С.Болдхэт ''ам нээсэн нь''

С.Болдхэт
''Ам нээвэл'' нэвтрүүлгийн шинэ дугаарт Наран группын ТУЗ-ын дарга С.Болдхэт оролцжээ. Монголын томоохон бизнесмэний нэг. Тэрээр 1952 онд төрсөн бөгөөд олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Гадаад Яаманд болон улсаа төлөөлж Япон, Сингапур улсад ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.

Энэ нэвтрүүлэг дээр С.Болдхэтийн хэлсэн зарим үгэн дээр дөрөөлж, өөрийн бодлоо хуваалцая гэж бодлоо.
Юуны өмнө энэ эрхмийн хэлж байгаачлан өнөөгийн энэ онцгой нөхцөл байдал үүссэн цагт манай төр засгаас зогсонги байдалд орсон бизнесүүдийг дэмжих, иргэдээ элдэв санхүүгийн дарамтаас чөлөөлөх, хөнгөлөх бодлого боловсруулж яаралтай хэрэгжүүлэх гэдэгтэй санал нэг байна. Хувийн салбарт зээл авсан маш олон аж ахуйн нэгжүүд байгаа. Тэдний үйл ажиллагаа Коронагаас болж доголдож, тэр ч байтугай таг зогссон учраас тун хэцүү байдалд орж байна. 

Тэрээр, одоо авсан зээлийн хүүг болон үндсэн төлөлтийг зогсоох (царцаах) хэрэгтэй, мөн өндөр хүүтэй зээлийн хүүг огцом бууруулж, хүүний зөрүүг нь төр ба банк хоёр хувааж төлөх нь зүйтэй гэсэн санал хэлж байна.  Банк бол мөнгө хүүлж маш ашигтай ажилладаг газар. Болдхэтийн хэлдгээр, ''...зүгээр сууж байгаад л паразит маягаар амьдардаг...'' 
Ямар нэгэн банкны удирдлагууд маш өндөр цалин авдагийн учир нь тэд мөнгө хүүлж (хэн нэгний мөнгийг хадгаламж гэж бага хүүтэй аваад, хэд дахин өндөр хүүтэйгээр өөр нэг хүнд зээл хэлбэрээр олгож зөрүүгээр нь баяждаг) ашиг олдогт байгаа юм. Хувийн банк байтугай төрийн мэдлийн банкныхан ямар цалин авдагийг Төрийн банкны удирдлагын цалингийн жагсаалтаас харая.

 
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сард 18 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 15 сая төгрөг, Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар 12 сая төгрөг гээд л явж өгнө дөө. 
1 сая төгрөгний цалинтай жирийн Монгол ажилчны цалингаас 18 дахин их цалин авч байна шүү дээ. Тэр ажилчны бүтэн хагас жилийн (18 сарын) цалинг ганцхан сард л авч байна даа. Юу хийсэн гэж тэр вэ? Хувийн банкныхан бол бүр алж өгдөг биз. Үүнийг паразит гэхгүй бол юуг паразит гэх вэ?
Дашрамд хэлэхэд, энэ Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн ба Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар хоёр авилга авсан хэргээр ял сонсжээ. Энэ тухай ИЙШЭЭ  ороод уншаарай. Мөн ч их шунал шүү! 

Банкууд зээлийн хүүгээ бууруул гэвэл зөрүүлээд хадгаламжийн хүүгээ бууруулах учраас хэрвээ тэгвэл иргэд хадгаламжаа татах учраас ингэж болохгүй гэж эсэргүүцэж байгаа сурагтай. Бас л нэг шалтаг юм даа. Тэгээд ч банкууд дахь хадгаламжийн бараг ихэнх нь цөөхөн хэдэн баячуудад оногддог гэж ярьдаг. Иргэд тооны хувьд олон боловч хадгаламжийнх нь нийт дүн тун бага. ''Өгөөж''  ихтэй Парламентын засаглалын буянаар манай улс төрчид, зарим бизнесийнхэн болон тэдний хамаарал бүхий этгээдүүд маш ихээр баяжиж, банкуудын нийт хадгаламжийн ихэнх хувийг эзэлдэг. 
Дараах зурагт манай зарим нэг дээдсийн хадгаламжийн хэмжээг харуулсан байна. Ийм хадгаламжтай хүмүүс хадгаламжийн хүүгээрээ л ''цөм хийж''  байгаа биз? 
Яг үнэндээ шударга хөдөлмөрөөрөө, бизнесээр ингэж хөрөнгөжих боломжгүй л дээ. 



Улс төрч болж тоглох ийм ашигтай. Ийм учраас л УИХ руу үхэн хатан зүтгэдэг нь ойлгомжтой. УИХ бол баяжих үүд хаалга юм. Тэр боломжийг нь Парламентын засаглал олгосон юм. Парламент буюу УИХ бүхнийг мэддэг учраас тийшээ орсон хүн маш хурдан хөрөнгөжих боломжтой. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихвол бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засгаа аваад явах учраас УИХ мөнгө рүү хошуугаа дүрэх боломжгүй болох бөгөөд ингэхээр нөгөө хөрөнгөжих боломж нь үгүй болчих учраас тэд нар засаглалын хэлбэрээ солих дургүй байгаа юм. Тиймээс ч сая Үндсэн Хуулийн өөрчлөлт яригдах үед засаглалын хэлбэрээ солих тухай сонсохыг ч хүсээгүй билээ. Намын дарангуйллыг хөхүүлэн дэмждэг Парламентын засаглалыг 2028 он хүртэл өөрчлөхгүй байхаар тэд хийж чадлаа. 2028 он хүртэл УИХ-аас тэрбумтангууд (төрөөс төрсөн тэрбумтан гэж бид өхөөрддөг) төрсөн хэвээр, түмэн олон ард нь ядарсан хэвээрээ л явах нь дээ. Цалингаас цалингийн хооронд мөнхийн өр зээлтэй.

Болдхэтийн ярилцлагадаа өнөөгийн нөхцөл байдалд уялдуулж төр засгаас авч болох арга хэмжээний тухай олон санал хэлж байна. Гэвч манай ''ухаант дээдэс'' хөдлөхгүй байгаа нь тэд нарт ашиггүй болохоор тэгдэг биз дээ. Нэгэнт л ийм засаглалд 2028 он хүртэл дарлуулахаас өөр замгүй болсон бид юу ч яриад нэмэргүй юм биш үү? 
Саяхан Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бие дааж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хаачихлаа. Одоо зөвхөн улс төрийн намаас л нэр дэвшүүлнэ. Ингээд бүх юм намаар дамждаг болсон доо. Ийм нөхцөлд мөнгөтэй, шуналтай хэнбугай ч хэдэн төгрөг хаяад аль нэг намаас нэрээ дэвшүүлж улмаар УИХ гэгдэх ''диваажинд'' очих боломжтой болно. 

Болдхэтийн адил олон хүний хэлдэгчлэн намын хатуу гишүүнчлэлгүй болох тухай мөрөөдөөд ч хэрэггүй. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг тоймгүй олон намын гайгаар цөөхөн Монголчууд талцаж хуваагдсаар л байх болно. Мэдлэг боловсрол, чадвар туршлагаараа шилэгдэж ажилд томилогдох биш, харин намын харъяалал, танил тал, ашиг сонирхол, хамаатан садан гэх мэт үзүүлэлтүүдээр сонгогдож ажилд ордог хэвээрээ л байна. Аль нэг намын гишүүн байхын ''ашиг тус'' энд л гарна. Харин боловсон хүчний чанар, чадвар, ажлын чанарын тухай санаад ч хэрэггүй. Нам шүтсэн Парламентын засаглалын нэг муу тал нь энэ. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Ерөнхийлөгчийн толгойлох гүйцэтгэх засаг УИХ-аас хараат бус байх бөгөөд УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж, УИХ-ын гишүүд элдэв сангаас зээл авч хувийнхаа компанид олгуулах, элдэв концесс,тендэр авах боломжгүй болно. Харин Ерөнхийлөгч нам харгалзахгүй хамгийн шилдэг боловсон хүчнээр засгаа бүрдүүлж ажиллах учраас ажлын үр дүн шал өөр байна. Эцсийн эцэст бүх зүйл Ерөнхийлөгчийн толгойтой холбогдох учраас тэр хүн нэрээ бодно. Харин Парламентын засаглалтай үед сонгуульд ялсан намын дарга бөгөөд Ерөнхий сайд нь Гүйцэтгэх засгаа толгойлох боловч эцсийн хариуцлагыг толгойгоороо хариуцахгүй харин УИХ руу чихэх ба УИХ нь элдэв шалтаг хэлж булзааруулна. Засаг ажлаа муу хийсэн үед хэн ч хариуцлага хүлээдэггүй гэсэн үг. 

Тиймээс ч байдал ийм байгаа нөхцөлд сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг Болдхэтийн хэлж байгаачлан сайн судлах ч утгагүй юм. Яагаад гэвэл бүгд л адилхан сайн сайхан зүйл амладаг боловч эцсийн дүндээ ард түмний амьдралд сайн өөрчлөлт гардаггүй. Жишээ нь, МАН өнгөрсөн сонгуульд татвар нэмэхгүй гэж ирээд л гайхуулаад байсан чинь зөндөө л татвар нэмсэн гэж байна. Тэглээ гээд сонгогчид нь амыг нь асуугаад, эсэргүүцээд байгаа юм алга, цаадуул нь ч худлаа ярьсандаа ичиж байгаа юм алга. Ийм л байдаг.  

Парламентын засаглалын номоор сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог боловч УИХ-ын мэдэлд, түүний засгийн газарт УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж сайд болдог.  Дараагийн сонгуульд өөр нам олонхи болчихвол ялсан намын гишүүд ажилд ордог, ялагдсан намынхан ажлаасаа халагддаг. Хамгийн хорлонтой нь өмнөх засгийн хийж байсан болон төлөвлөж байсан ажлуудыг зогсоодог эсвэл хэрэгжүүлдэггүй учраас улсын ажил явдаггүй, хөгжил нь удааширдаг. Ингэж л өөрсдийн явцуу ашиг сонирхлоосоо болж улсаа хорлодог. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй бөгөөд зөвхөн өөрсдөө мөнгө хийгээд л ашиг олоод дараа нь алга болдог.   

Болдхэтийн ярилцлагыг ЭНД ДАРЖ үзээрэй. Олон сонирхолтой зүйлийг хөндсөн дажгүй ярилцлага болжээ. Эцэст нь Болтхэтийн хэлсэн үгийг энд давтаж хэлээд дуусгая. ''Төрд ажиллах хүн түмнээс даруу байх ёстой''. ''Сэтгэлийн дуудлага нь улс орны төлөө ажиллах хүн л төрд орох ёстой''. Уг нь сонсоход сонсголонтой л байна, гэхдээ харамсалтай нь ийм шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг яаж тогтоох вэ гэдэг нь боломжгүй  асуудал. Нэр дэвшиж байгаа хүн бүр л ''БИ ёстой та нарынхаа төлөө, улсынхаа төлөө морь нохой мэт үнэнч шударгаар зүтгэнэ'' гэж л амладаг. Гэвч дараа нь худлаа болж хувирдагийг өнгөрсөн 30 жилд зөндөө л харлаа. Тийм учраас л бид шал өөрөөр хандахаас  аргагүй. Энэ нь Үндсэн Хуулиараа засаглалынхаа хэлбэрийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох ганц л арга юм. Гэвч харамсалтай нь 2028 он хүртэл ийм өөрчлөлт хийх боломжгүй болсоныг дээр өгүүлсэн.




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө