Хэн гэдгээ мэдэж байна уу, чи?


Монголчууд бид өөрсдийнхөө "муугаас"  болж өсөж дэвжих боломжоо алдсаар. Цаг хугацаа явсаар. П.Очирбат гуай нэгэнтээ Монгол улс Азийн нэг "бар" болно гэж хэлж байсан нь зүгээр л мөрөөдөл байсан нь өнөөдөр харагдаж байна. Сайхнаар төсөөлж л хэлж байсан хэрэг байх. Гэвч бид өөрсдийгөө таньж мэддэггүйн улмаас энэ мэтээр худлаа хөөрцөглөсөөр 20 гаруй жилийг ардаа орхижээ. Гарааны цэгийг Ардчилсан хувьсгал мандаж, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, улс оронд маань болон хувь хүн бүрт өсөх дэвжих боломж олдсон тэр цаг он буюу 1990 оноос эхэлж тооцсон юм шүү.  Түүнээс хойш даруй 25 жил өнгөрчээ. Бид юу хийж чадав аа гэж асуух хэрэгтэй байх. Харьцуулбаас, тэр үед бидэнтэй ойролцоо түвшинд болон зарим талаараа биднээс дутуу, дорой байсан улсууд өнөөдөр биднийг олон үзүүлэлтээр гүйцэж түрүүлээд хол орхижээ.   Яагаад гэдэг асуулт гарнаа даа?

Хариулт их энгийн бөгөөд ойлгомжтой. Зарим хүмүүст ойлгомжгүй байж болох. Зарим хүмүүс хардаггүй байж болох. Тэгвэл хариултыг болгооё:  Бидний энэ арчаагүй байдал бидний өөрсдийн  онцлог зан чанараас болж,  мөн бидний сонгосон тогтолцоо бидэнд "таарахгүй" байгаатай холбоотой.
Бидний онцлог зан чанар гэж чи юугаа донгосоод байнаа гэж асуух хүн олон гарна.  За тэгвэл бид чинь  амьдрал ахуй, орчин нөхцлөөсөө  үүдэлтэй  "хачин бэртэгчин" бөгөөд "хувиа бодсон" зан чанартай улс. Бидний "буруу" биш л дээ. Байгаль, амьдрал маань биднийг ийм болгочихсон юм. Энэ чинь олон зуун, мянган жилийн турш явагдаж ирсэн процесс юм. Бид энэ онцлог зан чанараараа  Азийн бусад үндэстнүүдээс ялгардаг. Тархай бутархай бөгөөд байнгийн шахуу нүүж суудаг  хөдөлгөөнтэй амьдрал маань Монголчуудыг бие даасан, амиа бодсон, зожиг зан чанартай болгосон бол Азийн бусад суурин амьдралтай үндэстнүүд харин нийтлэг зантай, хамтарч нийлж амьдардаг, амиа боддоггүй, олноороо аливааг  хийж, нийтийнхээ төлөө зүтгэвэл миний хэрэг бүтдэг гэсэн ойлголт ухамсартай   байдаг.

"Будааныхны" энэ зан чанар тэднийг улс орноо өөд нь татахад таатай нөлөөлсөн нь мэдээж. Харин "махчин" Монголчууд хувиа бодож довоо шарлуулсаар өөдөлж дэвжиж чадсангүй  бусдаас хол хоцорсон байна. Үүнийг нотлох жишээ зөндөө байна: Хятад, Солонгос, Вьетнам, Япон, Тайланд гэх мэт. Бүр дайнд нэрвэгдсэнийхээ дараа ч үнс нурман дотроос улсаа босгоод ирсэн Япон болон Өмнөд Солонгос, Вьетнам зэргийг дурдахад хангалттай.
Тэдэнд бараг ямар ч нийгмийн тогтолцоо "зохино."  Учир нь тэд ямар ч тохиолдолд хамтраад аливааг бүтээж босгох ухамсартай, ажилсаг, хамтач  чанартай үндэстнүүд.
Харин  бидэнд ийм зан чанар байхгүй.  Тэгвэл  бидэнд "аврал" байна уу?  Байна аа. Бидэнд  хүчтэй,  эрх мэдэл бүхий удирдагч хэрэгтэй байна. Тийм хүн л биднийг аварна.  Өөрөөр хэлбэл, бидэнд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал зохино. Одоогийн  засаглал тохирохгүй  гэдгийг өнөөгийн байдал  хангалттай нотолж байна.  "Тоглоомын" Ерөнхийлөгчтэй, Засгийн газар Ерөнхий сайд нь парламентээс хамааралтай, Ерөнхий сайд нь эрх мэдэлгүй ийм тогтолцоог өөрчлөхгүй бол бид энэ хэвээрээ байсаар "дампуурна." Хамгийн ядуу улс хэвээрээ хоцроно гэсэн үг.

Хувиа бодсон, жалганы үзэлтэй, бэртэгчин Монголчуудыг хүчтэй гар л зангидаж, хөдөлгөж, хөгжүүлж чадна. 13-р зуунд мандаж хүчирхэг болж ирсэн явдал Чингис хаантай холбоотой. Бэлэн жишээ тэр. Тэр цагаас хойш тарж бутарч, хоорондоо хөлөө жийлцсээр бусдын хоол болж гандаж буурсан түүхтэй улс, бид. Өөрийн жаргалыг бодогч түшмэд, ноёд нь улс орноо худалдаж, элдэв шан харамж, цол хэргэм, чулуу модоор гоёж байсан даа. Өнөөдөр бид мөн л ижил төстэй дүр зураг харж байна. Гадныхны эрх ашиг сонирхолд үйлчилж, түүнийхээ төлөө авилга авч хэтэвчээ зузаалж, хувийн амьдралаа баталгаажуулах төрийн түшээд, албан хаагчид тэр үеийн ноёд түшмэдийн өнөө цагийн "сүнснүүд" юм. Хатуу гар байхгүй учраас "бурхангүй газар бумба галзуурч байна." Бодоод байхад "муу хүмүүс" нь төр засгийн удирдлагад гарчихаад идэж уугаад, эсвэл хулгай хийгээд байгаа юм биш, харин тийм байдлыг гаргуулахгүй барьж чаддаг хүчтэй удирдагч байхгүйгээс нөгөө "муухай Монгол" чинь "сурсан юмыг сураар боох биш" гээд дайраад байгаа хэрэг. Хэн ч байсан тэнд очоод "луйвар" хийнэ, ах дүүсээ "харж үзнэ", найз нөхөртөө давуу байдал олгож, үр хүүхдээ албан тушаал, тендэрээр "шагнана"  гэсэн үг. Би ч мөн тэнд очоод "хулгайч луйварчин" болж хувирна, амьдралаа суга дээшлүүлэхийг бодно. Бидний "натур" ийм юм. "Хар, Цагаан жагсаалт" гаргаад ч нэмэргүй болж байна.

Тэгвэл "хүчтэй гар"-ыг эсэргүүцдэг хүмүүс юу гэж хэлдэг гээч? Хэрвээ хүчтэй Ерөнхийлөгчтэй болчихвол гадныханд худалдагдаад манийгаа бүр баллаж орхино. Харин УИХ-ын гишүүдийг бүгдийг худалдаж авах бараг боломжгүй учраас одоо байгаа засаглал нь дээр гэдэг. Энд нэг юмыг тодруулах хэрэгтэй байх. Хүчтэй бөгөөд эрх мэдэлтэй  Ерөнхийлөгч маань бүх зүйлийг ганцаараа мэдэж (хаан шиг) шийддэг байна гэж ойлгож болохгүй. Дотоодын асуудал дээр мэдээж Ерөнхийлөгч маань багтайгаа хамт шийдвэрээ гаргаад хариуцлагаа хүлээгээд явах бол харин гадаад асуудал дээр, ялангуяа улс орны эрх ашиг хөндөгдөх томоохон асуудал дээр, дангаараа шийдэхгүй УИХ-тай  зөвшилцөж, зөвшөөрөл авч байж шийддэг хуулийн зохицуулалт хийж өгөх ёстой. Тэгэх юм бол бусад гадны этгээдийн эрх ашигт таацуулж дураараа шийдвэр гаргах боломжийг нь хааж өгнө. Иймэрхүү засаглалтай АНУ болон ОХУ зэрэг орнуудад мөн ийм зохицуулалт хийж өгсөн байдаг. Тийм ч учраас саяхан  Ерөнхийлөгч Путин   Сири улсад байгаа Исламын улсын бүлэглэлийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ДУМ-аас авч байж бөмбөгдөлтөө эхлүүлсэн. Түүнтэй адил АНУ-ын Ерөнхийлөгч ч мөн гадаад улстай холбоотой аливаа том асуудал дээр Конгрессоос зөвшөөрөл авдаг.  Тэгэхээр энэ бол зохицуулж болох асуудал. Бидний хамгийн ойрхон хөрш Казахстан улс бас л хүчтэй Ерөнхийлөгчтэй. Назарбаев бараг үхтлээ Ерөнхийлөгчөөр ажиллах байх. Казахуудтай уулзаад асууж байхад, хэдийгээр Назарбаев ба түүний гэр бүл улсдаа ноёрхож байгаа ч гэсэн хэрвээ түүнийг аваад хаячих юм бол бас хэн нэг нь гарч ирээд байдал өөрлөгдөх  баталгаа  үгүй  учраас ард иргэд энэ асуудалд айхтар их эмзэглэж эсэргүүцдэггүй гэсэн. Нөгөөтэйгүүр, Назарбаев улс орондоо их юм хийж дэлхийд улсынхаа нэр хүндийг дээшлүүлж байгаа учраас иргэд талархалтай байдаг аж.  Казахстан улс өдгөө өнгө зүс зассан, эдийн засаг нь өсөж буй улс болж чаджээ.

Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцдэг хүмүүс зөндөө байдаг. Олны танил хүний нэг болох "Буян"-гийн Жагаа саяхан өгсөн ярилцлагадаа бас Ерөнхийлөгчийн засаглалыг  дэмждэггүй гэсэн байна билээ. Хэрвээ бид энэ хэвээрээ байх юм бол байдал өөрчлөгдөнө гэж горьдоод ч хэрэггүй. Одоогийн байгаа 76 "ямааг" солиод ч нэмэргүй. Оронд нь сонгогдох хүмүүс тангарагаа өргөсөн даруйд  л "ямаа" болж хувирна. Төр засгийн бусад өндөр албан тушаалд болон бусад доод шатнуудад ажиллах хэн ч бай ялгаагүй одоо байгаа хүмүүс шиг л ажиллах болно. Хүнд суртал, авилга, хулгай, луйвар, гарын үсгээ зарах бизнес хэвээрээ байна гэсэн үг. Хэн тэр албанд очих нь хамаагүй. Хамгийн гол нь энэ бүхнийг тас цохиж чадах "чанга гар" байхгүй л бол мянга гомдоллоод , түмэнтээ орилолдоод нэмэргүй.  Яагаад нэмэргүй гэж үү? 20 гаруй жил бид орилов доо. 76 ширхэг сандал дээр олон ч хүнийг сонгож суулгав даа. Сонгох болгондоо бид "хамгийн шилдэг" хүмүүсээ сонгочихлоо гэж боддог. Гэвч харамсалтай нь тийм биш байдаг. Яагаад гэвэл өнөөгийн бидний тогтолцоонд хэнийг ч тэр суудалд залсан адилхан  учраас тэр. Тогтолцоо нь тийм байдлыг "өөгшүүлдэг", тас  цохих боломжгүй байдаг учраас хэн ч байсан тэгж галзуурдаг юм. Галзуурсаар ирсэн.  Сүүлдээ бүр нам гэгч бүлэглэлийн нэрээр хэн дуртай нь тэнд залардаг болж.

Ойрхноос Үндсэн Хуулинд бага зэрэг өөрчлөлт оруулах тухай ярьцгаах болж. Гэвч ингэж өнгөн засал, хувиргалт хийгээд нэмэргүй л дээ. Эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгж байж л бүх юм өөрчлөгдөнө. Үндсэн Хуулинд өөрчлөлт хийхээс гадна бас намуудын тухай хуулийг, Сонгуулийн тухай хуулийг  ч бас өөрчлөх шаардлага байна. Жалгаараа талцдаг Монголчуудад бас өөр юмаар талцах "сайхан" завшаан олдсон нь энэ нам гэх бүлэглэл юм.  Намчирхах өвчин хар тамхи шиг биднийг эзэмдсэн. Үүнийг эмчлэхийн тулд зохих хуулиудад  нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.  Ер нь ингэж эцээхэн өөрчлөлт хийхгүй бол болохоо байлаа. Ийм байдлаар удаан явбал бид  амьтны адаг болж, сүүл мушгих цаг ойрхон байна. Дэлхийн улсуудаас хоцрохгүй, өнгөтэй өөдтэй амьдрая гэвэл  өнөөдөр хойшлуулалгүй  хувьсал өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Өөрсдийгөө эхлээд хэн бэ гэдгээ ойлгож мэдэж авцгаая. Тэгсэний дараа бид яах ёстой вэ гэдэг нь тодорхой болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө