барьчихая гэж бодлоо. Монгол Улсын өргөн уудам нутаг гэсэн сүржин оршлыг орхиод богинохон ойлгомжтой хариу хэлье:
- ``Ард түмний төлөө хувь хүмүүс биш төр засаг ажилладаг юмаа. Төр засгийг ард түмний олонхийн санал авсан нам (эвсэл) байгуулж ажиллуулдаг номтой юм шүү дээ.``
Нам гэж нэг хадны мангаа эсвэл гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй хий үзэгдэл гэх нь холгүй юм зохиож ярьцгаадаг улс даа, энэ Ардын намынхан.

За тэгээд мань эр цааш нь ингэсэн байна: -``...Харин ч нам дугуйлсанаар намын нэрийн ард хууран мэхэлж, худлаа амладаг нөхдүүд гараад ирэхийг үгүйсгэхгүй...Тэднийхээр явбал нам төвтэй төрийн тогтолцоо бий болно. Ингээд тойргийнхоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам харилцаанд анхаарал тавьдаг хүн байхгүй болно. Ингэвэл төр иргэн хоёрын холбоо тасарна шүү дээ...``

Нэг монгол кинон дээр хэлдэг дээ, ``Юу ч гэхэв дээ, жанжин минь`` гэж. Тэрэн шиг ёстой юу ч гэж хэлмээр юм дээ. Энэ Бямбацогт гэдэг нөхөр Их Хурал ба Засгийн газрын эрх үүрэг болон ялгааг сайн ойлгоогүй явж байгаагаас зайлахгүй нь. Адилхан залуу улсууд байна, тэгээд ч нэг намынхаа нөхрийг ийм инээдэмтэй зүйл ярьж хүний доог болоод байхыг лав хүсэхгүй байгаа гэж итгээд Сүхбаатар гишүүнээс журмын нөхөртөө жаахан лекц уншиж тархийг нь цэнэглэж байгаач ээ гэж гуйя. Өмнөөс нь би улайчих юм.
Гэхдээ юмыг яаж мэдэхэв, мань эрд туслах зав зайтай хүн олдохгүй байж магад гээд энд товчхон ч гэсэн хариу тайлбар хийе дээ:

Улсын Их Хурал бол хууль тогтоодог, төрийн эрх барих дээд байгууллага юмаа. Мөн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж улс орны хэмжээний томоохон асуудал дээр шийдвэр гаргаж батлах эрх үүрэгтэй. Аль нэг сонгуулийн тойргийн эмнэлэг , сургууль зам харгуйтай холбоотой асуудлыг Их Хурлын гишүүд хариуцдаггүй бөлгөө. Иймэрхүү аж ахуйн чанартай асуудлуудыг засгийн газар болон холбогдох салбарын яам, байгууллагууд хариуцдаг ёстой бөгөөд тодорхой төлөвлөгөөтэй хийдэг учиртай.

Их Хурлын гишүүн хүн Засгийн газрын гишүүний (яамны сайдын) албыг давхар хашиж болно гэсэн Үндсэн Хуулийн заалтаас болж манай өгүүллийн гол баатрын маань толгой нь эргэчихээд аж ахуйн ажил хийх гээд байж магадгүй юм. Хүний толгой эргүүлсэн тэр заалтыг ер нь хүчингүй болгох хэрэгтэй.

Худлаа амалдаг гэснээс Монгол Ардын Нам (тэр үед МАХН гэдэг нэртэй байсан) ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлаад (бас мөнгөөр зодоод) сонгогдоо биз дээ? Одоо тэгээд амалсан нь биелэсэн үү, Бямбацогт гишүүн ээ? Танай намынхан хэнийг нэр дэвшүүлэхээ нам дээрээ ярилцдаггүй гэж үү? Үгүй гэж битгий хэлээрэй. Тэд чинь бас л намын нэрийн өмнөөс дэвшиж гарч ирээ биз дээ?

Ардын Намынхан ер нь хэзээнээсээ ард түмний нэр барин саймширч , ард түмнийхээ төлөө гэж хоосон ярьдаг. ``Ард түмнээ ядуурлаас аварна``, ``Таван төгөлдөршил`` гэх мэтийн сонсоход уянгалаг боловч угтаа хоосон үгээр маниусаа маллаад сурчихсан гарамгай нам.
Тийм болохоор гишүүд нь ч мөн тиймэрхүү сүржин хоосон үгээр наадах нь ойлгомжтой.

Эрхэм дивтаат Бямбацогт хэлж байна: -``...Өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдалд энэ нь тохиромжтой гэдэг үүднээс манай нам хандсан...``
Энэ нь тохиромжтой гэдэг нь 52:24 гэсэн мажоритар давамгайлсан хувилбараа хэлээд байгаа хэрэг. Энэ хувилбар нь өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдалд тохиромжтой гэдгийг чухам юу гэж тайлбарлах бол? Нийгмийн байдалд тохиромжтой гэхээрээ юу гэсэн үг болох, мөн эдийн засгийн байдалд тохиромжтой гэдэг нь юу гэсэн утгатай болохыг сурвалжлагч сайн лавлаж тодруулах ёстой байсан юм. Манай сурвалжлагч нар гэж хүний өгч байгаа учир нь үл ойлгогдох хариултыг сайн ухаж лавлахгүйгээр за гээд хүлээгээд авч байдаг тааруухан улс даа.

Сурвалжлагч асуужээ: -``Гэхдээ ард түмэн мажоритар, пропорционал тогтолцооны ялгааны талаар нарийн ойлголтгүй байгаа юм биш үү?``
Бямбацогт гишүүн хариулж байна: - ``Харин энэ асуулгаар тэдэнд ойлгуулъя л даа... ``
Энэ асуулгаар ард түмнээ гэгээрүүлэх юм гэнэ үү? Зам мэдэхгүй хүнээс зам асуухтай адил юм болох нь шив дээ. Энэ чинь тэгээд ухуулга сурталчилгаа, гэгээрлийн ажил юм уу, эсвэл санал асуулга юм уу? Цааш нь тэрээр, ``Ард нийтээсээ асууж асуудлаа шийдэхээс юунд нь хулчийгаад байгаа юм бэ?`` гэжээ. Асуух гээд байгаа зүйлийнх нь тухай юу ч мэдэхгүй хүнээр асуудлаа шийдүүлнэ гэж яриад байгаа хүнийг ойлгох арга алга.
``...Нам дугуйлахаар нам төвтэй төр тогтоно...`` гэсэн мөртөө ``...УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа намын Удирдах Зөвлөл (Их Хурал дахь МАН-ын) бүлгийн шийдвэрт оролцох шаардлага байлгүй яахав...`` хэмээн өмнө хэлсэнийхээ эсрэг зүйл ярьсан байгаа юм.

Асуудлаа шийдэж чадахгүй, өөрсдийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож , ард түмнээ гэгээрүүлэх ажлыг огоорч ирсэн мөртөө одоо ойлгуулах гэж байгаа юм хэмээн хэнэггүй залж, ард түмний эрх ашиг, хүсэл сонирхол гэгч хоосон үгээр түмний толгойг эргүүлж, улс орны хувь заяаг шийдэх чухал асуудал гэж сүржигнэн , хоёрхон тоо асуух гэж өчнөөн тэрбумаар нь мөнгө цацахыгаа зөвтгөж суугаа Монгол Ардын Намыг төлөөлж Улсын Их Хуралд сууж байгаа гишүүд болон тэдний ар тал болсон намынх нь Удирдах Зөвлөл үнэхээр Монгол Улсын эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг гэдгээ ийнхүү өөрсдөө ч үл мэдрэн баталж байна.
Ийм улс төрийн хүчинд улс орныг авч явах эрх ямбыг дахин олгох нь өөрсдийнхөө хоолойг дүүжлүүрийн гогцоонд угласантай адил зүйл болно гэдгийг эрхэм сонгогчид маань ухаарч 2012 оны сонгуульд саналаа өгөхдөө зөв сонголт хийгээрэй гэж хүсье.

Comments

  1. medehgui ee shuud l yriltslagiin tavihgui uuruu yriad baigaan ch medegdehguin baina
    chi tailbaraa 1 uguulbert bagtaaj chadahgui baigaamu. bi barag l oilgosongui . denduu nurshchihsan

    ReplyDelete
  2. Гансүхэд:
    Бямбацогт гишүүний өгсөн ярилцлагыг Өдрийн сонины 7 сарын 8-ны өдрийн 166, 167-рын 2 дахь хуудсанд нийтлэгдсэнийг олоод уншчих нь биз дээ. Тэр ярилцлагыг энд хуулж тавих шаардлагагүй гэж үзсэн учир нь хэмжээний хувьд томоос гадна өөр олон сэдэв хөндсөн байсантай холбоотой. Бямбацогтын хэлсэн үг өгүүлбэрийг би дээр иш татахдаа тод хараар ялгаж тодруулсанаас гадна мань эр ингэж хэлжээ гэсэн тайлбартай тавьсан учраас минийхтэй андуурах ёсгүй дээ. Тайлбар жаахан нуршуу болсон гэдгийг ч би дурдсан байгаа. Уншигч нар маань энэ сэдвээр янз бүрийн ойлголттой учраас бас ингэсэн тал бий.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө