Хар жагсаалтыг хамтдаа гаргая

Баабар
Монголын эдийн засгийн форумд Баабар маань  тавьсан илтгэлдээ  нэг санаа дэвшүүлжээ. Илтгэлийн нэр нь "Хэрээг  хэрээ л гэхээс бүргэд гэж өргөмжилдөггүй."  Энд  дараад уншаарай. Миний олзуурхаад байгаа тэр "санаа" гэдэг нь ирэх сонгуулиас өмнө Монголын улс төрд дахиад гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргах тухай санал юм.  Ийм  жагсаалт гаргаад сонгуулиас өмнө  сонгогчиддоо тараагаад танилцуулчихвал  мөнөөх жагсаалтанд нэр нь орсон "барамнууд" дахиж сонгогдох боломжгүй болно гэсэн үг.  Түрүүчээсээ "хар жагсаалт" гээд нэрлээд, бичээд  эхэлсэн байгаа. Аргаа барсан  арга л даа, гэхдээ Баабарын хэлсэнээр иргэдээ гэгээрүүлэхийг  хүлээвэл дэндүү удах учраас иймэрхүү "шоорт-кат" хэрэглэх нь зөв ч байж магадгүй. 70 жил тархиа угаалгасан Монголчуудыг  гэгээрүүлж боловсруулахад дахиад түүнээс багагүй хугацаа шаардагдах биз. Өнгөрсөн 25 жил лав энэ тал дээр юу ч хийсэнгүй. Хийгээгүй учраас шинэ нийгмийн талаар буруу ойлголттой байх, аливаа шинэчлэлийг эсэргүүцэх, хуучнаа үгүйлэх зэрэг үзэгдэл их байгаа нь ойлгомжтой. Гэгээрүүлэх  сонирхол ч эрх баригчдад байгаагүй биз. Иргэд маань харанхуй мунхаг байх тусмаа үгэнд нь орж, итгэж үнэмшинэ гэж  тэд бодсон байх.

Шинэ орчинд зохицож амьдрах сорилттой тулгарсан иргэд маань цочирдож балмагдсан. Бид бэлтгэлгүй байсан. Усанд сэлж  сураагүй биднийг шууд л гүнзгий ус руу аваад шидчихсэн. Бяцхан хүүхдүүдийг усанд сэлүүлж сургаж байгаа аятай.  Ихэнх маань балмагдаж барьц алдсан. Цөөхөн сүүхэйтэй нь завшиж амжсан.  Хөл алдсан олонхи иргэд маань өлссөн, ядарсан. МАН, АН хоёр үүнийг л ашиглаж тоглосоор 25 жил  ноёрхож чадсан гэхэд хилсдэхгүй. Өлөн сонгогчидоо элдэв сайхан амлалтаар хуурч, нэг удаа гэдэс гарах хоолоор зовлонг нь мартагнуулж, нэг орой ууж  тайтгарах архи, пивоор  саналыг нь  худалдаж аваад эрх мэдэлд ээлжлэн хүрсэн нь  үнэн. Намчирхаж хийрхсэн иргэд маань одоо болтол  хийрхлээсээ  салж чадахгүй л явна. Гэвч сонгогчид маань бага ч гэсэн ухаарч ойлгож байгаа нь ажиглагдаж байна. Цагийн эрхээр. Гэвч намуудын хүчтэй суртал ухуулга, хийрхсэн "намчингуудын" явуулга, мунхруулга бас л хүчтэй хэвээр байгаа. Ялангуяа сонгуулийн үеэр эдгээр "улаан ухуулагчид" илт идэвхжиж улайрдаг. Хэдийгээр шинэ хуулиар мөнгө амлах, тараах энэ тэрийг хориглосон боловч манай мэхтэнгүүд өөр уран арга олныг бодож олох нь дамжиггүй.

Баабарын санал болгосон шиг Худалдаа Үйлдвэрийн Танхимын шинэхэн дарга Лхагважав үүнийг зохион байгуулж явуулах нь юу л бол.  Шударга хүн байж болно, гэхдээ л ингэж "хэнхэглэх" болов уу даа. Нөгөө талаар түүнд "матаасны" материал өгөх иргэд, компаниуд олдох уу? Миний бодлоор ингэж байхын оронд аль нэгэн ТББ энэ ажлыг гардаж хийвэл болох юм. Хэн  улс оронд болон иргэддээ хохиролтой хууль батлалцсан, санаачилсан, гэрээ байгуулсан,  хэн ёс зүйн алдаа гаргаж буруу үйлдэл хийсэн зэргийг баримттай нь  жагсаасан бүртгэл гаргаад иргэддээ танилцуулах хэрэгтэй. Ийм хүмүүс дахиж өрсөлдөх, төрийн алба хаших эрхгүй гэдгийг олон нийтэд зарлана гэсэн үг. Мэдээж сонгох эсэх нь иргэдийн  шийдэх асуудал. Харин анхааруулсаар байтал  дахиж сонгочихоод дараа нь элдэв юм ярьж гоншигонож гомдоллох хэрэггүй гэдгээ эрхбиш мэдэцгээх байгаа?
Цэвэр ёс зүйн асуудлаар  л  улс төрд байх нүүргүй бөгөөд эрхгүй  цөөнгүй этгээд буй. Үүнийг олон нийтэд ил болсон баримт материал дээр тулгуурлан гаргаж ирэхэд төвөггүй санагдана.
Жишээ болгоод  мэдэх хэдэн нэрсээ энд жагсаая л даа. Миний бодлоор дараах хүмүүсийн хувьд улс төрийн албан тушаал, төрийн албаны хаалга хаалттай байх ёстой гэж бодно.

1. Ё.Отгонбаяр - эдүгээ УИХ-ын гишүүн (2012 оноос) , Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан (2008-2012)


"Зоос", "Голомт" ба "Худалдаа Хөгжлийн" банкинд  буй  эхнэр Эрдэнэсолонгынх нь нэр дээрх данснуудаар олон зуун сая доллар (300 гаруй сая)   ), олон арван (14 шахам) тэрбум төгрөг байршиж, орж гарч байсан нь цагдаагийнхний хараанд өртөж шалгуулж байсан. Одоо тэр хэрэг юу болсон нь бүү мэд. Том албан тушаалтнуудын хэрэг ингэсгээд замхраад өнгөрдөг нь бараг жам болж дээ. Отгонбаяр өөрөө сайд байхдаа албан тушаалаа ашиглаж бусдаас мөнгө дарамталж авдаг байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. Энхтайвны гүүрэн дээр нэг нөхрийг Отгонбаярын захиалгаар хэсэг залуус зодсон хэрэг гарч шуугиж байв даа. 200 сая төгрөг өгөхгүй бол  барьсан барилгынх нь зөвшөөрлийг олгохгүй гэж  дарамталж  байгаад  өгөхгүй гэхээр нь бүр сүүлдээ хүмүүсээр зодуулсан байгаа юм. Энэ хэрэг мөн л замхарч байх шиг. Эхнэрийнхээ нэр бүхий данснуудад байгаа тэр их мөнгийг би мэдэхгүй гээд тас гүрийж байсан.  Эхнэр нөхөр хоёр бие биенээсээ данс мөнгөө их нууцалдаг байсан юм байх. Хүн үнэмших үү? Авгай, нөхөр хоёр нийлээд ч  ийм их  орлоготой  бизнес эрхэлдэггүй байх. Тэгэхээр энэ их мөнгө бохир байх магадлал өндөр байна. Дараах бичлэг  дээр дурдагдаж байгаа нөхрөөс л гэхэд 230 сая төгрөг нэхсэн гэж байгаа. Энэ мөнгө эхнэрийнх нь дансанд орж гэр бүлийн орлогыг арвижуулах ёстой байсан байх л даа, уг нь. Энэ  хэргийн тухай Улсын Мөрдөн Байцаах Газрын дарга Ц.Батсүхийн  хийсэн мэдэгдэл хэрвээ худал гүтгэлэг байсан бол энэ  албан тушаалтан буруутах байсан нь тодорхой. Гэвч тийм юм болсонгүй, Отгонбаяр ч тас гүрийгээд л өнгөрсөн. Намайг гүтгэлээ гэж тэр албан тушаалтныг лав шүүхэд өглөө гэж дуулдаагүй. Энэ талаар мөн Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболд мэдээлэл өгсөн байдаг. Бичлэгийг эндээс  үзнэ үү. Худлаа гүтгэсэн бол энэ нөхөр бас хэрэгт орох ёстой.
Энэ хэрэгтэй холбоотой тухайн үед бичиж байсан бичвэрийг маань сонирхвол энд дараарай.


2. С.Баяр - Ерөнхий сайд асан


Энэ хүн  төрийн алба  дахиж хаших ёс зүйгүй хүн. Уг нь МАН-ын лидер хэмээгдэж байсан тэрбээр улс төрч хүнд байж болшгүй авир гаргаж, ноцтой алдаа хийсэн.
Улс төрч хүн худалч байж болохгүй. Тэрээр 2008 оны сонгуулийн үеэр АН-ын амалсан 1 сая төгрөгний хувьцааг бүтэшгүй зүйл гэж байснаа долоо хоногийн дараа МАН-ын 1.5 сая төгрөгний амлалтыг "бүрэн боломжтой зүйл" гэсэн байдаг. Зөвхөн энэ үйлдлээрээ тэрээр юу ч гэж "мурьж" чадах хүн гэдгээ харуулсан. Үнэмшихгүй байгаа хүмүүс Ю-Тюүб дээр байгаа бичлэгийг   энд дарж  үзээрэй.  Сонгуулийг ийнхүү мөнгөний  уралдаан болгож  будлиантуулсанаас болж бухимдсан олон гудамжинд гарсан. Олон хүн баривчлагдаж, хэлмэгдэж, 5 хүний амь эрсдэж, олон хүн бууны тэнэсэн суманд өртөж тахир дутуу болсон. Энэ бүгд С.Баяр Ерөнхий сайд байх үед болсон явдал. Энэ хүн шууд утгаараа ёс зүйн хариуцлага хүлээх ёстой байсан боловч тэгээгүй. Харин ч намын байр шатсан хэмээн улсаас тэрбумаар нь  хөрөнгө гаргуулж шинэ ордон бариулж чадсан.

АНУ-д надад байшин байтугай босгосон майхан  байхгүй гэж байсан энэ хүний эзэмшилд байсан болон байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээ сүүлийн үед  гарах боллоо. Энэ тухай зохих газар нь шалгах биз. Гадаадад хөрөнгөтэй байж болно, гэхдээ түүнийгээ хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт тухай бүрд нь оруулж байв уу гэдэг нь гол асуудал. УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн  газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт гадаадад байгаа дансан дахь мянгаад доллараа  хөрөнгө орлогынхоо  мэдүүлэгт тусгаагүй   нуусан нь илэрч бөөн хэл аманд орж байсан. Ёс зүйн хариуцлагаа хүлээж байнаа гээд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч байсан даа. С.Баярын хувьд ингэж эд хөрөнгөө нууж байсан нь илэрвэл ямар хариуцлага хүлээх бол?

Тэр жил Монгол Улс анхны олимпийн аваргатай болдог үеэр Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж нар  төрийн ордонд "зуун грамм" татаж тэмдэглэчихээд талбай дээр цугласан олны өмнө гарч ард түмэнтэйгээ баяраа хуваалцсан мөчийг санаж байна уу? Манай гурав нилээн халамцуу байсан даа. Тэгэхэд С.Баяр "Би Монгол Улсын Ерөнхий сайд Баяр байна, ура!" хэмээн хашгирч уухайлуулж байж билээ. Зүй нь "Монгол Улсын анхны Олимпийн аварга Түвшинбаяр мандтугай, ура!" гэсэн бол зөв байлаа. Тэнд цугласан олон Монголчууд Ерөнхий сайд Баяртай "танилцах" гэж ирээгүй нь ойлгомжтой. Мань эр өөрийгөө "рекламдах" гэсэн юм байлгүй дээ. Их л ёс зүйгүй, тавтиргүй авир гаргасан даа.  Бичлэг нь энэ  байна.
Зөвхөн худлаа  ярьсан ба 5 хүний амь үрэгдсэн хэрэгтэй холбоотой  шалтгаанаар  энэ хүн дахиж Монголын улс төрд орж ирэх нүүргүй болсон гэхэд болно.

3. У.Хүрэлсүх


Эрх баригч Ардчилсан Нам дотроо хөлөө жийлцэж, байгуулсан засгаа унагаж авсаны дараа шинээр бүрдүүлэх засагтаа МАН-ыг урьсанаар  У.Хүрэлсүх Монгол Улсын сайдын сэнтийд заларсан. Өмнө нь тэрээр УИХ-ын гишүүн байсан хүн. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албыг мөн хашиж явсан. Тээр жил Хадгаламж банкны мөнгийг завшсан хэргээр хоригдох ялаар шийтгүүлж байсан энэ хүн Австралид нэг хэсэг амьдарч байгаад буцаж ирсэн даруйдаа "сраз майор" сайд болсон нь энэ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг төрийн ордон дотор цохиж унаган танхайрсан тэрээр ямар ч зэм, шийтгэл хүлээгээгүй.  Эр бяраа гайхуулсан бичлэгийг энд дарж   үзнэ үү. УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг  "дархан эрх" байдаг ч бусдын биед халдах эрх баймааргүй. Энэ тохиолдолд мань эр бас л ёс зүйгүй хүн гэдгээ нотолсон. Өмнө нь ял авч байсан бөгөөд  ийм танхай хүн төрийн түшээ байх ёс зүйн эрх байхгүй. Эр хүн нэг л цохио биз, сайхан шдээ гэж байгаа хүмүүст хэлэхэд, тэгвэл бүх асуудлаа сайхан нударгаар шийдээд явъя л даа. Мөн жирийн иргэн хүн цохисон бол ял хүлээнэ, харин УИХ-ын гишүүнд  ял хүлээлгэж болохгүй гэдгээ хуулиндаа тусгаад өгчихье.

4. Б.Чойжилсүрэн


2012 оны УИХ-ын сонгуульд мөнгө тарааж санал худалдаж авах замаар сонгогдсон гэх Б.Чойжилсүрэн гишүүн мөн өмнөх 2008 оны сонгуульд бас мөнгөдөж гарч байсан туршлагатай нэгэн. Гэвч мөнгийг нь тараасан туслахууд буюу гардан гүйцэтгэгчид нь ял аваад мань эр гэмгүй өнгөрсөн нь дэлхийд байхгүй сонин явдал болсон. Хэдийгээр зохих шатны шүүхээс Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн гэж үзээд шийдвэрээ гаргасан боловч тэр хоёрыг нэрсийн жагсаалтаас хасаж үнэмлэхийг нь хүчингүй болгох шийдвэрийг гаргах ёстой Сонгуулийн Ерөнхий Хороо эс үйлдлээрээ  хамгаалаад үлдсэн. Холбогдох бичлэгүүдийг эндээс   , мөн  эндээс үзнэ үү.  Болсон явдлын тухай зарим бичлэгүүд:
Хэлгүй мөнгө тараагчОюутнуудад мөнгө тараасан нь,  Чойжилсүрэн сонгогчдод чихэр авах мөнгө тарааж байна,  АН-ын хэвлэлийн хурал
Хууль зөрчигчдийн тухай асуудлаар хуралдаж шийдвэр гаргаагүй СЕХ ба түүний удирдлага хариуцлага хүлээгээгүй ажлаа хийдгээрээ хийж байгаа. Яагаад гэвэл Монголын хуулиуд ихэнх нь аливаа асуудлыг мухарлаж шийдэхээр төгс хийгдээгүй байдаг учраас иймэрхүү байдлаар асуудлыг шийдэлгүй хаячихаж болдог. Тэрнийхээ төлөө ял зэм хүлээнэ гэсэн зүйл байдаггүй учраас СЕХ-ы дарга Содномцэрэн санаа зовох шаардлагагүй гэсэн үг.

5. Ц.Нямдорж


Зарим нь энэ хүнийг эх оронч, шударга гэх нь бий. Гэвч энэ бол түүнийг зусардагчидын хэлдэг үг  юм. Үнэндээ Ц.Нямдорж шударга биш гэдгээ өөрийнхөө үйлдлээр харуулаад баталчихсан. Увсын сонгогчид бодвол манай нутгийн шилдэг хөвгүүн л гэж  ойлгодог учраас л өчнөөн жил олон удаа сонгосон биз ээ. Харамсалтай нь мэдээлэл муутай учраас, нөгөө талаар аливаа үнэн мэдээллийг худал болгодог машин нь хүчтэй ажилладаг учраас сонгогчид Нямдоржийн тухай сөрөг мэдээлэлд итгэдэггүй, хүлээж авдаггүй байж болох юм. Тэгвэл энэ хүн төрийн өндөр алба хаших ёс зүйн эрхгүй хүний тоонд орох ёстой нэгэн. Ц.Нямдоржоо гэж...
- Хуулийн салбарын сайдаар лав 4 удаа ажиллахдаа Монголыг шоронжсон улс болгосон гэдэг
- УИХ-ын дарга байхдаа дураараа хуулинд засвар хийсэн нь баригдаж, Үндсэн Хуулийн Цэц түүнийг хууль зөрчсөнийг тогтоосон тул аргагүйд албан тушаалаа өгч байсан
- Хятадын тагнуулын байгууллагын хүмүүстэй харьцаж, урагшаа "нууцаар" (протоколгүй) айлчилж байсаныг  нь Тагнуулын байгууллага баримтжуулсан байдаг. Гэвч элдэв арга мэхээр ял зэмгүй өнгөрч байсан. Энэ тухай дэлгэрэнгүйг  энд дарж  уншаарай.
- УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Хятад, Солонгосын компанитай нууц гэрээ хийсэн гэх гүтгээд буруутан шүүхээс уучлалт гуй гэсэн шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл үл тоож байгаа. Хууль зүйн сайд байсан, хуульч мэргэжилтэй хүн өөрөө хууль шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэнэ гэдэг бол уг хүний жинхэнэ авир, төрхийг харуулж байгаа явдал мөн. Энэ тухай эндээс уншаарай.
- 2012 онд АН ба эвсэгч намууд засгийн эрх авсаны дараа МАН "дивантай суулт" хийж  УИХ-ын хуралдааны танхимын хаалгыг  таглаж  чуулганыг бойкотлож байсан. "Төрийн албыг төрлийн алба болгожээ" гэх мэтийн бичиг барьсан МАН-ын лидерүүдийн дунд  Ц.Нямдорж өөрийнхөө төрсөн хүү Н.Анхбаярыг 2011 онд АНУ-ын Калифорн мужийн Сан Франциско хотод суух Ерөнхий Консулаар "явуулчихсанаа" мартчихсан тууж явсан. Хэрээ хэрээнийхээ харыг гайхацгаасан явдал болсон  доо.
- Энержи Ресурс компаний сарын олон сая төгрөгний үнэтэй байранд нэг хэсэг суудаг байсан нь бас л шуугиан болж байсан. Онцгой их орлоготой бизнес л хийдэггүй юм бол УИХ-ын гишүүний цалингаар сарын олон сая төгрөгний түрээстэй байранд суух ямар ч боломжгүй. Тэгэхээр энд нэг "но" байсан байж таарах гээд байна.
Ц.Нямдорж "Хятадын соёлын төвийн ажилтан болсон түүх"-ийн 1-р хэсгийг  эндээс , 2-р хэсгийг эндээс, 3-р хэсгийг эндээс, 4-р хэсгийг энд дарж  тус тус  уншина уу.

Дээрх таван хүн миний бодлоор Монголын улс төрд дахиж хөл тавих эрхгүй  учраас "хар жагсаалтын" эхэнд бичигдэх ёстой. Эд нарын араас жагсах хүмүүс бас зөндөө л байгаа байх. Иргэд сонгогчид болон бусад ТББ-уудаас тодорхой үндэслэлээр энэ жагсаалтанд орох нэрсийг бичвэл овоо урт жагсаалт болох магадлалтай. Зөвхөн УИХ ч биш бусад төрийн байгууллагуудад шургалсан үл бүтэх нөхдийг ч мөн ил гаргаж зарлах хэрэгтэй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн байсан, Төрийн өмчийн хорооны дарга зэрэг ажил хийж явсан Д.Сугар гэдэг хүн одоо Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн болчихоод нэр холбогдож сэжиглэгдсэн хэргээрээ шалгуулахгүй яваад л байгаа. ҮХЦ-ийн бусад гишүүд нь түүнийг өмөөрөөд шалгуулахгүй гээд хэнийг ч хавьтуулахгүй байгаа гээд бод доо. Гэмтэн байж болох сэжигтэнийг хамгаалсанаараа тэдгээр ҮХЦ-ийн гишүүд ямар ёс суртахуунтай хүмүүс гэдгээ бас давхар нотолчихож байгаа биз?  Энэ тухай  бичиж байсныг  эндээс  уншаарай. Мөн энд бас нэг нийтлэл байна.
Аль намынх байх нь хамаагүй, энэ мэт хүмүүсийг шударгаар илчилж төр засгаа цэвэрлэж авах нь чухал бөгөөд  энэ нь цаашдаа энэ нийгэм, улс зөв явах, эрүүл жишиг тогтох үндэс болох учиртай.

Хар жагсаалтыг буруутгаж шүүмжлэх хүмүүс их байна. Хүний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа ч гэх шиг. Би тэгвэл  миний  болон бусад иргэдийнхээ эрхийг хөндсөн, улс орны эрх ашигт   хохирол учруулсан , ёс зүйгүй хүмүүсийг дахиж битгий сонгоорой гэж бусад  сонгогчиддоо  анхааруулах, уриалах, үгээ хэлэх  эрхээ эдлээд  ийм жагсаалт гаргахыг дэмжиж байна.  Дээрх хүмүүс болон энэ жагсаалтанд орох болзол хангасан хүмүүс "хүн шиг" байгаад нэр  цэвэр, ажлаа зөв хийгээд явсан бол бид ингэж жагсаалт гаргахдаа тулж цагаа барж суухгүйсэн.









Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө