Улаан аймгууд

Улаан өнгө бол дэлхий даяар хувьсгалчдын "бренд" болсон өнгө. Социалист лагерийн орнуудын далбааны өнгө ямар нэг хэмжээгээр улаантай байх. Мөн хуучинсагийг улаанаар, дэвшилттэйг нь хөхөөр ялгаж тэмдэглэх нь бий.
Манай 90 жилийн түүхтэй МА(Х)Н бол  улаан нам юм. Ардчилсан хувьсгалаас хойш энэ нам өөрчлөгдөж байна, шинэчлэгдэж байна гэсээр өнөөг хүрсэн. Зүлгүүрдээд  зүлгүүрдээд өнгө нь өөрчлөгдсөнгүй улаан хэвээрээ л  байна.  Маргах хүнд бол харин өнгө нь час улаан биш, харин ягаавтар болсон гэсэн тайлбар байж болох юм даа. Социнтерн-д элсээд өнгө нь цусны өнгө байхаа болиод жаахан цайсан юм даг уу даа.

МАН-ын шинэчилсэн туг
Орон нутгийн сонгуулиар сая МАН бас л ихэнх аймаг, дүүрэгт ялагджээ. Тус намын нарийн бичгийн нэг дарга бөгөөд Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар  Ардчилсан намынханд хэлж байнаа: "Бадарчин баярлах болоогүй" гэж. Сонгуулийн нэгдсэн дүн гараагүй байхад Ардчилсан намынхан ялалтаа зарлалаа гэж дургүйцэж байгаа нь энэ.

За ямар ч байсан АН-ынхан  дараагийн сонгууль хүртэл төр засгийн эрхийг барих боллоо. МАН гурав дахь ялагдлаа хүлээж байгаа нь  энэ юм. Ерөнхийлөгчийн, Их Хурлын, сая орон нутгийн сонгуулиудад дараалан өвдөг шороодлоо. Тахимаа ер нь одоо болтол өгөөгүй гэж хэлэхэд болно. Байнга л энд тэнд элдэв юм ярьж нэр хүндээ барж явна. Автомат машинаар АН сонгууль луйвардлаа л гэнэ, Их Хурлын дарга хууль бус л гэнэ, сая орон нутгийн сонгуульд бас "бүх эрхийг атгасан" АН-ын эсрэг  "хүч тэнцвэргүй" тулаанд орсон л гэнэ.  Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ.

Ер нь бодоод байхад дээд удирдлагыг нь  нэг хүчинд өгчихөөд, доод шатанд нь нөгөө эсрэг намыг нь сонгочихоор  чинь хоорондоо зөрчилдөөд ажил урагшаа явуулахад ихээхэн түвэгтэй болмоор юм. Гэтэл зарим аймаг дүүргийн сонгогчид ингэж бодсонгүй. Дараа нь хэнтэй нь яаж хариуцлага тооцох гэж бодсон юм бүү мэд. Бөгс толгой нь  ижил байвал адаглаад хариуцлага тооцохдоо нэг л этгээдтэй ярина биз дээ? Толгой бөгс хоёр нь өөр өөр бөгөөд зохицохгүй бол эцэст нь хэнтэй нь тооцоо бодох юм? Толгойтой нь уу, бөгстэй нь үү? 

Алинтай нь тооцоо бодох боломжгүй болно. Учир нь өнөө хоёр чинь бие бие рүүгээ заагаад аягүй бол хэр халдаахгүй л дээ. Толгой нь хэлнэ: "Би шийдвэрээ гаргаад гүйцэтгэх даалгавар өгсөн боловч  энэ бөгс чинь хэрэгжүүлэхгүй  байснаас болж ажил явсангүй. Тиймээс миний буруу биш."  гэнэ. Бөгс нь харин  эсрэг тайлбар хэлж биеэ өмөөрнө: "Би сайн сайхан болгох гэтэл энэ дээд удирдлагууд юм хийлгэсэнгүй намайг дарамтлаад" гэж. Ингээд  үр дүнд  нь ард түмэн, улс маань хохироод үлдэнэ. Харин толгой , бөгс нь нэг этгээдийнх бол тэгж бие бие рүүгээ   чихэх, бултах аргагүй учраас нүглээ наминчлахаас өөр аргагүй болж, иргэд сонгогчид маань өөр сонголт хийх маягаар хариуцлагаа тооцоод явах юм.

Ийм энгийн логикоор шийдвэрээ гаргаж сонголтоо зөв хийж чадахгүй байгаа нь ерөөсөө ганцхан учир шалтгаантай. Сонгогчдынхоо  улс төр, нийгмийн тухай мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сайжруулах тал дээр аль чнам нь олигтой ажиллаж ирээгүйд хамаг учир нь байгаа юм. МА(Х)Н-ынхан бол мэдээж тэр тал дээр нэг их хүчин зүтгэл гаргаагүйг ойлгож болох юм. Яагаад гэвэл, тэд нарын үздэгээр бол ард иргэд, сонгогчид нь " харанхуй" байх тусам үгэнд орохдоо амархан учраас тэр. Харин Ардчилсан намын хувьд энэ тал дээр хангалтгүй ажиллаж ирсэн. Эрх баригч байх боломж ховор байсан болон мөнгө санхүүгийн асуудал байсан байх л даа.

Одоо өөрөөр ажиллах боломж олдож , МАН-ын ялзралд дургүйцсэн иргэд АН-д итгэл өглөө. Одоо л сонгогчдынхоо тархийг цэнэглэх  боломж олдож байна. Үүнийг алдаж болохгүй. Саяын орон нутгийн сонгуулиар (болон өмнөх Их Хурлынхаар) МАН-д саналаа өгсөн аймгууд, дүүргүүд дээр илүү ажиллаж шаардлагатай гэдгийг сонгуулийн үр дүн харуулаад өглөө.
МАН-ын төлөө түлхүү саналаа өгч сонгосон  "улаан" аймгууд:
- Говь Алтай
- Дорнод
- Дундговь
- Өвөрхангай
- Завхан
- Сэлэнгэ
- Хөвсгөл
- Дархан Уул
- Говь Сүмбэр
Улаанбаатар хотын дүүргүүдээс:
- Багануур
- Багахангай


Хот, хөдөөгийн иргэдийн улс төр ба  нийгмийн тухай  мэдэгдэхүүн,ойлголт, боловсрол нь тэмээ ямаа хоёр шиг ялгаатай байна. Хотынхон АН-ыг түлхүү дэмжиж, хөдөөнийнхөн "дээлийн хуучин нь дээр" гэж үзээд МАН-ыг сонгодог бололтой, гэхдээ энэ нь  хөдөөд мэдээлэл бага очдогтой ч бас холбоотой биз ээ. Хотынхон дотроо ч алийгаа мэдэхгүй сонгогч иргэд зөндөө байна. Хааяа нэг гудмаар яваа иргэдээс сурвалжлага авахад тэдний хэлж ярьж байгаагаас нь энэ байдал илт харагддаг. Тэдний ч буруу биш юм. Бид иргэдээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн АН-ын "тусын тулд" хийж байгаа юм биш, харин бүгдийн эрх ашигт нийцсэн зүйл учраас даруй хийж эхлэх ажлын нэг.  Нэг удаа хийгээд дуусах биш, байнгын тогтмол, дэс дараатай ажил байх ёстой.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө