Давхар дээл өмсүүлэх юм уу, үгүй юу?

Давхар дээл бол сүүдэр чинь юм
МҮОНТВ-ээс зохион байгуулж байгаа Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэгт оролцож байгаа намуудын дарга нар болон судлаач нарын хэлсэн үгнээс иш татаж тунгаавал  сонин байх болов уу.

Ард түмнээ хайрлая  намын дарга Гүндалай хэлж байна.  Монголд лидер дутагдаж байна гэж. Сингапурын жишээ татаж байна. Урд хөршийг дурдаж байна. Өмнөд Солонгос байна. Энэ улсууд чинь бүгд л хүчтэй Ерөнхийлөгч гаргаж ирээд л ийм амжилтанд хүрсэн гэдгийг хэлээд байна.

Дэлхийн Монголчууд намын дарга Г.Тэмүүжин хэлж байна.  Давхар дээлийг зөвшөөрөхгүй гэнэ. Хууль тогтоогч нь хуулиа хийдэг, гүйцэтгэх засаг нь ахуйн ажлаа хийдэг байх хэрэгтэй гэж. Ингэж салгана гэдэг чинь л Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоно гэсэн үг шүү дээ. Сонгодог Парламент засаглал байх юм бол УИХ, Засгийн газар хоёр нь хоорондоо холилдсон, хутгалдсан (давхар дээлтэй байна) байх ёстой. Тэгэхээр Тэмүүжин дарга засаглалуудынхаа хэлбэр, ялгаа заагийг сайн мэдэхгүй байгаа бололтой.

Гүндалай даргын хэлж байгаагаар бол Үндсэн Хуулинд ямар ч буруу байхгүй гэж байна. Дор дороо ажлаа л хийх хэрэгтэй гэнэ. Хэлбэр хөөцөлдөж байна гэж байна. Явж явж бүх юм чинь хүндээ байгаа юм биш үү гэж. Ерөнхий сайд ажлаа хийх бүрэн боломжтой гэж байна. Гэвч мань эр Ерөнхий сайд маань намын дарга бөгөөд УИХ-ын атганд байгаа гэдгийг мартжээ. Сонгодог Парламентын хувилбарыг сонгосон  ч Ерөнхий сайд Парламентаас хамааралгүй ажлаа хийх боломжгүй юм.

Хуульч Д.Сүнжид ярьж байна. Засгийн газрын гишүүн бүрийг УИХ-аар хэлэлцэж томилдог нь Засгийн газрыг тогтворгүй байлгаж ирсэн гэж байна. Ерөнхий сайд өөрөө багийнхаа гишүүдийг сонгодог байх нь зүйтэй гэсэн санаа. Гэвч энэ чинь Ерөнхийлөгчийн засаглалынүед л хэрэгждэг зүйл шүү дээ. Парламентын засаглалтай бол Парламент нь Засгийн газраа мэддэг юм л даа. Парламентын засаглалыг дэмжиж байгаа гэх мөртөө Ерөнхийлөгчийн засаглалын элементийг хэрэгжүүлнэ гэх нь утга алга. Ерөнхийлөгчийн засаглалын үед бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрийнхөө багийг Парламентаас хамааралгүй сонгож бүрдүүлээд, бүх хариуцлагыг толгойгоороо үүрдэг ёстой.

Судлаач Ү.Амарбат:
Парламентын төлөвшилтийг хангасан өөрчлөлтийн энэ төслөөр хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ерөнхий сайд өөрийнхөө багийг сонгодог байхыг дэмжиж байна. Огцруулахаа ч  Ерөнхий сайд нь мэддэг байя гэж. Тэгвэл энэ чинь Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр шүү дээ.

МҮАН-ын дарга Цогтгэрэл хэлж байна:  Парламент ба Засгийн газар хоёрыг зааглах нь чухал. Давхар дээлтэй гишүүн хүн өөрөө төсвөө батлуулаад, өөрөө мөнгөө зарцуулаад, дараа нь өөрөө хяналт тавих болж байгаа нь буруу юм.

Тэмүүжин дарга хэлж байна. Давхар дээлтэй байх хэрэггүй. Хэрвээ хэн нэгэн сайд алдаа гаргаад огцорлоо гэхэд тэр хүн УИХ-ын гишүүнээрээ үлдээд л хоцроно. Энд хариуцлага тооцож байгаа юм алга. Иргэд үүнд л дургүйцэж байна.

Иргэдийн дийлэх нь давхар дээлийг зөвшөөрөхгүй гэж санал өгч байгаа аж. Давхар дээлийг зөвшөөрөхгүй гэж байгаа бол сонгодог Парламентын засаглалыг төлөвшүүлэх зорилготой энэ төслийг яагаад дэмжээд байгаа юм? Сонгодог Парламентын засаглалд УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар давхар ажиллах ёстой байдаг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Парламентын засаглалд давхар дээл заавал байх ёстой юм. Хэрвээ давхар дээлийг эсэргүүцэж байгаа бол одоо хэлэлцүүлж байгаа төслийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн засаглалын төлөө саналаа илэрхийлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоно гэвэл Үндсэн Хуулиндаа шинэчлэл хийх хэрэгтэй болж байгаа юм.
Тэгэхээр давхар дээлийг өмсүүлэх юм уу, болих юм уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Сонголтоо хийж, нэг талдаа гармаар байна шд.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө