Монголоо өмөөрөхүй

Арчаагүй төр засагтай ард түмэн гадныханд дээрэлхүүлэх нь байтугай дарлуулж дарамтлуулдаг нь  ойлгомжтой. Эрт цагт их энгийн хууль үйлчилж байж. Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг.  Харин орчин үед энэ хууль үйлчлэх нь багассан. Гэвч энд тэнд хүчирхийлэл мэр сэр гарах. Хувь хүмүүсийн болон улс хоорондын харилцаанд эрт цагийн энгийн  дүрмийг мөрдөх гэсэн  сонирхол бас байнаа. Энэ нь том жижиг гүрнүүдийн хооронд болох элдэв мөргөлдөөн (жишээ нь, Орос ба Гүржийн) болон өөр өөр улсын харъяалалтай иргэдийн бие биендээ хандах харьцаагаар илэрч байна. Том гүрний иргэн  жижиг улсын иргэнийг дээрэлхэх нь иймэрхүү харьцааны нэг жишээ юм.

Дэлхийн улсуудын хамтын нийгэмлэг (НҮБ, АСЕАН г.м), байгууллагууд аливаа улс орнууд бие биендээ дайсагнах, заналхийлэхийг үл тэвчих учраас барагтай бол улс хоорондын мөргөлдөөн гарах нь ховор болж. Гарсан ч  эвлэрүүлж зуучлан дипломат аргаар, яриа хэлэлцээрээр шийдэхийг эрхэмлэх болжээ. Харин хувь хүмүүсийн хоорондох иймэрхүү дайсагнасан, зүй бус харьцааг зохицуулахад бас хэцүү төвөгтэй байх тал бий. Гэхдээ болохгүй юм байхгүй л дээ.

Монголчууд нэгэнтээ олон орон, үндэстнийг эрхшээлдээ оруулж захирч, дарлаж явсан боловч өнөөдөр хувь заяаны эрхээр гэх юм уу, эсвэл урьд өмнө хийсэн нүглийнхээ горыг амсаж байна гэхээр ч юм уу таагүй байдалд орох нь их болжээ. Ялангуяа Хятад улс болон хятадуудтай холбоотой хэл ам, асуудал ихээр гарах болсон. Хятадуудын дээрэнгүй үзэл бодол, бүхнийг өөрийн болгож ноёрхох гэсэн санааг зориудаар бий болгож ургуулж ирсэний үр дагаварыг хятад бус бөгөөд Хятадтай хиллэдэг улс орнууд, иргэд нь мэдэрч эхлээд удаж буй.

Монголчуудын хувьд "байнгын  өстөн"  Хятадуудын агт араанд зуулттай гэдгээ ямагт санаж явах хэрэгтэй. Улмаар төр засаг нь том жижиг гэлтгүй ямар ч  асуудал, хэрэг гарсан үед иргэдээ хамгаалах, иргэдийнхээ төлөө олон улсад мөрдөгдөх хэм хэмжээний дагуу дуугарч өмгөөлж баймаар байна. Энэ тал дээр манай эрх баригчид даанч хангалтгүй ажилладагаас Хятадууд даварч  байна. Хятадын Эрээн хотод Монголчууд зодууллаа л гэнэ, луйвардууллаа л гэнэ. Сүүлийн үед Монголд ажиллаж байгаа хятад ажилчид цуг ажилладаг Монголчуудыг зодож, тэр байтугай дуудлагаар очсон цагдаад бас халдсан гэдэг. Бүр тэндээ  бэхэлж аваад элдэв барилгын багажаар зэвсэглэчихсэн  зодолдох гээд хүлээж байна гэнэ шүү. Тэр хятадуудад хаана байгаа нь чухал биш аж. Яагаад гэвэл тэд ардаа хамгаалалттай учраас тийм аймшиггүй аашилж байна шүү дээ. Тэднийг өмөөрч засгийн газар нь дуугарна гэж. Монголд байгаа нь тэдэнд Хятадын нэг хэсэгт байгаа мэт ойлголт төрүүлдэг, тийм ойлголтыг  багаас нь тархинд нь суулгаж  ирсэн учраас  ямар нэгэн гадаад улсад байгаа гэж бодохгүй, хүндэтгэхгүй, эмээхгүй байна. Уг нь бол Монгол чинь манай газар нутаг юм шүү дээ гэсэн байдалтай.  Монголчууд нутагтаа  хятадуудад зодууллаа гэсэн мэдээ мөн ч их дуулдсан даа. Энэ бүхнийг хувь иргэдийн хоорондох асуудал гэж байгаа хүн  байвал дутуу бодож байнаа та гэж хэлъе.

Интэрнет дээр нэг бичлэг тавигдсан байсныг манайхан үзсэн  биз  дээ. Оросын нэг хотод зах дээр ажилладаг хятадууд оросуудыг зодсоны дараа Оросын тусгайгийнхан ирээд мөнөөх хятадуудыг балбаж өгсөн дөө. Хэний газар нутаг дээр байгаагаа мэдэж байна уу гэж асууж байгаад л хандыг нь хага дарж байна лээ. Манайд бол эсрэгээрээ. Хэн нэгэн том даргын эрх ашиг хөндөгдөх гээд унах учраас нөгөө даварсан хятадуудыг шууд өмгөөлөлдөө авдаг.  Өөрийн өчүүхэн сонирхолоо  нийт Монголчуудынхаа эрх ашиг, нэр хүндээс дээгүүр тавьдаг иймэрхүү эрх мэдэлтэн, дарганцаруудыг ил гаргаж шившиг болгох нь зүйд нийцнэ. 

Өдрийн сонин дээр нэг мэдээ гарчээ. Бас л хятадуудын дээрэнгүй авирын тухай бичсэн байна.
Ингэж бодохоор цээжин дотор минь гал дүрэлзээд гэсэн үгтэй нэг дуу байдаг даа. Тэрэн шиг л уг мэдээг уншаад  дотор минь шууд л гал дүрэлздэг юм  байна.  Ардаа өмөөрдөггүй ардын засгаар яах ч юм билээ. Ардаа өмөөрөхөөр атомын бөмбөг хаячихна гэж айгаад байгаа юм уу? Хятадууд манайх руу довтлоно гэж  хэзээ ч байхгүй. Одоо тэр цаг үе чинь өнгөрсөн. Дэлхий даяарчлагдаж байгаа энэ цагт тиймэрхүү тэнэг алхам хийвэл хятадууд өөрсдийгөө улам ганцаардуулж, дайсныхаа тоог нэмнэ гэсэн үг. Аливаа улс  бусдын оролцоогүйгээр оршин тогтнох хэцүү болсон цаг.  Хятад ч мөн адил. Тэд нар үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ айлгах, сүрдүүлэх, боох, хавчих гээд өрсөлдөгчөө дарамтлах, давах, буулгаж авах олон арга бий бөгөөд тэдгээр аргыг хятадууд сайн ашиглахаа хэнээр ч заалгахгүй.

Боомтоор нүүрс гаргаж байгаа машинууд
Өмнөговь аймгийн Хятадтай хиллэдэг нэг хэсэгт "Цагаан хад"-ын   хилийн боомт (Гашуун сухайт) байдаг.  Тэр боомтоор өдөр бүр олон зуун Монгол жолоочид нүүрс тээвэрлэн Хятад руу нэвтэрдэг аж.  Хөөрхий Монголчууд элдэв дарамт, хүнд суртлын зовлонг амсах нь их гэнэ. За тэр хүнд суртал ч яахав, коммунистууд байтугай бидэнд ч  их бий. Хамгийн дургүй хүргэмээр нь Хятадын хилийн цэргүүд Монгол жолоочдыг дээрэлхэж,  араас нь өшиглөдөг, бүр  зодсон тохиолдол ч байдаг гэнэ.  Яахаараа тэр новшнууд Монголчуудыг араас нь өшиглөж дээрэлхдэг байнаа? Хал цэргүүд шинэ цэргүүдийг дэглэж байгаа юм шиг болох нь шив. Нутагтаа галзуурч байгаа нь тэр. Монголд байгаа хятадууд даварч байхад нутагтаа байгаа хятадын цэргүүд ингэх нь ойлгомжтой.

Хамгийн гол нь энэ даварсан үйлдлийг Монголчууд цааш нь зохих газарт нь уламжилж хэл ам хийж заргалдахын оронд тэгсгээд л өнгөрөөчихдөг учраас хятад цэргүүд галзуурч байгаа юм. Тэнд буй Монголын хилийн цэрэгт энэ тухай зарим нэг нь гомдол гаргаж мэдүүлсэн боловч юу ч болоогүй өнгөрсөн бололтой. (Монголын хилийн цэрэг юу хийж чадах билээ? Ямар буудалцалтай биш)
Өшиглүүлж дээрэлхүүлж байгаа Монгол жолооч нар бухимдахаас өөр юу ч хийдэггүй юм шиг. Хэдэн төгрөгөө бодоод л амбаардуулаад цаашаа ордог биз. Гэхдээ буцаж ирсэн хойноо энэ тухай зохих газарт нь мэдэгдэж зарга хийх ёстой юм, уг нь. Ганц нэгүүлээ биш бултаараа тэмцэх ёстой юм. 

Болдог бол ядаж нууцаар  бичлэг хийж баримтжуулаад, өөрийн орны холбогдох яам, албаны хүмүүст мэдэгдмээр байгаа юм.  Энэ асуудлыг Хятад, Монгол хоёр улсын хооронд нухацтай авч үзэж шийдэх ёстой. Тэрнээс биш өшиглүүлсэн жолооч нөгөө  амбаардсан цэргийг цохиод авбал барьж аваад хорьчих учраас хэлмэгдэх  магадлал их. Гэвч  нөгөө талаас нь  бодвол, амбаардсан даруйд хариу үйлдэл хийж,  хэл ам гаргаж  болох боловч  бусад Монголчууд нь хөндлөнгөөс энэ үйлдлийг баримтжуулахгүй бол хятадууд Монгол жолоочийг хилийн цэрэгт халдсан гэж гүтгээд хэлмэгдүүлж  өлхөн чадах улсууд.

Одоо хүртэл Хятадын хилийн цэргүүд Монгол жолоочдыг өшиглөж дээрэлхдэг хэвээрээ гэнэ. Манай эрх баригч, албаны хүмүүс Өдрийн сонины энэ нийтлэлийг уншаад эрхбиш нэгийг бодож, арга хэмжээ авна байгаа. Баримтжуулж байгаад албан ёсоор гомдол мэдүүлж буруутай цэргүүдэд зохих шийтгэл хүлээлгэх, Хятадын талаас уучлалт гуйхыг шаардаж, дахин ийм байдал гаргуулахгүй байх ам өчгийг нь  гаргуулж авах хэрэгтэй.

Монголчууд маань өөрсдөө эвсэг байж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байцгаая. Нэг Монголыг дээрэлхвэл бусад нь бүгдээрээ эсэргүүцэл үзүүлж байя. Нэг удаа амбаардуулах яах вэ, гол нь хэдэн цаас нь хэрэгтэй гэж ахар бодож байгаа хүн  маргааш өөрийг чинь баастай чинь хутгаж, нүүр лүү чинь нулимах  хүмүүс  шүү гэдгийг л мэдэж авах хэрэгтэй. Нэг жолоочийг чинь өшиглөж доромжилсон бол Монголчууд биднийг доромжилсон гэж  үзээд бүгдээрээ нүүрсээ гаргахгүй буцаад явах хэрэгтэй. Буцаж явдаггүй юм аа гэхэд , өөрийн улсын хил рүү буцаж гараад нүүрсээ Хятад руу зөөхөөс татгалзаж эсэргүүцэл зарласан  ч болохгүй юмгүй. Энэ үйлдэл чинь Хятад болон Монголын талын холбогдох хүмүүсийг сэрээж арга хэмжээ авч асуудлыг шийдэхэд түлхэж өгөх бас нэг арга байж болох. Өнөө маргаашийн алдах хэдэн төгрөг яах вэ, бидний нэр хүнд түүнээс илүү чухал байна. 

Иймэрхүү маягаар Монгол гэсэн нэрээ хамтаараа хаана ч гэсэн хамгаалж, бие биенээ хайрлаж дэмжиж, тусалж явъя.  Эвтэй байхдаа бид хүчтэй гэдэг үг хоосон цэцэрхэл биш. Чингис хаанаас хойш бид хоорондоо түнжин хагарч, эвтэй биш байж, тарж  бутарсанаас болж  доройтсоор өнөөгийн ийм арчаагүй байдалд хүрсэнийг  үргэлж санаж  явцгаая.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө