Б.Наминчимэд - Миний сонголт

2020  оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Иргэд санал бодлоо солилцож байна. Би ч мөн адил үгээ хэлье. Уг нь сонгуульд оролцоод хэрэг байна уу даа гэж бодож, мөн тэр саналаа бусдад уриалдаг юм уу гэж бодож байлаа. Нэгэнт л саяын Үндсэн Хуулийн өөрчлөлт гэгчээр эрх баригчид болон түүнийг дагалдагч Ардчилсан Намынхан 30 жил туршаад энэ улсыг дампууруулсан Парламентын засаглал гэгчээ улам баталгаажуулж, 2028 он хүртэл гар хүрэхгүй болгоод ''цоожлоод'' хаячихсан юм чинь сонгуульд саналаа  өгсөн ч яалаа, байсан ч яалаа гэж бодож байсан хэрэг л дээ. Гэвч бас тэгээд хаячихаж болохгүй юм байна гэж ойлгоод, ямар ч байсан зөв сэтгэж, зөв ярьж байгаа нэр дэвшигч нарыг дэмжих нь зүйтэй гэж бодлоо. Ингээд миний харж байгаагаар төрд хүчин зүтгэх ёстой бөгөөд шаардлага хангасан  нэр дэвшигчдээ өөрийнхөө энэ сувгаар чадан ядан ''рекламдаж'' бусдад таниулахаар шийдсэн болно.

Миний тавьж байгаа гол БОЛЗОЛ юу вэ?

Хамгийн гол шаардлага бол тухайн нэр дэвшигч маань өнөөгийн бидний тогтолцоо буруу байжээ гэдгийг мэдэрсэн байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглал Монгол Улсад тохирохгүй юм байна гэдгийг олж харсан байх ёстой. Ийм ойлголттой нэр дэвшигчид  одоогийн байдлаар цөөхөн  байна, гэвч нэмэгдсээр байгаа. Би бүх нэр дэвшигчийн үзэл баримтлал, бодлого, дэвшүүлсэн зорилт хөтөлбөртэй танилцаж амжаагүй байгаа учраас миний шаардлагыг хангасан нэр дэвшигч яг хэд байгааг одоогоор хэлж мэдэхгүй байна. 

Мэдээж миний ''реклам''-анд тоглох нэр дэвшигч маань дээрхээс гадна бусад заавал хангах ёстой БОЛЗЛУУДЫГ  хангасан байх хэрэгтэй. Тухайлбал, элдэв хэл аманд өртөж байгаагүй нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй, нас тогтсон, амьдралын туршлагатай гэх мэт. Мэдээж эх орондоо өөрөөсөө илүү хайртай байх ёстой. Ч.Сайханбилэг шиг хүмүүсийн  хувьд энэ шаардлага маань их ''хачин'' санагдаж магадгүй, гэхдээ энэ бол маш чухал үзүүлэлт!



За ингээд энэ удаагийн дугаараар эхнийхээ зочинг танилцуулая. Энэ хүний нэрийг Б.Наминчимэд гэнэ. Сэтгүүлч, зохиолч. Эрхэлж байсан ажлууд нь:



1987- 1991 он Говь-Алтай аймгийн Бугат сумын Хонь үржлийн фермд хоньчин
1995- 1996 он “Өдтэй бичиг” сонинд сурвалжлагч
1996- 1999 он МАХН-ын Удирдах зөвлөлд Хэвлэлийн төлөөлөгч
1999- 2000 он “Үнэн” сонинд албаны дарга
2000- 2003 он МОНЦАМЭ агентлагт Дотоод мэдээллийн газрын дарга, Ерөнхий редактор,
2003- 2008 он МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч
2008- 2013 он МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга, “МОНЦАМЭ мэдээ” өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгч 


Хан Уул дүүргийн 29-р тойрогт энэ жил өрсөлдөх юм байна. Энэ жил гэдэг учир нь, зочин маань өнгөрсөн сонгууль буюу 2016 оны сонгуулиар Говь-Алтай аймагт өрсөлдөж байжээ. Тэр үед  бие даан нэр дэвшээд ялагдсан.  2016 оны сонгуулиар МАНгасуудыг хэн ч дийлээгүй гэдгийг бид мэднэ.
Наминчимэд энэ жил хотод хүчээ үзэх нь. Мэдээж, номын мөнгөнөөс өөр санхүүжилтгүй ''ядуу'' зохиолч маань хур хөрөнгө хураасан хулгайч, луйварчидтай үзэлцэхэд амаргүй л байх биз. Гэвч эх орныхоо байдалд санаа зовсон иргэний хувьд шантралгүйгээр тэнцвэргүй тулаанд орох гэж байгаа зоригийг нь бид үнэлэх ёстой. Олон нам, эвслээс нийлээд Хан-Уулын 29-р тойрогт 20 хүн нэр дэвшиж байгаа юм байна.

1. Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, Б.Түвшин (АН)
2. Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Ж.Алдаржавхлан (МАН)
3. Л.Болд, Э.Түвшин, Л.Ариунаа (ШИНЭ нам)
4. Т.Доржханд, Б.Мөнхцэлмэг, Г.Жавхлантөгс (Зөв хүн электорат эвсэл)
5. Ц.Оюунбаатар, Т.Баярхүү, Б.Наминчимэд  (Та бидний эвсэл) 
6. Н.Номтойбаяр, Ц.Цолмон, Ж.Эрхэмбаатар, Т.Бат-оргил, Д.Басандорж (бие даагчид) 

Энэ тойрог 3 мандаттай. Гурван хүн сонгогдоно гэсэн үг. Сонгуулийн хуульд зааснаар  мандатын тоотой адил тооны хүний нэрийг сонгох ёстой. Гурван хүний нэр дугуйлахгүй, жишээ нь 2 юм уу, 1 хүний нэр сонгосон бол саналын хуудас чинь хүчингүй болно гэж хуульчилсан. Бараг албадлагын шинж чанартай тулгалт гэж хэлэхэд болно. Гурван хүний нэр дугуйлахын тулд дургүй ч юм уу, эсвэл огт танихгүй этгээдийг сонгох болж таарч байгаа биз? Гэтэл хоёрхон хүн сэтгэлд нийцээд байдаг! Иймэрхүү хүчирхийлэлийг эрх баригчид өлхөн хийж чадна шүү дээ. Харанхуй байлгах дуртай сонгогчид нь мэдлэг, сонгогчийн боловсрол муутай учраас иймэрхүү хүчирхийллийг анзаарч эсэргүүцэж байгаа ч юм байхгүй. Өрөвдөлтэй, эмгэнэлтэй ч юм шиг. Гадаадад суугаа Монголын иргэд бол сонгогчийн жагсаалтаас шууд хасагдсан. Тэд санал өгөх эрх байхгүй. Нөгөө Үндсэн Хуулиар олгосон сонгох эрх ч яалаа. 

Б.Наминчимэд бол тогтолцооны суурь өөрчлөлт хийхийн төлөө байдаг хүн. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалыг сольж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай ярьдаг хүн. Тэрээр энэ тухайгаа зөндөө бичиж олонд хүргэж байдаг. Саяхны нэг бичвэрээс нь иш татая. 
Индивидуалист (бүдүүлгээр тайлбал, хар амиа бодсон. М.Б) суурь хандлагатай ард түмэн бүхий барууны ертөнцийн хөгжлийн загвар нь Коллективист (хамтач буюу нийтэч. М.Б) хандлагатай Монголын хөрсөнд тохирохгүй байгаа учраас тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй.

Үүнийг эсэргүүцэгчид Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол нэг хүний дарангуйлал тогтоно, гадны улсад худалдагдана гэхчлэн хадны мангааны үлгэр ярьдаг. Энэ үлгэрт итгэдэг өрөвдөлтэй хүмүүс ч бий.
Ийм хүмүүсээс ганц л асуулт асууя. (Олон асуулт асууж мад тавьж болох ч тэгж зовоогоод яахав.😃) 
- УИХ-ын гишүүн болох гэж яагаад хүн бүр зүтгэнэ вэ? (Өөрийнхөө хариултыг энэхүү нийтлэлийн төгсгөлд бичсэн миний хариулттай тулгаж үзээрэй)

Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа толгойлж, улс орныхоо аж ахуйг эрхэлж явахыг Ерөнхийлөгчийн засаглал гэнэ. Ерөнхийлөгч мөнгөний авдарт байгаа мөнгийг зохих ёсоор зарцуулж, гэр орныхоо амьдралыг авч явах үүрэг хүлээнэ.  Айл гэрээр дүрсэлж хэлбэл, Ерөнхийлөгч бол Монгол хэмээх айлын өрхийн тэргүүн юм. Өрхийн тэргүүний хувьд гэр орныхоо амьдралыг толгойгоороо хариуцна. 

УИХ бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага хэвээр байх бөгөөд улс орны эрх ашиг хөндөгдсөн, гадны этгээдтэй хийгдэх аливаа гэрээ хэлэлцээрийг эцсийн байдлаар шийдэх эрх эдлэх учраас Ерөнхийлөгч дангаараа улс орноо, эсвэл газар нутгаа гадаад улсад ''худалдах'', ''ашиглуулах'', мөн улс орондоо хохиролтой тохиролцоо хийх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл эцсийн үгийг (шийдвэрийг) УИХ хэлэх учраас тэр.  Тийм болохоор хадны мангааны үлгэрт итгэдэг хүмүүс буруу ойлголтоосоо салах хэрэгтэй. 
Харин УИХ нь нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу гэдгийг олноороо хэлэлцэж шийдэж болох асуудал.

Үндсэн Хуулиар тунхагласан одоогийн тогтолцоо буюу Парламентын засаглалын үед Засгийн газар нь мөнгөнийхөө авдартай цуг УИХ-ын танхим дотор байрлаж, төрийн түшээд маань хэрэгтэй цагтаа мөнөөх авдрыг онгойлгож гар дүрэх боломжтой байдаг. ЖДҮ, тендер, концесс зэрэг бол эндээс улбаатай.

Барууны орнуудад сургуульд сурч, ''дипломны цуглуулгатай'' ирсэн олон хүмүүсийн тархи нь жинхэнэ утгаараа тэдний онолоор угаагдсан бөгөөд тэд нар  өнгөрсөн 30 жилд ээлжлэн төр барьж тоглосон МАНАН гэх намуудын боловсон хүчний гол цөмийг бүрдүүлж байна. Нэг л их Харвард ярьсан цээж бөгснүүд. Монгол ахуй, Монгол хүнээ зөв таньж ойлгоогүй хүмүүс. 
Б.Наминчимэд хэдийгээр бас л хэсэг хугацаанд гадаадад амьдарч, галуу шувууны мах идэж байсан боловч гадны юм болгон Монголд таарахгүй гэдгийг ялгаж салгаж ойлгосон хүн учраас өөрчлөлт хийх тухай яриад байгаа юм. Ийм үзэл бодолтой, ярьдаг хүмүүс олон болж байгаа, гэхдээ эрх баригчид, бусад намууд энэ өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжтой. Яагаад? Яагаад гэвэл, тэр мөнгөний авдрыг УИХ дотроос чирж гаргаад байх ёстой газар нь аваачаад тавьчихвал хэзээ нэгэн цагт УИХ-д орж мөнөөх авдраас ''адис'' авч ''гар хүрэх'' сонирхолтой этгээдүүд (намууд), өнгөрсөн 30 жилд тэр авдрыг дуртай цагтаа ухаж онгичиж байсан эрх баригчид (экс-эрх баригч болон одоогийн эрх барьж буй ''бурзайгчид'') дахиж тэр авдарт хүрэх боломжгүй болчих учраас одоогийн засаглалын хэлбэр буюу Парламентын засаглалыг солих дургүй байгаа юм. Түүнийгээ ч баталгаажуулж саяхан Үндсэн Хуулиа зэрэмдэглэж, 2028 он хүртэл дахиж хөндөх аргагүй болгож, Парламентын засаглалаа хэвээр нь авч үлдэж чадлаа. Үүнийгээ парламентын ардчилалыг бэхжүүлсэн гэхчлэн гоё сайхан үгээр тодорхойлж тархи угааж байгаа. 

Олныг нуршилгүй үүгээр дуусгая. Харин эцэст нь Наминчимэдийн зарим нэг ярилцлага, бичвэрийн түүврийг өгье. Уншигч та энэ холбоосуудаар орж манай зочинтой гүнзгий танилцана биз дээ. Ялангуяа Хан Уул дүүргийн сонгогчид өөрчлөлтийг хүсвэл манай зочны төлөө саналаа өгөөрэй гэж уриалая. Фэйсбүүк хаяг нь: https://www.facebook.com/Nominchimed/

1. Манайд эрх чөлөөний ч, ардчилалын ч хамгийн дорд хэлбэр нь хэрэгжиж байна

2. Уран зохиолоос шууд ашиг харах боломжгүй ч хожмоо үнэлэмгүй ихийг өгдөг

3.Нийтлэлүүдийн цуглуулбар

4. Бидний мөн чанар өмнөд хөршөөс их ялгаатай

5. Америкийн дуурайх ёстойг нь бид дуурайж чадаагүй

6. Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн ''Үл ажиглагдах онцгой учралууд'' номын шинэ хэвлэлд зориулав 

7. Дархан хүний бурхан ухаан

8. Б.Наминчимэдийн блог

9. Энэ вирус бидэнд хэд хэдэн боломж, сорил хайрлаж байна






Жич. Дээр өгсөн асуултын хариуг болгооё.
- Яагаад гэвэл УИХ гэдэг төрийн эрх барьж, хууль тогтоодог дээд байгууллага дотор их мөнгөтэй авдар байгаа учраас тэр. Яагаад мөнгөний авдар тэнд байдаг билээ гэж асууж байна уу? Яагаад гэвэл Парламентын засаглалын номлолоор тийм байх ёстой юм. 


   

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө