Тогтолцоондоо байна гээд байгаа юм биш үү?

Д.Дорлигжав
Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх нэрийн дор одоо байгаа тогтолцоогоо дахиад хэдэн жилээр хадгалж үлдэх гэсэн зорилготой намууд, улс төрч нэртэй хорт могойнууд, олигархи гэгч шимэгчид  сайн дүр эсгэн ард түмний тархийг угааж өгч байна. Одоо нөгөө төсөл гэгчийнхээ 2-р хэлэлцүүлэг рүү оржээ.

Одоо байгаа тогтолцоо нь Парламентын засаглал юм шүү дээ. Яахав, эрлийз хурлийз гэж янз бүрээр л хэлдэг. Сонгодог хэлбэр нь биш гэж. Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог бөгөөд тодорхой эрх мэдэлтэй учраас цэвэр сонгодог Парламентын засаглал биш гэж ярьдаг. Сонгодог болгоё гэж байгаа бол ялсан намын дарга нь автоматаар Засгийн газрын тэргүүнээр томилогддог, УИХ-ын гишүүд нь давхар дээл өмсөж болдог бөгөөд Ерөнхийлөгч нь УИХ-аас томилогддог болох ёстой. Ерөнхийлөгч бол эрх мэдэл багатай, бэлэгдлийн шинжтэй байх хэрэгтэй.

Гэтэл иргэд маань энэ бүхнийг эсэргүүцээд байгаа юм. Иргэд маань давхар дээлийг эсэргүүцэж байгаа. Иргэд маань Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддог байхыг хэвээр нь байлгах хүсэлтэй байгаа. Энэ маань юуг хэлээд байна вэ гэвэл одоогийн тогтолцоог иргэд дэмжихгүй байна гэсэн үг.

Одоогийн төслийг санаачлагчид хэлэхдээ, сонгодог хэлбэр лүүгээ явж байна гэх мөртөө давхар дээлийг халж байна гэнэ ээ. Сонгодог Парламентын засаглал чинь давхар дээлийг чөлөөтэй зөвшөөрдөг байхгүй юу! Ерөнхийлөгч нь засгийн ажилд хутгалддаг бол ямар юмных нь сонгодог Парламентын засаглал болох вэ дээ!
Ярьж хэлж байгаа нь цаасан дээр бичсэнээсээ зөрөөд байдаг нь  гаж сонин үзэгдэл биш гэж үү? Иргэдээ тэнэг мангуу гэж үздэг нь илт байна л даа.

За иргэд маань одоогийн энэ тогтолцоог дэмжихгүй байгаа учраас ганцхан сонголт үлдсэн нь Ерөнхийлөгчийн засаглал юм. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр хаант засаг гэж мушгиж, хадны мангаагаар айлгадаг сөрөг сурталчилгаа их явж байна. Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлээд явбал дарангуйлал бий болно гэдгийг манай Ванганууд урьдчилан харсан гэнэ. Одоо иргэд маань энэ Вангануудад итгэх үү, өөрсдийнхөө бөндгөрт итгэх үү гэдгээ харуулах цаг болжээ. Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудаас сайн яваа улс ч байна, муу нь ч байна. Бид сайнаар нь яагаад явж болохгүй гэж? Парламентын засаглал ч ялгаагүй, сайн нь ч байна, муу нь ч байна. Бид нэгэнт Парламентын засаглалыг нь 30 жил туршаад амжилтгүй болсон учраас одоо өөрчлөх хэрэгтэй болжээ. Болохгүй юмыг дахиад 30 жил туршвал бидний улс доройтлын доод цэгт очих нь тодорхой. Өнгөрсөн 30 жилд 3 хүнийхээ 1-ийг ядуу болголоо. Одоо үүнээс цааш доошоо явах эрхгүй. Өөрчлөлтөө хийж сэхэж өндийхгүй бол болохоо байлаа шүү!

Аль 2017 онд манай улсын өндөр албуудыг хашиж байсан Д.Дорлигжав хэмээх нөхөр Ийгл телевизэд ярилцлага өгч байсан бичлэг ЮүТюб сайт дээр байна. Тэр хүн Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох нь зөв гэж ярьж байсан байх юм. Яагаад гэдгээ мөн тайлбарласан байна.
Тэрээр тогтолцоонд асуудал байна гэдгийг олж харжээ.  Тогтолцооны асуудлыг ярих гэхээр Үндсэн Хуулинд ирээд тулдаг нь ойлгомжтой, учир нь Үндсэн Хуулиараа засаглалынхаа хэлбэрийг (Парламентын засаглал гээд) тунхаглачихсан байгаа юм.

Нам болон хүндээ байгаа юм биш гэж байна. Зөв л дөө. Яагаад гэхээр энэ 30 шахам жилд дандаа муу хүмүүс сонгогдоод, томилогдоод байсан гэвэл түүн шиг худлаа юм гэж байхгүй. Хоёр том намууд ээлжлээд засаг барьлаа, хамтарч ч үзлээ, ялгаа алга. 
С.Бямбацогт гэгчийн хэлж байгаачлан дандаа сайн хүмүүс сонгогдоод, дараа нь Үндсэн Хууль нь муу учраас хүмүүс нь муу болчихоод байгаа ч юм биш. С.Бямбацогт гэгч нөхөр бол тийм тэнэг юм ярьж байна лээ, сая. Муу Үндсэн Хуультай учраас нэмэлт өөрчлөлт хийж сайжруулахгүй бол сонгогдож томилогдсон сайн хүмүүс нь муу болчихоод байгаа юм аа гэж. Ийм тэнэг байж болох уу? Аан нээрэн тийм, тэнэг иргэдээ молигодож байгаа шүү дээ. Мартахыг шахлаа.

Д.Дорлигжавын ярилцлагаас гол гол санаа, хэлсэн үгийг нь түүвэрлэж оруулая гэж бодлоо. Бичлэгийг нь бүтнээр нь үзвэл маш ойлгомжтой болно. Тэр хүний өмнө нь хийсэн ажил, алдсан алдаа, дутагдал гэх мэт бол тусдаа асуудал. Үндсэн Хуультай хамаагүй учраас энд дурдахгүй. Гол нь тогтолцооны тухай ярьсан зүйл нь зөв учраас тэр бичлэгийг орууллаа.

...Бидний Үндсэн Хуулиараа тунхаглаж, хэрэгжүүлж ирсэн алдарт Парламентын засаглалын хор холбогдол юу байв?
- төрийг хүчгүйдүүлэх
- нэгнийхээ шийдвэрийг зогсоох
- хувийн бодлоо түлхүү оруулах
- боловсон хүчний замбараагүй бодлого (дураараа хүмүүсийг халдаг, авдаг)...

...Энэ бүх үйлдэл ийм боломж олгодог тогтолцоо нь байгаа учраас хэрэгжээд байгаа юм гэж. Үүнийг хүмүүс өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд гарамгай ашигладаг...

...Ялсан намын дарга Ерөнхий сайд болоод Засгийн газраа тэргүүлдэг ч гэсэн УИХ-аас томилогддог учраас тэдний хараанд, намын даргын хувьд намынхаа "мэдэлд" байна гэсэн үг. Хичнээн хүчтэй Ерөнхий сайд байгаад ч нэмэргүй, аливаа асуудалд, тэр тусмаа боловсон хүчний томилгооны асуудалд УИХ-аас хамааралтай, намаасаа хамааралтай бөгөөд тэдний дарамт, шахалт, нөлөөн дор байдаг учраас өөрийн хүсэл зоригоор хамгийн шилдэг боловсон хүчнээ өөрөө сонгоод, цуглуулаад ажиллуулах боломжгүй байдаг...

...Харин бүх ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлоод явбал дээрх элдэв дарамтнаас ангид байж, хамгийн чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлээд ажиллах боломжтой байх юм. Ийм л давуу талтай. Ер нь хууль тогтоох (УИХ), гүйцэтгэх (Засгийн газар) ба шүүх засаглалууд бие биенээс хараат бус байж чадсан нөхцөлд тэнцвэр хадгалагдаж байдаг. Аль нэг нь нөгөөгөөсөө сонгогддог, хараат байвал бие даасан байдал алдагдаж, хяналт үгүй болно...

...Ерөнхийлөгчийн засаглалын онцлог бол намын нөлөөлөлгүй байдагт оршино. Төрийн ажлын ихэнх завхрал, хариуцлага тооцож чаддаггүй байдлын цаана  намууд ба түүний фракцууд байгаа юм. Намуудын ил далд бүлэглэлүүд энэ бүх гамшгийн цаана байгаа...

...Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол нэг хүний дарангуйлал бий болно гэдэг үлгэр их ярьдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай сайн явж байгаа орнуудад тийм дарангуйлал бий болгохгүй механизмыг нь хийгээд өгчихсөн байдаг учраас ийм асуудал байдаггүй.  Тийм учраас тэр тэнцвэр, хяналтыг бий болгодог механизмыг л хийж өгөх ёстой. Гадны нөлөөнд автахын тухайд гэвэл, автахаа хүрвэл хүчтэй Ерөнхийлөгч байсан ч автана, хүчтэй Ерөнхий сайд байсан ч автана, тэр ч байтугай 76 хүн байсан ч автана.
Тэгэхээр одоо цэцэрхээд, хэрэлдээд суух биш, ямар нэгэн юм болохгүй байгааг ойлгож, гарц шийдлээ тогтоох хэрэгтэй байна...

Ярилцлагыг   энд дарж үзнэ үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө