Буянгийн Жагаа шал түүхий юм

Б.Жаргалсайхан
Буянгийн Жаргалсайхан (Бүгд Найрамдах Намын дарга) гэгч нөхөр хамар дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сайн бизнесмэн гэдэгтэй маргахгүй, харин сайн улс төрч бол яавч биш гэдэг нь харагдаж байна.
Саяхан Монголын Үндэсний Телевизээр дамжуулсан хэлэлцүүлгийг үзлээ. Цөөнгүй намуудын дарга нар, зарим нэг судлаач нар оролцож, санал бодлоо, байр сууриа илэрхийлж байна.

Мань Буянгийн Жагаа хэлж байна. Бид өөрсдийгөө дэндүү доош нь хийж байна гэнэ. Хэзээ хүн бүр машин унаад, гар утас бариад, дуртай хоолоо идэж, дуртай хувцсаа өмсдөг байлаа гэж асууж байна. Нэгдүгээрт, машин бас гар утас мэт бол хэрэглээ юм, хоёрдугаарт, өнөөдөр 3 хүний нэг нь ядуу байна гэдэг статистик үзүүлэлт гарсан байна. Тэгэхээр бид урагшаа дэвшиж байна уу, ухарч байна уу гэж Жагаагаас асууя. Яг үнэндээ тэр машин гээд байгаа нь гаднаас импортолж оруулж ирсэн, нас нь хэтэрсэн төмрийн хог шүү дээ. Жинхэнэ машин гэдгийг манай найгүй баячууд л унадаг байх. Жагаагийн хэлээд байгаа малын тоо толгой өссөн, олон орон сууц барьсан гэх мэт үзүүлэлтүүд бол жам ёсны хөгжил юм шүү дээ. Тэрнээс биш Парламентын засаглалыг сонгосон учраас ийм амжилт олсон юм биш л дээ.

Тэгээд ч өндөр байшин хөгжлийн үзүүлэлт биш л дээ. Хөгжлийн үзүүлэлт бол нэг хүнд ногдох орлого, хүн амын амжиргааны түвшин, сэтгэл ханамж юм. Мань эр нэг тийм ахар бодолтой, жаахан  хүүхдийн тархины хэмжээнд сэтгэж ярьж байгаа нь мэдлэгтэй , цараатай улс төрч болоход мөн ч хол байгааг харуулж байна.  Энэ хүнийг ийм мэтгэлцээнд оруулах хэрэггүй юм байна. Айкю нь даанч хүрэхгүй нөхөр байна. Коминтерн ярьсан хэвээрээ. Ерөнхийлөгчийг Кремльд дуудаж аваачаад газар нутгаа өг гэхэд л балрах юм гэнэ. Ингэж л хүүхэд шиг юм ярьж өөр шигээ хүмүүст таалагддаг гар л даа.

Н.Энхбаяр
Хэлэлцүүлэг дээр санал бодлоо хэлж байгаа оролцогчдоос МАХН-ын дарга Н.Энхбаяр л тулхтай, голтой зүйл ярьж байна. Тэрээр өнгөрсөн 30-аад жил туршсан Парламентын засаглал Монголд тохирохгүй гэдэг нь батлагдсан учраас тогтолцоогоо өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох нь зөв гэж байна. Парламентын засаглал тохирохгүй байгааг илтгэх баталгаа нь юу юм?
Хамгийн том баталгаа бол өнөөдөр Монголын ард түмний 3 хүний 1 нь ядуу болсон гэдэг үзүүлэлт юм! 3 сая хүнтэй гэвэл 1 сая нь ядуу гуйлгачин болжээ! Үүнээс илүү ямар нотолгоо хэрэгтэй юм?

Ц.Нарангэрэл (Ард Түмний Олонхийн Засаглал Намын дарга) зөв ярьж байна. Улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгаж, хатуу гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй гэж байна. Зөв өө. Бидэнд хуваагдал гай болж ирсэн. Эв нэгдэл хүсэж байгаа бол намаар талцдаг явдлыг механикаар (хуулиар) зогсоох хэрэгтэй. Үүнийг хатуу гишүүнчлэлгүй болгох замаар хийх боломжтой.

Товчхондоо асуудлын гол нь Үндсэн хууль муу болсон гэдэгтээ биш л дээ.  Тэр дордуулсан гэх 7 өөрчлөлт сайн эсвэл муу гэдэг нь өөр асуудал. Ерөнхийдөө одоогийн Үндсэн хууль маань ардчилсан зарчмыг тунхаглаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан сайн хууль. Өөрчлөлт хийх ёстой зүйл нь засаглалын ямар хэлбэрийг сонгох вэ гэдэг тухайд л яригдаж байгаа юм. Хамгийн гол өөрчлөх ёстой зүйл нь энэ юм. Бид 30 шахам жил хэрэгжүүлж ирсэн Парламентын засаглалыг хэвээр нь үргэлжлүүлэх үү, эсвэл өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалыг авах уу гэдгийг л сонгох тухай ярих ёстой юм. Энэ бол хамгийн гол бөгөөд чухал өөрчлөлт. Бусад зарчмын үнэт зүйлүүдийг тунхагласан зүйл заалтууд (хүний эрх, эрх чөлөө гэх мэт) нь хэвээр үлдэнэ гэсэн үг.

Парламентын засаглалаа улам бэхжүүлж, сонгодог болгоно гэж Лүндаажанцан нар төслөө хамгаалж байгаа. Тэгвэл тэр сонгодог засаглалаар бол уг нь Парламентын гишүүд нь Засгийн газрын сайд байх ёстой юм шүү дээ. Мөн ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой юм. Дүрмийн дагуу. Энэ бүгдийг чинь бид үзээд, туулаад ирсэн биз дээ?
Давхар дээл өмсөж, мөнгөний эрх мэдэлд хүрэхийн тулд зөвхөн тийм зорилгоор  нам гэгч бүлэглэлд шургалсан этгээдүүд УИХ-д орох гэж мөнгө хайрлахгүй цацдаг юм шүү дээ. Давхар дээл өмсөж сайд болж чадахгүй ч гэсэн УИХ нь Засгийн газраа атгадаг учраас ямар нэгэн байдлаар өөртөө ашиг унагах, давуу байдал олж авч чаддаг учраас дивтаат болох гэж тийшээгээ үхэн хатан зүтгэдэг юм. Улс орондоо ашигтай, хэрэгтэй хууль санаачилж батлая гэдэг зорилгоор биш!

Дээрээс нь намын дарга нь Ерөнхий сайд автоматаар болдог учраас нам дотроо дарга болох гэж алаан болдог юм. Дарга болж чадахгүй ч гэсэн удирдах байгууллагад нь (удирдах зөвлөл гэх мэт шийдвэр гаргадаг төв байгууллага)  багтчих юм бол нам нь ялсан тохиолдолд томоохон албан тушаал баталгаатай олдоно гэсэн үг.  Бүр чаддаггүй юмаа гэхэд намынхаа хэн нэгэн том сонгуультай этгээдийн цүнхийг барьж гүйгээд, сонгуулийн ажилд нь морь нохой мэт зүтгэвэл нам нь ялсаны дараа мөнөөх дарга маань намайгаа харж үзээд аль нэг яам, газарт хурган даргын ажилд оруулаад өгчих шаанс байна аа. Миний боловсрол, туршлага, чадвар маань тухайн ажлыг хийхэд тэнцэж байгаа эсэх нь хэнд ч сонин биш. Ийм учир шалтгаанаар нам гэж үхэлдээд гүйгээд байдаг юм шүү дээ. Хувийн ашиг сонирхол ерөөсөө 1-рт л явдаг.
Нам гэдэг юмыг ингэж хөөрөгдсөн тогтолцоог Парламентын засаглал гэнээ.

Ерөнхийлөгчийн засаглал бол намын даргыг Засгийн газрын тэргүүнээр тавьдаг тогтолцоо биш. Харин ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч маань Засгийн газраа толгойлж, өөрөө багаа бүрдүүлж, хар толгойгоороо хариуцлагаа үүрээд явдаг юм. Ерөнхийлөгч нь засгийн ажлаа хийж, УИХ нь хууль тогтоох ажлаа хийдэг. Бие биетэйгээ холилдож, өвөр түрийндээ ордоггүй. Тийм учраас УИХ руу буруу санаатан биш харин хууль тогтоох эрмэлзэлтэй, оюунтан эрдэмтэд зүглэх юм. Хэн нь юугаа хариуцдаг нь ойлгомжтой, тодорхой болно. Дээр нь шударга шүүгчдээ сонгож чадвал 3 бүтэц (Гүйцэтгэх засаг, хууль тогтоох,шүүх засаг) нь тусдаа бие биенээс хараат бус боловч харилцан хяналт тавьдаг, тэнцвэртэй систем бүрэлдэх юм.

Шударга шүүх байгуулахын тулд нөгөө 2 бүтцээс (УИХ ба Ерөнхийлөгч) шүүгчдийг санал болгох, томилох байдлаар зохицуулж болохгүй. Шүүгчдийг иргэд сонгодог байвал тэд УИХ ба Ерөнхийлөгчийн нөлөөнд автахгүй, хараат бусаар, шударгаар шийдвэрээ гаргаж чадна. Энэ тухай би өмнөх нийтлэлдээ бичсэнийг болгооно биз.




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө