Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Н.Цогийн санал

Н.Цог
Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцүүлэг явуулж байгаа билээ. Үүнийг МҮОНРТВ зохион байгуулж байгаа бөгөөд хэдэн удаа зохион байгуулагдлаа. Хамгийн сүүлд 8 сарын 2-ны өдөр  хэлэлцүүлэг явагдлаа. Энэ хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс элдэв цол хэргэмгүй ганц хүн байсан нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн Н.Цог гуай байлаа.

Тэрээр хэлэхдээ,

Монгол Улс Үндсэн Хуулиараа иргэний ардчилсан нийгэм байгуулахыг тунхаглаад 27 жил явж ирлээ. Гэтэл бид Үндсэн Хуулиа мэдэхгүй байна.  
Үндсэн Хуулийн өөрчлөлт хийнэ гээд явдал бол хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийнхөө албан тушаал. эрх ашгийг дээшлүүлэх гэсэн санаа. Нөгөө талдаа манай иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж байна. Манай улсад төрийн эрх мэдэл ард түмэн бидний гарт байх ёстой. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байна.

Одоо энэ явуулж байгаа арга хэмжээ, УИХ-аас гаргасан захирамж бол бүгд хууль бус. Яагаад гэхээр, Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улсад ард түмний сонирхол хөндөгдөж хохирсон бол Үндсэн Хууль ард түмний саналаар хэлэлцэгдэх ёстой. 

Бидний улс өнөөдөр түүхээрээ яривал Бага хаадын үед орсон юм шиг болжээ. Тэгэхээр Монголын ард түмэн энэ байдлыг таслан зогсоохгүй бол түүхээ давтах болно.

1992 онд батлагдсан Үндсэн Хууль хэвээрээ байх ёстой. Одоо бол өөрчлөх ёсгүй байсан юмыг өөрчилчихөөд [тэрийгээ зассан дүр үзүүлж] том ажил хийсэн болж харагдах гээд байгаа байхгүй юу. Бидний энэ хэлэлцүүлэг гээд байгаа чинь хууль бус шүү дээ. Яагаад?
Ард түмний санал асуулга гэдэг чинь сонгууль байхгүй юу. Монголын сонгогчдын 50% +1 хүний саналаар энэ бүхэн чинь явагдах эрх нь нээгдэх ёстой юм. 

Ер нь бол ёс зүй алдагдсанаас хамаг юм болж байгаа юм. Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг алдсан. Чингис хаан яагаад хүчирхэг байсан гэхээр хэлсэн үгэндээ хүрдэг, хууль цаазыг хэрэгжүүлж чаддаг, мэдрэмж сайтай, хүний өөрийн гэхгүй чадал чансаатай  хүмүүсийг таньж мэддэг байсан. Өнөөдөр ийм юм яриад ард түмний толгойг эргүүлэх шаардлагагүй. Одоо энэ  зүйлийг хаах хэрэгтэй.  Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг ёс зүйгүй гээд 2 удаа тараа гэсэн биз дээ? УИХ тарсан уу?  Ингэж байсан хүн дээрээс нь нэмээд асуудал дэвшүүлээд явж байна.
Энэ чинь бас нэг юмны нөгөө талыг харуулаад байгаа юм. Энэ улсууд хэн бэ гэдгийг  Монголын ард түмэн өнөөдөр үзчихлээ. 

Цог гуайн хэлэх гэсэн санааг товчлоод хэлбэл:

1. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй
2. Хэрвээ хөндөх шаардлагатай бол эхлээд ард түмнээс санал асуулга явуулах ёстой
3. Санал асуулгаар ард түмэн шийдвэрээ гаргасаны дараа УИХ захирамж гаргаж, хэлэлцүүлэг явуулж эхлэх ёстой.

Эхний саналын тухайд  миний хувьд дэмжихгүй байр суурьтай байгаа.  Үндсэн Хуулийг шинэчлэн бичих цаг нь болсон. Харин дагавар хуулийн тухай ярьж байгаа биш,Үндсэн Хуулиа хөндөх тухай ярьж байгаа болохоор ард түмнээсээ саналыг нь эхлээд асуух ёстой гэдэг  нь зөв юм. Тийм санал асуулга явуулахдаа Үндсэн Хуулиа өөрчлөх эсэх, хэрвээ өөрчлөх ёстой гэвэл ямар засаглалыг сонгохыг асуучих ёстой юм. Ингээд ард түмэн шийдвэрээ гаргаж, зарчмаа тодорхойлсоны дараа мэргэжлийн хүмүүс, УИХ нь хууль болгож бичээд хэлэлцээд батлах нь зөв дараалал гэж бодож байна.

Жич. Дээрх хэлэлцүүлгийн бичлэгийг энд дарж үзнэ үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө