Шинэ Корона вирус


2020 он гараад бичилт оруулж чадалгүй даруй 3 сар болжээ. Ажил гэр, ажил гэр... Корона гарсантай холбоотой хөл хорио тогтоож, гэрээс гарахгүй болсон учраас зав гарч байна. Энэ удаа бидний онцлох сэдэв болж байгаа шинэ Корона вирусын тухай өгүүлэе. Шинэ Корона вирус  одоо дэлхийг айлгаж байна. Ямар гээчийн тахал гараад ирэв ээ гэж. Юу ч гэсэн танилцая.
Ер нь Корона вирус гэдэг бол ерөнхий нэр томъёо юм байна. Амьсгалын замаар халддаг бүх төрлийн ханиадны вирус  Корона вирусын бүлэгт багтана.  Бидний өмнө нь үзээд, туршаад ирсэн САРС, МЕРС, Испани ханиад, Гахайн ханиад гэх мэт нь бүгд л Корона вирусээр үүссэн. Олон төрөл байдаг гэсэн үг. Энгийн ханиаднаас авахуулаад хүнд хэлбэрийнх нь хүртэл олон янзын Корона вирусээр үүсгэгддэг байх нь. 
Одоо дэлхийг түгшээж байгаа Корона вирусыг шинэ Корона вирус буюу КОВИД-19 гэж нэрлэжээ. 20-р зуунд хүн төрөлхтөнд төвөг учруулж, олон хүний амийг авч одсон, амьсгалын замын халдварт тахалуудын тухай товч эргэн харая:

САРС (SARS)  гэгч ханиад 2002 онд Хятадад гараад 774 хүний аминд хүрээд дарагдсан. Халдвар авсан хүний тоотой харьцуулахад нас баралтын тоо өндөр учраас аюултай халдварт өвчинд тооцогддог. Анх Хятадын Юнань мужид сарьсан багваахайгаар хооллогч муурын төрлийн сивит гэгч амьтны махыг хүнсний зах дээр борлуулдаг байсан учраас сарьсан багваахайгаас хүнд дамжсан гэж үздэг аж.

МЕРС (MERS) бол Арабын оруудаас гаралтай бас л нэг төрлийн Корона вирус. Анх 2012 онд Саудын Араб улсад илэрсэнээс хойш өнөөг хүртэл нийтдээ 858 хүн нас бараад байгаа юм байна. Арабын орнуудад өвчтэй тэмээнээс хүнд халдаж үүссэн. 2019 оны 11 сарын байдлаар нийт 2494 батлагдсан оноштой өвчтөн бүртгэгдсэн бөгөөд нас баралтын (858 хүн) эзлэх хувь маш өндөр буюу 34.4% байна.

Испани ханиад хэмээх тахал 1918 онд дэлгэрээд 2 жил дэлхийг донсолгосон байдаг. Дэлхий даяар 500 сая хүнд халдварлаж, 17-50 сая хүн нас барсан гэж багцаалдаг. Түүнээс ч илүү тоо яригддаг. Хэдийгээр Испанид үүссэн биш боловч Испанийн хаан өвчилсөн зэрэг ярианаас улбаалан Испанид маш ихээр дэлгэрсэн гэдэг ойлголт бий болж ингэж нэрлэсэн бололтой.
Гарал үүслийн хувьд янз бүрийн л таавар явдаг аж. Францад байрлаж байсан Английн армийн бааз дээр үүссэн гэдэг нэг хувилбар байна. Маш олон тооны цэргийн бөөгнөрөл, шархадсан болон өвчтэй цэргүүдээр дүүрсэн армийн эмнэлэг нэг дор байрлаж байсан ба ойр орчмын тосгодоос хүнсэнд зориулж авчирсан гахайнд шувуунаас дамжиж ирсэн вирус байснаас үүссэн гэдэг аж. Мөн АНУ-аас үүссэн гэдэг хувилбар байна. Тухайлбал, Канзас мужаас гаралтай гэж. Өмнө нь (1917 онд) АНУ-ын цэргийн баазуудад ийм халдварт өвчин гарч байсан гэдэг юм байна. Зарим судлаачид Хятадаас гаралтай гэж үздэг гэнэ. Тухайлбал, түүхч Марк Хамприйс гэгч бичихдээ, тухайн үед Франц болон Британы армиудын ар талд ажиллаж байсан 96 мянган хятад ажилчидаас гаралтай байсан байж болзошгүй гэжээ. Тэрээр үүнийгээ 1917 оны 11 сард хойд Хятадад дэгдсэн халдварт өвчний тухай архивийн баримт дээр тулгуурласан гээд, хожим Хятадын эрүүл мэндийн албаныхан энэ өвчнийг Испанийн ханиадтай төстэй гэж тогтоосон тухай өгүүлжээ. Гэвч 2016 онд Хятадын эрүүл мэндийн сэтгүүл дээр 1918 оны вирус Хятад хүмүүсээр дамжиж Европт очсон гэдэг нотолгоо байхгүй гэж бичсэн байна. 

Азийн ханиад нэртэй тахал 1957 онд дэлхийгээр тархаж нийт 2 сая хүний амийг авч одсон байна. 1956 оны эхээр Хятадад анх илэрч дэлхийгээр тархаад 1958 он хүртэл үргэлжилжээ. Дэлхий даяар нас барагсдын тоог 2-4 сая гэж тооцдог аж. Эх үүсвэр нь зэрлэг галуу. Өмнөд Хятадын Гүйжоу мужаас үүссэн гэж үздэг. Тэндээсээ Сингапур, Хонконгоор дамжаад АНУ-д тархсан аж. АНУ-д гэхэд л нас барсан хүний тоо 116 мянга хүрсэн.

Хонконг ханиад нэртэй тахал 1968 оноос 1969 он хүртэл тархаж, дэлхий даяар ойролцоогоор 1 сая хүн нас баржээ. 

Гахайн ханиад нэртэй тахал (албаны нэр нь Эйч нэг энн нэг буюу ''H1N1'') 2009 онд гарч нийт 575 мянган хүний амийг авч одсон байдаг. Дэлхий даяар 700 саяас 1 тэрбум хүн халдварласан тооцоо байдаг аж. Эх үүсвэр нь гахай. Анх үүссэн газар нь  Мексик улс. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд 2009 оны тахал дуусгавар болсон гэж зарласан байдаг. Халдвар авсан хүний тоог нас барсан хүнтэй харьцуулахад нас баралтын хувь нь бага гарсан. Дэлхий нийтийг хамарсан тахал болоогүй ч гэсэн зарим нэг улсад үе үе  гарч олон хүн нас барсан тохиолдол гарсаар. Тухайлбал, Энэтхэг улсад 2015 онд энэ өвчин гарч 31 мянган хүн халдвар авч, 1841 хүн нас баржээ.

Дээр дурдагдсан тахалуудтай  харьцуулбал шинэ Корона вирус буюу КОВИД-19 нь нас баралтын эзлэх хувиар хамаагүй бага юм. 
Яг одоо буюу 2020 оны 3 сарын 18-ны байдлаар нийт 173 оронд тархаж, 218953 хүн оношлогдсоноос 8952 хүн нас барсан мэдээ байна. Харин 84795 хүн эдгэрсэн гэжээ. Олон орнуудад шинээр өвчтэй гэж оноштой хүний тоо өдөр, цагаар нэмэгдэж,мөн шинээр нас барсан хүний тоо ч нэмэгдсээр байна. Хятадаас гадна хамгийн их өртөгдөж байгаа орны тоонд  Итали (35713 өвчилсөнөөс 2978 нас барсан), Иран (17361/1135), Испани (14769/638),  Франц (9134/264) орж байна. Хятад улсад одоогоор хамгийн их өвчилсөн ба нас барсан хүн бүртгэгджээ (80928/3245). Цаг тутмын шинэчилсэн мэдээг ЭНДЭЭС авна уу.

Энэ вирус нь агаарын замаар болон шууд хавьталтаар дамждаг учраас хэрвээ хүн бүр урьдчилан сайн сэргийлж чадвал авахгүй байх боломжтой. 

Жорлонд орсоны дараа, хоол идэхээс өмнө, найтаасан, нусаа нийсний дараа дор хаяж 20 секунд гараа савандаж угаах хэрэгтэй. Мөн гадуур явж байхдаа гараараа нүүр,нүд, хамар, амандаа хүрэхгүй байж, боломж гарсан даруйд хамгийн түрүүнд гараа угаах шаардлагатай. Гараараа элдэв гадаргууд хүрсэнээр вирус наалдах бөгөөд хэрвээ нүүр амандаа хүргэвэл нүд, хамар зэргээр дамжин биед нэвтрэх аюултай. Найтаахдаа хамар, амаа дарж хаах хэрэгтэй. Хаахдаа гарынхаа алгаар биш харин ханцуйгаараа буюу бугуйгаараа амаа таглаж найтаана. Найтааж, эсвэл ханиаж байгаа хүнээс зайгаа барих, ядаж 1 метрийн зайтай хол зөрөх хэрэгтэй. 

Ийм энгийн дэглэмийг сахиж чадвал өөрийгөө хамгаалж чадна. Мэдээж олон хүн цугласан газар явахаас зайлсхийх нь зөв. Одоо олон улс орнуудад хөл хорио тогтоож, шаардлагатай арга хэмжээ авч  байна. Зарим газар иргэд нь хэтэрхий сандралд орж, хоол хүнс болон бусад барааг бөөнөөр нь нөөцөлж хямрал үүсгэж байгаа тухай мэдээ зөндөө л явж байна. Сандарч түгших нь илүүц бөгөөд муу нөлөөтэй. Тэр тусмаа энэ шинэ вирус өмнө  дурдсан бусад Корона вирусыг бодвол харьцангүй зөөлөн тусдаг бөгөөд эдгэх магадлал өндөртэй учраас сандарч, айж тэвдэх хэрэггүй. Хүүхэд, залуу хүмүүс дархлаа, биеийн эсэргүүцэл сайтай учраас хүндээр тусах нь ховор байхад суурь болон хүнд өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөж байна. 

Монголд одоогоор гаднаас орж ирсэн гэх 6 тохиолдол бүртгэгдэж, эмчлүүлж байна. Тэдгээр хүмүүстэй хавьталд орсон хүмүүсийг тогтоож шинжилгээ авч байгаа. Тэдгээрээс зарим нь халдваргүй гэсэн хариутай. Ер нь бол манайд сандраад байх шалтгаан алга. Илэрцийг нь тусгаарлаад, харьцсан хүмүүсийг нь шинжлээд хянаад явахад болно. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө