Монгол бөхтэй холбоотой санаа оноо

2011 оны Үндэсний Их Наадамын бөхийн барилдаан өмнөх ``уламжлал`` ёсоор манай олонхи бөхчүүдийн хувьд нэмэлт орлого олох боломж болсон хэвээр гэдэг нь сая тод харагдлаа. Том цолтой олон бөхчүүд энэ боломжийг ашиглаж биеэ үнэлцгээлээ. Голдуу улсын начин цолтой бөхчүүд давааны найраа хийж харагдана. Гурвын даваанаас эхлээд л улсын начингууд өөр өөрсдийн найраануудаа амлаж аваад олноороо түмний нүдэн дээр хиарч байгаа нь гутамшиг. Гэхдээ тэднийг бас буруутгах аргагүй юм, яг нарийндаа бол.

Манай бөхчүүд бас л энэ зах зээлийн шуурганд бусад мэргэжлийн хүмүүсийн адил уруудаж яваа сүрэг. Тэдэнд тогтсон орлого байхгүйгээс ховорхон олдох иймэрхүү боломжийг ашиглаж мөнгө хийдгийг ойлгож болох. Ялгаагүй манай багш нар, эмч нар хэр таарсан нэмэлт төлбөр нэхэж үйлчилгээ үзүүлдэгтэй адил юм. Төрийн албан тушаалтнууд нь төрийн суудлаар бизнес хийж хэтэвчээ зузаалж амьдралаа дээшлүүлж байхад манай бөхчүүдийн ингэж найрах нь гайхаад байх зүйл биш юм. Зуны цагийн баяр наадмаар жаахан орлого олоод тэрийгээ өвөл нь идэж барчихаад дараа жилийн наадам дөхөж байх алдад гэдэс нь хонхолзоод байж яддаг улсууд шүү дээ, хөөрхийс.

Хурц шаламгай аварга Сүхбат маань (зураг ) нэг хэсэг шударга найраагүй барилдацгаая гэж уриалаад бараагүй. Одоо ч тиймэрхүү уриалганд ``уярч`` ухаардаг цаг үе биш болжээ. Дээхэн үед бол унах, давах асуудал бол нэр төрийн хэрэг байжээ. Одоо цагт бол нэр төр чухал биш, харин талхны мөнгө олж зах зээлийн шуурганд тэсэж үлдэх нь чухал болжээ.
Тиймээс арай өөр аргаар энэ найрааны жүжиг тавилтыг зогсоохгүй бол болохгүй нээ.
Монгол бөхийн дүрэм ёсонд угаасаа цаг үеийн шаардлагад зохицуулж өөрчлөлт хийж ирсэн биз дээ? Тэгэхээр одоо ам авдаг журам ёсонд өөрчлөлт хийж жаахан шударга болгох шаардлага байна. Надад нэг мэргэн санаа байна. Одоо уншигч танд энэ санаагаа тайлбарлая:

Цолтой бөх өөрөө биечлэн ам авдаг журмыг халъя. Сугалаагаар оноолт тааруулдаг болох нь илүү шударга болох юм. Ингэх юм бол элдэв найраа, урьдчилсан тохироо, давааны наймаа байхгүй болох боломж харагдаж байна. 100% биш юмаа гэхэд дор хаяж 90%-ийн амжилттай болно гэж итгэж байна.
Тэгэхээр яаж оноолт тааруулах вэ гэж. Учраа бөхөө сонгохдоо амаараа биш сугалаагаар сонгож авна гэсэн үг. Сугалаагаар оноолт тааруулахад 2 ширхэг шилэн хорго хэрэгтэй. Улсын начин цолтой бөхчүүдийн нэрсийг нэг шилэн хоргонд нь (1-р хорго гэж нэрлэе), нөгөөд нь улсын цолгүй бөхчүүдийн нэрс байна (2-р хоргонд). Мөн 2 ширхэг нэрсийн жагсаалт бүхий хуудас үйлдэнэ. Эхний жагсаалтанд (Жагсаалт А гэе) улсын начингаас дээш цолтой бөхчүүдийн нэрс, дараагийн жагсаалт нь (жагсаалт Б) улсын начин цолтнуудын нэрсээс бүрдэнэ. Нэрсийн дараалалд бөхчүүдийг цол болон тусгай чимгээр нь эрэмбэлсэн байна.

Оноолт авах журам нь энгийн. Жагсаалт А-д байгаа хамгийн дээд цолтой бөхөөс эхлээд эрэмбээрээ улсын цолгүй бөхчүүдийн нэрс бүхий 2-р хоргоноос өөрөө сугалж учраагаа сонгоно. Бүгд сонгоод дууссаны дараа хэрэв 2-р хоргонд нэрс үлдсэн бол жагсаалт Б-д байгаа начингууд эрэмбийн дарааллаар сугалж учраагаа сонгоно. 2-р хоргонд байгаа нэрсийг сугалж дууссан бол 1-р хоргонд үлдсэн начингууд хоорондоо тунана гэсэн үг. Мөн л эрэмбийн дарааллаар уг хоргоноос сугалж ``ам авна``.
Хэрэв начингууд бүгд сугалаад дууссаны дараа 2-р хоргонд нэрс үлдсэн бол тэдгээрийг мөн ээлж дараалан хос хосоор нь сугалж оноолт тааруулна. Энэ тохиолдолд хэн нэг нь ``ам авахгүй``, эхэлж нэр нь сугалагдсан бөх дараагийн сугалагдсан хүнтэй таараад,тэрний дараагийн сугалагдсан хос хоорондоо барилдах гэх мэтээр явах юм.

Энэ журмаар бөхийн оноолтыг явуулахад шударгаас гадна бөхчүүд найраа хийх бараг боломжгүй болгож байгаа сайн талтай. Хоёр зүйл дээр анхаарч зохицуулах шаардлагатай болно. Үүнд:
1. Бөхчүүдийг дээр дурдсан А, Б гэсэн хоёр жагсаалтанд эрэмбэлж бичих асуудал. Цолны ялгаагаар эрэмблэх нь тодорхой боловч ижил цолтой нөхцөлд цолны чимэг, уг цолыг авсан огноо, сүүлийн үеийн барилдаануудад үзүүлсэн амжилт зэрэг үзүүлэлтийг харгалзаж дарааллыг нь тогтоох нь зүйтэй болов уу.
2. Сугалааг хийхдээ тухайн бөхчүүд наадмын дэвжээн дээр гарч барилдахаас өмнөхөн хийж байвал элдэв найраа, тохироо явагдах боломж, цаг хугацаа бий болохгүй сайн талтай. Бөхийн комисс тухай бүрд нь сугалааг явуулж протокол хөтлөөд зарлаад явахад ямар нэгэн хүндрэл байх учиргүй.

Энэ жилийн наадамд нийт 12 бөх начин цол авч, 5 бөх харцага болж, мөн 5 бөх заан цолонд хүрч, 2 гарьд, 2 арслан төрсөнөөс нэг нь аварга болж цолны хур буулаа. Монрос компаны бөх Мөнхбат дайчин сайхан барилдаж улсын аварга боллоо. Баяр хүргэе!
Ер нь Монгол бөхийг мэргэжлийн спортын хэмжээнд хүртэл хөгжүүлж , дэмжвэл манай бөхчүүд цолоо худалдаж жүжиг тавин нэр хүндээ баастах шаардлагагүй бөгөөд жинхэнэ бяр хүчээрээ онцгойлон тодорч үзэгч олноо баясгасан сайхан барилдаануудыг үзүүлэх нь дамжиггүй.

Японы үндэсний бөх болох Сумо-гийн жишгээр л аваад явчихад болохгүй юмгүй мэт. Гол нь манай үндэсний бөхийн удирдлагууд, мэргэжилтэнүүдийн санаачлага дутаж байна. Бөх нэртэй боловч үндсэн ажлынхаа дагуу голдуу цагдаа хийгээд явдаг хүн яаж сайн бөх болох билээ. Мэргэжлийн бөх болгож суурь сайтай хичээллэвэл бусад дэлхийн бөхийн төрлөөр том амжилт гаргах бөхчүүд их бий. Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Монгол бөхөд шинэчлэлт, өөрчлөлт хийх цаг аль хэдийн болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө