З.Бат-Отгон - Миний сонголт

Монголчуудын тэнгэр заяа нь бага ч гэсэн хаячихаагүй бол 2020 оны УИХ-ын сонгуулиар зарим нэг шинэ сэлгээ хийх болов уу. Хэдийгээр сэлгээ 100% хийгдэж, Монголын төрд шинэ уур амьсгал бий болох нь өнөөгийн нөхцөлд ямар ч боломжгүй боловч хэрвээ сонгогчид маань 30 жилийн дараа бага ч гэсэн ухаарал суусан бол саналаа өгөхдөө сайн тунгаах биз гэж найдна. 

Том зургаар нь харвал, засаглалынхаа хэлбэрийг солиогүй юм чинь эрс өөрчлөлтийг 2028 он хүртэл лав үзэхгүй. Гэвч тэр хүртэл МАНАН-г хүлцээд явах бас хэцүү. Тиймээс сонгогчид маань итгэл найдвар алдсан хуучин улиг болсон намууд (МАНАН) болон тэдний нэр дэвшигчдийг сонгож болохгүй. Ээлжлэн төр засгаар тоглож, ард түмнийхээ 3 хүний 1-ийг ядуу гуйлгачин болгосон МАНАН-гийнхан, ялангуяа өнгөрсөн 30 жилд хамгийн олон удаа төр засгийн эрх авсан (луйвардаж, эсвэл сонгуулийн системийг ашиглаж) МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийг энэ удаа алгасаарай. Тэд мэдээж шинэ хүмүүс, шинэ нүүр царай оруулж ирэх нь ойлгомжтой, мөн өмнөх шигээ уран гоё донгодож, улам сайхныг амлаж, диваажинд амьдруулна гэж ярих нь тодорхой. Хулхидуулж ханавал ханахаар л боллоо.

Тийм учраас бусад нам, эвслүүдээс сонголтоо хийнэ биз дээ. 2020 оны сонгуульд бусад нам эвслээс дэвшүүлж байгаа хүмүүсийн дотор олонд танигдсан нь ч байна, огт танихгүй нь ч байна. 
Өмнөх нийтлэлдээ би эхнийхээ дэмжиж байгаа хүний тухай бичсэн. Энэ удаа дараагийн хүнээ танилцуулж байна. 

Зулаагийн БАТ-ОТГОН. 50 настай, физикч, Монгол судлаач, багш. Тэрээр Монгол суу ухааны Манукол академийг үүсгэн байгуулагч, ''Их эв'' намын дарга. Баянзүрх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшиж байна. 
Энэ хүний тухай товч танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Би яагаад Бат-Отгоныг дэмжиж байна вэ гэвэл энэ  хүний үзэл бодол, байр суурь, санал бодол нь минийхтэй ойрхон байгаа учраас тэр. Үүнийг бататгаж Бат-Отгоны саяхан өгсөн ярилцлагаас жишээ авч яръя.
Энэ ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. Ишлэл авч ярилцая:

''...1990 оноос хойш бид ардчилал нэрийн дор намын төр байгуулж ирсэн болохоос ард түмний төрийг нэг ч байгуулсангүй. Намууд хүмүүсээ нэр дэвшүүлж, ард түмэн тэднээс нь сонгосон болж, жүжиг тавьдаг хэлбэрээр сонгууль явж ирсэн. Ард түмэнд нэр дэвшүүлэх эрх байхгүй, харин намуудын өгсөн нэрнээс л сонгомор болдог. Намууд хүмүүсийн нэрсийг шууд тулгадаг...'' 


Намын төр гэдэг нь үнэн. Ингэж хэлдэг, хүлээн зөвшөөрдөг нам бий билүү? Мэдээж байхгүй. Сонголтын тухайд намууд л тулгадаг. УИХ-ын сонгуульд ''биеэ даагч'' нэртэйгээр иргэд нэрээ дэвшүүлж болох боловч тэдний эсрэг намууд маш хүчтэй дайрч, довтолдог учраас сонгогдох боломж маш бага. Хулгайч луйварчдаар дүүрсэн, тэднээсээ их хэмжээний мөнгө авч сонгуулиа санхүүжүүлдэг намуудын эсрэг мөнгө муутай бие даагчид өрсөлдөх хэцүү. С.Жавхлан гишүүн бол нэр хүндээрээ л сонгогдсоноос биш, намууд шиг мөнгө цацаж сонгогдоогүй л дээ. Ганцаараа гарсан энэ хүнийг УИХ-д орсон хойно нь ч ад үзэж, хавчиж элэглэсээр 4 жил өнгөрлөө. Өнөөдөр бие даагчаар сонгогдвол Жавхлангийн хувь заяа хүлээж байгаа учраас бие дааж нэр дэвшээд хэрэггүй, бие даагчдыг дэмжээд нэмэргүй гэдэг ойлголтыг нийгэмд цацаж байна. Иргэд маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх ч эрхгүй хуультай. Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Үндсэндээ намууд Ерөнхийлөгчийн суудлыг өмчлөөд авчихсан байгаа биз? Иргэн хүн яагаад нэрээ дэвшүүлж болохгүй гэж? Нөгөө Үндсэн Хуулинд заасан сонгогдох ба сонгох эрх хаачсан бэ?

''...Нөгөөтээгүүр одоо үйлчилж байгаа хуульд захирагдаж нам байгуулсан. Би өөр намуудтай нийлээд явж болох байсан байх. Тэдэнтэй үзэл баримтлал таарахгүй. Тэд чинь барууны, зүүний үзэл ярьсан хүмүүс байгаа. Баруун, зүүн үзэл чинь улс, ард түмнийг хагалан бутаргадаг гэдгийг бид олон орны жишээнээс харлаа. Одоо гурван сая монголчууд нэгдэх ёстой. Үзэл бодлоороо нэгдэх гэхээс илүүтэй яаж Монгол улс мөхөхгүй оршин тогтнож үлдэх вэ гэдэг оршихуйн ашиг сонирхол дээрээ нэгдэх ёстой...''

Одоо үйлчилж байгаа хуулиар иргэн хүн улс төрийн амьдралд оролцож хувь нэмрээ оруулая гэвэл заавал нам байгуулах, эсвэл аль нэг намд элсэж орохыг тулгасан зохицуулалттай. Иргэдээ хагалан бутаргах, хоорондоо дайсан болохыг хуулиар албадсан байгаа биз? 
Барууны угаадас идэж, тархиа угаалгасан дипломтонгуудын онолоор бол намгүйгээр улс орноо удирдаж авч явах боломжгүй гэнэ. Баруун, зүүн гэж талцахгүйгээр зөвхөн улс орныхоо эрх ашиг, сайн сайхны төлөө нэгдэж ажиллаж яагаад болохгүй гэж? Энэ эрх ашиг дээр яагаад бүх Монголчууд нэгдэж болохгүй гэж? 3 сая гаруйхан Монголчууд  30 гаруй намд хуваагдана гэдэг чинь солиорол биш үү? 

''...1990 оноос хойш бидний замнасан замнал хөгжил өөд биш, тамын тогоо руу гэрлийн хурдаар гулсаж орсон. Өнөөдрийн Монгол улс миний нүдээр тамын тогоо шиг харагдаж байна. Монголын ард түмэн энэ тамын тогоон доторх тамын амьтад шиг харагдаж байна...'' 

Тамын тогооны үлгэр гэж бид их ярьдаг биз? Мэдсээр байж  яриад л байдаг. Харин тамын тогооноосоо яаж гарах вэ, ер нь яагаад тамын тогоонд орчихоод гарч чадахгүй байна аа гэдгийг ерөөсөө бодож, дүгнэлт хийж, хэлэлцэж ярилцдаггүй. Тамын тогоонд орсон ганцхан шалтгаан бий. Тэр бол хуваагдал, талцал. Бид өнөөдөр намуудаар хуваагдахаас гадна олон төрлийн шашин, урсгалаараа хуваагдаж байна. Мөн аймаг, сум, жалгаараа хуваагддаг. Эдгээрээс хамгийн ноцтой нь нам, шашин хоёр юм. 

З.Бат-отгоны уншсан лекцийг сонссон,  бичсэн номуудыг уншсан хүмүүс энэ хүний үзэл бодлыг сайн ойлгож байгаа. Харин барууны бүтээгдэхүүн болсон хүмүүсийн хувьд энэ эмэгтэй бол солиотой, бүдүүлэг, хар авгай юм.
Монголчууд бид ер нь зарчмын том шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэвэл, бид ер нь цаашдаа яаж явах вэ? гэдэг тухай юм. Бид сохроор барууны замаар явах уу, эсвэл өөрсдийнхөө онцлогт таарсан өөрийн гэсэн тусгай хувилбараар улс орноо авч явах уу гэдгээр сонголт хийх болж байна. Барууны загвараар 30 жил яваад Монголчууд бид өнөөдөр ямар амжилтанд хүрэв ээ гэдэг асуултанд хариулая. Олон машин, өндөр байшингаар улс орны хөгжил, ард түмний амьдралын түвшинг хэмжихгүй ээ. Албан ёсны статистикийн мэдээгээр өнөөдөр 3 хүний 1 нь ядуу гэж тогтоогдсон. Энэ л хамгийн зөв дүгнэлт хийж болох үзүүлэлт! Өнөөдөр 3 сая Монголчуудын 1 сая нь ядуу амьдарч байна! Нэг сая шүү!!! Тэгээд л бодчих. Энэ 30% цаашид нэмэгдэх аюул ойрхон байна.

Уг нь гуравхан сая хүнийг жаргалтай амьдруулчихад тийм хэцүү биш л баймаар. Дэлхийн дунд зэргийн хотын дайтай  л хүн ам. 
30 жил удирдаж ирсэн хүмүүст  ур чадвар дутаа юу? Хамгийн шилдэгээ нэр дэвшүүлдэг гэж намууд нь баталдаг. Тэгвэл тэр олон шилдэг хүмүүс ур чадвар, ухаанаар дутах ёсгүй л баймаар.  Гэтэл яагаад Монгол улс маань уруудаад байна? Үүнд ганцхан шалтгаан бий.  Энэ бол хуваагдал, хэрүүл, талцал. Энэ хуваагдал,талцал бол  намыг тахисан Парламентын засаглалаас шууд үүсэлтэй.
Оросын алдарт зохиолч Иван Крыловын ''Хун, хавч ба цурхай'' (Лебедь, рак и щука) гэдэг ёгт үлгэр л жинхэнэ утгаараа Монголд хэрэгжиж ирлээ.

Үүнээс гарах ганц гарц нь засаглалынхаа хэлбэрийг солих явдал. Энэ тухай би өмнө нь цөөнгүй нийтлэлдээ дурдаж байсан учраас энд давтаад яахав. 
Энэ чухал өөрчлөлт рүү бага ч гэсэн шат ахиж байхын тулд зөв бодолтой хүмүүсээ төрд гаргаж, өнгөрсөн хугацаанд тараа таниулсан нам, хүмүүсийг төрөөс зайлуулж,  төрөө цэвэрлэж авах хэрэгтэй.
Ийм хүний нэг нь З.Бат-отгон юм. Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн сонгогчид З.Бат-отгоныг дэмжээрэй гэж уриалая даа. 

Жич: 

З.Бат-Отгоны ярилцлага, нийтлэлүүдээс сонирхоно уу.



3. Монгол ТВ. Нүүдэл шийдэл



4. Үнэн худлын дэнс ярилцлага



5. ТВ 25 Bon appetit Зочны цаг




6. ТВ 5. Монгол улсаа хөгжүүлье




 7. ''Баллуур'' нэвтрүүлэгт оролцов





8. ''Кофе юу, цай юу''  нэвтрүүлэгт оролцов


 

  



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө