Засгийн баян бааз буюу том даргын том тэрэгний хэрэг

2016 оны Лексус 570
Үндсэн Хуулийн Цэцийн (ҮХЦ) даргад 195 сая төгрөгийн LEXUS 570 хэмээх тансаг машин авч өгсөн тухай бөөн хэл ам, цаана чинь! Засгийн газрын авто бааз энэ машиныг Таван Богд компаниас авчээ. Гэхдээ төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй, "өөрсдөө аж ахуйн тооцоон дээр" үйл ажиллагаа явуулдаг болохоор бааз өөрийнхөө орлогоосоо тус машиныг авсан гэж баазын дарга Т.Нямдорж хэллээ.  Мөн "Бид улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй" хэмээн хэлж байна.  Гэтэл мөнөөх баазын өөрийнх нь веб сайт дээр "Засгийн газрын "Авто бааз"  улсын төсөвт үйлдвэрийн газрын стратегийн мөн чанар нь..." гэж ирээд л бичсэн байх юм. Тэгэхээр улсын төсөвт байгууллага болж таарч байна. Хэлж байгаа, бичиж байгаа хоёр нь алд дэлэм зөрж байгаа биз?
За энэ ч дүүрч. Сайханбилэг сайд хэмнэлт гаргана гээд улсын байгууллагуудын удирдлагуудын унадаг түлш их зарцуулдаг том оврын тээврийн хэрэгслийг хот дотор хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан боловч биелүүлж байгаа "ухамсартан" тун цөөн байгаад зогсохгүй Засгийн газрын Авто баазын дарга нь  мөнөөх засгийнхаа тогтоолын дагуу ҮХЦ-ийн дарга  "тусгай, техникийн чадвар өндөр" машин унах ёстой гээд дээрх машиныг авсан гэж тайлбарлаж байна.

Засгийнхаа тогтоолыг дагаж мөрддөг түүнийг буруушаах аргагүй мэт. Гэтэл хэмнэлт хийе  гэж ярьчихаад ачир дээрээ яаж ч тайлбарлаж болох тогтоол гаргасан Сайханбилэг сайдыг юу гэж ойлгох вэ?  "Тусгай" машин гэдэг нь ямар учиртай юм? Шил хаалга нь бууны сум нэвтрүүлдэггүй гэсэн үг үү? Энэ авсан  LEXUS 570 нь тэгвэл тийм хуягласан тэрэг юм уу? Үгүй байх аа. Энэ бол зүгээр л туулах чадвар сайтай, тансаг тэрэг. Тэгвэл "техникийн чадвар өндөр" машин гэдэг шаардлагыг юу гэж тайлбарлах вэ?  Хурд ихтэй, 4 дугуй нь мааждаг байх ёстой гэсэн үг үү? Хотод ийм тэргээр яахав дээ. Ямар цагт 100 км хурдтай явах биш.  Харин хөдөө явах болбол туулах чадвар сайтай тэрэг унах шаардлагатай нь мэдээж. ҮХЦ-ийн дарга тэр болгон хөдөө "туугаад" байх биш, хэрэв явах шаардлага гарвал хэрэгтэй тэргээ захиад унаж болно доо? Ингээд бодохоор ийм тансаг бөгөөд  үнэтэй  жийп "нүдэлж өгөх" шаардлагагүй байсан байгаа биз? Баазын дарга Т.Нямдорж тогтоолын утга санааг "буруу ойлгосон" байх магадлал харагдаж байхын зэрэгцээ Сайханбилэг сайд ч мөн тогтоолоо "буруу ойлгогдохоор" үйлдсэн нь илт байна.

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа
ҮХЦ болон бусад төрийн өндөр албан тушаалтанд тооцогдох этгээдүүдийн хот дотор болон хот хооронд зайдлах тэрэг заавал "жийп" байх шаардлага алга. Хэмнэе л гэж байгаа бол. Мэдээж төрийн 3 өндөрлөгийн унах тэрэгнүүд "тусгай" байх шаардлагатай. Тусгай гэдэг нь элдэв болзошгүй халдлага болоход амь насыг нь хамгаалахаар тоноглогдсон байна гэсэн үг. Энэ гурваас бусад нь түлш бага хэрэглэдэг жижиг тэрэг унаад явахад болохгүй нь юу байна?
Гэтэл харин эсрэгээрээ, мөнөөх ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа  "Би тусгай бөгөөд өндөр чадвартай машин" унах ёстой хэмээн Баазын дарга Т.Нямдоржийг удаа дараа "дарамталсан" юм байх.  Сайханбилэг сайдын тогтоолыг иш татаж байгаад л шинэ тэрэг нэхээд байж л дээ.  (Баазын даргын ярилцлагыг эндээс уншаарай)  "Үлгэр жишээ" бөгөөд  "ухамсар өндөр"  ҮХЦ-ийн даргатай гэдгээ бидний Монголчууд энэ явдлаас улбаалан ойлгож авсан байх аа гэж найдая.
Сайханбилэг сайд. нэг бол 184-р тогтоол гэгчээ ойлгомжтой тодорхой болгох, эсвэл хэмнэх тухай  худлаа ярихаа болих хэрэгтэй. Нэг л зангаараа байх сайхан. Ер нь удирдагч хүн хэлсэн ярьсандаа хүрч, түүндээ хүрэхийн тулд завсрын элдэв гуйвуулга, завхралын эсрэг түргэн шуурхай арга хэмжээ авч, засаж зааварлаж явах ёстой. Ерөнхий сайд маань нас залуу, цус шингэн байж болно, гэхдээ олны хэл ам, бусдын шүүмжлэлийг тусгаж аваад үтэр түргэн арга хэмжээ аваад, шийдээд явж чадаж байвал олон нийт талархах нь мэдээж. Алддаггүй хүн гэж байхгүй, гэхдээ алдаагаа засаад явж чадаж  байвал тэр хүнийг "зөв хүн" гэнэ биз?

p.s. Энэ "гайтай"  LEXUS 570 гээч нь чухам ямар ид шидтэй тэрэг вэ? Олны ярианаас сонсвол Монголд их л "моод" болж байгаа тэрэг бололтой.  8 цилиндртэй, цилиндрийн багтаамж нь 5,7 литр, автомат 6 араатай, 8 хүний багтаамжтай. 2016 оны загвар нь хотод 100 км-т 18 литр , хурдны замд 13 л "иддэг"  гэнэ. Үнэ нь 88880 ам. доллар гэж байна. (1 доллар 2000 төгрөг гэвэл 177 сая 760 мянган төгрөг). 100 км-т 5-6 литр бензин хэрэглэдэг гибрид тэрэгнүүдээс авбал яадаг юм?  Lexus CT 200h, Lexus ES 300h гэх мэт.  Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээх хэрэгтэй байна даа. Том тэрэг уначихвал "том" харагддаг гэж бодоогүй л байлтай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө